Pages

21 September 2012

Бясалгагч андын минь шүлэг ер бусын мэдрэмжтэй. Түүнийг Дамбын Гангантөгс гэдэг. Манай монголын утга зохиолын хүрээнийхэн дунд түүнийг таних хүн цөөн хэдий ч эгэл / “магадгүй 4D аль эсвэл 4G технологийн түвшинд таньж мэдэрч болох” хэмээн Ж.Батцэцэг эгч нэгэнтээ хэлсэнчлэн / бус шүлэгнүүд нь бидний дунд амнаас ам дамжин яригдаад аль хэдийн эхэлжээ. За ингээд хэнэггүй, хээнцэр элдэв маяг ч үгүй гүдэсхэн залуугийн шүлэгтэй та танилц... 

 
Галгүй өрөөнд бээвийтэл суусан
Галгүй нүдээр өөдөөс минь ширтсэн
Өтөл эмгэнийг зурсан зураг
Өдөр бүхэн зах дээр
Тэгээд л би худалдаж авсан
Тэр зураг дулаахан өрөөнд өлгөөстэй
Өрөөнөөсөө би одоо гарахаа ч болисон
Өрөө дамжаад л
Өтөл эмгэний үлгэрүүд...

"  "  "

Хонхны хэл хаачив даа

Цэцэрхэж цэцэрхэж ам цангаад
Цэвэр ус залгилж зогсоход
Амьдралын туршид үзсэн дуулсан минь
Аяганы тал устай тэнцүү байгааг мэдүүтээ
Үргэлж дотор минь жингэнэж байдаг хонх
Таг болохыг мэдрэвээ
Үнэндээ би нам гүмд дасаагүй
Хонхны хэл хаачив даа
Холоо тэр
Юуны бараа


"  "  "

Над шиг шувууд Тэнгэрээр дүүрэн

хэлрүү татсан нарийхан утсан дээгүүр
Үй олон шувууд ирийтэл суусаныг үзээд
Зүг буруулж эргэхүй
Зөндөө олон утасны мод энд тэнд харагдах нь
Амрахаар суувал бас шонгийн мод налчих гээд
Ганц шувуу далавчаа дэвчих зайгүй
Газар тэнгэрийн завсар мод яасан олон
Нарийхан утсан дээр
Буух зайгаа олоогүй
Над шиг шувууд
Тэнгэрээр дүүрэн
Амьдралыг би..

"  "  "

Амьдралыг нэг нь баяр баясгалан гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй биш гэнэ
Атга будаа арвайн гурил модон савх гэнэ
Жаалхүүгээс асуувал нүдээ анивчаад
Жаахан тэвэгний тугалга гэнэ
Эмэгтэй дүү нь хажуугаас нь
Элсэн чихэр хоёр зуун грамм гэнэ
Гэгээрсэн ламаас асуувал инээд алдаад
Гэр ахуйн барааны дэлгүүр гэж хэлнэ
Олон хүн дур дураараа
Олон юм ярина
Чимээгүй бай намайг сонс
Чин үнэнийг хэлье
Амьдралыг би..
Авгай л мэдэх байх даа