Pages

15 September 2010

Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь


Түргэний тэрэг шиг хажуугаар давхиад өнгөрсөн
Тэр нэгэн хаврын анхны бороо
Дөрөвдүгээр сард
чимээгүйхэн орсон
Тэмтрэгдэх хувьгүй зүрх
Гуниглах завгүй догдлоод л
Тэсгим өвлийн жавар шиг ганцаардал
Цээжнээс минь нисэн одоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь
хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Он жил гэдэг
Одоо бодоход зовхины минь
үрчлээс шиг тодхон зурайх мөртөө
Халамцуухан хөлсний тэргэнд
Орхичихсон өрөөсөн бээлий шиг
бүүр түүрхэн санагдана…
Хэлж амжаагүй торж хоцорсон үгсийг
цаг хугацаа билүүдээд
Хэнхдэг цээжнээ хөнгөн харуусал тэртээх
дөрөвдүгээр сар шиг бороошино
Цөхрөл зүхэл гэж үгүй зүрхэс
Янагийн мэгшилт мэт бороонд нялхамсаад л…
Дэргэдүүр ус цацан давхих он цагийн араас
Нойтон магнайгаа илбэн,
Саравчлах мэт хараад
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь
Дөрөвдүгээр сарын
чимээгүйхэн бороонд
Тэмтрэгдэх хувьгүй зүрх догдлоод л
Задгай мөнгө цардмал зам дээр унах шиг
Цээжинд жингэнэх чимээ гарч
Чамд л гэж зүрхний минь
хэмнэл анх удаа хөглөгдсөн
Хайраар хөглөгдсөн зүрхнийхээ догдлолыг мэдэхгүй
Хайхрамжгүй алхалсан он жилүүд минь


“Бүгд над шиг хийсвэр” номоос 2007 он

1 comments:

Unknown said...

ah mini blogt chin orj ireheer nud tselmeed shuleg amtlahad ch uramtai boljee