Pages

13 December 2011


Хойгийн Гуулин улсын нийслэл
Сөүлд төв азийн цээжин зүгээс ирээд
буй багш шавь хоёр. Анх багштай
танилцаж байсан тэртээ 1994 он
саяхан мэт санагдах юм. Энэ цаг
хугацаа гэдэг ч нэг л мэдэхэд
талийж оддог эд аж.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн маань нэг ийм шүлэг бий.


“Хүүхэд зан, гэнэн араншингаа би

Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ

Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр

Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”

28 November 2011


Ц.Буянзаяа багшийн “Чөлөөт Монгол” хэвлэлийн газар хэвлүүлсэн “Шувууны нүд шиг Нар...” шүлгийн түүвэр маань хэвлэлтээс гарчээ.

17 November 2011

Энэ миний шинэ шүлэг. Бүүр жинхэнээсээ шинэ байхыг би хүснэ. Ядаж л өөрөө өөрөөсөө шүү. Шувууны нүд шиг Нар... энэ ном маань өмнөх хоёр номынхоо сайн гэж бодсон шүлгүүдийг нэгтгэж өгсөнөөрөө би гурван номоо нэг хавтасанд багтаах зорилго өвөртөлсөн болно. Гурван өөр цаг хугацаа, гурван өөр мэдрэмж, гурван өөр Сүхзориг байх гэж бодсон бодлын минь хэлтэрхий. Одоо тэр хэвлэлтээс ирчихвэл, нэг үзчихвэл... Тэрний дараанаас жинхэнээсээ ШИНЭ БАЙХЫГ би ХҮСНЭ.

* * *

Чулуун шал товор товор алхах
Өндөр өсгийтийн ардаас
Харц минь нислээ
Чи чин итгэлийг минь зөөн
Өчнээн жил ч нисэв дээ
Харц минь...

Элсэн дээр гүйсэн гэрэлт цохын мөр
салхинд замхрах адил бүгд хоосон
Эргэж нурах элсний ширхэг он цагийн урсгал мэт
бүгдийг мартагнуулдагыг
чи юу эс андах билээ...
Харц минь

Салаа замын уулзварт хөлийн чимээ тасалдаад
Санасан уу? Хонгорхон минь...
агаарт нилэнхүйдээ тархах үнсэлтийн амт
Эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хүзүүнд нь асаж асан
Савсаг харц минь горьдлого тасран буцлаа

Эргэж ирэхгүй он цагийн урсгал мэт
нурах элсний ширхэгүүдийн дор
Эрт цагийн гэрэлт цох гүйсэн мөр
одоо ч буйг ...
Чи минь ойлгомоор доо...
Харц минь

Тунирхаж намайг ширтэхээ больж үз
Хичнээн ч сайхан хөл дагаж чамтай хамт би нисэв
Тэд юунд дуртай, юу хүсдэгийг нь ч чи бидэн хоёр мэднэ
Энэ амьдрал өөрөө
Өндөр өсгийтийн бэлхүүсээр тэврэх
Эрээн зангиатын ихэмсэг бардам зан шиг
Хоосон
Энэ хорвоод шунаж тачаадаад байгаа зүйлс бүхэн
Хуурамч гэдгийг ухаармаар даа
Өрөвдөж, голонгуйгаар намайг ширтэхээ больж үз

Одоо харц минь...
Мөрч нохой шиг
Чи бидэн хоёрыг шиншлэх
үйлийнхээ үрээсээ залхахгүй байна гэж үү
Харц минь...


БНСУ. Сөүл хот
2011.11-р сарын 17-нд
02:13 минут

11 November 2011

Нойрмоглох зүүдэн дундуур минь цаг хугацаа туучсаар өдөр хоног хурдан гэдэг цахилгааны тоолуур шиг минь талийж одох аж. Сүүлийн үед ажил амралтаа зохицуулж чадахаа байгаад удаж байгааг ч хэлэх үү. “Шувууны нүд шиг Нар...” яруу найргийн түүвэртэй минь хамт миний номын багш / МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа/ маань “ГҮН САНААНЫ ДҮРС” яруу найргийн түүвэрээ хэвлүүлэх гэж буйг сонслоо. Юутай сайхан мэдээ. Бодохнээ би их азтай хүн юм. Энэ хүнээр л хөтлүүлэн Монголын утга зохиол гэдэг айлын хаалгаар орж ирсэн, мөн гуравдах номоо багшийнхаа номтой хамт гарган гэдэг миний хувьд нэр төрийн асуудал билээ.
Тун удахгүй хэвлэлтээс гарах "ГҮН САНААНЫ ДҮРС" номын шүлгүүдээс хамгийн түрүүлж амталж үзэх завшаан надад /шавийн хувьд/ олдсон нь ч нягууртай.
Би гүн санааны тэнгисийн эрэг дээрээс өглөөны наран мандахыг үзлээ. Нарны туяа харуй бүрийг сөөм сөөмөөр эвхэн гэгээ орох хоромхон эгшинд орчлон ертөнцийн түмэн зүйлийг өөр өнгө амттай, өөр учир жанцантайг, бидний мэддэг хэрнээ огт анзаардаггүй эргэн тойрондох зүй тогтол шаал өөр учир шалтгаантай байсныг анзаарлаа. Магад утга зохиолд шимтэн дурлагч та бүхэн ганц оройг ч гэсэн зурагтын удирдлагатайгаа ноцолдолгүйгээр багш шавь хоёрын хоёр өөр ертөнцөөр аялах боломж нэгэн зэрэг тохиох боломж элбэг тохиохгүй гэдгийг мэдэх буй за.



