Pages

20 October 2010


МЯГАА АХ МИНЬ, МУУ АХ МИНЬ

Анх бид /Хүрээ хөвгүүд/ утга зохиолын ертөнцийн бөмбөлөгөн биенд нэгдэхийг хүсэж явахдаа ”хэзээ ч хэн нэгнийг ах, аа, эгч, ээ гэж” хөл алдан хойно өмнө нь орж гүйхгүй шүү? Харин сонгосон багш нартаа үнэнчээр дуусна хэмээн бараг л тангараг өргөцгөөсөн билээ. Энэ тангарагандаа одоо ч бүгдээрээ үнэнч яваа бөгөөд энэ бие тоосон зарчимч байдал цөөнгүй хүний эгдүүг хүргэдгийг бид мэднэ. Ном заасан бүгдийг багш хэмээн хүндлэн үзэх ч миний л хувьд Очирбатын Дашбалбар хэмээх хүнийг бурханчлан үздэг бол Савка маань Огторгуйн цагаан гарьдаа, Г.Батнасан, Б.Бадрал, Д.Энхболдбаатар гурав маань Нямаагийн Төмөрхуяг, Чойжилсүрэнгийн Билигсайхан нарыгаа, Д.Дашмөнх маань аав Дашдорж, ах Готовын Нямаагаа, над шиг насан туршдаа эрхэмлэн санаж явдаг билээ. Гэхдээ хэзээ ч нөмөрт нь хоргодож, дэргэд нь овойхыг нэг их хүсдэггүй жаахан “пээдгэр” жаалууд байсан одоо ч хэвээрээ. За ялимгүй хадууралт энэ хүрээд зогсож. Хүрээ хөвгүүдийнхээ алтан дүрмээс ялимгүй гажиж нэг хүнийг АХ, АА гэж дуудах аргагүй хэрэг гарлаа. Манай утга зохиолын хүрээнд тэр хүн авир араншингаараа, авьяас билгээрээ ч бичсэн хэдэн шүлгээрээ ч ирээдүйд бичих хэдэн шүлгээрээ сонирхолтой содон ХҮН ЕРТӨНЦ. Нэрийг нь Монгол улсын хүн амын болоод иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, ном зохиолыни нүүрэн дээр албан ёсоор бол Бэсүд Ламжавын Мягмарсүрэн гэдэг юм. Дүү голдуу хүмүүс түүнийг ердөө Мягаа ах хэмээн дуудах. Үеийнхэн нь зүгээр шар Мягаа л гэх. Овоо хэдэн багштай / Нямбуугийн Нямдорж, Мишигийн Цэдэндорж, Бэгзийн Явуухулан / цовоо хэдэн хүүхэдтэй, урт шар үстэй, хурц ногоон нүдтэй, яруу найрагч. Яруу найраг-зан төрх гэж үзвэл түүний шүлгүүд өөр шиг нь араншинтай. Шударгадуу, илэн далангүй, этгээддүү зарим талаараа хайнгадуу. Аа тийм ялимгүй агсандуу. Жигтэйхэн ухаантай эхлэснээ дундуур нь баахан дэмий зүйлийг “төнхөж” эцэст нь сэтгэл сэрдхийтэл хэлж дуусдаг онцлогтой. Өөрөөр чухам яаж тодорхойлох боломжгүй мэт санагдах түүний шүлгүүд сүүлийн үед тив далай алгасч амьдарсан шиг нь их хол явж, хол сэтгэх болсонд нь би л дотроо талархан үзэх болсоор чамгүй оныг үджээ. “Урины шувуу” /1983/ нэртэй жижигхэн улаан түүврээс эхэлсэн түүний яруу найргийн зам өнөөдөр миний өмнө дэлгээтэй байгаа ”Хэлбэр үгүй” /2010/ хэмээх номыг хүртэл хөвөрч Монгол яруу найргийн орон зайд ийм хэдэн сүлжээ үүсгэжээ.

Энэ хараа цуцам эзгүй талд найрагч бүсгүйчүүдээр
хүрээлүүлсэн азтай эр мэдээж манай Мягаа ах л байж таараа...

