Pages

29 December 2009


.
.
.
.
Оргилуун дарсны хөөс
Шилэн хундаганы амсар даван халихад
Хаалга гаднаас өшигчсөөр
Халамцуухан улаа бутарсан
2010 он орж ирлээ
Хачин түгшүүртэй мөчийг далимдуулж
Хаа нэгтээ 2009 он зугтан одлоо
Оргилуун дарс хундаганд мэлтэлзэх үдэш...

24 December 2009


.
.
.
.
Зүрх минь зүгээр л нэг CD
Гол төлөв бүтэлгүй хайрын дурсамжуудыг хуулсан
Элдэв чамин өнгөлөг зураг үгүй
Эгэл даруухан
Зурагдсан CD
Эзэн нь эмх цэгц муутайдаа
Хүний юм шиг хэрэглэчихсэн
Ашиглагдахаасаа нэгэнт өнгөрсөн
хуучины эвдэрхий CD
Цээжинд минь зогсчилгүй эргэсээр буй
Банзан гитарын хэмнэл бүхий
Их эртний CD
Зүрх минь зүгээр л нэг CD


“Бэх нь хатаагүй байгаа шүү...”

13 December 2009


МИНИЙ НАЙЗ

Би НЭГ найзтай
Найз минь ХОЁР ааштай
Бид хоёр хамтдаа хатуу дарсаар хоолойгоо чийглээд
Охидын тухай хичээнгүйлэн хүүрнэх дуртай
Хэзээ нэгтээ охид бидний тухай ярих болов уу гэж горьдоцгоодог
Хаа нэгтээ биднийг хайсан охид бий гэдэгт итгэдэг.
Миний нэг найз хоёр ааштай
Өвгөд шиг хоёулаа хуучлах дуртай
Охидын тухай ярилцаад
Хундага дарс тулгаж суудаг
Хамтдаа хоёулаа суухад
ГУРАВ-уулаа мэд олон авиртай
Хэнд ч хэлдэггүй нууцаа аван гэрийнхээ зүг одоход нь
Хэзээ нэгтээ нууцаа надад хэлнэ гэж итгэсээр үлддэг.


