Pages

28 March 2010

.
.
.
.

Бүрэнхий гудамжинд
Ижийгээсээ төөрсөн хүүхэд уйлах мэт
Сэтгэл зовиурлангуй,
Усан бороо шаагина.
Бишүүрхэх мэт газрын хөрс
Усаа дааж, шингээж ядаад
Эргэн тойрон шавар шавхайд дарагдана.
Баахан хуцалдан, улилдах ноход нь ч
Уйтгарлангуй, санаашрах мэт нам гүм болоод
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагийн амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш
Наохын завь мэт дүнзэн байшингийн
Зууханд ноцох галын чимээ
Зэвэргэн санаа алдахыг минь далдалж үл чадах
Хайртай гэдэг үг зөвхөн
Халуун пийшин ноцсон шавар байшин дотор хамаатай мэт
Хий үзэгдэл болоод чөтгөр шулмын тухай яриа
Хажуу байшингийн дээвэр доор суух
бяцхан жаалуудын дунд өрнөнөө.
Хаана ч байхгүй эгэл даруухан амьдрал
Энд л өрнөж
Халуун цай, дулаан хөгжил бодогдоно.
Гадаа дүнсгэр уйтай
Гэгэлзсэн үдэш ганцаар алхахад
Хошуу цорвойлгон аргаддаг сар ч харагдахгүй
Усан манан.
Харанхуй усан бороонд хоригдсон тэнүүлч сэтгэл
Хаашаа ч юм нисэн одмоор...
Хий үзэгдэл мэт хаа нэгтээ одмоор...
Уйтгартай...
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагын амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш...

“Бүгд над шиг хийсвэр“ номоос

24 March 2010

.
.
.

“Охиндоо” энэ миний “Бүгд над шиг хийсвэр” номонд минь орсон шүлэг.
Өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон DELPHIC - 2009 гурав дахь наадмын яруу найргийн төрлөөр “LURA AWARDS” шагнал авсан шүлэг маань. Монгол хүн монгол яруу найрагч гэдэг утгаараа бахархаж явдагын учир би энэхүү шүлгээ төрөлх монгол бичгээрээ урламаар санагдсан юм. Ингээд МУСТА зураач Э.Цолмонбатын урласнаар оруулав.






To my daughter
“This is my native land
Beautiful country Mongolia”
By Natsagdorj.D


My daughter

“This is my native land
Beautiful country Mongolia”
My rural area
Has blue sky
Like your unlined dress
Under it Mountains covered by eternal snow
Look like ice cream
Those mountains
Like ice creams
Are majestic among mist
Like among smoke
From mountains stream swift rivers
Along banks of swift rivers
Fly dragonflies, crane flies
Lead by butterflies
There graze sheep and goats
Much bigger than bear club
My daughter plays with
There graze horses, camels and cattle
Like in illustrated books of my daughter
There grasses and flowers
Cover steppe like carpets
My happy daughter
“This is my native land
Beautiful country Mongolia”
2006.

Translated by Dashdavaa.G


나의 딸에게
“이곶이 나의 고향
아름다운 나라 몽골이란다
나의 전원에는”
나차그도르즈 다시도르징...


니의 딸아

“이곶이 나의 고향
아름다운 나라 몽골이란다
나의 전원에는”
너의 주름이 잡히지 않은 옷처럼
푸른 하늘이 있단다
그 하늘의 밑에는
아이스크림 같은 만년설이 있지
그 산들은
아이스크림 처럼 보이는 산들은
연기 같은 안개 속에서
장엄하게 서 있다
산에서는 강물이 빠르게 흐른다
빠른 강물의 둑에는
나비가 이끄는
잠자리와 학들이 날고
양과 염소가 풀을 뜯지
곰들의 무리보다 훨씬 큰
나의 딸을 그녀의 그림책에서 처럼
그곳에서 풀을 뜯는
말과, 낙타와, 가축들과 뛰놀고
그곳엔 꽃과 풀들이
대초원을 융단처럼 뒤덮는단다
나의 행복한 딸아
“이곳이 나의 고향
아름다운 나라 몽골이란다 ”

