Pages

27 January 2010



МУСТА зураач Э.Цолмонбатын зураг

"АЛГА БОЛООЧ-ийн өдрийн тэмдэглэлийн хүүрнэл" туужийн хэсгээс

Хоромхон зуурын сэтгэл догдлол хийгээд бүтсэн бүтээгүй дурлал шохоорхол тэчъяадалууд амьдралын маань хичнээн хугацааг эзэлдэг болох, түүнээс бид хэр зэрэг таашаал хүртсэнээ яахан мэдэх билээ. Тэр болгоныг нарийн шинжлэх ухааны үндэслэл тоо баримттайгаар мэддэг хүн ч гэж байдаггүй байх. Гэхдээ надад энэ “ХАЙР ДУРЛАЛ” гэдэг сэтгэл зүйн ээдрээт тоглоом амьдралыг ойлгоход их чухал нөлөөтэй гэж боддог. Яагаад гэвэл сэтгэл зүйн нөлөөнд амархан автдаг над мэтийн хүмүүст илүүтэй хүндээр тусдаг, тэд ч үүндээ шаналан зовж, уйтгарлан гуниж сурчихсан байх. Ийм хүмүүсээс олон юм гарна. Тэр болгон нь гайхамшигтай. Миний хайрлаж дурласан бүсгүй тийм гэхийн тэмдэггүй тайлагдашгүй оньсого мэт бүсгүй бий. /анх надтай танилцахдаа л оньсого шиг байсан одоо ч тийм л хэвээрээ/ Дүрэлзсэн гал мэт шатаж явахдаа би түүний харцанд ховсдуулчихсан юм. Тэгээд түүдгийн гал мэт намайг бөхөж эхлэхэд хэн нэгнийг даган одсонсон. Яахаа ч мэдэхгүй алмайрч үлдээд энэ бүх учир нь олдохгүй аашийг хатуурхсан тоглоом тунирхал байгаасай гэж хэзээ ч итгэж байгаагүй бурханаас хүртэл залбиран гуйж мөргөсөн. Тэр ирээгүй. Бүүр сураг тасарсан. Магадгүй би буруу залбирсан аль эсвэл өөрийг нь үгүйсгэгчийн гуйлтанд БУРХАН туслаагүй. Би хэсэг хүлээсэн. Удаан биш ээ. Хэн нэгнийг хүлээхийг хүсдэггүйдээ би тэр гунигтай цаг хугацаатайгаа, өнөөх хагацал зовлонтойгоо зууралдалгүйгээр бүгдийг орхиод цааш амьдарсан. Алхам тутамд түүнтэй адилхан бүсгүйчүүд, өнгөрсөн дурсамжууд, яагаад гэх асуултууд надтай тулгарч байсан ч би бүгдийг мартахаас өөр зам надад байгаагүй...

Нэг л өдөр. Нэг тийм онцгой сонин тэмдэггүй, бороо цасгүй жирийн нэг өдөр бид санамсаргүй уулзалдсан. Хувь тавилан маань энэ, үгүй бол бидний явах зам нэг хэсэг холдоод л нийлэх жамтай юм байж гэж бодоод бид эргэн ханьсаж эхэлсэн. Хайр минь буцаад ирсэн. Яагаад, яалаа гэж, хаашаа, хэнтэй зэрэг асуултаар булаагүй, тэгэх ч хүсэл сонирхол, шаардлага надад байгаагүй ээ. Зүгээр л түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахыг, ойлгохыг хүссэн. Би түүнд хайртай. Тэр анх надаас явахдаа охин байсан. Буцаад ирэхдээ тэр аль хэзээний эмэгтэйчүүдийн эгнээнд эргэлт буцалтгүй орчихоод ирсэн. Би тэрэнд нь нэг их утга учир өгөөгүй. Хаашдаа л бүсгүй хүний тавилантай амьтан юм чинь эрт орой хэзээ нэгэн цагт эмэгтэйчүүдийн эгнээнд орох л байсан юм чинь... гагцхүү нүдрүү нь эгцэлж ширтэхээр зүрхний хэмнэл маань яагаад удааширдаг, сэтгэл нь юунд хөөрөн догдолдог, хэнийг хүсэмжилдэг, юу мөрөөддөг, гээд доторх хүнийг нь таньж мэдхийг хүссэн. Би түүнийгээ мэдмээр, мэдэрмээр санагдсан.