“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос


Хүрэмний халааснаас гарч ирсэн монголчуудтай хамтарч ажилладаг хэмээн өөрийгөө танилцуулсан Солонгос авгайн нэрийн хуудас сэтгэл сэмхэн маажина. Сөүл хотын төв хавьд орших албан конторт нь танилаа дагаж орсон санамсаргүй уулзалт. Ханандаа ур муутайхан урласан хоёр монгол зураг, ширээ дүүрэн хураалгатай анкетууд. Хамгийн дээр байрлах анкетыг зурвас ажихнээ 9х12 см зураг бүхий Ганбаатарын Золзаяа 1987.хх.хх – нд Улаанбаатар хотод төрсөн гээд цааш нь үргэлжлэх аж. Манай төрийн албан хаагчийн анкетыг санагдуулахуйц зузаан эд байх. Учирыг нь лавлавал Солонгос иргэдтэй манай охидыг зуучилж гэр бүл болгодог байгууллагын эзэн гэнэ дээ. Мөн мундагаа.
- ИНГЭХЭД
Бид ирээдүй хойч үеэ хэрхэн хүмүүжүүлсэнээ эндээс л харахад ойлгомжтой. Ноён эрхэм эрхтэн дархтангууд минь та бүгдэд баяр хүргэе. Та бүгдийн онилсон сум байндаа тусжээ. Миний мэдэхийн сүүлийн 10 гаран жил Монголын бүх л телевиз театруудын тайз дэлгэцнээс хальж сагах Солонгос Хятадын “САВАНГИЙН ХӨӨСНҮҮД” ард түмний маань тархийг сайн “УГААЖ” чаджээ. Аливаа ард түмний тусгаар тогтнол, туурга тусгаар улс орон гэдгийг тухайн үндэстэний хэл, бичгийн соёл уг ард түмнийх нь зан заншил ёс суртахуун соёл урлаг илэрхийлдэг гэж ярьдаггүй биш билүү. Бид өөрсдийн гэсэн соёл урлаггүйдээ бус бэлэнчлэх сэтгэлгээндээ болоод бусдын соёлын довтолгоог гар даллан дуудаж байгаа бус уу?
2 сая хүн амтай манай улсад ахадсан олон арилжааны телевизүүд нь программынхаа цагаа нөхөхөд энэ хэдэн бэлэн савангийн хөөснүүд хэрэг болдог байх л даа. Тийм үү?
Тиймдээ ч солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсэгч охид нь “хар багаасаа солонгос хүнтэй гэрлэхийг хүсдэг” байснаа хүүрнэж суух тэгсэн хэрнээ монгол залуусаа үгүйсгэх нь телевизтэй хамааралтай юу үгүй юу? /интернетийн захын блог-уудаар нэг тавигдсан байгаа Солонгостой гэрлэхийг хүсэгч нөхдийн элдэв бичлэг бий/ Ямартаа ч Монголчуудын тархийг гайхамшигтай сайн Format-лажээ.
- ИНГЭХЭД
Эрхэм Золоо тэргүүтэй охид минь ээ.
Үлгэр анхнаасаа л худлаа эхлэдэг шүү дээ. Сэтгэл гонсойж архи баахан ууж унахад чинь нуруундаа үүрч хүргэж өгөөд л, УББА гээд дуудахад чинь задгай дээвэртэй цагаан Бенз хөлөглөсөн ханхүү чамруу тоос татуулан давхиж очоод бэлзэг бэлэглээд л гэрлэх саналаа өгөн сөгдөн гуйгаад л, өвдлөө гэхэд чинь нулимс дуслуулан гараас чинь атгаад л, тэгээд таньтай нүүр тулсан үхэлтэй хамтдаа тэмцэж эцэст нь үхэлтэй наймаалцаад л, амиа хүртэл таны төлөө золиод л... Ийм хайр үлгэрт л гардаг тийм үү? Таны хүсээд хайгаад байгаа хайр Мөн үү? Тэгээд... Амьдралын элдэв “АСУУЛТЫН ТЭМДЭГ” –ийг амиа хорлож шийддэгээрээ Япон Солонгос манлайлдаг юм билээ. Нөгөө гоё Солонгос охид нь хаачсан бол гэж бодож үзсэн үү? Залуучууд нь бол манай Монголчуудыг тоохгүй ээ. Үнэн шүү. Ядаж эд чинь нүүрээ будахдаа гаргууд улс. Манайхан шиг хүзүү нүүр 2 өөр арьсны өнгөтэй юм шиг буддаггүй юм билээ. Гадаадынханд хандах хандлага нь манайхан шиг биш шүү. Чи Америкийн иргэн л биш бол хүн биш энд. Таныг 45-с дээш насны нутгийн хүүхнүүд нь суух нь байтугай нүүр ч өгөхөөргүй өвөө нар хүлээж суугаа. Зүгээр ч үгүй та нарын чармай нүцгэн баруун зүүнээс чинь дээрээс доороос чинь авсан видео бичлэгийг хооронд нь харьцуулаад сууж байгаа.
- ИНГЭХЭД
Монгол Улсын эдийн засаг хөгжил дэвшил муу байгаа гэнэ. Бүгд л мэддэг сэдэв. Хангалттай ч сонслоо. Залхаж байна үнэндээ. Монгол улсын хүн ам 2,6 сая. Манайх шиг цөөн хүн амтай ядуу буурай хөгжиж буй буурай орон /газрын арвин баялагтай дэд бүтэц муу хөгжсөн асар уудам газар нутаг бүхий/ ид ажиллах хүний нөөцөө ингэж их тоогоор гадагшаа гаргадаг улс олон улсын практик дээр байна уу.
Хэвлэл мэдээллийн бүх л хэрэгсэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу санхүүгийн хувьд хүнд байдалд байгаагаа РЕКЛАМДАН зарлаж ард түмнийхээ тархийг угааж байгаа бус уу. Дэлхийд гайхагдах байгалийн баялагыг цөөн хэдэн увайгүй луйварчид хувааж идэх гэхдээ
- Тэмцэн эсэргүүцэх, танин мэдэж, ухааран ойлгох, хориглон босох, хийж бүтээх эрч хүч бүхий идэр залуучуудаа гадагш нь явуулж
- Бензин, цахилгаан, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний багцийн үнийг огцом өсгөж, инфляцийг хөөргөж
- Хэтэрхий олон шат дамжлага бүхий төрийн элдэв зөвшөөрөл эрхийн бичгээр сэхээ авах сөхөлгүй дарамтлан нүдсээр дампуурах жижиг дунд үйлдвэрүүд
- Хачин нууцлагдмал сонирхолтой өмч хувьчлалаар харь эздийн гарт очсон үндэсний үйлдвэрүүд, банкууд
- Монгол улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч Эрдэнэтээс хувь илүү нөөцтэй гэгдэх ордуудаас хувь хүртэх гэж санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн шунал
Туйлдаж буй хөгшид хүүхдийн тархийг телевизийн суваг бүрээрээ цацах хар мэдээлэл, нэгэн хэвийн хэлбэрдсэн олон ангит киногоороо угааж байна.
Энэ талаар санаа зовнидог мянга мянган залуучууд байгаа гэдгийг мартаж болохгүй шүү.
Эцэг өвгөдөөс минь өвлүүлж үлдээсэн Монгол улс монгол төр “ИДСЭН ХООЛНЫХОО МӨНГИЙГ ТӨЛДӨГГҮЙ РЕСТОРАН БИШ” гэдгийг тэр хэсэг бүлэг нөхөд мэдэж аваасай билээ.
Энэ бол Монголын төлөө цохилдог мянга мянган зүрхний нэгний нь гуниглал.

06 December 2009


.
.
.
.
Өвлийн жавар
Эсгэлэн уруулыг минь хайрахад
Чамайг дурсдаг...
Амталж өнгөрөөсөн
Жаргал зовлон болж
Цээж хөндүүрлүүлдэг...
Хүйтэн жавар шиг
Чамд дурлаж явснаа
Одоо гайхдаг...
Саарал малгайг минь
Цас дархад инээд хүрч
Сэтгэлдээ чамайг үзэн ядахдаа
Хүйтэнд би дурладаг.

29 November 2009


.
.
.
.
САРХАД СӨГНӨСӨН ҮДЭШ

Сарны ёолох чимээ
Дэрэн дээр унана
Яасан өрөвдөлтэй...
Шаналан ёолох хурмастын
Хөндүүрийг
Шүлэг болгох хувь дутлаа...
Сархадын хангинах
Инээдэнд хууртаад
Сэтгэл гэдэг
Цаасан шувуу шиг нисчихлээ.
Сархад сөгнөсөн үдэш...


“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

19 November 2009


Энэ зураг миний РС дээр минь хадгалагдсан зурагнууд дунд дурсгалтай хүндэтгэлтэй байр суурь эзэлдэг юм. Эрх чөлөө – Миний сүүдэр шүлгийн түүвэрт минь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд маань “Хурд” хамтлагын Отгонбаяр ах ая хийж “Яг чам шиг” дуу хийснээс гадна залуу зураач бүсгүй Д.Үүрийнтуяа ийм нэгэн зураг зурсан билээ. 2004 он санагдаж байна.


НАМРЫН ШУВУУД

Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...


"ХУРД" хамтлагын Отгонбаяр ахын ая хийж дуу болсон нь:

01 November 2009


Нар өдөржин уугаад үдэш тасарч унахад
Сар шөнөжин гомдолж бөөн оддоор уйлдаг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

.
.
.
.
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараа алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг...
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгачдаг...
Намайг нэрээр минь дуудаж айлгүйтдэг...
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Модод над шиг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

