Pages

28 February 2010




МУСТА зураач Э.Цолмонбат "Нарны охид" зураг

ДӨРВӨН ЦАГИЙН НАТЮРМОРТ

бүл шүлгээс



3

Гандсан хөшиг
Цонхоор гадагшаа
Саравчлах мэт
Шагайхад
Намар болдог.
Гудамжаар хөглөрөх навчисыг
Дагуулан дагуулан
Хуйлруулж
Шувууд зэллэн одоод
Нүдний шилтэй өвгөн
Сонин гарчиглан суух мэт
Нар цаашилж
Намайг гуниглуулдаг.
Тохуутой
Намар...


4

Цас орсоор л...
Цас орсоор л...
Тэнгэрийн нар цаашилж
Тасалгаанд харанхуй нөмөрнө
Цонхоор орчлон гоёмсог
Гял цал
Гудамжинд
Хэзээ нэгтээ
Хөршийн хүүхдүүдийн
Урласан
Цасан хүн л уйтай
Над шиг гуниглангуй
Хүүхдүүд шинэхэн цасаар
Шидэлцэн наадна
Цасан хүн улам гуниглангуй...
Гудамжинд нэг л гэгээлэг
Цонхоор гөлрөх царай
Бодлогоширонгуй
Тасалгаанд хөмсөг зангидах мэт
Харанхуй...
Хачин юм
Цасан хүн гунигласаар л...
Цас орсоор л...
Орсоор л...

“Бүгд над шиг хийсвэр” номын шүлгээс

21 February 2010


МУСТА зураач Э.Цолмонбат "Үл тайлал" 80x110

ДӨРВӨН ЦАГИЙН НАТЮРМОРТ

бүл шүлгээс

I

Улиангар модны хатсан мөчир
Уйт салхинд хугарчих гээд түгшүүртэй
Утасны модон дээр үүрэглэх хөгшин болжмор уначих гээд...

Хаа нэгтээ яаран, сандран давхих
Түргэний машины дохио уцаарлангуй
Төрөх эмнэлэгийн цонхон дээр
манцуйтай хүүхдээн тэврэх
бүсгүйн
харц

Хүлээнгүй,
Горьдонгуй...

...Зүрх цагаан эр гөлөг
Зам хэрж боорлох шиг
Суугуул хөсөр шороо
Шуурна.

Нүцгэн шилбэт охид
Үүрээн эвдүүлсэн шоргоолж мэт
Гүйлдэх
Түгшүүрт хавар...


II

Нойрсож буй гүнж
Өврөөс минь сэрэх мэт
Дэндүү бөгчим
Нозоормоор /ялдамхан бүсгүй шиг/
Халуухан өдрүүд
Хуанлийн хуудаснуудыг зөөж одоод л...

Гэгэлзсэн охид
Нүднээ гол шиг урсаад л...
Ай амьсгал давчдам
Халуухан зун...

“Бүгд над шиг хийсвэр” номын шүлгээс

15 February 2010



МУСТА зураач Э.Цолмонбат "Цэцэг" зохиомж 35х40

ХӨГЖИМ МЭТ ТӨМӨР ЗАМААР

Яриг бүрээн гуниглант дуу шиг
Бүүдгэр аяз аниргүй нам гүмийг эвдэнэ
Яриг бүрээн гуниглант дуунаар
Өглөө эрт өврөөс босох бүсгүй, хаалга саван
Төмөр замын буудал зүглэсээр одно

Нэгээхэн ч хүн үгүй
Анир ч үгүй өртөөн дээр
Золбин нохос сүүдрээ дагуулсаар давхилдана.

Халуун хөнжилдөө унтсаар хоцрох
Хайхрамж ч үгүй,
Хайр ч үгүй
Халамцуу залуугийн цээжинд итгэлээ үлдээсээр
Ганцаардал дагуулан алхах бүсгүй
Хөгжимчин мэт

Яриг бүрээн гуниглант дуутай
Төмөр замын буудал
Нэгээхэн ч зорчигч үгүй.
Хэн ч үгүй,
Харанхуй,
Уйтай

Биенд нь ахадсан гар тээш,
Хүрэмний босгосон зах
Уртаар санаа алдах
Бүсгүйд
Яриг бүрээн гуниглант дуу
Аль эртний Шопенийг дурсахад хүргэнэ.

Хөг нь гарсан гитарын утас мэт
Төмөр замуудын дундуур
Золбин ноход сүүдрээ дагуулан гүйлдэх нь
Хөгжимчгий хуруу шиг төсөөлөгдөнө.