Ингээд л саяхан нэг шөнө. Ид нойрондоо унтаж байхад цээжийг нь мэс заслын хутгаар сэмээрхэн зүсэн ярж үзлээ. Би арван жилийн биологийн хичээл дээр зургийг нь үзсэн дотор эрхтэн зүрхний цохилтонд хэрхэн чичэрхийлэн хөдлөхийг л харах. Жижигхэн зүрхний нь тэмүүлэлийг олж харах хүсэл... Гэтэл миний хайртын цээж хов хоосон, харанхуй, хөндий байлаа. Яг мэргэжилийн хулгайч цөлмөчихсан мөнгөний авдар мэт. Гэнэтийн зүйлд цочирдсон би түүнийг сэрээчихгүйхэн шиг буцаагаад ум хумгүй оёж эхэлсэн. Чичэрхийлэн салганасан хуруу эмх цэгцгүй салганаж салганаж сая нэг юм дуусаад хамгийн сүүлд утсаа торгоогоод шүдээрээ таслахад тэр нойрон дундаа жаахан хөрвөөсөн. Миний сэтгэл хоосроод маш их цочирдсоноосоо болоод уйлж ч чадахгүйгээр “ХЯМРАЛД” орсон. Нүдээ ч аньж боломгүй санагдаад аньчихвал л нөгөө харанхуй цээж рүү уначих гээд байх шиг байсан. Зүрхний минь цохилт толгой руу минь цохилж хоёр гар минь салганан чичирч байхад намайг хэн нэгэн нь хүчтэй татаж сэрээсэн. Намайг сэрэхэд саяхан миний цээжин дотрыг нь үзчихсэн ХАЙР минь дээрээс тонгойж байсан. Түүний жижигхэн гар хичнээн хүйтэн болоод хэнэггүй нойрмог харц ямар уйтгартайг сая ойлгох шиг.
- Чи яагаад байнаа гэж хэнэггүйхэн асуугаад хариултыг минь ч сонсолгүй эргээд хэвтлээ. Нөгөө л хүйтэн хөндий байдлаараа.
Би саяхан оёсон оёдлоо үзэх гэж нойрмог түүнийг хүчлэн татан өөр лүүгээ эргүүлээд хоёр хөх, хүзүү, цээжийг нь удаан гэгч үнслээ. Тэнд оёсон оёдол маань урууланд маань мэдрэгдэхгүй байв. Хайртын минь амьсгал аажмаар давхцаад үснээс минь аажуухан атгахад зүрхээр минь аяархан хатгуулж эхэллээ...

Одоогоос 4 жилийн өмнө “АЛГА БОЛООЧ-ийн өдрийн тэмдэглэлийн хүүрнэл” хэмээх модерн тууж бичих гэж оролдож билээ. Яасан ч хурдан юм хүрч чадалгүй жаал нухаж амжихгүй байсаар байтал 4 жил өнгөрчихдөг байгаа. ”АЛГА БОЛООЧ” бол ор сураггүй алга болсон ШУА-ийн эрдмийн ажилтан математикч залуу болно. Түүний өдрийн тэмдэглэл эзнээ хэн болохыг мөрдөн байцаагчид л ярьж гарна даа. За энэ мэт хүүхдийн яриагаар юу хийх вэ. Нэг сайхан өдөр л ноорогуудаа бариад сууна даа гэж өөрийгөө хуурч суунам би.

25 January 2010



МУСТА зураач Э.Цолмонбат "БИ санааны чимэг" 50х70


Урт гуалиг хөлөөрөө
Нүдэн дундуур туучиад
Гэгээн тунгалаг харцыг
Булингартуулах
Миний хотын охид
Миний цээжний
Нууцхан мөрөөдөл
Нүд сэтгэлийн соронзон
Урсгал уяхан алхаа чинь
Судсаар минь урсаад
Зүрх цочоох
Миний хотын охид
Миний цээжний
Нэгээхэн хөндүүр
Нүд сэтгэлийн тамлан
Сул асгарах гэзгээрээ
Сэтгэл гижигдээд
Бяцхан итгэл төрүүлэх
Хагас нүцгэн
Харц ялдам
Хотын охид
Миний мөрөөдөл
Нүд, сэтгэл минь...

21 January 2010




МУСТА зураач Э.Цолмонбатын "Амин хэлхээ" 130х140 /cirkle of life/


Тэр бүсгүйгээс
Уучлалт гуйж чадаагүй
Нүднийх нь усан болор царцаад
Мөс шиг болчихсон.
Хүйтэн харцанд нь би
Арчаагүй хүчин мөхөс царайгаа олж харсан.
Тэр нэг ч үг хэлээгүй
Түүний нүднээс гомдлын нулимс дуслаагүй,
Чимээгүй, огтоос чимээгүй
Хөшөө шиг хөшчихсөн.
Би уучлалт гуйж чадаагүй...
Тэгээд л би түүнээс холоо явчихсан
Тэр бүсгүйн нүд толь шиг...
Би цаашаа явсан.
Тэр хүн чулуун хөшөө шиг үлдсэн
Хүн чулуу
Хүн чулуу
Би явсаар л...
Тэр юу ч хэлээгүй
Хүн чулуу шиг.
Би холдох тусмаа
Жижигэрсээр...
Мөс мэт хүйтэн харцнаас салж чадаагүй
Улам жижигрэн багтдаг болсон...


2004.01.19

“Бүгд над шиг хийсвэр” номоос

18 January 2010



ЦАМЦАН ХҮҮХЭЛДЭЙ

/Зүүний нүдийг утсаар сохлоод
Зүүдэл зүүдлээр нь хэлхээд/
М.Цэцэнбилэг


Хуучин цамцныхаа тасархайгаар биеийг чинь бүтээж
Хоёр ширхэг товчоор нүдийг чинь урласан
Тэгээд чамд Хүүхэлдэй гэж нэр өгөөд
Дэрэн дээрээ чамайг суулгасан

Би чамд дурласан
Би чамайг урласан

Уйтгар гуниг надаас холдсон
Уртаар санаа алдаж цонхоор гөлрөхөө больсон
Бээлийгээ тайрч цамц оёоод
Уруулыг чинь улаан утсаар эмжсэн

Хүүхэлдэй минь
Хүүхэлдэй минь
Би чамд дурласан
Би чамайг урласан

Ноосон малгайгаа эмжин оёоод
Тас хар даашинзтай болгосон
Нойрсох болгонд чамайгаа тэвэрдэг болсон
Хүүхэлдэй минь

Би чамд дурласан
Би чамайг урласан
Хүүхэлдэй минь
Хүүхэлдэй минь

2003.05.06

“Эрх чөлөө - Миний сүүдэр” номноос


Миний багын найз “Шөнийн галт тэрэг” хамтлагын дуучин Цэцээгийн шүлгээс санаа авсан шүлэг л дээ. Цэцээгийн өөртөө зориулж бичдэг шүлгүүд үнэн “тасархай” л даа. Нэг л ер бусын ертөнц, дүрслэл, өнгө байдаг юм.

14 January 2010



Дөнгөж саяхан. Цагийн өмнө “Ахаа Монголоос ном маань ирлээ” гэж догдолсоор Солонгос дахь Монголчуудын утга зохиолын “Хөх эгшин” бүлгэмийн анд Гангантөгс / gangantugs.blogspot.com / над руу утас цохив. Болзоот газар, баяртай уулзалт. Бидэн хэд танилцаад удаагүй ч “АГААР” нэгтэй хүмүүс гэдгээ анхныхаа уулзалтаар л мэдэрцгээсэн улс. Сонин л доо. Энэ хэд маань хүний нутагт ирээд удсан ч яруу найрагт хайртай утга зохиолоор сэтгэлээ хөглөж явдгыг нь зурвасхан уулзахад л ойлгомжтой. Хавьд номын садангуудтайгаа уулзаагүй надад ч сэтгэл нэгэн ер бусын хэмнэлтэй. Олон ном иржээ. Арван дөрвөн ном худалдан авсан юм байна. Манай хүн. /зарим номын зургийг нь буулгаж амжив/
Миний тэртээ 2002 онд Л.Өлзийтөгс эгчийн гарын үсэгтэй “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ыг аваад харьсан оройг өөрийн эрхгүй санагдууллаа. Хожим хойно Өлзий эгчтэй доорх шүлгийн түүхийг ярьж байсан юмдаг. Тийм ээ “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” - д


Шинэ ном
Уншиж амжаагүй
Шинэхэн ном...

... Ээ чааваас
Хуудас цаас нь
Сахлын хутга шиг
Хурц гэж жигтэйхэн...

Шинэ ном
Уншиж амжилгүй
Шинэхэн хуудсанд нь
Хуруугаа зүсчихлээ...

Шинэ ном...

2002 он 10.09

11 January 2010








Хүүхдүүд яагаад буугаар тоглох дуртай байдгыг одоо л мэдлээ
Амьдрал хэмээх тоглоомын
Арга башир залийг сураагүй тэдэнд
Элдэв асуудлыг шийдэх ганцхан арга нь мэдээж
Энэ юм байна...

08 January 2010

МИНИЙ ЗОЧИН



Машин техникээр бол би нилээн эртний загвар. 1970-аад оны хэлбэр дизайн жаахан муутай газ24 юм уу даа. Энд тэндээ будаг нь халцарч хонхойсон сэвтэй тэрэг гэсэн үг. Нөгөө л нэг ад үзээд байдаг социализмын бүтээгдэхүүн. Монголын пионерийн болоод зохиолчдын эвлэлийн гишүүн. Бас үгүй тангараг өргөсөн хүн. Нам мам гэж гүйж амжаагүй нэгэн. Миний багад аав ээж минь сар бүр тогтмол ном сэтгүүл авч өгдөг, зурагтын ганцхан сувагтай хэдий ч тэрүүгээр нь орой бүр хэрүүл гардаггүй байсан үеийн бацаан. Жаахан эртнийх болхоор Hard disk муу. Хэдэн оныг нь барин тавин хэлж чадахгүй ч хэдэн үсгээ холбоод “Нисдэг алим” үлгэрийн ном уншихчаан аядаад байснаа бол санадаг юм. Олон ч ном надад байсаан. Тэр үед амьдрал нийтлэг иймэрхүү л байлаа дөө. Хожим бурханы ивээлээр Монголын зохиолчдын эвлэл гэдэг лут байгууллагын нарийн бичгийн даргын албыг 5 гаран жил хаших их боломж надад тохиож билээ. Энд л олон олон хутагт хувилгаадтай танилцан ойртон дотносож билээ. Нөгөө л хүүхэд байхын уншдаг байсан үлгэрийг маань зохиосон З.Түмэнжаргал ахтайгаа ах дүүгийн барилдлага тавьж сахиус нэгтэй дүү нь болсон билээ. Энэ мэт сайхан дурсамжууд их ч гэлээ. Мөнхийн залуу эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч уран бүтээлч бол яахын арга үгүй Түмээ ах юм. Францын алдарт Сорбоны их сургуульд багшилахын сацуу хамгийн сүүлд гурван хэл дээр хэвлэгдсэн “Ногоон аялгуу” ном мөн тун удахгүй хэвлэгдэх гэж буй “Гурвалжин аялгуу” хэмээх номуудаас нь уншигч олондоо танилцуулах гэж байна. Өөрөөс нь тусгайлан хүсэмжилж гуйсаны эцэст номынх нь эхийг аваад байгаа болно. Их ховор боломж шүү энэ. Блог хөтлөөд удаагүй ч би өөрийнхөө блогт МИНИЙ ЗОЧИН гэж булан нээж байна. Манайд зочилж буй уран бүтээлчидтэй та бүгдийг танилцуулж байхаар шийдсэн нь энэ.
Хамгийн эхний МИНИЙ ЗОЧИН Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Загдын Түмэнжаргал ахыгаа урилаа.


ЗУНЫ ДУНД САРЫН АРВАН ТАВНЫ ГАЛ ҮДЭД

Чааваас даа,
хоосон үзэмж...
Яасан хүйтэн байдаг юм бэ.
Чамтай уулзаад би
Хойт туйлд очсон мэт
Даарлаа.

English
Fifteenth Midsummer, at Noon

Oh, blast!
Playing a role.
I’m cold and stiff.
Meeting you at last
I shiver as if
I were at the North Pole.

French
Quinzième été, à midi

Tonnerre !
Jouant un rôle, moi
Tout raide et froid
-Enfin je vois
Et tremble comme
Au Pôle, -Toi.

“НОГООН АЯЛГУУ” номоос
By “THE GREEN MELODY”
“LA MELODIE VETRE”

АЙМААР

Аймаар юм,
Чи
нимгэн мөсөн дээгүүр яваа мэт
Амьдрах юм
Аймаар юм...

English
Very scary

How scary that you live
as if walking on ice
so thin it will give
Very scary

French
Avoir si peur.

Quelle est cette peur quand tu vis
Comme qui marche sur la glace
Si fine glace qu’elle te fait
Avoir si peur.


“НОГООН АЯЛГУУ” номоос
By “THE GREEN MELODY”
“LA MELODIE VETRE”


ЦЭНХЭР САРНЫ ТУЯА

Уран байгалийн хөгжим-
Шувуудын жиргээ сонсогдоно.
Урсах цагийн нулимс-
Улаан навчис зүсэрнэ.

Нүдэнд дулаахан бүсгүй чи
Юунд надтай учрав даа.
Нүгэлт энэхэн хорвоод
Хоосон уйтгарлах минь хэцүү.

Хөх тэнгэрийн уудамд
Шувууд дураараа цэнгэдэг.
Хүн болж төрсөн
Бидний заяа өөр шүү дээ.

Алгаа тоссон хүн бүхэнд
Аз жаргал заяадаггүйгээс хойш
Алаг хорвоогийн манан дунд
Нүдээрээ л уруул дээр чинь үнсэнэ.

English
Rays of the blue moon

Like the music of the creative nature
Birds’ twittering is to be heard
The tears of passing time –
Red leaves teem.

You, sympathetic girl
Why did you cross my way?
In this sinful world
It is hard to long hopelessly.

In the vastness of the blue sky
Birds enjoy at will
Born as human
Our fate is different.

Since not to everybody holding out his hand
Happiness is bestowed
In the mist of this motley world
I kiss with my eyes on your lips.

French

Rayons de la lune bleue

Tel la musique du divin
Sourd le gazouillis des oiseaux,
Sur les larmes du temps qui passe
Les feuilles rouges s’amoncellent.


Et toi, fille compatissante
Pourquoi croisas-tu mon chemin ?
En ce monde plein de péchés
L’attente est dure sans espoir.

Dans l’immensité du ciel bleu
Les oiseaux volent à l’envi
Hélas pour nous pauvres humains
Notre destin n’est point le même.

Puisqu’à celui qui tend la main
Le bonheur n’est pas accordé
Dans la brume du monde rouge
Je baise tes lèvres des yeux.