2006 년

“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Д.Нацагдорж



ОХИНДОО
Охин минь
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Миний хөдөө нутаг
Чиний даашинз мэт
Хөв хөх тэнгэртэй
Түүний дор
Мөхөөлдөс лугаа
Мөнх цаст уулс байдаг
Тэр мөхөөлдөстэй төстэй
Уулс нь утаа шиг
мананд умбаад сүрлэг
Уулнаас ширүүн урсгалт гол урсаад
Ширүүн урсгалт голын эргээр
Ханын цаасан дээрх хээ мэт
Эрвээхэй тэргүүтэй соно, тэмээлзгэнэс нисэлддэг юм.
Миний охины тоглодог
Бамбаруушнаас хамаагүй том
Хонь ямаа бэлчиж
Миний охины зурагтай номон дээрх
Адуу тэмээ үхэр бэлчдэг
Тэнд өвс ногоо, цэцэгс
Хивс шиг талыг бүрхээд
Хүмүүс дээр нь гэрээ бариад
Аз жаргалтай амьдардаг юм
Охин минь
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
2006 он


.
.



Зураач Энхбатын Цолмонбат. Миний блогоор цаг зав гарган зочилж яруу найрагчийн бичил ертөнцөөр минь аялагч уншигч нартаа би уран зургийн гоо сайхны мэдрэмжээсээ хуваалцах гэж гэрэлт андаа ятгаж дөнгөсөн билээ.
Бид хар багын хоёрдугаар 40.000-тын гудманд дунд тоглож өссөн нэг ангийн хүүхдүүд. Хар багын урлаг татагдсан унаган улаанбаатарын бацаанууд. Орцонд гитар тоглох ах нарын нөлөөгөөр соёл урлагт татагтсан байж ч мэдэх. Гэхдээ үүнийг цэвэр орчны гэхээсээ илүүтэйгээр суурь хүмүүжилийг маань төлөвшүүлсэн ангийн багш Жаргалсайханаас минь үүдэлтэй болов уу гэж мунхаг миний бие боддог юмаа.




25-хан хүүхэдтэй нэг ангиас “Night train” хамтлагын М.Цэцэнбилэг, Э.Цолмонбат нарын тэргүүтэй соёл урлагын 5-6 хүүхэд төрсөн нь энэхүү бодлыг маань батлах мэт. Мань мэт нийлээд юу эсийг хийв дээ.
Цолмон маань Монгол Улсын цирк гэдэг цэнхэр дээвэртэй лут том айлын ганц зураач нь гэж байгаа. Манай хүний ажил мундахгүй ээ тайз, жүжиг ангийн хувцас загвар, ардын хувьсгалын ойн наадмуудын загвар эскиз, “Болор цомын” тайз чимэглэл, өөрийн уран бүтээл, өрөөл бусдын гуйлт, манай зохиолчдын номын чимэг зураг, дизайн халтуурын ажил гээд ажил мундахгүй. Хажуугаар нь яаж мань мэттэй шар айраг уух зав гаргаад байдгыг нь ойлгодоггүй юм.