Нэгээхэн ч зорчигч үгүй
Хэн ч үгүй буудал дээрх
Хүсэл мөрөөдөл ч үгүй
Ганцаардсан бүсгүй
Намайг орхин одлоо.

Хөгжим мэт төмөр замаар...


"Бүгд над шиг хийсвэр" номноос

12 February 2010

.
.
.

Эрхэм хүндэт цахим ертөнцөөр аялагч уншигч эрхэм блогчид яруу найрагт шимтэн дурлагч та бүхэнд
Ирж буй XVII-жарны Тийн урвагч хэмээх төмөр цагаан БАР жилийн сар шинийн мэндийг хүргэж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

11 February 2010


МУСТА зураач Э.Цолмонбат "Хар сүлд" 132х145



СҮҮЛЧИЙН ГАНЦ ЭРВЭЭХЭЙН ХҮСЭЛ

Бээрсэн эрвээхэй дэнгийн гэрэл тойрон ниснэ
Хатсан навч шиг түүний далавч цуцсан биеэ дааж ядан
Дахиад нэг ч цэцгийн дэлбээг илэн таалах хүсэл түүнд үгүй
Хүсэл зориг нь далайн зүг тэмүүлэвч
Чичирсэн далавчаа дулаацуулах бодолдоо хорогдоно...
Үзэн ядалт саяхан зүрхэнд нь бугшиж байсан
Одоо зүүд шиг хоосон...
Цэцгийн баланд согтчихоод
Тэнгэрийн амьдралаа үгүйлэх мэт
Уйтгартайгаар далайн эргийн наран шарлагын газрыг зүүдлэнэ
Цаг хугацаа царцанги зүрхтэй адил санагдана...
Гэрэл тийш тэмүүлсэн эрвээхэйн далавчны
Анирлах чимээ далайн зүг шуурга адил тарж
Гүн харанхуйн нойрыг сэргээнэ
Орчлон ертөнцөд түүний далавчны чимээнээс өөр аниргүй...
Далайн эрэг дээр наранд биеэ шарах гоо бүсгүй ч алга
Нар ч алга...
Бяцхан дэнгийн гэрэлд зүрхээн дулаацуулах
Эцсийн хүсэлдээ хөтлөгдөн
Сүүлчийн ганц тойргоо хийлээ
Энэ түүний хүсэл...

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

08 February 2010




МУСТА зураач Э.Цолмонбатын ажил "Шивнээ" 150х140 Би өөрийнхөө блог дээр дан ганц өөрийнхөө яруу найраг, өгүүлэг, нийтлэл тавихаас гадна бусад уран бүтээлчид тэдний уран бүтээлээс танилцуулж байхаар шийдсэн юм. Миний эхний зочин маань Төрийн соёрхолт зохиолч З.Түмэнжаргал ах байсан бол удаахь зочин маань МУСТА циркийн зураач Э.Цолмонбат орж байнаа. Түүний зургуудаар өөрийнхөө блогд жижигхэн үзэсгэлэн гаргаж байгааг минь та бүгд өргөнөөр сонирхоно уу...


Гуниглах хэрэггүй
Энэ хорвоо тэр чигээрээ
Томоос том гуниг...

Нулимс ч унагах шаардлагагүй
Дэлхий өөрөө эртний том нулимс юм
Жаргалтай хүний дүр эсгэж амьдарч сур
Сэтгэл гэдэг юманд дасахдаа их амархан

Уурлах ч дэмий
Бид галт бөмбөлөг дээр амьдарч л байгаагаас хойш
Эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэрч таарна

Итгэл сэтгэлээ бүү гээ
Юунд ч хамаагүй итгэ...
Зүрхээ чагна
Чагна...

Юунд ч хамаагүй итгэ...
Сэтгэл гэдэг юманд
дасахдаа их
амархан...

Тэр амьд...

2006.09.11
“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

07 February 2010




Солонгос улсад ажиллаж амьдарч буй уран бүтээлч залуустайгаа нэгдэн миний бие Уран бүтээлчдийн клуб байгуулсан юм. Манай клубын зорилго бол бусад урлагийн чиглэлийн төрийн бус байгууллага болон холбоо эвлэлүүдийн нэгэн адил л гэгээн зорилго бүхий клуб. Ингэж бид хоорондоо эвлэлдэн нэгдээд олон үйл ажиллагааг зохион байгуулан гэж төлөвлөж байгаа ба эхний ээлжинд http://2x1club.blogspot.com/ буюу дундын блог хөтлөн явуулж байгаа. Дан ганц блог хөтлөхөөсөө гадна урлаг, утга зохиолын сургалт сурталчилгааны ажилуудыг хийхээр төлөвлөж байгаа болно. Энэ бодлогынхоо үүднээс Солонгос дахь Монголын Уран Бүтээлчдийн Клуб болон М.Радиогийн хамт олонтой хамтран online буюу цахим радиогоор магадгүй дэлхийн түүхэн анх удаа эфирээсээ 30 км-ийн зайнаас дэлхий даяар “Утга уран зохиолын цаг” анхны нэвтрүүлгээ цацлаа. Уг нэвтрүүлэгт хөтлөгч Содномдоржийн Бадамбазар /ID name daruuhan01 / болон МЗЭ-ийн шагналт, Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клубын гишүүн яруу найрагч Гончигийн Сүхзориг, Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клубын гишүүн яруу найрагч Цэвээн-Очирын Бямбажаргал нар оролцлоо. Уг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна.