ГҮН САНААНЫ ДҮРС

/шинэ шүлгүүд/-ээс

ТАСРАЛТГҮЙ

Тэнгисийн гүн мэт нууцлаг ахуй сэтгэлд минь буй болсон болохоор

Түүний давалгаа мэт сэтгэгдэл тархийг минь эзэмдсэн болохоор

Туулсан замаас минь хавьгүй урт дурсамж зүрхийг минь эзэлсэн болохоор

Уйлсан гунигаас минь гашуун үгс санаанд минь хадагдсан болохоор

Энэ амьдралд би чоно мэт ганцаардаж дассан

Энэ амьдралд би морь мэт тэвчиж сурсан


Тэнгэр, газрын нийлбэр адил үнэнг таньсан учраас

Тэртээх алсын зэрэглээ адил утгыг мэдсэн учраас

Нарны жигүүр дээр шувуу суух шиг итгэлийг анзаарсан учраас

Намайг таниагүй энэ л үедээн гомдохын шалтгаанаа гээсэн учраас

Хүний хорвоод би нохой адил үнэнч үлдсэн

Хүний хорвоод би хонь адил номхорч тогтсон.


Өвсний үндэс шигээр маргаашийн хувь заяаг бүтээхийн тулд

Өнгөний чанар шигээр тодоос тодоор элэгдэн дуусахын тулд

Оргүйгээс үүсэх бодол шигээр батжин биелэхийн тулд

Олны дунд хэрнээ ганцаар буй ахуйгаа хайрлахын тулд

Цаглашгүй орчлонд би чулуу шиг хатуужин ирлэгдсэн

Цаг хугацаан дундуур би салхи шиг тасралтгүй болсон.
Гайхамшигтай маш ялдам. Хүрээний сайхан хүүхнүүдийг шанз хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй тийм цаг үе байсан удаатай. Бүсгүй хүний ялдамхан ааль уян налархай байдлыг төгс илэрхийлж чадахуйц тансаг аялгууг шанз хөгжим гаргадагтай маргах хүнгүй бизээ. Энэ сайхан аяз болжээ. Та таалан болгооно уу.

01 November 2011

Хаадынхаа 800 жил хадгалагдсан

захидлуудтай ерөнхийлөгч танилцав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэрээ Ватиканы номын сан, архивтай танилцлаа. Манай гаригийн хамгийн том архивуудын нэг болох Ватиканы архивт Монголын Эзэнт гүрний үед хамаарагдах чухал баримт бичиг, захидлууд хадгалаастай байдаг юм.

Эдгээр нь Монголын Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал билээ.

Захидлууд бүгд эх хувиараа хадгалаатай байдаг бөгөөд үл ялиг шарлаж, зарим мөрийн үгний дээд хэсэгт баларсныг эс тооцвол бараг хэвээрээ байна.

Манай улсын түүх болон дипломат алба, гадаад харилцааны түүхийг харуулсан эдгээр чухал баримт бичгүүдийг эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд бүтэн нэг сарын турш судалжээ.

Монгол төрийн эртний баримт бичгүүд албан бичиг үйлдэх тусгай дэг жаягийн дагуу, тод хар өнгийн бэхээр хичээнгүйлэн бичсэн, тод улаан өнгийн тамгыг бичвэрийн эхэн , дунд адагт нь дарсан байна.

Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан 800 жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан өөрсдөө 1920 онд л олж мэджээ.

Аргун хааны захиа:


Зөвхөн номын тавиуруудын нийт урт нь л гэхэд 85 км болдог, 600 архивын сантай, 40 орчим мянган номтой, дахиад 20 жилийн нөөц байртай Ватиканы нууц архивт тэр бүр хүмүүс ордоггүй юм байна.

“Ватиканы номын сан, нууц архивт зөвхөн Ромын Папын зөвшөөрөлтэй судлаачид нэвтэрч, үзэж танилцаж болдог. Бид өнөөдөр Ерөнхийлөгч танд анх удаагаа эдгээр чухал баримт бичгүүдтэй танилцах, үзэх боломжийг олгож байна” хэмээн архив хариуцсан тэргүүн дэд хамба Монгол Улсын Ерөнхийлөгчид хэллээ.

Ном цаас хадгалах орчин үеийн өндөр технологийн ачаар мянган жилийн өмнөх ном ч саяхных мэт хадгалагджээ. Жишээ болгож 1070 оны нэгэн номыг үзүүллээ. Тугалын \эсвэл хурганы\ арьсыг сайтар боловсруулж цаас хийгээд гараар бичсэн нь өнөөгийн машин мэт жигдхэн байх ажээ.

Ватиканы нууц архивтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ватиканы архивын зүгээс Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн хуулбарыг хадгалууллаа.

Даяар Монголын тодруулга:

Гүюг хааны захианаас бусад нь бүгд монгол бичгээр, монгол хэлээр байдаг юм. Доор Гүюг хааны захиаг хавсаргав. Чухам энэ захиан дээрээс өнөөх алдарт Их хааны тамганы хэвийг олсон билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг ил булха /харийн орны/ иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай...



хэмээн эрхшээн захирсан үг бүхий тамгатай байжээ. Манай хаад.