"Амин хэлхээ" 130х140

Э.Цолмонбат ану 2001 оны СУИС-ийн Дүрслэхийн дээдийн бүтээгдэхүүн.
2002 оны 06-р сард МУЭ-ийн хорооноос зохиогддог “Монголын сайхан орноор” үзэсгэлэнд “Юан хатан” зургаар оролцсон.
2003 оны МУЭ-ийн зохион байгуулдаг “Хавар” үзэсгэлэнд “Эмэгтэйн хөрөг” бүтээлээр оролцсон.
2004 онд “Монгол эмэгтэйн дүр төрх” сэдэвт үзэсгэлэнд “Халх эмэгтэйн хөрөг” уран зураг нь түрүүлсэн.
2004 онд МУЭ-ийн хорооноос зохиогддог “Хавар”-ын үзэсгэлэнд “Салхин санаа” нэртэй том хэмжээний бүтээлээрээ амжилттай оролцсон.
2005 онд Европын улс орнуудад Монголын Урлагийг сурталчилах үзэсгэлэнд “Үлгэр хүүрнэх цаг”, “Сүүлчийн тэнгис” сэдэвт монгол зургаараа амжилттай оролцсон.
2006 онд “ЦЭГ ЦЭГ ТАСЛАЛ” нэртэй өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг “Чингис арт галерей”-д гаргасан.




"Би салхин чимээ" 50х70

2006 оны 8-р сард Францын Сант-Авенью хотод зохиогдсон монголын зураачдын хамтарсан “Монголын салхи” нэртэй үзэсгэлэнд уран бүтээлээрээ тухайн орны үзэгчдийн анхаарлыг татаж Монголын соёл урлагийн тухай өндөр сэтгэгдэл үлдээсэн юм.
2007 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Юан эмэгтэй” сэдэвт модерн уран зургаар оролцсон.
2008 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Хаврын дурсамж” сэдэвт модерн уран зургаар оролцсон. Уг зураг нь Японы “NHK” телевизийн Ерөнхий захиралын цуглуулганд орсон.
200 оны “Хавар”, “Намар”-т “Амин хэлхээ””Би салхины чимээ” сэдэвт модерн уран зургаар оролцоод амжжээ.
Иймэрхүү жагсаалт хөврөх байнаа. Энэ бол миний чадан ядан цуглуулсан жагсаалт болно.
2009 оны 12-р сард Э.Цолмонбат маань Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан аж. Баяр хүргэе анд найздаа.
“Залуу хүмүүст хийх /надад ч хамаатай/ ажил их байнаа. Цагын эртэд хамтдаа зам дөхье...
Анд минь.” Найз маань блогтой болжээ. Та бүгд заваараа орж саатаарай. http://www.tsolmonbat.blogspot.com/



"Би санааны чимэг" 50х70


22 March 2010

.
.
.
.
Эх нутагтаа буй уран бүтээлч найзууд минь “уран бүтээл өндөр үү?” хэмээн асуух юмаа. Зүрх сэтгэлээ аль эрт яруу найрагт өгчихсөн хүн чинь бичээд л байхаас өөр яалтай ч билээ дээ. Бичиж байнаа, бичиж байна. Өөрийгөө эвдсэн, өмнөхөөсөө үсрэнгүй нэг чамбай ном гаргах санаатай. Ингээд миний бичил ертөнцөөр аялаж буй та бүгдэд “гэрийн даалгавараа” шалгуулъя. Бэх нь хатаж амжаагүй шүлэг...


Эрээ цээргүй ятгах дотоод СЭТГЭЛЭЭ дагаад...

Хөлийн дор хяхтнах цасны чимээг
Навчисын дуутай андуурах үдэш
Ороо нь орсон муурын гийнах дуу
Хүүхдийн уйлиан алин болохыг ялган салгаж үл дийлээд
Сэжиглэнгүй, болгоомжлонгуй...
Яриан байхгүй өөрийнхөө АЛУУРЧИН сэтгэлийн ятгалганд автаад
Хүн чанараа сэмхэн оршуулах гэж зүтгэх
хөлийн чимээ, цахирдан амьсгаадах амьсгалын
чимээнээс өөр аниргүй...
Мөрлөсөн хайрцаганд “ХҮН ЧАНАР” минь хөрж хөшчихөж
Урт тахир гудамжнуудын төгсгөлд олны хөлөөс зайдуухан хөр цасан дор булав.
Босгосон хүрэмний захаар үнэн төрхөө нуусаар
Гэртээ хариад сэтгэл амгалан нойрсов.
АЛУУРЧИН СЭТГЭЛ
Элбэг хангалуун амьдралд садаа бологч
ХҮН ЧАНАР-ыг үгүй хийчихлээ.
Өглөө эрт гудамжинд уйлах хүүхдийн дуунаар сэрэв.
ЗЭВЭРГЭН ӨГЛӨӨГҮҮР ХЭНИЙ ХҮҮХЭД...?
ЯАГААД...?
ЮУ БОЛООД...?
За надад хамаагүй асуудал
Мартсанаас хүн чанараа өчигдөр
бурхадын адил оршуулчихсан юм чинь...