Нэгдүгээрт:СЭТГЭЛИЙН СҮЛЖЭЭ. Магадгүй уран зохиолд хайртай хүн бүхэн түүнтэй гэгээн тунгалаг сэтгэлийн эрхээр сүлжигдсэн мэт санагдахаар тийм хэдэн шүлэг байна. Хоёрдугаарт: БОДЛЫН СҮЛЖЭЭ. Бодол санаагаараа бид урьд өмнө бүр хэдэн төрлийн өмнө бие биесээ таньдаг байсан гэж эрхгүй бодохоор тийм ойр дотно хэдэн шүлэг байна. Гуравдугаарт: АМЬДРАЛЫН СҮЛЖЭЭ. Амьдралын баяр бахдал, алдаа оноо,ухаарал, сэтгэл эмзэглэл бүхэн нь бид нэг амьдралаар амьдраад ч байгаа юм шиг эргэлзэн бодоход хүргэх тийм хэдэн шүлэг байна. Дөрөвдүгээрт: ОЮУН САНААНЫ СҮЛЖЭЭ. Нэг зүгт харсан хүмүүст зарим талаар оюун санааны ижилсэлт ажиглагддаг. Тэр ижилсэлт оюуны санааны нарийн сүлжээ үүсгэж, хаа тэртээ олон зуун бээрээр зааглагдсан ч дэргэд мэт бодогдох тийм хэдэн шүлэг бичжээ.

Нөгөө талаар шинэ номоо яруу найрагч “Хэлбэр үгүй” хэмээн нэрлэсэн нь ертөнц хэлбэр үгүйг, хүний амьдрал ч хэлбэр үгүйг, сэтгэл ч хэлбэр үгүйг, бодол санаа ч хэлбэр үгүйг багцлан илэрхийлэх гэсэн мэт. Үгүй бол гарцаагүй зүй тоглоороо бүгд ямар нэгэн ил хийгээд далд СҮЛЖЭЭНД холбогдсон болохыг олж харсанаа илэрхийлсэн шиг санагдана. Тиймээс би “Хэлбэр үгүй” номноос хэлбэр хайх оролдлогоо бүрэн мөсөн цэглэж, энэ хүн яагаад муу ХҮН болох тухай ноцтой хэдэн баримт дэлгэхээр эрс шийдсэн бол та нар яах юм бэ? Хүн өмнөө гаргах дургүй, бул чулуу мэт амьтас, Өвлийн ялаа мэт амь тээсэн, үхээнц муусайн амьтас, Шуналын тулам, Таачаалын хүүдий, Мунхагийн мундар, Нүглийн орон / “Хэлбэр үгүй “/2010/ номны хэдэн шүлгээс / Саяхан л мэргэн сэцэн үг олж ядаад мунхаглаж байснаа, яагаад гэнэт агсарч адраад унав хэмээн гайхав уу? Гайхах хэрэггүй муу АХЫНХАА сайн нөлөөнд ороод л тэр. Ер нь энэ муу бялдууч долдойч, өтөл юмнуудтай үзэлцэхэд яадаг юм бэ? Өөртөө хэрэгтэй бол долоох нь энүүхэнд болжээ, Өөртөө хэрэггүй бол өшиглөж хараах ч наагуур болжээ, Үзэл бодол ааш араншингаа худалдсан, Үхээрийн муусайн юмсыг харахад, Ямар чиг юманд учир журам буй, Нохойд яс хаяж өгөхөд ч учир буй, Цаг муудахаар сайныгаа муу нь дарж алмуй, Одоо ч хүний өөрийн луйварчин шулаачин их болжээ, Ухаантай хүн болгоомжтой аж төрдөг юм, Ухаангүй хүн бусдын хөлд үрэгддэг юм. /”Хэлбэр үгүй” /2010/ номын хэдэн шүлгээс / Аргагүй л муу хүний амнаас гарах сайн үгсээс ишлэж байна. Ийм үгийг одоо эрэлхэгээр хэлэх муу хүмүүс их ховордсон “сайн” цаг даа? Цагийн байдлаар хүний чанар муудаж, муу нь сайнаа дарлаж, Милорад Павичийн “амьдралд хөл толгойн байр солигдоход, тэнгэрт хөл дээрээ тогтох хэцүү” гэдэг шиг хөл толгой байраа сольж, хөнгөн нь хүндээ дийлэх болсонд МУУ АХ МИНЬ муухай их шаналж цөхөрсөн сэтгэлээр цөөнгүй шүлэг бичиж дээ?