Энэхүү нийтлэлийг Даяармонгол.ком-оос хуулан авч тавьсан болно. Монгол улсынхаа түүх соёлыг сурталчилах зорилгоор авч ашиглаж болно байхаа хэмээн бүдүүн зориг гаргав. Мөн энэхүү талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг уншъя гэвэл http://chinggisiinudam.blog.gogo.mn/read/entry267622 ороод үзээрэй маш сонирхолтой мэдээлэл байна лээ.



23 October 2011


БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд ЮНЕСКО-ын итгэмжит байгууллагуудын олон улсын форум болж өндөрлөлөө. Энэтхэг, Хятад, Вьетнам, Солонгос, Монголын 9 байгууллага, ЮНЕСКО-ын Банког дахь төвийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцсон уг хуралд манай улсаас ЮНЕСКО-ийн итгэмжит Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн захирал Л.Моломжамц оролцож “Монголын соёлын биет бус өвийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.



Энэхүү форум нь Ази, номхон далайн улс орнуудын соёлын биет бус өвийг хамгаалахад ЮНЕСКО-ийн итгэмжит NGO байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн Ази, номхон далайн шинэ сүлжээ байгуулах зорилго бүхий олон улсын хурал аж.

Эх орныхоо урлаг соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчилах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж алс хэтийн зүг хараа чиглүүлэн алхаж яваа анд найздаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэхийн ялдамд өөрийн блогоор дамжуулан Монгол улсынхаа түүх, урлаг соёлыг сурталчилах үйл ажиллагаа явуулж буй залуусаа дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна.

16 October 2011



Өнгөрсөн 10-р сарын 15-16 өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Их Театрт монголын хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбат / хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүн /-ын цөөхүүл хөгжимд зориулсан зохиол амжилттай тоглогдлоо. Азийн хөгжмийн ансамбел / Asian Music Ensemble / нэртэй Вьет-нам, Монгол, Солонгосын үндэсний хөгмийн хамтлаг БНСУ-д 2010 онд байгуулагдсан ба “21-р зуун Солонгосын Хөгжим” төслийн хүрээнд энэхүү тоглолт явагдлаа. Солонгосын залуу зургаан хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дундаас П.Ганбатын маань “ТАЛЫН ДУУ” зохиол нь Монгол хэмээх нэрийг тодотгох гайхамшигт бүтээл болж чадсанаараа үзэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээлээ.

БНСУ-ын Засгийн газрын хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй Дэлхийн Үндэсний Театруудын Фестивал – 2011 ажиллагааны нэг хэсэг болох “ТАЛ НУТГИЙН ЗЭРЭГЛЭЭ” шинэ үеийн хөгмийн зохиолуудын танилцуулганд

“ТАЛЫН ДУУ” Пүрэвдоржийн ГАНБАТ. / Монгол Улс /

Сэвшин үлээх салхи нь хүртэл домог хууч хүүрнэх тал нутгийн хүвүүн билээ би. Хараа цуцам гайхамшигт эх орон минь миний зүрх сэтгэлд хадаатай. Би энэ л газар нутгийн нэгээхэн хэсэг хэлтэрхий. Гэхдээ одоо миний зүрх сэтгэл минь цөлжилтөнд автан харангатан хатингиршиж хагарч үйрч байна. Шувууны сүүдэр ч тусахаа больсон миний нутаг эрдэнэс хайсан хайгуулчдын өлмийд талхилагдаж байна. Энэ миний тал нутгийн дуу эрх чөлөө, амьд байгалийн дуу хоолой...

хэмээн зохиолчийн сэтгэлийн үгийг нь ч хэвлэжээ.

05 October 2011

Энэ их эртний явдал юмаа. Их бага л байсандаг би.

Дээшээ доошоо хаашаа ч үл хөдлөх цонхны цаана нэлийсэн цэлгэр тал үргэлжилнэ. Нүднээ зам дагуу цуврах шонгийн модноос өөр танил дотно санагдах юу ч эс таарах агаад арын суудалд ая тухгүй яваа нусгай бацаан өөрөө өөрийгөө сатааруулан цонхоор гөлрөхөөс өөр юмгүй. Зам ханьсаж нэг ойртож нэг холдоод л тэгсэнээ гүвээ даваад тэртээ алс өөр зүг нүүр бууруулан зам салж одох өндөр хүчдэлийн шугам мод л аян замын турш миний сэтгэлийг зугаацуулсансан.

Одоо бодход. Нийслэл хотын зүг давхих УАЗ-469 намар цагийн натюрмортыг уртааш нь цуу татаад однуу даа гэлтэй тоос татуулан одоо биз.

Анд минь ээ... Амьдрал гэдэг ердөөсөө мөнөөх л аян зам маань юм байна. Гэртээ хурдан харихыг мөрөөсөж суугаа бяцхан жаал би дүрээрээ одоо хүртэл арын суудалд өөрөө өөрийгөө сатааруулан суусаар, явсаар аялж л байгаа аж.

Гагцхүү чи бидэн зам нийлэн холдож бас ханьсан хөтлөлцөх хүчдэлийн шугам, хээрийн зам аж. Амьдралын нугачаа он жилүүдийн гүвээ биднийг ойртуулж холдууллаа чиг алсдаа хот хүрээ хоёул орохтой ижил бидний хүсэл зорилго адил билээ анд минь.

Алдаа нь хүртэл чимэг болж явсан гал халуун залуу насны анд минь. Лхамсүрэнжавын Ганзул анд минь. Надаа зориулж бичсэн шүлгийг чинь авлаа. Удахгүй нэг гүвээ даваад чи бидэн дахин зам ханьсан нийлэх болноо анд минь.

Энэ аяншиж туйлдмаар амьдралд гишгэсэн мөрөө харж урагшлаагүйгээрээ өөрөө өөрийнхөөрөө үлдэж чадсан анд минь чиний шүлгийг би дур мэдэн дэлгэвэй...




***
Навчны судлаар цаг хугацаа лугшиж
Намрыг зарлачихаад тэнгэр рүү одоод
Маргааш нь цасан дээр миний мөрөөр үргэлжлэнэ

Цасан дээр миний бичсэн цаг хугацааг
Хаврын шувууд зууж ниссээр
Ахиад л навчинд хүргэж өгнө...

2011 он
***


Хөндүүрлэл

Энэ сайр нэгэн цагт
Тэнгэрийг багтааж давалгаалсан
Хөв хөх нуур байсныг
Хэлэх хүн үгүй ч
Шувуудын нүднээс бөмбөрсөн
Үгүйлэхийн гунигаас амтагдана

Энэ сайр нэгэн цагт
Энхрийг тольдуулж гэгэлзүүлсэн
Эгэлгүй тунгалаг нуур байсныг
Мэдэх хүн үгүй ч
Чулууг нь үнэрлээд буцах
Согооны харцнаас тунарна

Энэ сайр нэгэн цагт
Эр сэтгэл гандаж холоос ирэхийн цагт
Эргээ халин угтдаг ээж нуур байсныг
Санах хүн үгүй ч
Нутагаа тэмцэх хүлгийн
Сувдан хөлснөөс мэдрэгдэнэ


Энэ сайр хэзээ ч
Эргэж мэлтрэн долгиотох
Нуур болохгүй гэдгийг
Магадлах нэгэн үгүй ч
Газрын элэг эмтэлсэн
Хүний л зүрхнээс сонсогдоно

2011 он
***

Ганцаардал

Миний хайртай ганцаардал
Надтай хөтлөлцөөд алхна
Уушийн ширээнд ганцаардалтайгаа
Урьдын гунигаа хуваалцахаар
Бодол сэтгэл хоёроо дэлгээд
Уйтгар шаналал хоёроо нөмрөөд
Тулаанд ялагдсан цэрэг шиг
Тун ч өрөвдмөөр суудаг би
Ууж халамцаад ирэхийн цагт
Уйтгарт ганцаардлаасаа оргоод би
Хэн нэгэн андаа зорихдоо
Хэлгүй сартай амьдралаа хуваалцдаг...

2011 он

***
Яруу найрагч анд Г.Сүхзоригт

Эх оронч анд минь чи
Эх орондоо ирэх хэзээ вэ?
Эзгүйд чинь сэтгэл хааяа
Эх орончгүй эх орон шиг л болном
Чиний өссөн “Дөчин мянгатын гудамж”-ны
Охидтой болздог улиасыг өнөө өглөө
Чиний өссөн дөчин мянгатын
Хот тохижуулагчид ачаад явчихсан
Чиний амьдардаг “Төмөр замчдын гудамж”-ны
Найзууддаа зорьдог зам дээр
Чиний таньдаг “хөрөнгөтнүүд”
Маш өндөр байшин барьсан
Чиний миний мэддэг андууд
Чамайг дуурайн “зугаацахаар мордсон”
Чиний миний сайн найзууд
Эргэж ирээд танихаа больж байна
Эх оронч анд минь чи
Эх орондоо ирэх хэзээ вэ?
Эсвэл анд нь очих уу?
Эх орноо тэгээд яах вэ?!..

2011 он

02 October 2011


Шинэ номын маань амталгаа...
Удахгүй хэвлэлтээс гарах "Шувууны нүд шиг Нар..." гурав дахь номын шүлэг.





ЭРГЭХ ДӨРВӨН УЛИРАЛ

Шувууд буцчихсаны дараа
Шаргал навчис гэнэт хэл сураггүйгээр
алга болсон өглөө
Цагаан цувтай бүсгүй сууринд минь ирсэн...
Баахан уйлалдаж ганганалдаж ниссэн шувуудын түрүүч ирэх сургаар
Цагаан цувт гунигтайхан цувныхаа хормойг дэрвүүлсээр
Тэртээ алсыг зорьж одсон...
Суурингийнхан бүгд цагаан цувтын төрхийг мартсаны хойно
Ногоон зодог шуудагтай ах наадамд барилдахаар
Сууринд минь буусан...
Эрээ цээрээгүй хагас нүцгэн эрээс ичингүйрээд
Уйлах дуулах нь ойрхон
Шувууд ямар нэгэн юманд үгсэн тохирч сэм сэм нисэлдээд л...

21 September 2011

МИНИЙ RED HERO ХОТ


Хээнцэр охидын гэзэгний үнэр,

уруулын амт холилдсон

Хөндий хэнхдэг цээжнээ

Сэтгэл гуниглангуй гиюүрээд

Дэгжин нэгний сээтгэнэл туучаад хаячихсан

Даржин зүрхэндээ “тайвшир, чи ганцаараа бус” хэмээн шивэгнэх үдэш

Хурьцлын дуутай ханын цаг

Төсөөллийн мананд толгойг минь дүрчихээд

Хэн нэгнийг хүлэмжлэн “цаг хугацаа”-ны тохуу болоход минь

Өдөржин өвс татаж татаж инээлдсэн царцаанууд цонхон дор

Тэртээ багын дурсамжийг санагалзуулам танил дуу дуулахад


/ Radiohead – Street spirit /


Санаашрагч сэтгэлээ дагуулан үдшийн гэрэлт гудамжнаа гарлаа.