2010.03.13 Сөүл хот

19 March 2010


.
.
.
.

1999 онд UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization) –гоос жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг дэлхийн Яруу найрагчдын өдөр болгон зарлажээ. Хүн төрлөхтөнийг соён гэгээрүүлэх, оюуны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж энэхүү өдрийг тунхаглан зарласан юм билээ. Юутай ч яруу найраг, утга уран зохиолын эргэн тойронд амьдардаг түүгээр амьсгалдаг, амтанд нь автсан бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Бидний хэдэн бацаанууд /өөрийнхөө үеийн яруу найрагч андуудтайгаа/ өөрсдийгөө дэлхийтэй хамаатуулж энэ өдрийг нэг нэгэндээ шүлгээ уншиж өнгөрөөдөгсөн. Нэг нэгнийхээ бүтээлийг сонсож алдаа оноог олж харан, биесээ хурцална гэдэг “том” хичээл болдог байж дээ.
Ийн бичиж эхлэхээр олон дурсамж ар араасаа хөвөрч ирнэм. Энэ бүгдийг үл нуршин нэгэн шүлэг толилуулъя.



Хэн нэгний номын хуудсан дээр
Би шүлэг ноороглочихлоо
Хөөрхий...
Хоноцын хүүхэд шиг
Хуудас буландсан нярай шүлгийг минь
Хэн нэгэн олоод уншчих вий дээ
“Өргөмөл” гэж ойлгочихно
Хөөрхий...

2007.08.24

“Бүгд над шиг хийсвэр” номоос
.
.
.
.

Зөндөө дурлачихсан
Зүрх яадаг юм бол...
Хавар гөлөглөдөг модод
Намар нүцгэрчихдэг шиг
Миний хайрласан бүсгүй
Намайг орхиод одох гээ юу
Зөндөө дурлачихсан
Зүрх яадаг юм бол...

“Бүгд над шиг хийсвэр” номоос

12 March 2010

.
.
.
.
ГАЛ ӨГӨӨЧ...

Богино хэмжээний ганц хүний монологи

Тайз засал:

Нилээдгүй хуучны тавилга бүхий эл хуль ганц өрөө байр. Тасалгаанд дүнсгэр бүүдгэр байдал ноёлох хэдий ч бүх зүйл нь эмх цэгцтэй. Өрөөгөөр нэг лаа, лааны суурь тараан байрлуулсан байх ба саяхан бяцхан цайллага болоод өнгөрснийг илтгэх тамхины ишээр дүүрсэн үнсний сав, тал шил архи, тамхи, шүдэнз, шилэн аяга бүхий бичгийн ширээ тасалгааны голд байна.


Өрөөнд 45 орчим насны хижээл эр орж ирнэ.
Тэгээд өрөөний булан дахь эртний пянз тоглуулагчид нэгэн пянз хийгээд ширээнд ирж сууна. Дан хөгжмийн гуниглангуй аяз өрөөгөөр намуухан эгшиглэнэ.


Залуу:
Бүгд явчихлаа. Сэтгэл зүрхэнд минь жаахан ч гэсэн баяр баясгалан авч ирсэн найзууд минь буцаагаад тэр дуулиан шуугиан, инээд хөөрөө аваад гэр гэрлүүгээ явчихлаа. Сэтгэл зүрх минь дахиад л хов хоосон...

