Pages

05 January 2010

.
.
.
.
.
Сайхан мэдээ.
Яруу найрагч Д.Мөнхтөр ах “Хамаг залуу нас” хэмээх яруу найргийн гурав дахь түүврээ хэвлүүлсэн гэнэ. Зүс зүсээ үзэж танилцаагүй ч бүтээлээр нь түүнтэй эчнээ танил болж явсан үе маань саяхан санагдана.
1996 - 1998 он. Мөхөс шүлэг бичхийг санаархагч бацаан Kurt Cobain–аар өвчилчихсөн байсан үе. Болоогүй бас Монгол Улсын ШУ-ны Академийн ажилтан тооны багш Ч.Мөнхболд, Ч.Гантөмөр нартай шадарлаж явсан маань аз завшаан гэхээсээ илүү хувь тохиол гэлтэй. Ганц хоёр лонх шар айрагны ард хөврөх нийтлэг яриануудаас тэс өөр эмх цэгцгүй яриа тэднээс хөвөрдөгсөн.
- Мерлин Монрогийн мэнгэний тухай болоод Огторгуйн гялгар гөлгөрийн онол, Омар Хаямын дөрвөн мөртүүд хийгээд түүний математик бодлогууд, магадлалын онол хийгээд хачин гоё нүдтэй бүсгүйн тухай тэгснээ гэнэт уртаар санаа алдалт Ж.Болд-Эрдэнийн

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно


Аль эсвэл Д.Мөнхтөр найрагч ахын

“Хаврын шөнө” вальс
“Хаврын шөнө” вальс
Хатингар гар ширээ товшиж
Хаа нэгтээ рүү галт тэрэг хурдална
Хачин нууцлаг аминч яриа эхэлнэ...
Хүүхдийнх шиг, эрүүл бусаар нүд нь гялалзавч
Хүчирхэн ариун залуу насаа дурсацгаавч
Хайртай гэх үг тэндээс үл сонсдоно
Хацар уруул энд утга үл агуулна
Халуун залуу насны зүг зовонгуйхан ширтэнэ
Хагацах мэт шүүрс алдацгаана...
Хатингар гарт харин, энэ бүхэн хамаагүй
Утгагүй
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно...
Халмаг хөгшдийн залуу нас
Халуун залуу найрагчийн
Өтөл насыг өрөвдөнө, хайрт минь
“Хайран залуу нас минь
Хаашаа чи однов” хэмээн
Халмаг хөгшдийн өтөл нас
Хайрын дуу зохионо
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно оо...
Харин мөнөөх, омогт хатингар гар л
“Хаврын шөнө вальс”
“Хаврын шөнө вальс”... хэмээн
Ханз ширээ товшсоор одох нь сонсдоном...


Яруу найрагт дурлах яруу найргийн өөр нэгэн хөг аялгууг эрэн бэдэрсэн нэгэн бацааны хувь маш том ертөнц байлаа. .....дэндүү яруухан он жилүүд хөвөржээ. Алдарт 90-ээд оны уран бүтээлчдийн нэг Д.Мөнхтөр ахтай зүс зүсээ харан танилцсан минь саяхан. Их эртний танилуудын уулзалт мэт болж билээ .
Өөрийнхөө уран бүтээлээсээ гадна Туркын утга зохиолын орчуулга хийж байгаа МУИС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимийн багш яруу найрагч Д.Мөнхтөр /PhD/ ахын “Хамаг залуу нас” ном нь 2010 оны “Алтан Өд” оны шилдэг уран бүтээл шалгаруулах эхний даваанд үлдэж гэнэ.
Сайхан мэдээ.
Амжилт хүсье ахдаа...
2010.01.05

1 comments:

oldoshaksli said...

Сайхан ном. Үнэхээр сайхан ном.

Энэ намар Сэмбэ ах их сургууль дээр таараад энэ хүнтэй оруулж танилцуулсан юм.

Хикметийн орчуулга нь гоё болсон шүү.

Сэлбийн гүүрэн дээр гал асуухад, эсвэл түрэг охины тухай шүлэг нь.

Таалагдсан.