Урдуур хойгуур нисэлдэх урт урт хөлтэй загвар өмсөгч мэт

тэмээлзгэнүүдийг харан бясаад

Янагийн даль жигүүрээ урьд шөнө хаана гээснээ бодоод үл олох

Миний Red Hero хот

“Radiohead – Street spirit” хаа нэгтээх гудамжнаас эгшиглэх

Миний халуухан Улаанбаатар хот



Хуучны анд мэт

Хачин дотно хот минь

Эгшиг яруу миний хот…

Энэ хотын рок аялгууг тархинаас минь аваад хаячихвал

Энэ миний амьдралын гунигийг сэтгэлээс минь аваад хаячихвал

Өөрийгөө хаана төрсөнөө бодоод үл олох, хайгаад эс олдох

Миний өдөржин өвс татах царцаанууд,

урт хөлт тэмээлзгэнэс нисэлдэх халуухан хот...


2010.03.19 Сөүл хот

05 September 2011




2011 оны 09-р сарын 03-05 өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотод Солонгосын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ким Дал Жины нэрэмжит олон улсын яруу найргийн II наадамд мөхөс миний хоёр шүлгийг авъяаслаг орчуулагч Ч.Цэрэнхорлоо эгчийн орчуулсан орчуулгаар өгсөнөөр урьдчилсан шатанд тэнцсэнээр Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.



Уг наадамд Солонгосын олон шилдэг яруу найрагчидаас гадна Францын яруу найрагч Mouchard Claude Amedee, Хятадын яруу найрагч Wija Xin, Японы яруу найрагч Kiyoe Kawazu, Yasue Tajima гайхамшигтай яруу найрагчид шүлгээ ирж уншлаа.

Энэхүү наадамд уншсан шүлэг минь.


Он цагийн зэвэнд идэгдсэн
Арвандолдугаар хурдны замын дэргэдэх бяцхан байшинд
Хөлсний унаанд дайгдаад хэн нэгэн ирэхгүйг нь мэдсэн хэрнээ
хүйлэн алсыг гөлөрч үе үе гиюүрэх сэтгэл
ганцаардангуй...
Дуугаралгүй удсан утсаа чагнангуй...


Өтгөн манангаар орчлонг өлгийдөх
Арваннэгдүгээр сарын зэвэргэн үүрээр
Хөлийн дор цардмал зам дээр цантсан
Ганц улаан навчийг олж харахуйяа

Амгалан тайван дундаас өөрийгөө чагнаж
Хөлдүү мөчирт салхины аясаар дэнчигнэж залхаад
Оргон зайлагч,
Бядан явагч,
бясалган бодлогоширогч мэт аж

Хуйлран хөглөрөх навчсын гуниг ч
Салхины аясаар исгэрэлдэн шуугилдах мөчрийн чимээ ч
Хаврыг хүлээж хүлцэнгүй наминчлах модод утга үгүй
хоосон санагдаа биз...

Үзэхүйеэ нүдэнд торох зүйл ч үгүй
Аниргүй хоосон...
Манан дунд
Ганц улаан навч бидэн хоёр ав адил аж...


Өвгөн даянч лугаа ганцаар зожиг сэтгэл
Дуу гаралгүй удсан утсаа чагнангуй...
Хөлсний унаанд дайгдаад хэн нэгэн ирэхгүйг нь мэдсэн хэрнээ
хүйлэн алсыг гөлөрч үе үе гиюүрэх агаад
ганцаардангуй...
Арвандолдугаар хурдны замын дэргэдэх бяцхан байшинд
Он цагийг элээнэм...


2010.11.18


31 August 2011




Их хотын хөгжил, иргэншил гэдэг угтаа иймэрхүү хүчирхийлэл дагуулдаг аж. Өөрсдийн ая тух, амгалан тайван байдлын төлөө бүгдийг санаан зоргоор өөрчлөх хүсэлд нь хөөрхий модод ч хамаатай. Миний дээр үед бичсэн хоёр шүлгийг минь өөрийн эрхгүй сангалзуулахад хүргэсэн ийм нэгэн дүр төрхийг өчигдөр буулгаж авлаа. Гар утасаар авсан учир чанарын шаардлага хангахгүй л байж мэднэ.


НАМРЫГ ЗУРАХААР

...шархагсадын гунигийг
Хагас жилийн настай хорчийж хатсан
хугарч үрэгдсэн навчны хэлтэрхийгээс
олж үзэв.



ОЛЗЛОГДОГСОДЫН ЦУВАА

Жигүүрээ тасдуулж газрынханд ...
... Олзлогдсодын цуваа
Шөнийн харанхуйг зүсэн алсын зүг хөвөрнө...

11 August 2011

Хураалттай хөнжлийн маань завсар
Чиний үлдээсэн
- “үзэн ядаж байна” гэсэн өгүүлбэр...
Тархины маань нугалаасны завсар
Бурханы бэлдсэн
- “их хувь тавилан”-гийн төлөвлөгөө...

2010.11.19 Чинчеон хот

03 August 2011


"To my daughter" Mongolian poem by Sukhzorig.G

22 July 2011

Солонгосын орчин үеийн яруу найрагчдын бүтээлээс төрөлх монгол хэлрүүгээ гайхамшигтай хөрвүүлсэн хэд хэдэн шүлгийг олж харах завшаан тохиов оо надад. Тэссэнгүй та бүгдэд сонирхуулмаар санагдаад... Орчуулагчийнхаа нэрийг зөвшөөрөлгүй нийтлэх нь зүйд зохимжгүй тул товчилон тавилаа.

Хэрмэл нэгэн муур
Миний гаргаж орхисон хогыг ухаж
шиншилнэ
Хогны уутны ёроол урагдаад
Улирч одсон өдөр хоногуудыг минь
дагширч дарагдсан “Амьдрал”-ын
маань гэдэс дотор
цувран хөглөрнө
Мөнөөх муур над руу хяламхийснээ, дахиад л
Амьдралын минь муудсан гэдэс доторыг
ухаж эхэллээ.
Урьд эдүүгээгийн бүхий л
Хаягдсан, муудсан, ялзарсан
амьдрал минь нэгд
нэгэнгүй дэлгэгдэнэ.

Кан Сү “Хязгаарт амьдрах”
“Орчин үеийн яруу найраг” сэтгүүл
10-р сарын дугаараас
Орчуулсан Ч.Ц



Оршихуйн сорилыг давахуй

Тухайлбал
Давалгаа нь давалгаатайгаа золгон
Агуу том далайцаар хадыг цохилно ...
Хагарч бутрах далайг
Ганц хөл дээрээ зогсоод
Удаан тогтож харах
Усны нэгэн шувуу
Давалгааг хөнгөхөн давж одно ...
Сарвуунд нь наалдаастай
Ганц ширхэг элс л хөдөлсөн атлаа
Далайн усны
Усгал чиглэл өөрчлөгдчихөв.

“Орчин үеийн яруу найраг” сэтгүүл
2010 оны 10-р сарын дугаараас
Орчуулсан Ч.Ц

07 July 2011

Гэртээ харих цэцэрлэгт гудамжны
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэл
Ялаа шумуул залхууяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүй

Үнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дор
Хөгшид хааяахан бодлогоширч суух модон сандал
Зүүрмэглэнгүй

Цагийн зүү цохилох мэт
Хосын озолдон үнсэлдэх янагийн чимээ харанхуйн зүгээс
Эгшиглэх агаад

Хүлцэнгүй зүүрмэглэгчдийн бодлогоширох дурсамжид хүртээлгүй
Хэнхдэг цээжинд ер бусын нууцлаг орших зүрхний
Цэцэрлэгт гудамжнаа

Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх
Хүлцэнгүй үнээ мэт гэрэлд
Зүүрмэглэгч модон сандал бий...

Хааяахан
Хуучин дуртгалын манан дунд
Бясалгаж би суух дуртай...

2011.06.06

05 June 2011

Яагаад ч юм нэг их нэвширсэн уйтгар гуниг, хагацал энэ дуунаас цухалздаг юм. Бүүр яая даа гэмээр шүү. Тэгэх мөртөө энэ дуу найзын маань ээжийн дүр төрхийг өөрийн эрхгүй надад санагалзуулдаг юм. Тэднийх ханандаа хэд хэдэн эртний хээ хуар болсон орос цахиур бууны гоёмсог цуглуулгатай, хөдөлгөөн бүр нь эмх цэгцтэй эелдэг дөлгөөн гэр бүл байх. Хаа нэгтээ андын хамт гэрт нь зочлоход өтгөн хар кофе оочилж элгээ тэврэн цонхоор гөлөрч ижий нь зогсдогсон. Задгай зоосон мөнгө шиг бүтэх бүтэхгүйн хүсэл мөрөөдлөөр шинэ хуучин түмэн эгшигт хуурцагны аялгуунд сонороо мялааж аваад сая нэг их ажил амжуулсан мэт тэднийхээс гарч шат уруудан алхахад хаалгын цаанаас The BEATLES – Long and winding road” эгшиглэх шиг болдог байж билээ. Бүхнийг эрхшээгч ноён “Б” гоо үзэсгэлэн, элбэг хангалуун амьдрал харамгүй хайрласан шигээ уйтгар гунигийг жор хэтрүүлэн түүнд /найзын маань ижийд/ өгсөнөөс зайлшгүй. Магадгүй хүн болгон өөрийн гэсэн өнгө, аялгуутай байдаг байх гэж одоо би боддог юм.


Гэтэл орчлон дээр ижилхэн хувь тавилан гэхээсээ илүүтэйгээр, гунигт шилний цаанаас орчлонгийн үнэн мөнийг 3D хэмжээсээр харах дуртай ижилхэн зан араншин, хүсэл эрмэлзэлтэй хүн бас байх юмаа. Тэр миний их дотно найзуудын минь нэг. Хаа нэгтээ уулзаж шар айраг шимэнгээ / бичиж эхлээгүй / номынхоо санааг ярилцаж нэг нэгнийхээ дотоод ертөнцөд “томоотой” айлчилдаг тийм дотнохон анд минь. Сайн яруу найрагч, сэтгүүлч бүсгүй. Тэр “Бурхантай газар”, “Хариг дотно” хэмээх хоёр номоо одоогоос 5 жилийн өмнө хэвлүүлсэн нэгэн. Хачин эмзэг мэдрэмж, бүсгүй хүний хөндүүр сэтгэлийн чавхдас, өнөөх бүтэлгүй хайр, уйтгар гунигаар намайг хэсэгтээ эзэмдэж чадсан бүсгүй. Тэр өнөөх Б.Одгэрэл, Б.Галсансүх, Б.Энхжаргал, Г.Сонинбаяр гээд өөр өөрсдийн сонин содон ертөнцийг уран тодоор тунхаглаж яваа “Хан-Хэнтийн школа”-ийнхон юм чинь арга ч үгүй биз. Би түүнтэй уулзаагүй уджээ. Толинд тусах түүний сэтгэхүй төсөөллийн тусгал болох цахим блогоос эгшиглэх “The BEATLES – Long and winding road”-ийг үе үе сонсох л юм даа.


Хэвлэлийн наалт нь бүрэн хатаагүй шинэхэн ном тэрээр уншигчдын гар дээр тавьж гэнэ. Тун удахгүй хариг дотно түүний ертөнцөд би аялаж түүнээс эгшиглэх “Уйтгарт салхи хүүгэх аяны урт зам” –ийг төсөөлөн харж шар айраг шимэн сууна гэж найднам.

Түүний сэтгэхүйн толины тусгал: http://anduusanaa.blogspot.com/

Орчлон дээр...

Орчлон дээр тайван буй юм нэг ч алга
Одогсдын дуу алдалт, ирэгсдийн уйлаан
зүрхний хана тэмтэрч
Олдсон жаахан газарт минь анхны цас
сүүлчийн бороо намирч
Орон гэр минь мөнхийн салхинд дэрвэж,
нисэх мэт гэгэлзэж
Орчлон дээр тайван буй юм нэг ч алга...

Б.Занданхүү


Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод

Шаналсан дуугаа надад үлдээгээд
Цаг хугацаа нисэн одлоо
Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод
Өчигдрийн дурсамжаар зүрхээ ирлэлээ
Дурлал хайрын үгс одоо
Хуучин номын завсарт үлдэнэ
Гал дөлтэй агшинг үлээж
Ганц амьдрах хүслээ орхино
Одоо над руу зориглон ирэх
Он цаг янаг минь болоход
Шаналсан дуугаа надад үлдээсэн
Цаг хугацааг дуулах болно


Б.Занданхүү


Өнгөрсөн цагийн хавар минь

Өндөрхааны намар
Харанхуй моддын сүүдэр
Өнгөрсөн цагийн хавар минь
Тийм баяртай бүрхэг чи
Хэрлэн голыг хөлдөхөөс өмнө
Хэлсэн үгээ санаж байна
Эрт урьдын тэр улирлын
Элэгдсэн хуудас өнөөдөр минь
Тоймгүй олон таньдаг хүнийг
Тогтоож харах нь тэнэг хэрэг
Тэр үймсэн үзэгдэл дундаас
Тэвчишгүй,
Өндөрхааны амраг, ай...


Б.Занданхүү

14 May 2011

Жихүүн салхиар дайгдаж ирээд дур мэдэн илбэн таалах их чийг,
уйлагнах тэнгэрийн саарал хаяа, шиврээ бороо шаазан дээвэр товших
үл ялиг чимээнд
Зоогийн ширээнээ
Хамар цоргих цай ч борооны үнэртэй...


Давилуун чийгт салхи цаасан хаалга угзчин буцахад
Нутгаа санасан хөндүүрхэн дурсамжууд бодлын үзүүрт хөвөрнө
Саяхан үүдэнд босгож тавьсан норсон шүхрээс минь
хөндүүрхэн дурсамжуудыг маань тоолж
бороо дуслах аж.


Хийцтэй цайг маань үл орлох улаан чинжүү, цууны үнэр
Хүйтэн чийгт тэнгэрийн тухай үл хүүрнэх агаад
Нөмгөн хүрэмтэй яваад минь зовнингуйгаар
хуучивтар шүхэр маань шүүрс алдан
Намайг ширтсээр хүлээнэм.


Жихүүн салхиар дайгдаж ирээд дур мэдэн илбэн таалах их чийг,
уйлагнах тэнгэрийн саарал хаяа,
шиврээ бороо орчлонг нилэнхүйд нь
хүлхэх чимээ сонсогдсоор л...



2009.10.25

29 April 2011

Модон буунаасаа салаагүй шахам бацаан байхад найзын маань аав үе үе 5-н давхарын тагтан дээрээ цээж нүцгэн баян хуур хөгжим дарж суудагсан. Нохойтой 4 танкчин, Баригдашгүй өшөө авагчаар өвчлөөд байсан мань мэтийн дэргэд амьд Арес /эртний Грекийн дайны бурхан/ болсон доль цохисон офицер шүү дээ. Найзын маань аав. Угаасаа манай байр АА-ийн засвар ангийн ахлагч офицеруудын байр. Тэр үеийн социалист ах дүү армиудын сүр хүчийг илэрхийлсэн алдарт эх орны дайны үеийн дуу хөгжим, кино бидний хүмүүжилтэй салшгүй холбоотой байсан болохоор хар багаас минь баянхуур /accordion/ хөгжмийн аялгуу зүрх сэтгэлийг минь татах болсон юм.

