Pages

21 August 2010





Сарнай – III

Оройн болзоондоо би юу авч очихоо мэдэхгүй байна. Чихэр, жимс аль эсвэл чихмэл тоглоом. Арай л биш ээ. Миний дурласан бүсгүйд минь таалагдахгүй бол яах вэ? гэдэг л...

Би цэцэгнээс өөр зүйл авч очих ёстой. Тэрнээс өөр зүйл толгойд минь юу ч алга. Зүрх сэтгэл гэдэг юутай харалган, уяхан.

Миний зүрхийг уртааш нь хоёр хэсэг болгон тасар татасан дурлал одоогоос 5 жилийн өмнө тохиолдсон. Жинхэнэ хайр дурлал гэж тэр л байсан.

Бага байхдаа үзэж байсан нэгэн жүжигт гал улаан сарнайг хайртдаа өгөхийн төлөө хичнээн ихээр зовж шаналж байгаа залуугийн тухай гарсныг санаж байна.

Тэр шаналантай залуу шиг би дурласан. Тэрхүү ганцхан ширхэг гал улаан сарнай түүний ямар ихээр дурлаж хайрласны бэлэгдэл болох байсныг мөн хайр дурлал тийм их агуу зүйл байдгийг би ойлгосон. Хайр дурлалыг тэр жүжгээр төсөөлөн боддог болсон.

Тиймээс би ганцхан ширхэг цусан улаан сарнай авч очоод “ХАЙРТАЙ” гэдгээ хэлж үзсэн. Тэр цэцгийг минь авчихаад намайг авахыг хүсээгүй. Миний бодлоор цэцэгтэй минь хамт намайг тэвэрч авах юм гэж төсөөлсөн. Багадаа үзсэн жүжиг дээрх дурлалт залуу гүнжид дурлаад яаж шаналж байсныг тэгэхэд л сая ойлгох шиг болсон. Хэрэв миний дурлал жүжиг шиг биелэх байсан бол тэр намайг тэвэрч аваад үнсэх байсан.

Тэгэхэд тэр жүжиг анхнаасаа худал байсан. Амьдрал дээр ихэмсэг бардам гүнж эгэл залууд дурладаггүй юм гэдгийг би аль эрт ойлгох ёстой байж. Бас тэр улаан сарнай ч гэсэн хайр дурлалыг илэрхийлж чаддаггүй гэдгийг ойлгох ёстойгоо мэдсэн.

...Орой болзоондоо би цэцэгнээс өөр зүйл л авч очих ёстой.

Харин юу гэдэг л сонин байна.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он


2 comments:

A.Амарсайхан said...

Цэцэгнээс тэс өөр тэр нэгэн зүйлийг харах нүдтэй, сонсох чихтэй бүсгүй ховор доо

Sukhzorig said...

Xeleed yu gex be and mini. Ogt baixgui bolchixoogui bas baigaa gedegt itgeseer l yabnaa xu...