Pages

23 September 2010

Намайг гараас минь хөтөлж утга зохиолын хүрээнд оруулж ирсэн хүмүүс бол миний багш МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн БУЯНЗАЯА, Хайдавын ЧИЛААЖАВ нар юм. Ц.Буянзаяа багш маань Булган аймгийн Сайхан сумын хаяръяат цөс ихт хөвүүн бөлгөө. Цөс ихт багшийнхаа тухай дурдана гэдэг эхлэл төгсгөлгүй уртаас урт үлгэр хүүрнэх лугаа адил билээ. Тэртээ 8-р ангийн сурагч байхад минь дадлагын багшаар ирж байснаас хойш бидэн 2 салаагүй юм байна. Хожим Монголын зохиолчдын эвлэлд хамтдаа ажиллаж байсан түүхтэй. Одоо санахад он жилүүд биднийг амьдралд унаж, босох бүрийд хамтдаа байдаг багш шавь, ах дүүс болгожээ. Алдарт 90-ээд оных хэмээх тодотголд зүй ёсоор багтдаг Ц.Буянзаяа багшийн хүүрнэл зохиолын “Алтан мэлхий минь уучилаарай” номоос “Хэрээ” өгүүллэгийг нь танилцаж байна. Энэ миний багш

Ц.Буянзаяа : Хэрээ

1.
Цонхны цаана өвлийн мөчир дээр нойрмог хэрээ сууна. Тэр цаджээ. Түүнд улай үзэх хүсэл ер алга. Хааяа нэг овгосхийн хөдөлж сангас унагана. Хэрээний сангас шинэхэн мерседес бензний хамрыг нялгадна. Бензний эзэн өдөржин алга. Тэр хажуугийн зуушны газар шар айраг эргүүлж суугаа нь лавтай. Яагаад гэвэл манай байгууллагын жижигхэн дөрвөн давхар байшинд сайн машинтай нэг ч хүн байхгүй.


Зэргэлдээ байгууллага бол ахмадын холбооныхон. Тэдэнд сайн таяг, чамин бүрх малгай, янжуурын гоёмсог хавтага байхаас биш машин байхгүй. Машин байсан ч тэд унахгүй. Учир нь амьдралынхаа ихэнх жилүүдийг тэдгээр хүмүүс ядуу хүний дүрд тоглож өнгөрөөсөн юм. Тиймээс тэд дүрдээ бүр итгэчихсэн билээ. Мөнөөх янжуурын гоёмсог хавтага, чамин бүрх, далбагар улаан /коммунист/ зангиа бол тэдний хамгийн үнэтэй эд, имиджийг нэг зэрэг тогтоодог юм. Харин сүүлийн үед мань хашруудын дундаас үндэсний хөрөнгөтөн нэгийн зэрэг тодрох шахаад байгаа. Ахмадын холбооны ерөнхийлөгч хэмээгдэгч тэр эрхэм залуудаа их л ядуу явсан гэгдэх агаад коммунизмыг магтан дуулсан хэдэн шүлэг бичээд амьдралаа орвонгоор нь эргүүлэн нийгмийн дээд зиндаанд орсон гэдэг. Гэтэл өнгөрсөн жилээс коммунизмыг үзэн ядах өвчнөөр өвчлөөд мөн л нэрд гарч байгаа нэгэн. Гэхдээ зангиа, янжуурын хавтага, бүрх малгай гурав нь ч яг хэвээрээ л дээ. Далан насыг хол давсан тэрхүү өвгөжөөр эрийг нөхөд нь Ёл хад хэмээн хочилно. Харц тулахад ар нуруугаар могой гулсах мэт хүйтэн цогногор нүдтэй, дотоод сэтгэлийнх нь толь гэмээр тас хар царайтай, нохой амлаж, морин шүдэлсэн тэр өвгөн нэг л жихүүцмээр. Нэг удаа түүнтэй би үдшийн бүрийгээр гэнэт тааралдаад бараг л ухаан алдаж унасан юм. Тэгэхэд намар оройхон болчихсон, сүүлчийн навчис хөлөөр хөглөрч байсан цаг. Ажлаа тарчихаад зөөврийн тэргэнд суухаас татгалзан жаал жуул юм бодон алхаж явсан юм. Уншигч та мэдэж байгаа даа. Намрын дулаахан орой навчисын дундуур алхах ямар таатай байдаг билээ дээ. Би яг л тийм таатай мэдрэмжинд автан алхаж явсан юм. Тэгтэл миний урд хүнэн чинээ том хар хэрээ навсагнан дэвж байх юм. Эхэндээ ер итгэсэнгүй. Өөрийгөө зүүдэлж байна уу гэж бодон чимхэж үзлээ. Зүүд биш байна. Мөнөөх чинь яг хэрээ юм аа. Хоёр хөл дээрээ дэгэнцэн нисэх нь үү гэлтэй далавчаа дэлгэж байна. Нүд нь час улаан харагдана. Тэгсэн хэрнээ ам нь хүнийрхэрхүү, хамар нь яалт ч үгүй шувууны хошуу юм. Би айсандаа болоод урагшаа ч явж чаддаггүй, хойшоо ч ухарч зугтаж чаддаггүй, яг л байран дээрээ хөшиж орхив. Намайг долоо, найм орчим минут тийнхүү хөшингөтөж байхад мөнөөх том хэрээ маань аажмаар хувьсан өөрчлөгдсөөр хүний дүрд хувирав. Эхлээд хэрээний хоёр далавч гар болж дараа нь эх бие нь хүний биед хувилан, тэгээд хөл нь хувьсан сарвуу нь гутал болж, эцэст нь хошуу нь хамар боллоо. Харин нүднийх нь улаан арилдаггүй байсаар л байлаа. Хэрээ тийнхүү хүний дүрд хувилсаных нь дараа би бага зэрэг тайвширч түүний зүг хартал мань ахмадын холбооны ерөнхийлөгч хувцсаа гөвөн зогсож байх нь тэр. Гайхалтай нь түүний нүднийх нь улаан ерөөсөө өөрчлөгдөхгүйгээр барахгүй, намайг үзэн ядалтын харцаар ширвэж байв. Би өөрийн мэдэлгүй
<< - Сая та ямар аймаар харагдав аа. Би үхтэлээ айлаа>> хэмээн хэлж орхилоо. Хариуд нь тэрээр хамраараа:
<< - Хн>> гэж дуугараад өөр юу ч хэлсэнгүй. Үүнээс хойш ахмадын холбооны ерөнхийлөгч өвгөн надад нэг л дургүй болсон бөгөөд миний хувьд ч тэр өвгөнтэй аль болохоор тааралдахгүй байхыг хичээж авах болсон юм. Учир нь түүний улаан нүд надад мөнхийн айдас үлдээжээ. Би болсон явдлын тухай хоёр ч найздаа ярьсан юм. Тэд гайхшираад барахгүй ер нь тийм юм байна гэдэгт огтхон ч итгээгүй юм. Нэгэнт хүмүүс миний ярианд итгэхгүй гэдэг нь тодорхой учраас дахин би хэнд ч тэр тухай ам ангайхыг хүсэхээ больсон юм.

