Pages

14 August 2010




Сарнай – II

Миний цонхон дээрх хатсан сарнай аль эрт ихэмсэг бардам төрхөө гээсэн. Дэлбээ нь омголтсон уруул адил. Надад энэ нь илүү таалагддаг юм. Энэ хатсан дэлбээг сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг ажиглаж суух таатай. Би яг энэ сарнайн өнгөтэй адил улаан хөшигтэй тайзан дээр хайрын шүлэг уншиж байснаа санаж байна.
Танхим нам гүм байсан. Зүрх минь дурлалдаа халуурчихаад ёолон тарчилж гүйцсэн болоод ч тэр үү би өөрийгөө энэ тайзны нэгээхэн хэсгээр төсөөлсөн.
Тэгтэл хатсан сарнай мэт дүнсгэр хүйтэн өнгөтэй танхим хайр адил хов хоосноор өөдөөс гөлөрч байсан.
Дэндүү хүйтэн, хэрцгий.
Миний сэтгэл тайз шиг уужим, хүсэн тачаадсан, бас бурханлиг.
Гэсэн хэдий ч хайрын шүлэг хоосон танхимаар нэг тарж, зэвхий хүйтэн чулуун хананд ойгоод чихэнд минь цуурай адил сонсогдлоо.
Гүйцээ... ингээд боллоо... бүх зүйлийг шинээр эхлэе.
Хайр улаан өнгөтэй биш юм байна.
Залхаж байна. Хатсан сарнайг хогийн саванд хийчихээд цэцгийн дэлгүүрээс зуун наст аваад харц суух минь.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он

1 comments:

Anonymous said...

And ni ohintoigoo tsug unshlaa, udahgui ochinoo naiz deeree, shn baijdee SEEGII