Pages

27 January 2010



МУСТА зураач Э.Цолмонбатын зураг

"АЛГА БОЛООЧ-ийн өдрийн тэмдэглэлийн хүүрнэл" туужийн хэсгээс

Хоромхон зуурын сэтгэл догдлол хийгээд бүтсэн бүтээгүй дурлал шохоорхол тэчъяадалууд амьдралын маань хичнээн хугацааг эзэлдэг болох, түүнээс бид хэр зэрэг таашаал хүртсэнээ яахан мэдэх билээ. Тэр болгоныг нарийн шинжлэх ухааны үндэслэл тоо баримттайгаар мэддэг хүн ч гэж байдаггүй байх. Гэхдээ надад энэ “ХАЙР ДУРЛАЛ” гэдэг сэтгэл зүйн ээдрээт тоглоом амьдралыг ойлгоход их чухал нөлөөтэй гэж боддог. Яагаад гэвэл сэтгэл зүйн нөлөөнд амархан автдаг над мэтийн хүмүүст илүүтэй хүндээр тусдаг, тэд ч үүндээ шаналан зовж, уйтгарлан гуниж сурчихсан байх. Ийм хүмүүсээс олон юм гарна. Тэр болгон нь гайхамшигтай. Миний хайрлаж дурласан бүсгүй тийм гэхийн тэмдэггүй тайлагдашгүй оньсого мэт бүсгүй бий. /анх надтай танилцахдаа л оньсого шиг байсан одоо ч тийм л хэвээрээ/ Дүрэлзсэн гал мэт шатаж явахдаа би түүний харцанд ховсдуулчихсан юм. Тэгээд түүдгийн гал мэт намайг бөхөж эхлэхэд хэн нэгнийг даган одсонсон. Яахаа ч мэдэхгүй алмайрч үлдээд энэ бүх учир нь олдохгүй аашийг хатуурхсан тоглоом тунирхал байгаасай гэж хэзээ ч итгэж байгаагүй бурханаас хүртэл залбиран гуйж мөргөсөн. Тэр ирээгүй. Бүүр сураг тасарсан. Магадгүй би буруу залбирсан аль эсвэл өөрийг нь үгүйсгэгчийн гуйлтанд БУРХАН туслаагүй. Би хэсэг хүлээсэн. Удаан биш ээ. Хэн нэгнийг хүлээхийг хүсдэггүйдээ би тэр гунигтай цаг хугацаатайгаа, өнөөх хагацал зовлонтойгоо зууралдалгүйгээр бүгдийг орхиод цааш амьдарсан. Алхам тутамд түүнтэй адилхан бүсгүйчүүд, өнгөрсөн дурсамжууд, яагаад гэх асуултууд надтай тулгарч байсан ч би бүгдийг мартахаас өөр зам надад байгаагүй...

Нэг л өдөр. Нэг тийм онцгой сонин тэмдэггүй, бороо цасгүй жирийн нэг өдөр бид санамсаргүй уулзалдсан. Хувь тавилан маань энэ, үгүй бол бидний явах зам нэг хэсэг холдоод л нийлэх жамтай юм байж гэж бодоод бид эргэн ханьсаж эхэлсэн. Хайр минь буцаад ирсэн. Яагаад, яалаа гэж, хаашаа, хэнтэй зэрэг асуултаар булаагүй, тэгэх ч хүсэл сонирхол, шаардлага надад байгаагүй ээ. Зүгээр л түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахыг, ойлгохыг хүссэн. Би түүнд хайртай. Тэр анх надаас явахдаа охин байсан. Буцаад ирэхдээ тэр аль хэзээний эмэгтэйчүүдийн эгнээнд эргэлт буцалтгүй орчихоод ирсэн. Би тэрэнд нь нэг их утга учир өгөөгүй. Хаашдаа л бүсгүй хүний тавилантай амьтан юм чинь эрт орой хэзээ нэгэн цагт эмэгтэйчүүдийн эгнээнд орох л байсан юм чинь... гагцхүү нүдрүү нь эгцэлж ширтэхээр зүрхний хэмнэл маань яагаад удааширдаг, сэтгэл нь юунд хөөрөн догдолдог, хэнийг хүсэмжилдэг, юу мөрөөддөг, гээд доторх хүнийг нь таньж мэдхийг хүссэн. Би түүнийгээ мэдмээр, мэдэрмээр санагдсан.

Ингээд л саяхан нэг шөнө. Ид нойрондоо унтаж байхад цээжийг нь мэс заслын хутгаар сэмээрхэн зүсэн ярж үзлээ. Би арван жилийн биологийн хичээл дээр зургийг нь үзсэн дотор эрхтэн зүрхний цохилтонд хэрхэн чичэрхийлэн хөдлөхийг л харах. Жижигхэн зүрхний нь тэмүүлэлийг олж харах хүсэл... Гэтэл миний хайртын цээж хов хоосон, харанхуй, хөндий байлаа. Яг мэргэжилийн хулгайч цөлмөчихсан мөнгөний авдар мэт. Гэнэтийн зүйлд цочирдсон би түүнийг сэрээчихгүйхэн шиг буцаагаад ум хумгүй оёж эхэлсэн. Чичэрхийлэн салганасан хуруу эмх цэгцгүй салганаж салганаж сая нэг юм дуусаад хамгийн сүүлд утсаа торгоогоод шүдээрээ таслахад тэр нойрон дундаа жаахан хөрвөөсөн. Миний сэтгэл хоосроод маш их цочирдсоноосоо болоод уйлж ч чадахгүйгээр “ХЯМРАЛД” орсон. Нүдээ ч аньж боломгүй санагдаад аньчихвал л нөгөө харанхуй цээж рүү уначих гээд байх шиг байсан. Зүрхний минь цохилт толгой руу минь цохилж хоёр гар минь салганан чичирч байхад намайг хэн нэгэн нь хүчтэй татаж сэрээсэн. Намайг сэрэхэд саяхан миний цээжин дотрыг нь үзчихсэн ХАЙР минь дээрээс тонгойж байсан. Түүний жижигхэн гар хичнээн хүйтэн болоод хэнэггүй нойрмог харц ямар уйтгартайг сая ойлгох шиг.
- Чи яагаад байнаа гэж хэнэггүйхэн асуугаад хариултыг минь ч сонсолгүй эргээд хэвтлээ. Нөгөө л хүйтэн хөндий байдлаараа.
Би саяхан оёсон оёдлоо үзэх гэж нойрмог түүнийг хүчлэн татан өөр лүүгээ эргүүлээд хоёр хөх, хүзүү, цээжийг нь удаан гэгч үнслээ. Тэнд оёсон оёдол маань урууланд маань мэдрэгдэхгүй байв. Хайртын минь амьсгал аажмаар давхцаад үснээс минь аажуухан атгахад зүрхээр минь аяархан хатгуулж эхэллээ...

Одоогоос 4 жилийн өмнө “АЛГА БОЛООЧ-ийн өдрийн тэмдэглэлийн хүүрнэл” хэмээх модерн тууж бичих гэж оролдож билээ. Яасан ч хурдан юм хүрч чадалгүй жаал нухаж амжихгүй байсаар байтал 4 жил өнгөрчихдөг байгаа. ”АЛГА БОЛООЧ” бол ор сураггүй алга болсон ШУА-ийн эрдмийн ажилтан математикч залуу болно. Түүний өдрийн тэмдэглэл эзнээ хэн болохыг мөрдөн байцаагчид л ярьж гарна даа. За энэ мэт хүүхдийн яриагаар юу хийх вэ. Нэг сайхан өдөр л ноорогуудаа бариад сууна даа гэж өөрийгөө хуурч суунам би.

2 comments:

Б.Баясгалан said...

энэ зохиолыг хурдан дуусахыг хүлээх ажилтай боллоо...

Arima said...

noorog delgegdjee //bas/huleeh.../


ta holboosoo solichihooroi http://bluemoon79.blogspot.com/