Pages

30 May 2010

.
.
.
.
НОЙРОО МАРТАГСАДЫН ЕРТӨНЦ ДӨХ
ГАНЦААРДАЛЫН ШҮЛГҮҮД


Бөгчим,
хэтэрхий бөгчим
Халуун чийглэг агаар /хүзүү цээжинд асна/ энгэр ярна
Шавар тагзны маань зүүхэнтэй орших цөөрмөөс
Орчлонг бүүвэйлэн гуаглах мэлхийн дуу
Чихний омгийг минь үмхэлэн тачаадуулна.
Хуанлийн хуудсан дээр тэмдэглэгдээгүй
эрт орой, элэн галавын зүүднүүд
Хүйтэн шалан дээр халамцуу хөзөрдөнгөө
- Хувь тавиланг чинь мэргэлж өгнөө... хэмээн намайг хуурах
Бөгчим, хэтэрхий бөгчим
Халуун чийглэг шөнө
Нэлэнхүйдээ хөндүүрлэн туйлдсан бие
Дэлхийн татах хүчнээс алс тасран одогч мэт жингүйдээд
Сэтгэл, оюун юугаа мартагнах эгшин
Зүүрмэглэх төдий
Хэтэрхий бөгчим шөнө
Өдрийн явдал нүдэнд харагдаад
Шилэн хоргоны шаазан мэт будмал охид
Зүрх гижигдээд
Хачин омголон залуу насыг минь
чихэнд минь шивэгнэн сануулах
Зуны бөгчим шөнө.


Бэх нь хатаж амжаагүй шүлэг минь...

27 May 2010

.
.
.
.
1989 онд Phil Collins хэмээх аваргын гаргасан But Seriously хэмээх цомог бий. Энэхүү цомогт орсон “Another Day in Paradise” гэж үнэн гоё дуу бий. Бага байхад сонсдог байсан ухаантай. Тухайн жилээ Их Британ, Америкийн billboards- №1, №2-т мөн ч удаан бичигдсэн түүхтэй дуу. Тухайн үед тайзан дээр дуулж байхад нь “Рок өвгөн” гэж хашгирсан үзэгч рүүгээ улаан галзуу үсэрч очоод ухамсарын шанаа өгч байсан англи эр юм гэнэ билээ. За тэгвэл энэ гайхамшигт дууг Монгол хувилбартай нь хамт сонсоод үзье. Мэдээж Монгол хувилбарыг нь жаахан өөрчилсөн R&B стилийн болгосон нэг биш 4 од зэрэг дуулж хүндэтгэл үзүүлсэн гэх мэт өөрчлөлт оруулсан юм байна.



За одоо Баярхүү хэмээх Монгол залуугийн жинхэнэ remex хийсэн дууг сонсоё...
Луйварын хот киноны дуу...



Миний нэг чих сонсгол муу тул андуурсан тал байж болно гэдгээ эцэст нь хэлье...

23 May 2010

.
.
.
.

Рок хөгжимд би дуртай. Нүдээ тас аниад толгойгоо савчиж үсэрмээр санагддаг үе зөндөө. Юу ч бодохгүй, юунд баригдахгүй яг тэр л мөчийн мэдрэмжээрээ аягламаар санагддаггүй тийм хүн гэж нэгээхэн ч үгүй байхаа. Тийм нэгэн саваагүй залуу халуун насны минь хүсэл мөрөөдөлийг минь аялгуу энэ NIRVANA. Тэртээ 1990-ээд оны бацаан байхыг маань санагдуулаад байдаг юмаа. Тал тал тийшээ юм юм руу үсэчсэн бацаан. Гэрээс барагтай бол гардаггүйь ганцаардагч, бяцхан рок. Одоо ч сонсох дуртай дуу. За ингээд хамтдаа сонсъё... “Nirvana - Smells like Teen spirit”



Тийм ээ...

- Зүрх сэтгэлээ дагаад
Зүрх сэтгэлээ чагнаад
Зүрх сэтгэлээ чөлөөлөөд
Зүрх сэтгэлээ сулд нь тавиад
Зүрх сэтгэлээ дагаад
нисчихмээр...

20 May 2010

.
.
.
.
ЯРУУ НАЙРГИЙГ өмөөрөхүй

- “ Хааяа ч ганцаараа суугаад аяга шар айраг уух ч сайхан шүү.
- Заавал яагаад ганцаараа гэж?
- Ухаантай хүнтэй үг солих сайхан байдаг юмаа”
гэж хэлсэн манай нэг яруу найрагчийн үг санаанд минь орохоор явдал саяхан надад боллоо.

Ням гаригийн амралтын өдөр гэдэг хүний нутагт цаг наргүй ажиллаж амьдарч буй бидний хувьд нутаг нэгтэнгүүдтэйгээ хууч хөөрөх бас мэдээлэл солилцох хийгээд сэтгэл санааны амралт болдог билээ. Нэг тийм л амралтын өдөр хамт ажилладаг ах хүүг даган монгол зоогийн газар хэсэг нөхдийнхөн хамт саатав. Юм юм л болов. Ажил төрөл, ар гэр, элгэн садан, эх нутаг, солонгос дахь өдөр тутмын амьдрал, охид хүүхнүүд болоод цаашлаад бүр улс төрийн хэвийн бус байдал дахь эмзэглэл гээд бүх л сэдвийн яриа манай ширээн дээр хөглөрөвөө. Яриа болгон маргаанаар төгсөх үед газарчилж очсон ах хүү маань уур амьсгалыг зөөлрүүлдэг хүн болоод намайг яруу найрагч хэмээн бусдад зарлачихдаг юм байна. За тэгсэн

- “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм шиг байна лээ” гэдэг шиг юм болов оо хө.

Яруу найргийг мэдэхгүй ойлгохгүй хэн ч бидний дунд алга. Сайхан сэдэв юм. Хааш нь ч эргүүлж болохоор тогтсон нэгэн тийм гэсэн тодорхойлолт үгүй төгсгөлгүй сэдэв. Энэ яруу найраг...

За явж өгч байнаа манай ширээний нөхдийн яриа. Ямартаа ч нөгөө нэг алдарт нутгийнхаа аваргуудыг эхний ээлжинд тоочоод авцгаалаа. Дараагаар нь Монголын утга зохиолыг жалга довоороо хуваагаад явчихлаа. Тэгсэнийхээ дараагаар нас шүдээр нь болон он тооллоор нь /90-ээд оныхон болон ахмад үеээр нь/ хооронд нь дайсагнуулчихав. Тэднийг арай зэвсэглэсэнгүй. Тэр дайнд ороогүй үлдсэн хүмүүсийг нэр алдар шагналаар нь ангилчихлаа хө. За энэ бүгдийг хаана нь ч нэр нь үгүй над мэтийн хүмүүсийг яруу найрагч мөн бишээр нь шийдэх дээрээ тулав. Лут мэдлэгтэй, мэдэлтэй ард түмэн юмаа манайхан.

За хамгийн гомдмоор эмгэнэлтэй яриа эцэст нь чих дэлсдэг байгаа. Тэдний ярианд голлох үүрэг гүйцэтгэсэн нөхөр яруу найрагч болох боломж байгаагаа гэнэт зарладаг байгаа. Монголд очоод од болох юм гэнээ. Үүнд нөгөө нутаг усныхан ах дүү нар дэмжих юм л гэнэ халаасандаа мөнгөтэй эр хүнд болохгүй бүтэхгүй ажил үгүй юм гэнэ. Ам руу нь алгадаад авмаар санагддаг юм билээ.

Агуу хүмүүс шүү манайхан. Болчихсон байхыг нь би үгүйсгэхгүй л дээ. Эрүүл мэндийн сайдыг нь сэтгүүлч хийчихдэг, Сангийн сайдыг нь нийгмийн ажилтан ч хийчихдэг болдог хууль тогтоох засаглал нь спортынхоор дүүрчихээд байхад чинь дээ.
Тэртээ хэдэн жилийн өмнө Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлд алба хашиж байсан маань санаанд орж ирлээ.

- Хөгшчүүл их ирнээ. Дэвтэр дүүрэн шүлэг бариад. Яруу найрагч болж байгаа нь тэр ажээ. Тэтгэвэрт гарчихаад хийх юм олдохгүй болохоор нь гэж хэнэггүйхэн хэлж суух тэр хөгшчүүлд юу ч хэлэх вэ дээ. Таны наадах чинь мөр холбосон өдрийн тэмдэглэл л байнаа гэж хэлээд л баахан хатуу зэмлэлтэй үлддэг байсансан. Өөрийн эрхгүй тэр санаанд минь буудаг юм билээ.

Тэгтэл Монгол улсын ирээдүйг авч явах залуучууд маань ийм юм яриад халамцуу сууж байх гэж. Соёл урлагийн бодлого маань анхнаасаа буруу зөрүү явсан маань эндээс л харагдаж байгаа юмаа. Их урлагийг төр гудамжинд гаргасаны шинж биш гэж үү. Жинхэнэ уран бүтээлчид нь талхны мөнгөө яая гэж байхад юун соёл урлагийн бодлого энэ тэр вэ? Тэртээ тэргүй амьдралд нь зөндөө асуудал байхад чинь.

Гэхдээ л “ЯРУУ НАЙРГИЙГ ӨМӨӨРӨХ” сэтгэл надад өөрийн эрхгүй төрж билээ. Мөр холбосон болгон нь яруу найраг биш гэдгийг ойлгохгүй яваа уншигчидыг яалтай ч билээ. Шүлэг, яруу найраг хоёрынхоо ялгааг хэдэн уншигч маань ялгах бол? Би яруу найрагч гэж өөрсдийгөө нэрлэхээсээ өмнө жинхэнэ яруу найргийн өмгөөлөн хамгаалагч нь мөн “жинхэнэ” уншигч байж бусдын явах замд зөв зүгт нь “чийдэн” болж байх хэрэгтэй юм болов уу гэж надад бодогдлоо.

- Хачин их бухимдалтайгаар “амандаа үглэсээр” ганцаараа уушийн газраас гарч зам даган алхсаар харьж билээ би.

Ухаантай хүнтэй ч үг солих сайхан юм даа...

2010 оны 05-р сарын 16-нд. Сөүл хот.

15 May 2010


.
.
.
.

БИЙР...

Би орчлонгийн хамгийн
Том бийр...
Нилэнхүйеэ цагаан дэвсгэр бүхий орчлонгийн
Гэрэл гэгээ, харанхуйг салган тусгаарлаж
Цэлэлзтэл мэлтэлзэх нулимс шигээ
Усан цэнхэрээр тэнгэрийг урласан
Би томоос том бийр...
Тархийг минь
Толгойг минь
Зовлонд дүрж
Цаг хугацаа
Цав цагаан хорвоог
Надаар л чимэглэдэг.
Угтаа оргүй хоосон
Жаргал зовлонг ялган урлаж
Унтарч буй тэнгэрийн ганц лааг
Нар сар хэмээн нэрлэж
Бурхадын мэлмийг одод мичид болгож
Надаар бичдэг...
Би орчлонгийн хамгийн том
Бийр...
Зүрхийг минь
Сэтгэлийг минь
Гунигаар шингэлж
Он жилүүд
Огтын байхгүй оршихуйг
Надаар л урладаг.
Миний тархиар л бүтээгдэх
Би энэ ертөнцийнхөө хамгийн том
Бийр...

2007.04.03 - 2009.11.21


Ойрдоо үзэг цаас /компьюторын ард суулгүй/ нийлүүлэлгүй удлаа. Хаврын уринд хүрзтэй нөхөрлөөд өөрөө өөртөө цаг илүүчилж завдалгүй нойронд автсаар хоног өдрүүдийг барж байна даа. Нөгөө Монгол кинонд гардагчлан уушийн газар халмагдуухан “ЦАГТАА БИ ТА НАРЫН ДЭЭГҮҮР ДАЛАЙН ТӨВШИНӨӨС 1500 МЕТРТ НИСЧ ЯВЛАА. БИ АРДЫН АРМИЙН НИСЭХ ХҮЧНИЙ АНГИЙН СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧ БАЙЛАА...” гэдэг шиг л юм болж байна даа.
Заримдаа бодогддог юмаа. “Ингэж хоёрын хооронд бичигч байснаас бүүр больёо...” гэж тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй л юм чинь дээ. Монголын их утга зохиол над мэтийн шалдан бацаанаар дутна гэх биш, аль эсвэл ямар Янжаа эгчид тунирхаж байгаа биш, хэн ч хүчлээгүй хэн ч гуйгаагүй байхад дур зоргоороо бичиж эхлэсэн 16 насаа буруутгалтай биш. Яалтай ч эд билээ дээ.
Гэхдээ л би өөрийгөө хөгтэй хүн гэж боддог. Тэгж ч амьдардаг нэгэн. Тиймдээ ч сэтгэл зүрхнийхээ үг, уураг тархиныхаа төсөөлөл, хаанаас надад ирдэг нь мэдэгдэхгүй хачин мэдрэмжүүдээ цаасан дээр буулгахгүй байснаараа би өөрөө өөрийгөө л булшилж байна гэдгээ мэдэрсэн.
Ямартаа ч Сүхзориг миний бие бичсээр байгаа...

05 May 2010

.
.
.
.

Цаг хугацааны төсөөллөө алдах үед
Бие минь одож, сүүдэр минь үлдээд
Бурхад болоод албин чөтгөрийн амсаагүй эрх чөлөөг эдэлж
Би бодол болон хувирна...

Хэн нэгэн намайг эргэн дурсаж
Хэлбэр дүрс, ухамсарыг минь
Харандаа шугам бариад зурж эхэлбэл
Өндөр, өргөн, урт гурвын дунд би ирнэ

Бүхэл ухамсар маань бутархайд шилжиж
Бяцхан хүүхдийн маань аньсганд нулимс хурах үед
Бодол санаа минь орчлонгийн эхлэлээс төгсгөл хүртэл
Хөнгөн хөгжмийн аяс аятай тархан нэвчинэ...

2000 он
“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос


Энэхүү шүлгийг одоогоос 10 жилийн өмнө бичжээ. Би утга зохиол судлаач шүүмжлэгч биш хэдий ч өөрөө энэ мэт хэдэн шүлгээ кубизмын чиг хандлагыг илэрхийлэх болов уу гэж боддог юм. Залуугийн юм даа.