Тэртээ олон жилийн өмнө мэт санагдах миний анхны ном “Эрх чөлөө – Миний сүүдэр” шүлгийн түүвэр минь дахин хэвлэгдлээ. Одоогоос 6 жилийн өмнө хэвлэгдэж 2003 оны оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан Өд-2004” ёслолын ажиллагааны яруу найргийн шилдэг бүтээлд нэр дэвшиж явсан, БНСУ-ын “World literature” сэтгүүлийн 2004 оны өвлийн дугаарт “Шар айрагны газар” шүлэг нь орчуулагдан хэвлэгдсэн, ОХУ-ын Санкт-петербургын Их сургуулийн Монгол судлалын сургуулийн оюутан төрөлх орос хэлнээ орчуулан судалгааны ажил хийсэн мөн эзэндээ Монголын зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг авч ирсэн уг ном маань надад ирлээ. Тун удахгүй төрөлх эх нутагтаа удаах “Бүгд над шиг хийсвэр”яруу найргийн түүвэр маань дахин хэвлэгдэж худалдаанд гаргах болно.

24 October 2009


.
.
.
.
Хуйлсан он цагийг
Хөндлөн гулд алхаж
Дэлгэнэм
Би

Тэртээ алсад
Ганц морьтой хүн давхих шиг
Тийм алсхан хайр
Зүрхнээ хоногшино

Дэлгэсэн он цагийн минь
Хойх нь
Тэнгэрийн хаяанаа
Ганц шувуу дүүлэн нисэх мэт
Яруухан залуу нас минь үлдэнэм

Хуйларсан он цагийн
Эрчлээсийг тайлах гэж л
Хөндлөн гулд амьдарнам
Би

10 October 2009


.
.
.

Өвсний судасны цохилтыг мэдэрнэм...

Чимээгүй амь тавих хатсан өвсний
Туниа муутай бэлхүүсээр тэвэрч
Уй гунигаас нь хуваалцахад
Чихэнд бурхадын шивнээ сонсдоод
Цээжинд бүүвэйн дуу эгшиглэдэг
Өвснүүдийн гунигийг хуваалцахад
Омголтсон уруул минь ягааран чийг дааж
Орчлонгоор нэг ер бусын анхилуун ялдам үнэр түгээд
Бие минь хатсан навч адил салхинд хийснэм
Хуруу үзүүрт айсан өвсний судасны цохилт мэдрэгднэм...

04 October 2009




Манай монголын хэвлэл мэдээлэлээр хэдийн цацагдсан байж болох нэгэн зүйлийн тухай энд дурдъя.
Дэлхийн 150 орон мэдүүлгээ өгсөнөөс 54 орны уран бүтээлчид оролцох болсон дэлхийн соёл урлагийн олимп хэмээн нэрлэгдэн 3-дахь удаагаа зохион байгуулагдаж буй DELPHIC наадамд яруу найргийн төрлөөр Монголын зуу зуун зохиолч, яруу найрагчидаа төлөөлж миний бие оролцох эрхтэй болсон юм.
Гахайн томуу, шувууны ханиад зэрэг өвчнүүдээс шалтгаалж олон орон оролцож амжилгүй өнжсөн гэх энэ наадмын яруу найргийн төрөлд арван гаруй орны уран бүтээлчид англи хэлнээ орчуулагдсан өөрсдийн 2 шүлгээ зохион байгуулах комисст нь наадам эхлэхээс 1 сарын өмнө өгсөнөөр яруу найргийн наадам эхэлсэн гэж хэлж болно.
2009.09.11-нд Чэжүгийн үндэсний түүхийн музейн хурлын зааланд болсон яруу найргийн наадам нь 13 орны 29 яруу найрагч тус бүрт оногдсон 10 минутын хугацаанд өөрсдийнхөө шүлгийг уншиж, дуулж, жүжиглэсэнээр эхлэв.
Анхнаасаа 10 минутандаа багтааж 2 шүлгээ дараалан уншихдаа ардаа ямар хөгжимийн зэвсэгээр хэн гэгч хөгжимчин хэнбугайн ямархан юу гэдэг аялгууг тоглох вэ гэдгээ нарийн мэдэгдсэн байх ёстой заалт нь нэг бодлын хүнд даалгавар байлаа.
Яруу найргийн уралдаан наадамыг нөгөөх л алдарт “Болор цом”-оороо төсөөлж байсан миний хувьд цочирдохоосоо илүүтэйгээр бас яруу найргийг илэрхийлж болох, эс болох мэдрэмжүүдийн дунд бодол хэсэг төөрөлдөв.
Нөгөө л нэг манай монголын утга зохиолын хүрээнд явагддаг реалист, модернистуудаараа талцах нь өөрөө дэлхий нийтийн утга зохиолын өвчин бололтой.
Гуулин улсын 6 яруу найрагчийн 4 нь модерн талруугаа хэтэрхий хэлбийж тайзан дээр богино хэмжээний драм тавих, Африкийн орнуудын бөмбөрийн аялгуу дээрх хүн төрөлхтөнд хандан халаглах дуу мэт шүлгүүд, танка, хайкугаа үл гээх наран улсын 5 найрагч тэргүүтэй найрагчдын бүтээлүүдээс нэгэн зүйл ажиглагдсан нь урлаг өөрөө “нийлмэл” шинж чанартай болох хэрээрээ өөрөө төөрөлдчихөөд байгаа юм биш үү гэдэг ойлголт байлаа.
Тиймээ өндөр юмруу авирч гарчихаад буцаад буух учраа олохгүй байгаа хүүхэд шиг л...
50 сая орчим хүн амтай Солонгосын яруу найрагчдын ном манай монголын дундаж яруу найрагчдын нэгэн адил 500-хан хувь хэвлэгддэг гэх нь утга зохиол яруу найраг нь уналтанд орж байгааг хэлээд өгнө.
Хөгжил дэвшилийнхээ хурдтай хөл нийлүүлэн урагш алхаж одсон уншигчидаа урин дуудах гэсэн арга нь энэ наадам ч байж болох. Ямартаа ч анх удаагаа олон улсын яруу найргийн уралдаанд орсон миний бие нэгэн цагт манай их хаадын төмөр морин сүргийн туурайн тахлаж байсан Чэжү аралд догдолсон сэтгэлийг тайтгаруулах монгол аялгуу тоглох ҮАДБЧ-н хөөмийн “Хөсөгтөн” хамтлагынхаа аялгуун дор Монголын яруу найргийн нэгээхэн өнгө аясыг амжилттай сонордуулан ирэв.

Уралдааны дүн
Алтан медаль – Ким Ил Юнг - БНСУ
Мөнгөн медаль - МБали Вилакази - Өмнөд Африкийн БНУ
Хүрэл медаль – Жин Кинг Лонг - Хятад
Лаврель Авардс – Таде Ипадеола - Нигера
Лура Авардс – Гончигийн Сүхзориг - Монгол

03 October 2009


.
.
.

Өмсөлгүй удсан хуучин хувцаснуудынхаа дундаас
Өнө мөнхийн “цаг хугацааг” олов
Үргэлжийн яаруу амьдралын нугачаанд
Үрэгдэж хорогдсон хүсэл мөрөөдлийн минь гэрч
Үрчийж хорчийсон “цаг хугацааг”
халуун алгаараа хэдэнтээ илээд
Хоёр нугалаад энгэрийнхээ халаасанд хийлээ
Өмсөлгүй удсан хуучин хувцаснууд дундаас...
.
.
.

Миний...

Чи миний бал бурам
Час хийсэн улаалзгана
Мооль хархан нүдэт
Жимсэн уруулт
Амтат жүрж минь
Чи минь миний АМЬДРАЛ
Чихэрлэг бас давсархаг...
Халуун хүйтэн зууш дагалдах
Цэсийг нь өөрөө зохиож болох
АМЬДРАЛ...
Чи минь миний
Час улаан лооль
Усан үзэм
Улаахан гүзээлзгэнэ
Өргөст хэмх
Амтат гуа
Амьдралын турш амталж болох
АМТТАН минь...

30 August 2009

.
.
.

БИ ЧАМД ХАЙРТАЙ
Чамайг хайрлахад
...Би гунигтай
.
.
.