Хүний амьдрал заримдаа хувь тавилангийн сүлжээ мэт санагдана. Тэгээд ч амьдрал олон зүйлтэй олон талаараа нягт сүлжигджээ. Амьдралын энэ нэхмэл даавуу шиг сүлжээсийг яруу найрагчид л нэг талаас нь хөвөрдөн хөөж утга учрыг нь олдог юм шиг бодогдоно. Үгүйсэн бол яруу найраг амьдралын гүн ухаан гэж үзэх үзэл эртнээс дэлгэрэхгүй байсан билээ. Харин ч ийм үзэл түгэн дэлгэрсэн нь түүнийг “үхэл бол амьдралыг чимж буй уран зургийн жааз юм” хэмээн гүн сэтгэхэд хүргэжээ. Түүнээс биш “талын гүнээс ургах наран, таана хүмүүлийн үнэртэй, далай дотураас мандах наран, давс шүүний үнэртэй” /Хэлбэр үгүй” 2010/ гэх нарийн мэдрэмжийн яруу найраг, яруу найраггүй хүмүүсийн санаачилсан олон “изм”-ийн дунд төөрөлдөн одоод “уул овоолсон том шороо, байшин шахмал дөрвөлжин шорооны цулуулга” гэж бичдэг мань мэтийн “модон” шүлэглэлүүд тэр орон зайд нь тэнгэрт гарах байсан биз. Азаар эсвэл аль нэг бурханы авралаар яруу найрагт байх ёстой юмс байр байрандаа байх юм даа? Байгаа ч учраас “ мододун навчис зүрх шиг минь хумбагар, зүрх минь мододун навчис шиг хумбагар... навчсын гунигийг би, нилбуснаасаа танимуй, нилбусныхаа гунигийг би, навчиснаас мэдэрмүй”/ ”Хэлбэр үгүй” 2010 / гэх гэгээн тунгалаг шүлэг түүний дотроос гэрэлтэн гэрэлтэн төрсөөр авай. Ийм л үедээ МУУ АХ МИНЬ сайн бурханы гэрлэн бөмбөлөгөн дотор сацарсаар суудаг гэдэгт хараагүй ч гэсэн итгэдэг минь дээр хальт хэлсэнчлэн оюун санааны сүлжээ бидэн хэдийг олон жилээр холбосоор буйг нотлосоор билээ. Анхлан л “Урины шувуу”/1983/-г уншиж суусан нусгай багын мэдрэмж минь хожим хундага дарсны хойно хэлэлцэж суусан дурсамж минь ах зах хүнд нальдаж гүйхгүй гэдэг андгай үгээ зөрчихөд хүргэсэн ч яруу найргийн төлөө үнэн халуун сэтгэлтэй зарим нэг хүнийг зад магтмаар санагдах минь нас нэмэгдэж яваагийн гор байхыг ч нуухгүй, би. Тэгээд ч хувьсгалаар төрөн гарсан ХУВЬСГАЛЧДЫГ бус хувьсгалыг төрүүлэн гаргасан хувьсгалчдын тухай бичих үгүй бол хувьсгалаар төрөн гарах хувьсгалчдын тухай бичих хүслийг минь яруу найрагчдад хамааруулж ойлговол ямар зохистой болохыг МУУ АХ МИНЬ муугүй гадарладаг болохоор өөр илүү тодотгол өнөөдөрдөө бидэнд алга даа? Нумарсан солонго борооны дараа арилахад ямархан гуниг төрдөг билээ. Түүн шиг “Хэлбэр үгүй” /2010/-г унших даруйд цаг хугацааны болоод мөнх бусийн гунигт Бодлын сүлжээ дотуур эргэнэ. Тэрхэн хооронд л ” цаг хугацаа шувуудын зэллэх зүгээс ирнэ, зэллэх зүг одно” /Хэлбэр үгүй 2010/ гэж ухаарсан атлаа “ муу дүүгээ бодохоор, сэдхил өмөрмуй” хэмээн өр зүрхнээсээ хүн ёсоор халаглахад МУУ АХЫН МИНЬ муухай нүүрэн дээр шорвогхон нулимс бөмбөрч асан нь давслаг үнэртэйгээ зүрхэнд мэдрэгдэнэ.