- Хоосон хөндий ч гэлээ бүх юмс эмх цэгцтэй байх ёстой. Эмх цэгц.
- Тиймээ. Эмх цэгцтэй байхгүй бол ЭНЭ ОРЧЛОН юу болж хувирна гээч... Бодохоос ч аймаар.
- Энэ хөгжмийн байж байгааг ээ. Хуучирч дээ хуучирч. Надтай сүүлийн 30 жил хань болж байгаа энэ аялгуунаас би уйдаж амжаагүй л байна шүү дээ. Гэхдээ л энэ хөгжмийн аялгуунд сэтгэлийн хөг, бүлээн дулаан уур амьсгал дутаад л байдаг юм даа.

Уртаар санаа алдаад шүдэнзээ авч ширээн дээрх лааг асаана.

- Тийм шүү. Энд чи л намайг ойлгоно. Лаахан минь. Гол нь энд хайр хайрын тухай сэтгэл зүрхний угаас гардаг хамгийн нандин мэдрэмжийг илэрхийлэх мэдрэмж л дутсан санагдаад байгаа биз. Энэ аялгууг зохиосон хөгжмийн зохиолч нь тэр тоглож байгаа хөгжимчин нь ч тэр лав хайрлаж дурлаагүй үедээ энэ аялгууг тоглосон байх. Магадгүй хүн төрлөхтөн энэ хайрын тухай мэдрэмжээ аль ХХ зуунтайгаа хамт гээчихээ биз. /Тэгээд асаж буй лаагаа хоёр алгаараа энхрийлэн барьсаар /
- Миний хайрын тухай мэдрэмж маань их хуучины эдлэл бололтой. Анхны хайраа би тодхон санаж байна. Түүнийхээ нүүрний хэлбэр төрхийг би одоо ч санаж байна. Их амархан уйлчихдаг бүсгүй байж билээ. Түүний зүүн гар нь түлэнхийн сорвитой байсансан. Хажууд нь хамт байж дулаан бүлээн уур амьсгалыг нь мэдэрдэгсэн. Даанч удаан үргэлжлээгүй ээ. Хүмүүсийн ярьдагаар бүтэлгүй хайр. Яг чам шиг туранхай жижигхэн охин байж билээ. Одоо хаана юу хийж явдаг юм болдоо.

Уртаар санаа алдаад

- Жинхэнэ хайрыг насаараа л хайсан. Би бурхан байдагт огт итгэдэггүй хирнээ жинхэнэ хайр байдагт л итгэдэг. Ахархан амьдралдаа тэр хайрыг мэдэрчихээд л үхчихвэл харамсах зүйлгүй гэж боддогтоо л хайсан.
- Яагаад гэвэл миний цээжинд хангалттай байгаа хайрыг би хэн нэгний цээжинд байж л таараа гэж бодсондоо хайсан. Зөндөө л хайсан.
- Олон ч бүсгүйтэй учирсан. Олоогүй /гунигтайгаар санааширав/

Тэгээд залуу ширээнээс босч өнөөх хуучин пянз тоглуулагчийн дэргэдэх өөр нэгэн хэлбэртэй лааг асаана.

- Намайг хайрладаг бүсгүй байсан юмаа. Хацар хамар томтой. Барагдашгүй их хуял тачаал шигээ тарган биерхүү эмэгтэй. Тэрний энхрийлэл дүүрэн шөнүүд халамж одоо ч санаанд минь тодхон. Амьдарч болох байсан. Гэхдээ намайг сохор болхоор минь хайрласандаа бус миний “ЭЗЭН” байх гэж хүсдэгийг мөн сохор хүнтэй хэн ч насаараа хань болж амьдарахгүйг би ойлгосон. Насаараа надаас эгч байсан байх. Яг таг надад насаа хэлээгүй ч миний зөн совин “насаараа чамаас олон эгч” гэж дандаа чихэнд минь шивэгнэдэг байсан. Би ганцаардахын эрх чөлөөгөө хүссэн. ЭРХ ЧӨЛӨӨ. Магадгүй харанхуйд ганцаардах энэ ЭРХ ЧӨЛӨӨ.

- Лаа минь чи харанхуйд л гэрэл гэгээ бэлэглэх гэж асаад байдаг гэж чи бодно уу?

Залуу өөрөө өөртөө

- Үгүй дээ үгүй
- Чи андуурч, том андуурч.
- Харанхуй ч өөрөө гэрэл гэгээтэй байдгийг чи мэдэхгүй л дээ.
- Тэгээд ч хүмүүс харанхуйд амархан дасчихдаг юм шүү дээ.
- Би чамаас дулаан бүлээн уур амьсгалыг мэдэрдэг. Гарт минь мэдрэгддэг юм. Тэгээд сэтгэл зүрхийг минь нэгэн цагт татаж байсан бүсгүйчүүдээ дурсдаг юм.

Залуу

- Пянз тоглуулагчийн тэндээс урагш очиж аяга тавагны тавиурын дэргэд тавьсан лааг асаана. Асаахын өмнө лаагаа гараараа барьж илбэн үзнэ.
- Миний бүх юмс эмх цэгцтэй байх ёстой. Замбараагүй байна гэдэг мөхөхийн шалтаг...
- Тийм ээ. Санаж байна. Өндөр гуалигхан хөөрхөн охин. Миний хайр. Намайг ойлгохын дээдээр ойлгож чадах ганц хувь бүсгүй. Үзэсгэлэн гоо гэж жинхэнэ түүнд л заяасан гэдэгт би итгэдэг. Ариухан дагшин охин. Даанч бидэн хоёрыг гэрийнхэн нь холдуулсан. Арга ч үгүй биз. Хоёр сохор хүн яаж ч амьдрах юм билээ. Дэндүү гоо үзэсгэлэнт ариухан охин. Нандинэрдэнэ минь.

Залуу ширээнд буцаж суугаад. Ширхэг тамхи авч асаагаад уртаар нэг сорно.

- Та нар харж байна уу? Энэ утааг. Хүүхэд мэт томоогүйгээр инээмсэглэнэ.
- Би юм болгоныг төсөөлөх дуртай. Тамхины утаа их сонин эд байдаг байх. Гарт тэмтрэгдэхгүй. Их амархан хөрчихдөг халуун утаа. Гарыг минь төөнөхгүй хэрнээ хардаггүй нүдийг маань хорсгодог. Сонин утаа.
- Энэ утаа дээшээгээ хөөрөөд л өрөөний минь таазанд бөөгнөрөн тогтчихдог байх. Бөөн утаан дунд л би хэдэн лаатайгаа сууж байдаг байх. Тэгээд л намайг хүмүүс тэр болгон анзаардаггүй ч юм билүү...
- Миний тамхинаас гаргасан утаа эхлээд миний уушгаар дүүрээд тэгээд тэндээсээ бүх биеийн минь эд эс бүхнээр тархан нэвчээд эд эс бүрийг минь ширхэгчлэн тэмтчиж нэгжиж сая ханаад тэгээд намайг буцаагаад үлээхээр өрөөгөөр минь нэг тардаг биз.
- Энэ утаа намайг сайн мэднээ. Дотор минь ороод гарсан юм болхоор. Сайн мэднэ. Миний утаа. Миний лаанууд.

Залуу ширээн дээрх үлдсэн архийг хундагандаа дуустал нь хийж уугаад босно. Тэгээд цонхны тавцан дээр тавьсан нэгэн лааг очиж асаана.

- Би нэг л юманд итгэдэг. Миний цээжинд хайр хангалттай их байгаа гэдэгт. Яагаад гэвэл намайг хүн болгож өсгөсөн миний эмээгийн хайр миний цээжинд өвлөгдсөн. Эмээгийн хайр зүрхэнд минь хадгалагаж үлдсэн. Би эмээ шигээ хүнийг хайрлаж чадах хүнийг хайгаад олоогүй.
- Магадгүй орчлон дээр тийм хүмүүс үлдээгүй ч байж болох л юм. Орчлонг өөр өөрийнхөөрөө хардаг хүмүүсийн зүрхэнд хайр байж боломгүй байдаг ч юм бил үү.
- Би дандаа боддог байлаа. Орчлонг нэг харчихаад үхчих юмсан гэж.
- Надад одоо тэгж бодогдохоо больсон. Цээжиндээ хайр сэтгэлгүй болоод үхчихгүй юмсан. Эмээгийнхээ өвлүүлж үлдээсэн агуу их хайрыг хаячихвал би хэн болж үлдэх юм бэ?
- Над шиг цээжиндээ зөндөө их хайр хадгалж яваа хүнийг би яасан их хайж вэ?
- Хичнээн ч бүсгүйтэй учрав даа. Заримынх нь дуу хоолойг ч мартаж. Тэд бүгдийн цээжинд миний хайсан хайр байгаагүй.
Дэндүү давчуу орчлон юм даа.

Залуу цонхны салхивчийг нээнэ. Хүчтэй салхи өрөөгөөр нэг салхилж бүх лаа унтарна. Залуу салхивчийг буцаан хаана. /энэ үед өрөөний бүдэг гэрэл лаатай хамт унтарна. Тайз нилэнхүйдээ харанхуй болох бө гагцхүү халамцуу сохор залуугийн татах тамхины ОЧ л өрөөнд гэрэлтэнэ. /

- ХҮЙТЭН БАЙНА. ГАДАА ХҮЙТЭН БАЙНА.
- УГААСАА Ч ХҮЙТЭН ОРЧЛОН ЮМ ЧИНЬ... ха ха ха залуу инээмсэглэнэ.

- Бүх юмс ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ЭМХ ЦЭГЦ
/ Өнөөх хуучин пянзны дан хөгжмийн гунигт аялгуу дуусна. Залуу ширээнд очиж лаагаа тэмтэрч үзнэ/
- Өрөөнд хүйтэн байна. Бүсгүйчүүдээ надад халуун дулаан уур амьсгал чинь мэдрэгдэхгүй байна.
- Өөөө яагаад? Та нарыг минь орчлонгийн хүйтэн салхи унтраачихсан уу? Санаа зоволтгүй одоохон би та нарыгаа асаагаад өгье. /Сандрангуй ширээн дээр шүдэнз хайна..../

- Заяагүй амьтан. Заяагүй амьтан. Шүдэнз нь цагаа олж дуусчихаараа яадаг байна... Шүдэнз... Гал...

/Сандрангуй цахиртсан хоолой өрөөгөөр нэг хараал урсгана. /

Залуу цонхон дээрээ очиж салхивчийг дахин нээнэ.

ХҮМҮҮС ЭЭ НАДАД ГАЛ БАЙВАЛ ӨГӨӨЧ...
ТУСЛААЧ...
АСААХ ЛАА НАДАД БИЙ...
ЗӨНДӨӨ БАЙГАА
ГАЛ ӨГӨӨЧ ХҮМҮҮС ЭЭ...

- /аажмаар сохор залуугийн татаж байсан тамхины ОЧ ч үгүй болно. Гал гуйх залуугийн цөхөрсөн дуу хоолой аниргүйд уусан алга болно/

ОРЧЛОН НАМ ГҮМ, ТҮНЭР ХАРАНХУЙ...
НАМ ГҮМ ХҮЙТЭН ХАРАНХУЙ ЕРТӨНЦ.
АНИР ЧИМЭЭГҮЙ...


2006 он. Улаанбаатар хот