Хүний хүүхдүүдийг хар даа
Хүн шиг амьдарч байна
Тэгэхэд чи...
- Үнэн ээжээ таны зөв
Тэдний ч зөв
Та сахиусан тэнгэрийн ээж гэдгээ мартсан гэж үү
Тэнгэрийн амьдрал газрынхтай адилгүй
Тэр дээр хүүгийнх нь амьдрал буй
Та нүдний минь харцыг мартлаа гэж үү...

“Бэх нь хатаж амжаагүй эд дээ...”

20 August 2009

Төрөхийн өмнөх өрөө

Хотын нэгэн төрх эмнэлэг.

Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.

Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж. Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.

Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.

Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./

Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ. Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо. Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар. Хэвлий дээр дарах даралт.

Бурхан минь… Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно. /Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./

Бурхан минь… Охин л битгий төрөөсэй. Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ. Хүүтэй л болгож хайрла бурхан минь… Бурхан гэснээс…

Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа… Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр ламын хүү анхны минь эр хүн байсан./

Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../

Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчиснууд шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байга. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа. Би чамд хайртай. /Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./

Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна? Танил эмчтэй ч байсан болоосой. Тэр жил…Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ? Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ. /

Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь… /

Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан. Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм бэ дээ. Ээж минь... Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ. Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна. Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ. Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг. Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой... Хэвлий дээр дарах даралт.

- ЭЭЖЭЭ........Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.- Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?

Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ. МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү. МИНИЙ ОХИН... Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй. Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…

Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН. Энэ үгийг ямар их хүссэн юм бэ? Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.

/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /

… Хотын нэгэн төрх эмнэлэг.

Төрөхийн өмнөх өрөө.

Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс гарсан залуу ээжийн яриа:

- Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...

18 August 2009

.
.