Хааяахан би түүнийг Англи хэл сурахынхаа даваан дээр Америкаас амжиж ирсэнд нь баярладаг юм. Хэрэв тэгээгүйсэн бол эх монгол хэлээр минь “Хас сар/2006/, “Алганы хээ” /2008/,”Хөх дарс”/2009/,”Хэлбэр үгүй”/2010/ шиг яруу найргийн түүврүүд лав гарахгүй байсан даа? Энэ түүврүүд бол гараагүй үндэсний утга зохиол маань үндсээрээ хохирохгүй юм аа гэхэд ямархан нэг зүйлээр яалт ч үгүй дутах байсан. Тэгээд ч энд тэнд хэд гурван жил суусан заримууд маань шинэ цагийн хэл ном хоёрт хэтэрхий цагааширсан царай гаргах гэж энд байсан харанхуй биднээсээ ч илүү тэнэглэхийг харах тоолондоо гэрээсээ гарч Нарантуул орчихоод ирсэн мэт уг янзаараа байсан нь МУУ АХЫГ МИНЬ муухай их чимж билээ.

Дашбалбар багш минь үгүй болоод даруй олон жил өнгөржээ. Мартаж санахын энэ хорвоод багшыг минь мартахгүй байгаа цөөхөн хүний нэг нь болохоор элэг зүрхэндээ би түүнийг их ойр санадаг юм. Нүүр зан хоёроо хувиргахыг үзэн яддаг яруу найрагчид хэзээний сэтгэлийн хоёр туйлд “ДЭВХЦЭЖ” байдаг. Энэ л араншин нь олон хүнийг зүрхэндээ дурсаж явахын шалтгаан болжээ. Харин барилддаг ноцолддог хүмүүст зориулж бичсэн баахан шүлгүүдийг таныг огт бичээгүй гэж өөрийгөө сайтар хуурья. Тэгэхгүй бол буруу зөрүү үг хэлэх ам хэл загатнаад гар хуруу сарвалзаад хэцүү байна.

Саяхан нэг хурал дээр удахгүй Япон явна гэхэд нь одоо Дорно дахиныг тохинуулах нь хэмээн дотроо бодож суулаа. Харин “Хэлбэр үгүй” /2010/ доторх ийм хэдэн шүлгийг уншаад одоо тэдний сэтгэл зүрхийг нэгжих нь дээ? хэмээн санагдсан билээ.

Навчсын тоогоор сэдхил минь тасарч

Намрын будан залгилан сэмэрмүй.

Бугын дуугаар зүрх минь бөмбөрч

Бусдын өмнөөс халаглан өмөрмүй.


Зээрийн янзага шиг өнчрөн тэнэж

Хээрийн боохой шиг улин шогшиж

Хүмүний хорвоогоос үнэнийг эрэн хатаж

Хөгшин залуу хэний боловч зүрхийг нэгжмүй, би /”Хэлбэр үгүй” 2010/

Энэ л шүлэгт би улам ихээр уярч, эрлээс аавыгаа ирэхэд цовхчин баярлах хүүхэд мэт сэтгэл минь “цовхчиж”, яруу найргийн сэтгэл зүрхэнд үхтлээ дурлах зориг оволзож, сэрлийн утас тархинд чичигнэж, сэрүүн намрын тэнгэр дор ширээгээ түшин мэлмэрч хонов шүү? Өөрийнх нь шүлэгт бичсэнчлин өнчин янзага мэт царай гаргавч өлөн чоно мэт далд хийморьтой, хүний энэ хорвоогоос “үнэн”-ийг үхэн хатан хайгч, хэний хамаагүй зүрхийг дураар нэгжигч, эрх чөлөөт сул ард,урт дурын МУУ АХ минь урт шар үсээ хийсгэн, хурц ногоон нүдээрээ хүний хорвоогийн сүлжээ бүхнийг тэмтэрч сайн муу шүлгүүдээ бичсээр яваа нь сайхан даа?

АЙ ДАА, МЯГАА АХ МИНЬ,МУУ АХ МИНЬ ДЭЭ?

Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг

Дэлхийн зүрх сэтгэлийн өдөрт зүрхээ хөглөн бичив, ээ

2010-10-08

0 comments: