Pages

28 March 2010

.
.
.
.

Бүрэнхий гудамжинд
Ижийгээсээ төөрсөн хүүхэд уйлах мэт
Сэтгэл зовиурлангуй,
Усан бороо шаагина.
Бишүүрхэх мэт газрын хөрс
Усаа дааж, шингээж ядаад
Эргэн тойрон шавар шавхайд дарагдана.
Баахан хуцалдан, улилдах ноход нь ч
Уйтгарлангуй, санаашрах мэт нам гүм болоод
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагийн амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш
Наохын завь мэт дүнзэн байшингийн
Зууханд ноцох галын чимээ
Зэвэргэн санаа алдахыг минь далдалж үл чадах
Хайртай гэдэг үг зөвхөн
Халуун пийшин ноцсон шавар байшин дотор хамаатай мэт
Хий үзэгдэл болоод чөтгөр шулмын тухай яриа
Хажуу байшингийн дээвэр доор суух
бяцхан жаалуудын дунд өрнөнөө.
Хаана ч байхгүй эгэл даруухан амьдрал
Энд л өрнөж
Халуун цай, дулаан хөгжил бодогдоно.
Гадаа дүнсгэр уйтай
Гэгэлзсэн үдэш ганцаар алхахад
Хошуу цорвойлгон аргаддаг сар ч харагдахгүй
Усан манан.
Харанхуй усан бороонд хоригдсон тэнүүлч сэтгэл
Хаашаа ч юм нисэн одмоор...
Хий үзэгдэл мэт хаа нэгтээ одмоор...
Уйтгартай...
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагын амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш...

“Бүгд над шиг хийсвэр“ номоос