05 February 2010



зураг дээр нэг дарж: ӨВӨГ ЭЦГИЙНХЭЭ ЭРХ МЭДЛИЙН ХЭР ХЭМЖЭЭГ НЭГ ҮЗНЭ ҮҮ...

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ гэдэг...

Та өөрийнхөө үнэ цэнийг мэдэх үү?
Миний хувьд өөрийнхөө үнэ цэнийг төдийлөн сайн мэддэггүй нэгэн. Одоогоос дөрөв таван жилийн өмнө Монголын өдөр тутмын нэгэн сонин дээрээс “хүний биед агуулагддаг үнэт метиалуудын нь үнэ ердөө 13-хан доллар хүрдэг” тухай гадаад эрдэмтэдийн судалгаагаар тогтоолоо гэдгийг үзэж байснаа санаж байна. Бидний Монголчууд хэдий хэрийн үнэт металл биедээ агуулж байна вэ гэдэг утгаар нь биш даяарчлагдаад байгаа бөмбөрцөгтөө хэдий хэр үнэ цэнэтэй оршин суугчид вэ гэдэг утгаар нь яримаар санагдаад байгаа юм.

За яахав мэдээж – өнөөдөрийн Монголчууд бид морь унаж сэлэм эргүүлээд буцаад 13-р зууных шигээ дэлхийг байлдан дагуулж чадахгүй ч гэсэн тэр үеийн дэлхийн улс төр, худалдаа, соёлын бодлогыг тодорхойлж явсан өвөг эцэг маань “Монгол хүний албаас үг дуугүй амийг амиар, Хятад хүнийг албаас нэг илжигээр торгосугай” хэмээн хуулиндаа зааж байхав дээ. Яасан их омгорхол яасан их хувь тавилан бэ?

Тэр их хувь тавилантай ард түмний үр сад өнөөдөр ямархуу байдалтай амьдарч байна.

1939 оны Халх голын зэвсэгт мөргөлдөөн, 1945 оны чөлөөлөх дайны фронтод оролцож алтан амиа алдсан Монгол дайчидын тоо 1980 гаран хоёр мянгад хүрдэггүй гэдэг. Гэтэл Монгол улсын хэмжээнд өдөртөө цаг бусаар нас барж буй хүний тоо дундажаар 20 гэж цагдаагийн газрын мэдээлэлд хавсаргасан байна. Иракд энхийг сахиулж буй АНУ-ын холбооны цэргийн амиа алдаж буй цэргээс лав давсан тоо шүү энэ. Өөрийнхөө эх оронд байдал ийм байхад харь нутагт бусдын гарт амь насаа алдаж байгаа Монголчуудын тухай ярих нь илүүц биз дээ.

Өнөөдөр

Боловсрол эрүүл мэндийнхээ бодлогыг жил тутам өөрчилдөг ажилтай болсноор бид дэлхийд дээгүүр үнэлэгддэг байсан боловсролын тогтолцоо алдагдсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний соёл урлаг, оюун ухаан, шинжлэх ухааны ололтуудыг маань урд зүгийнхэн маань боловсоноор хулгайлж дууслаа. Улсын мөнгийг идэж ууж ханадаггүй сайд дарга нарын хамаатан садангаар дүүрсэн яам тамгын газрын ажилтангууд ану гадаад дотоодын тэтгэлэгт сургалтын хуваарь хүлээж суух хооронд нь нэгэн цагт илжигний үнэтэй байсан нөхөд ийм юмийг хөнгөхөн хийнэ л дээ.

