Pages

10 July 2010

.
.
.
.

ТЭР ЗҮГ

Моддын шарласан навчис, цаг хугацааны төгсгөл рүү
Би алхана...
Хагацал гунигийг мартуулах диваажингийн зүг бус
Үүлс нүүж, сар жаргадаг тэр зүг би зүглэнэ
Тэнд үхэл амьдрал хоёр янагийн холбоотой
Би шарласан дурлалын дурсамж дундуур алхаж явна
Сэрчигнэн үлээх салхи хацрыг минь үнсэж одоод
Уруулын хээтэй навчис нь нүдийг минь халхална
Агуу их найрагчдын дурлалын дурсамж энд тэндгүй хөглөрч
Сэтгэл шархлуулсан хагацалын нулимс энд гол болон урсаад
Ёроолгүй гүн хар далай руу цутгана
Тэгээд
Ёолсон зүрхний шаналгаагаар эрчлэн давалгайлна
Цаг хугацааны төгсгөл зүүдээр хэмжигддэг
Цацрагч одод нь тунгалаг тод, өдөр ч гэрэлтдэг
Тэнгэр нь цалин цагаан, нилэнгүйеэ үүлс мэт
Салхи зүсэн нисэх шувуул энд алга
Сайхан зүстэй хурмастын дагинас тойрон нисэцгээнэ
Хачин гоё дуу хоолойтой
Хайраар зүрх нь хөглөгдчихсөн хурмастын эздэд
Хайрлуулах гэж дурладаггүй
Хагацалын дуу шүлгээр тэд өөрсдийгөө чимдэг
Гайхамшигтай.
Жаргалын зүүд зүүдэлдэггүй, хүсдэг ч үгүй
Зовлон уйтгар тэдэнд
Жаргал авчирдаг болохоор
Тэд өнгөрсөн үеийг ирээдүй гэж боддог
Би моддын шарласан навчис, дурлалын дуртадгал руу
Алхаж явна...

2002.10.07

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номын шүлгээс. Тэр нэгэн жилийн Болор цомын тайзан дээр уншиж байсан билээ. Саяхан л санагдаж байна.