ЧИ БИДЭН ХОЁРЫН ХАЙРЫН ДИАЛОГ

- Би амьдралдаа цөөхөн уйлсан.Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
- Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй. Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн. Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.
- Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй. Чамайг бүдэрч унахад хэн нэгэн татаж босгодог. Босгож ирээд тэд шархыг чинь арчих алчуур өгдөг. Тэгээд нулимсыг чинь арчиж өгөөд явдаг. Чиний нулимс шидтэй.
- Намайг бүдэрч унахад хүмүүс тойроод гардаг. Тэд гараас минь атгаад татаж байгаагүй. Ганцхан удаа би нэг бүсгүйтэй гар барьж үзсэн. Тэр бол тохиолдол байсан. Бүсгүй миний хөлөн дээр гишгичихсэн болоод надаас уучилалт эрээд гар барьсан санагдана. Тэрхүү гар нь хүйтэн мөртөө хэтэрхий яхир ясажсан гарын сарвуу байсан. Чамайг алдаа гаргахад хүмүүс уучилдаг, тэрхүү алдаа чинь чамайг улам өхөөрдөм хөөрхөн болгодог.
- Намайг алдаа гаргахыг хэн ч зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг. Өөрсдөө хэзээ ч чадахгүй зүйлээ надаас нэхдэг би хичээдэг, оролддог. Ямар нэгэн үр дүнд хүрдэггүй. Харин эсэргүүцэл шүүмжлэл хүртдэг. Тэрнийг нь би магтаал сайшаалаас илүү шагнал урамшуулал гэж ойлгодог.
Чамд гоёл их зохидог. Шаазан хүүхэлдэй шиг гөлгөр өхөөрдөм болж хувирдаг. Дур булаам болгодог. Чихэр шиг хүлхэмээр болдог.
- Надад зохидоггүй. Хэтэрхий биеэ барьсан орчинд би дасаагүй. Надад номхоруулдаг цамц өмссөн мэт сэтгэгдэл төрдөг болоод тэр.
- Чи гайхамшигтай сайхан инээмсэглэж чаддаг. Дургүй зүйлдээ ч чи хуурамчаар инээмсэглэдэг. Инээд чинь бүгд худлаа ч хүмүүст чиний инээд таалагддаг. Тачаангуй, урин дуудсан харцтай болж хувирдаг.
- Би худлаа инээж чаддаггүй. Магадгүй болхи бүдүүлэг байж мэднэ. Хүчлэж инээхээр хүмүүсийг цочоож юм уу жигшээж магадгүй гэж айдаг. Харин би толины өмнө зогсоод хуурамчаар инээх гэж оролдох өөрийгөө хараад үнэн санаанаасаа шоолж инээдэг. Хичнээн тэнэг харагдах болохыг би тэгж мэдэрдэг.
- Чамайг орчлонгоор нэг магтан дуулж, шүтэн биширдэг. Чиний гоо сайхныг шүтэн биширсэн зураач уруулыг чинь урлахын төлөө цусаараа зурхыг, зэрвэс тулгарсан харцанд чинь сэтгэл нялхарсан найрагчийг шүлэгтээ согтохыг би харсан. Зарим нь солиорсон. Тэд хичнээн ч зууны турш чамаар л амьдралынхаа утга учрыг тодорхойлж явсныг нь харин чи ойлгодоггүй. Ойлгох нь ч чамд тийм чухал биш. Сүүлд чи бүүр сүүлдээ өөрийгөө зурж өөрийнхөө тухай зурж бичдэг болсон. Намайг энэ орчлон дээр байдаг гэж чи мартсан.
- Харин намайг хэн ч тэгж урлагын тэнгэрт залах гэж оролдоогүй, тийм бодол толгойд нь орж ирээ ч үгүй, ирэх ч үгүй биз. Харин хэзээ мөдгүй ус галруу ороход ч бэлэн байлгах гэж сургасан. Гэхдээ би чамайг урлагын тэнгэр гэж үздэг нэгэн.
Чи өөрөөсөө сайхан нэгэндээ атаахдаг. Тэгээд тэр хорсолоо тайлах гэж хэн нэгэнд муулдаг. Алхсан алхааг нь тоолж, улыг шагайдаг. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хэзээ ч түүн шиг болох гэж хичээж үзээгүй. Тэр нь зохих ч үгүй гэж үздэг. Чи дэндүү ихэмсэг бардам юм чинь.
- Харин би өөрөөсөө илүү нэгэндээ талархаж явдаг. Түүнийг би дуурайх гэж оролддог. Их зүйл суралцдаг. Саяхан би нэг тийм сайхан залууг харсан. Тэр ихэмсэг хэрнээ дөлгөөн харцтай залуу байсан. Тэрийг хараад би их зүйл бодсон. Ядаж л халаасандаа мөнгөгүй хэрнээ ихэмсэг алхаж сурсан.
- Гэхдээ би чамд хайртай, чамд сэтгэл минь хоргоддог. Чамайг харах, хайрлах гэж би энэ орчлонд ирсэн. Надад байхгүй юм бүхэн минь чамд байдаг. Надад атаархал, үзэн ядалт гэж үгүй.
Миний эхлэл чи, чиний эхлэл би байх болно гэдэгт итгэдэг Эр хүн.
“Эрх чөлөө - Миний сүүдэр” номноос
.
.
.



Цонхон дээр минь
Доторхи хүн минь гараад суучихсан
Сонингийн цаас зажилангаа
Царайлаг охидыг үдэш харсанаа
Цаг агаарын мэдээ шиг нэгд нэгэнгүй хүүрнэнэ …
Сэтгэл зүрх минь мєр холбон шүлэг тэрлэхийг
шалан суухад
Сүүдрээсээ ч нуун далдлам цагаан цааснаа
Нүцгэн бүсгүй бүжин унаж, бархиран уйлж эхлэхэд
Сэтгэл зүрх, үзэг, цаас гурав минь балмагдан догдолж
Цаасан дээрх бүсгүйгээс нүд дальдчина …
Салхи гаднаас исгэрэн дуудаж …
Сайхан бүсгүйн хормой сєхєж дэггүйтэхийг уриалаж
Бодол санаа, бие махбодийг уруу татна
Замбараагүй юм …
Шүлэг ч тэрлүүлэхгүй нь …
...За цонхон дээрээс буу
Гадаа гаръя залуу минь !!!

“Эрх чөлөө - Миний сүүдэр” номноос