Pages

27 August 2010

Намайг яруу найрагт дурлаж зүрх сэтгэлээ өгөн цаас цоохорлодог болоход минь цөөн бус яруу найрагчдийн олон сайхан найраг, шүлэг нөлөөлсөн. Сэтгэл зүй болоод хүсэл мөрөөдөлд маань нөлөөлсөн эдгээр олон хүчин зүйлсийг нэг бүрчлэн тоочих арга үгүй билээ. Ямартаа ч ертөнцийн хоног өдөр элээх тусам эдгээр хүчин зүйлсийн тоо болоод надад нөлөөлөх хүчин чадлын үелзэл өсөн нэмэгдэх нигуртай аж. Энэ нэмэгдэх чанар бүхий томоохон шалтгаануудын нэг Б.Эрдэнэ-Солонго билээ. Түүний шүлэг ер бусын гайхамшигтай мэдрэмжээр цэнэглэгдсэн байдаг бөгөөд тэрхүү эгэл бус сэрэхүй нь эрээ цээргүйгээр сэтгэл зүрх, сэрэл мэдрэмжээр минь оролдон нааддаг бөлгөө.

За ингээд та цөөн хэдэн хоромыг зөнд нь орхиж, сэтгэлд тань дараах шүлгүүд юу гэж шивэгнэхийг нь сонсьё.


МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго нь Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. УБИС-ийг сэтгүүлч-утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн тэрээр 1995 оноос эхлэн хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 15 жил ажиллажээ. Яруу найргийн “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” шүлгийн түүврээ тус тус хэвлүүлсэн. Одоо “Долоон буудлын Мона Лиза” шүлгийн түүврээ хэвлэлд бэлдээд байна. Б.Эрдэнэсолонго нь “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгчээр ажилладаг.

Хайр хүртэл...

Жижиг жижиг сэтгэлүүдийг

Зүйж наахаар

Жинхэнэ юм шиг болно.

Хайр хүртэл

Ийм байж болно гэдгийг

Олж мэдээд

Хэн нэгэнд,

Учиргүй их уурсав.


Цаг хугацааны эрвээхэй-1

Цаг хугацааны эрвээхэй

Цамцан дээр суухад

Зун болов.

Өнөөх эрвээхэй

Өдөр өдрөөр өгссөөр

Толгой дээр суухад

Өвөл болов.

Өвөл татсан солонго шиг

Яасан хүйтэн,

Яасан хоосон,

Яасан сайхан харагдана

Цаг хугацаа.


Цаг хугацааны эрвээхэй-2

Би хүүхэд

Намайг хуурах гэсний хэрэггүй

Би хүүхэн

Надтай унтах гэсний хэрэггүй

Би эр хүн

Сайн ярилцаж болох л юм.

Нэг ирэхэд чинь би байхгүй байна.

Нэрийг минь тэнгэрээс уншаарай,

Цаг хугацаа.

* * *

Зараанууд,

Өчигдрийг сануулан

Ширээн дээгүүр гүйлдэхэд

Тэднийг дэрлэж унтсан

Тэвчээрээ гайхна...

Өчигдөртэй,

Нэг эцгийн хүүхдүүд шиг

Тэврэлдэн үнсэлцсэнээ бодохоос

Ой гутна, огиудас хүрнэ.

Зэвүүн,

Заваан зараанууд...



2 comments:

Б.Баясгалан said...

Sain yaruu nairagch shuu... shine nomnii ner eroosoo taalagdsangui. hehe... yamar neg sedel sanaa torson bolood l ingej nerlee biz dee... garahaar ni avnaa.

oldoshaksli said...

zasarshgui nyaruu nairagch daa. Tus tas tumpen shanaga.
tegeel guitsee.
Doloon buudliin mona liza
hotiin hunii l erh yum daa. ter ariun dagshin gazriin neriig ashiglana gedeg.