Pages

08 June 2010

.
.
.
.
Дээр амласан ёсоор "урт хөлт"-үүдийн тухай бусад яруу найрагчдын бичсэн ганц хоёр шүлэг оруулъя.

За ингээд зангианаас огт салдаггүй даргын суудлын даллагатай хоёр яруу найрагч болон шинэ залуу яруу найрагчийн шүлгийг та бүхэнд танилцуулж байна.

НЭГ. Эрдэнэтээс хотод Нисванисын Энх-Амгалан Эрдэнэ-Солонго хоёр 1990-ээд онд хөтлөлцөөд ирсэн юм гэнэ билээ. Тэр үед зангиатай байсан үгүйг нь би мэдэхгүй юм. Гэхдээ одоо бол байнга зангиатай явна шүү дээ. “Зууны мэдээ” сонингийн орлогч эрхлэгч МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго

Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг

***

Эмэгтэй хүн бол...

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш
Эмзэг нарийн хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог
Анивчсан хөөрхөн, зөөлхөн цагаан хүүхнүүд
Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд
Амьсгал давчдаад зовлонтой байдаг.
Уйдах завгүй хачин ганцаардалдаа эзэмдүүлж
Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг
Шагшин гайхаад барахгүй
Шал дэмий толгой сэгсэрдэг.
Олон хаалгатай, олон цоож түлхүүртэй
Оньсон тоглоом юм тэд
Тоглож тоглож уйдсан
Тоглоомоо тэгээд эвдсэн
Томоогүй жаалын зүрх яагаад
Том том цоорхойтой байгааг
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүдээс асуух хэрэгтэй
Эмэгтэй хүн бол хүн биш
Тэднийг бүтээсэн чөтгөр өөрөө
Эмэгтэй байсан байх аа ...


* * *

ХОЁР. “Охидын шилэн оймсны цаанаас
Хавар ирэх”- тухай олоод харчихдаг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Моломжамц

...Өдрөөр бөөгнөрөх тэрэгний хашгираан
Үзтэл нүдгүй хүмүүсийн инээж сувдаглах
Урт гудамж шиг хөлтэй бүсгүйн
Уйтгартай хачин бардам яриа
Миний хотын хаана ч хөвөх
Мэндгүй архичдын тэнэмэл сүүдэр ч
Аргагүй эртний загалмайт бурхдын
Арвин суртлаас ч тохой өндөр өө
Өсгийдөө жадтай бүсгүйчүүдийн гоо сайхан
Үдшээр нүргэлэх цэнгэлийн амт
Хиймэл дүртэй нүцгэн ноёдын
Хэмжээлшгүй алдар нь ч бүхнээс өндөр өө... /шинэ шүлгийнх нь хэсгээс/


***

Охид, нойтон бургас, голын эрэг
Ороолгож хөөх эрийн харц мэт хурц нар төөнөж
Голын уснаас уяхан долгис цацарна
Дөрвөн нvдтэй хөөрхөн банхар эрэг дээр гvйж ирэн
Охидын дотуур хувцсыг хайж,
Ойрхноос ажаад буцах нь
Ондоо нэгэн тvvнд хувилж ойрхноос сонжих шиг болно
Ус цацалж, уяхан дуу цацраасан охид эрэг дээр сууж
Урьхан шувуудын зэл татан буцах шиг хөхөвчөө өлгөж
Нойтон бургасны зvvдийг сэрвэлзvvлнэ
Аальгvйхэн охидын анхил биеийг vзэхvл
Алтан зулын дэлбээ задрах шиг болоод
Сэрvv татаж салхи сэвэлзэх нь намар мөн оройхон
Охид, нойтон бургас, голын эрэг хаана..
Орь ганцаар тэнгэр ширтэн зогсоно, би


ГУРАВ. Утга зохиолын хүрээндээ шинэ мянганыхан хэмээгдэх болсон "Хөх мэдрэхүй" яруу найргийн бүлгэмийн гишүүн яруу найрагч Ө.О.Элбэгтөгс дүү маань

Буудал дээр автобус хүлээж нэгэн бүсгүй зогсоно
Үс нь урт, ууц нь тэгш, хөл нь ээ бүү үзэгд
Яг л гайхмаараа дэргэд эгшиглэх мэт
Япон уу? Солонгос уу? Хонгконг уу? Хаашаа явах вэ?
Яармагийн автобус мэт яг энд мөрөөдөл зогслоо.
Тэр бүсгүй.
Явж ороод өөдөөс ирэмлээ.
Будант Франц, буурал Британи
Эртний Константинополь Эйффилийн цамхаг,
Европын бороо
Эрээн шүхэр шаргал үс, энд тэндгүй хосууд
Автобус аль хэдийн алга болжээ.
Америк явах автобус ирж зогслоо
Арван есдүгээр зууны аварга Зубрын сүрэг
Индианчууд “үү” “гий гий” “нао нао нао”
Буун дуу, зогсоол дөрөв Австрали
Зорчих тасалбарын үнэ гурван зуун төгрөг
Хаана явна. Зурагтын эцэс...
Харин дараа нь Хавайн арал...

2006 он.

“Чимээгүй хот” номноос нь