Бид оюуны бүтээмж, шинжлэх ухаан боловсрол мэдлэгээс илүүтэйгээр материаллаг ертөнцийг шүтэж ирсэнээрээ өдрөөс өдөрт монгол хүний үнэ цэнийг үгүй хийж байна.
“Эдээр биеэ чимхээс
Эрдмээр биеэ чим” гэж үг байдагсан.
Над шиг өөрөө өөрийнхөө үнэ цэнийг ойлгоогүй хүн өөрийгөө хайрлаж өөрийнхөө үнэ цэнийг мэдээгүй хүн өрөөл бусдын үнэ цэнэ бусдыг хайрлан хүндэтгэнэ гэдэг юу л бол. Бид нэг нэгнийхээ үнэ цэнийг ойлгохгүй ухаараагүй цагт ЭВ НЭГДЭЛТЭЙ байна гэдэг маань хүүхдийн хэлээр “ЯГ ХАРАГДААЧ”. Хэлхсэн уяа нь тасарсан сувдан сондор шиг талаар нэг тарсан Монголчуудыг тамын тогоонд чанаад чанаад нэг нэгэндээ, бие биендээ уусан нягтардаггүй ээ.

Манай Монголын нэр нөлөө бүхий захын сайд дарга нар маань өнөөдөр гаднаа “MERCEDES BENZ” машин сойчихоод, зөөлөн хивс бүхий тасалгаандаа гялтагнасан “Versace” гутал бүхий хөлөө ачаад сууж байгаа. Мэдээж “CUGGI” хүрэмний завсараар зухуйх “Robert Talbott” фирмын зангиа түүнийг эрх мэдэл бүхий хүмүүн болгоод өгнө. Халаасандаа “NOKIA” гар утастай бугуйндаа “SWISS” цагтай, мутрынхаа үсэгийг “Cartier” үзгээр тэрлэчихнэ. Амьдрал сайхан, Амьдрах бүүр сайхан тэдэнд. Бүгд алдартай брендын ардаас уулгалан уралдана. Хөөрхийс. Үнэ цэнэ үгүй өөрийнхөө үнэ цэнийг өсгөж буй байдал нь ЭНЭ.

03 February 2010


МУСТА зураач Э.Цолмонбатын ажил "Даян дээрх"



Ялгаа байхгүй ээ энд амьдрал
Яруу найрагч ажилд авна гэсэн ЗАР хаана ч байхгүй
Ядуу хүнд
Янагийн явдал ч хүртээлгүй хорвоо юм аа

2008.11.15



/ Хүмүүс асуух юмаа хүний нутагт амьдрал ямар байна гэж... /

02 February 2010



Хүн гэдэг амьтан насан туршдаа өөрөө өөрийгөө таньж мэдэхийн төлөө явсаар ирсэн. Шашин болоод филисофи сэтгэлгээ, соёл урлаг хүнийг гэгээрэхэд чиглэгдсэн байдаг. Тэр ч утгаараа УРЛАГ– ийн мөн чанар хүнд баяр баясгалан бэлэглэх, хүнийг дотроос нь гэгээрүүлэхэд оршдог. Харин уран бүтээлч хүмүүн өөрийгөө танин мэдэх гэж цаг ямагт шинэ соргог бүтээлч сэтгэлгээтэй байх ёстой гэдэгт би итгэдэг.
Солонгос улсад ажиллаж амьдарч буй манай соёл урлагийн олон хүмүүс цаг наргүй ажлын дор хүссэн хүсээгүй бүтээлч сэтгэлгээ бөхдөг тал байх. Хэдийгээр интэрнет хөгжсөн хэдий ч манай монголын өдөр тутмын соёлын мэдээлэл бидэнд үгүй билээ. Олон олон шинэ ном, шижигнэсэн уран бүтээлчид гарлаа гэдгийг дам сураг сонсохоос цаашгүй.
Хаа очиж манай утга зохиолын хүрээнийхэн амь нэгтэй.
Тиймдээ ч дөнгөж нээгдээд буй Солонгос улсад ажиллаж амьдарч буй уран бүтээлчдийн клубын хамт олныг найрсагаар хүлээн авч дэмжиж ажиллахад бидэнд амлахын сацуу Б.Баясгалан http://bayasgalanb.blogspot.com/ дүү маань бидэнд шинэ ном явуулжээ. “ХӨХ МЭДРЭХҮЙ” хэмээх МУИС-ийн утга зохиолын дугуйлангаас гарсан дүү нартай чин сэтгэлээсээ баярлалаа. Надруу илгээмжээр явуулсан номуудыг тань аваад хүүхэд шиг баярласан шүү. Ц.Дэлгэрмаа, Ж.Оргил, Ш.Хатанбүүвэйбаатар, М.Хангал, Б.Баясгалан, О.Элбэгтөгс, Я.Баяраа, Б.Баярсайхан, П.Батхуяг нарын 11 ном ирлээ. Гарын үсэгтэй номон дунд чинь манарч суунаа.