Pages

20 August 2009

Төрөхийн өмнөх өрөө

Хотын нэгэн төрх эмнэлэг.

Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.

Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж. Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.

Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.

Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./

Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ. Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо. Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар. Хэвлий дээр дарах даралт.

Бурхан минь… Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно. /Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./

Бурхан минь… Охин л битгий төрөөсэй. Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ. Хүүтэй л болгож хайрла бурхан минь… Бурхан гэснээс…

Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа… Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр ламын хүү анхны минь эр хүн байсан./

Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../

Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчиснууд шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байга. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа. Би чамд хайртай. /Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./

Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна? Танил эмчтэй ч байсан болоосой. Тэр жил…Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ? Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ. /

Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь… /

Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан. Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм бэ дээ. Ээж минь... Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ. Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна. Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ. Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг. Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой... Хэвлий дээр дарах даралт.

- ЭЭЖЭЭ........Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.- Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?

Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ. МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү. МИНИЙ ОХИН... Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй. Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…

Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН. Энэ үгийг ямар их хүссэн юм бэ? Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.

/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /

… Хотын нэгэн төрх эмнэлэг.

Төрөхийн өмнөх өрөө.

Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс гарсан залуу ээжийн яриа:

- Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...

1 comments:

Segsger said...

Amjilt huseye naizaa. Blogtoi bolsond chini ih bayartai bgaa shuu