Миний дуртай аялгуу Манжуурын толгод. Энэ сонсголонт аялгууг дайны хөлд ядарч зүдэрсэн, туйлдаж ядарч эх орноо санагалзсан Оросын цагаан хааны офицер зохисон дуу юм гэнэ билээ.
Хожим 1991 онд Оросын нэрт кино найруулагч Никита Михайлковын “Уурга” киногоо бүтээхдээ энэхүү дууг санамсаргүйгээр оруулаагүй л болов уу. 1900 оны эхээр Манжуурын төлөөх Япон Оросын тулалдаанд бут ниргүүлсэн цагаан Оросын эзэн хааны Усан цэргийн флот, 1917-оны хувьсгалын дараа Манжуур луу дүрвэсэн цагаан хаандаа үнэнч Оросын сэхээтэнүүдийн цөхрөл гуниг, 1945 оны чөлөөлөх дайнд учир битүүлгээр амиа алдсан мянга мянган хал цэргүүдийн амь нас, тэдний уй гуниг нэвт шингэсэн энэхүү дуу өөрөө өөртөө агуу түүх агуулдаг болоод тэр биз. Нэг сонсоод үзээрэй...



17 April 2011



Маргааш гэж
Тасралтгүй үргэлжлэх тоон цуваан
шөнө л жинхэнэ “амьдрал” эхэлдэг.
Аниргүй нам гүн “бурхан”-тай ярилцах боломж
Амьдрал “байсан” гэдэг
ганцхан үгэнд л бүгд хамаарагдах
Маргааш гэж үгүй нэгэн урт тоон цуваа...

2010.09.15



Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь

24 March 2011





Хар нүдний шил зүүсэн
Тэнгэр
Яралзтал инээмсэглэх
Үдшээр...
Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй
/ хуучны / аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулах
Шаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй
Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад
Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаад
Тэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараад
Хар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад
Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж
Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.
Будаг шунхны үнэр, тамхины бохь холилдсон
энэ л хүүхнүүд биш шүү
бурхан минь
За яах вэ дээ...
Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...
Гудамжны хаа нэгтээгээс
Хачин хуучны дуу чихнээ сонсдоно
Хайран гутал шавхай туулчихлаа...

2007.11.03

Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь

06 March 2011

Модод навчсаа гөвчихөж…

Дахиад л хуримын цуваа хажуугаар өнгөрөх чинь

Хачин ихээр надад дурласан бүсгүй хүнийх болчихлоо

Намайг хүлээдэг бүсгүй нэгээр дутлаа…



Манай цонхны тавцан цасанд дарагдчихаж…

Дахиад л чимээгүй хот зүглэх гашуудлын цуваа

Эрх чөлөөт шүлгийг минь сонсох л байсан

хүн нэгээр дутлаа…



Миний дурлалт нүүдлийн шувууд ирчихэж…

Дахиад л тэнд хүүхдийн чарлах дуу хадах чинь

Гарцаагүй тэр миний л хүүхэд байгаа…

Зун болчихож…



2002 он 09. сар

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номоос 2003 номоос

27 January 2011

Танилцаад удаагүй ч
Чиний инээмсэглэл
Танил дотно санагдах
Чиний халуухан амьсгал
Чихний омгийг шүргэсээр дотор минь нэвчин
Тархины эд эс, ширхэг бүрийг онгичиж самууруулаад
Буй биеэр минь тархнам.
Чиний гар хурууны үзүүрт
Зүрх минь захирагдан дуулгавартайгаар цохилж
Бүх л биеэр минь цахилгаан гүйдэл урсаад
Над руу давалгаалан ирэх их урсгал
Ямх ямхаар тэмтчиж хүлхэн дур зоргоороо авирлаж
Хэн ч биш задгай салхинд чавхдас нь хүүгэх
ятга мэт болгож орхих
Чиний уруул миний зүрхний өнгөтэй ижилхэн
болоод л нэгэн цогц болон уусан
Намайг дотроос минь мэдэрч
Хөг оруулан эгшиглүүлэх
бурхан минь
Нэрээ хэлээч
Надаа...

2009.05.10-нд

Марзан эд байгаа юм шүү энэ...

04 January 2011

Чиний ширэв татаж одсон харц
Хаврын эхэн сарын гунигийг орхиж
Чамайг үнсэж, үдсэн уруул цээжин дэх хангалттай
тунирхалын үгээ тэсэн ядан барихдаа өмөлзссөн
Хачин зэврүүн
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

Савчин дайвалзах салхи нь
Чиний үнэрийг энгэрээс минь олоогүйдээ агсарч
Санасан сэтгэлийн хөндүүрээр минь тохуурхах
уйт хаврын зэвэргэн өдрүүдтэй
Хачин нууцлагдмал
Хачин хөндүүр сэтгэлийн минь
Гуравдугаар сар...

Гунигийн гучин зургаан цагтай хоног өдрүүдийг
элээж барахгүйдээ миний унагасан
Хачин шорвог нулимсанд минь
Хөөрхөн цэцэгсийн түрүүч хөх яргуй согтоод
мрагийн дуу дуулдаг
Чиний эзгүй
Чамайг санасан
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

2008.03.17 Улаанбаатар хот


Шинэ ондоо шинэ номоо хэвлүүлэх санаатай. Тун удахгүй.
Тэгээд энд тэнд дарагдаж мартагдсан хэд хэдэн тэмдэглэлийнхээ дэвтэрийг харж сууна.
Энэ шүлэг нилээн эртний дурлалыг маань санагдуулаад...