“НОГООН АЯЛГУУ” номоос
By “THE GREEN MELODY”
“LA MELODIE VETRE”

05 January 2010

.
.
.
.
.
Сайхан мэдээ.
Яруу найрагч Д.Мөнхтөр ах “Хамаг залуу нас” хэмээх яруу найргийн гурав дахь түүврээ хэвлүүлсэн гэнэ. Зүс зүсээ үзэж танилцаагүй ч бүтээлээр нь түүнтэй эчнээ танил болж явсан үе маань саяхан санагдана.
1996 - 1998 он. Мөхөс шүлэг бичхийг санаархагч бацаан Kurt Cobain–аар өвчилчихсөн байсан үе. Болоогүй бас Монгол Улсын ШУ-ны Академийн ажилтан тооны багш Ч.Мөнхболд, Ч.Гантөмөр нартай шадарлаж явсан маань аз завшаан гэхээсээ илүү хувь тохиол гэлтэй. Ганц хоёр лонх шар айрагны ард хөврөх нийтлэг яриануудаас тэс өөр эмх цэгцгүй яриа тэднээс хөвөрдөгсөн.
- Мерлин Монрогийн мэнгэний тухай болоод Огторгуйн гялгар гөлгөрийн онол, Омар Хаямын дөрвөн мөртүүд хийгээд түүний математик бодлогууд, магадлалын онол хийгээд хачин гоё нүдтэй бүсгүйн тухай тэгснээ гэнэт уртаар санаа алдалт Ж.Болд-Эрдэнийн

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно


Аль эсвэл Д.Мөнхтөр найрагч ахын

“Хаврын шөнө” вальс
“Хаврын шөнө” вальс
Хатингар гар ширээ товшиж
Хаа нэгтээ рүү галт тэрэг хурдална
Хачин нууцлаг аминч яриа эхэлнэ...
Хүүхдийнх шиг, эрүүл бусаар нүд нь гялалзавч
Хүчирхэн ариун залуу насаа дурсацгаавч
Хайртай гэх үг тэндээс үл сонсдоно
Хацар уруул энд утга үл агуулна
Халуун залуу насны зүг зовонгуйхан ширтэнэ
Хагацах мэт шүүрс алдацгаана...
Хатингар гарт харин, энэ бүхэн хамаагүй
Утгагүй
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно...
Халмаг хөгшдийн залуу нас
Халуун залуу найрагчийн
Өтөл насыг өрөвдөнө, хайрт минь
“Хайран залуу нас минь
Хаашаа чи однов” хэмээн
Халмаг хөгшдийн өтөл нас
Хайрын дуу зохионо
Гадаа салхи исгэрэн, бороо үнэртэж
Хавар цаг ирнэ
Галт тэрэг хурдлан одно оо...
Харин мөнөөх, омогт хатингар гар л
“Хаврын шөнө вальс”
“Хаврын шөнө вальс”... хэмээн
Ханз ширээ товшсоор одох нь сонсдоном...


Яруу найрагт дурлах яруу найргийн өөр нэгэн хөг аялгууг эрэн бэдэрсэн нэгэн бацааны хувь маш том ертөнц байлаа. .....дэндүү яруухан он жилүүд хөвөржээ. Алдарт 90-ээд оны уран бүтээлчдийн нэг Д.Мөнхтөр ахтай зүс зүсээ харан танилцсан минь саяхан. Их эртний танилуудын уулзалт мэт болж билээ .
Өөрийнхөө уран бүтээлээсээ гадна Туркын утга зохиолын орчуулга хийж байгаа МУИС-ийн Социологи - Нийгмийн ажлын тэнхимийн багш яруу найрагч Д.Мөнхтөр /PhD/ ахын “Хамаг залуу нас” ном нь 2010 оны “Алтан Өд” оны шилдэг уран бүтээл шалгаруулах эхний даваанд үлдэж гэнэ.
Сайхан мэдээ.
Амжилт хүсье ахдаа...
2010.01.05

02 January 2010


.
.
.


Охидын нүцгэн хөл
Нүдэн дундуур туучих нь
Зун цаг...

“ “ “

Модод халамцуу
Энгэр задгай исгэрэн сэлгүүцэх нь
Намар цаг...

“ “ “

Зүйрмэглэгч сар
Сэмэрсэн сэтгэлээ дээрээс шидлэх нь
Өвөл цаг...

“ “ “

Нойрмог ертөнцийг сэрээж
Хөнжлийн завсараар нялх ногоодын хөл цухалзах нь
Хавар цаг...