* * *
2.

Хэрээ мөчир дээрээ суусаар л байлаа. Тэр цатгалан агаад бас нэг л хачирхалтай аж. Ямар шувуу болохоороо хүмүүсийг ингэтлээ ажигладаг байна аа. Тэр хэрээ гудамжаар өнгөрөгч хүмүүсийг ирж яваа талаас нь угтуулан тосож хараад зогсохгүй ёстой гал шиг ар дагз руу нь цоргитол харж байх юм. Тэгэхэдээ бүр бүх хүмүүсийг шүү. Би хийж байгаа ажлаа орхичихоод нөгөө хэрээг оройжин ажиглаж суув. Хэрээ толгойгоо хойш тийш сэжин хүмүүсийг ажигласаар. Гэнэн цайлган хүмүүс толгой дээр нь хэрээ суучихаад өөрсдийг нь анхааралтай харж байгааг ерөөсөө мэдрэхгүй байлаа. Хэрээ хаа нэгхэн үл мэдэг тагнай ташна. Тэгснээ сангас унагана. Өнөөх мерседесний хамар ч яахаа алджээ. Үдшийн бүрий унахаас өмнөхөн мерседесний эзэн залуу, царайлаг бүсгүй дагуулан ирж машинаа унаад арилж одов. Түүнд хэрээний сангасыг ч харах сөхөө байсангүй. Миний тааж байснаар тэрээр шар айраг нэлээд хүртсэн бололтой хөл дээрээ үл ялиг гуйвж харагдана. Одоо түүнд хэрээний сангас сонин биш замын цагдаатай тааралдахгүйхэн шиг гэртээ харих л чухал байгаа нь ойлгомжтой. Харин мөнөөх хэрээ түүнийг нүд салгахгүй цоргин ширтэх агаад хөдөлгөөн бүрийг нь алдалгүй ажиглах аж. Төд удалгүй үдшийн бүрий нөмөрч эхлэхэд өнөөх хэрээ нэгэнтээ тагнай ташсанаа мерседестэй залуугийн явсан зүг рүү сүр, сархийн нислээ. Би сониуч зангаараа сэхээвчээ онгойлгон цээжээ цухуйлган араас нь хартал тэрээр гудамжаар алхагч хүмүүсийн дундуур шумбан орсноо явгалан гүйх мэт болоод алга болж өглөө.

2005. 01.17.

АЛТАН МЭЛХИЙ МИНЬУУЧЛААРАЙ
-Хүүрнэл зохиолын шинэ түүвэр-

0 comments: