Pages

26 June 2010

.
.
.
.

Амиа хорлогсдын кафе

Нэг аяга өтгөн кофе
Сүүгүй байвал / чихэргүй /
Зүгээр.
Хоёр ширхэг тамхи
Нэг сум, макаров
Metallica – Nothing else matters
Чангахан шиг тавиарай.
Гэрээслэл бичих
Цаас, үзэг хэрэггүй.
- Сүүлчийн үг үү?
Бурхантай очиж
заргалдах минь…
Аан тийм
Чүдэнз байвал өгдөө...


"ЯАГААД ЗААВАЛ ЗААВРЫН ДАГУУ
АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ..?"


бүл шүлгүүдээс


.
.
.
.

Сэдэв: "Халаасны өрөө" шог өгүүллэг А.Амарсайхан



ХАЛААСНЫ ӨРӨӨ


/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

Мэдээллийн эх сурвалж: http://amarsaikhan.blogspot.com/2008/04/blog-post_21.html

24 June 2010

.
.
.
.

Зиак хө. Утга уран зохиолын хэнээтэнгүүдэд зориулан миний бие болон яруу найрагч Я.Баяраа бидэн хоёр "Халаасны өрөө" сэдвээр шүлэг бичих чөлөөт бичлэгийн уралдаан зарласан билээ. Одоогоор надад хүмүүсийн уран бүтээл ирээгүй байна. Эрхэм дүүд явуулсан байж болох талтай. Товлосон хугацаа маань өнөөдөр тул ямартаа ч өөрийнхөө шүлгийг эхний ээлжинд сонирхуулъя...

Халаасны өрөө

Асуух хэрэггүй ээ
Оршин суугаа хаяг тодорхой үгүй
Айлын хажуу бөөрөнд амьдрал минь буцалж байна...
“Манайд тавтай тухла” гэсэн үг хориотой
Энэ миний буй байдал
Зузаан номны завсар хавчуулж хатаасан цэцэг шиг
Завсар зайгүй чихэлдсэн амьдралын нугачаанд толгойгоо хавчуулчихаад
бие хөсөр санжигнах амьдрал минь
Хаалганы чихран хяхтнах чимээ нь ч “зожиг” намайг адлах мэт
Хачин урт санаа алдалт дагуулах миний эрх чөлөөт амьдрал
Халаасны өрөө...
Асуух хэрэггүй ээ...

2010.06.24. 21,53 минут Сөүл хот

Гончигийн Сүхзориг.

21 June 2010

.
.
.
.
Яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа дүүтэй бид хоёр “Их сургуулийн гудамж” сэдвээр шүлэг бичиж үзвээ. Мэдээж Yahoo.messenger-ээр шүү дээ. Ийнхүү дор бүрнээ богино нэг нэг шүлэг бичсэн билээ.

Ядамсүрэнгийн БАЯРАА (6/18/2010 11:40:12 PM)

Их сургуулийн гудамнаа голт бор цэцэглэхийн үед
Ихэмсэг зангийн улаан навчис цээжнээс хагдраад
Итгэл найдварын цагаан нахиа түрэн цухуйхийг
Ихэмсэг бардмаар
Түрэн цухуйхийг олж үзнэм.
Гудас хаяад л унтмаар гудамханд минь
Голт бор цэцэглэхийн үес.

* * *

Г.Сүхзориг.

Энд миний “залуу нас”
Эргэлзээ үгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд
- хаа нэгтээ нь холхин яваа мэт санагдах
Энд тэртээ хэдэн оны өмнөх
Төгсөлтийн өдрийн өнгөт цэцэгс
Өнөөдөр охидын дүрд хувилчихаад яваа мэт төсөөлөгдөх
Их Сургуулийн гудманд би саатнам...
...Энэ л гудамжины хаа нэгтээ миний “залуу нас”
Цэцэг шиг охид сугадан яваа мэт ээ...

2010.06.19. 00.14 минут

18 June 2010



/Солонгосын далайд хийсэн аялалын зурагнаас /

Хүсэл мөрөөдөл минь
Хурууны өндгөнд имрэгдсээр
мөлийсөн эрхи шиг
Эрхиний бөөр шиг
Зүрх сэтгэл, хувь тавилан минь
Он жилийн нугачаанд элэгдсээр
гөлийсөн зоос шиг
Зоосны хоёр тал шиг
Оюун ухаан, бодол минь
Урсгал голд хэвтсээр
мөлийсөн чулуу шиг
Чулууны гадаргуу шиг
Зөн совин минь
Шөнөжин орсон борооны дараах
цэлмэг тэнгэр шиг
Тунгалаг агаар шиг
Ариун...
...Тосон ирэх он жилүүдийн салхийг
зүсэн тэмүүлэгч
Улам тунгалагшин нягтарах
Бядан явагч - Хүмүүн

2010.03.13 –нд Сөүл хот

16 June 2010

.
.
.
.

공치그 수흐조리그


호프집


여기서 나는...
사간을 멈추고
행복함의 탈을 온종일 서성인
내 그림자
자정을 넘긴 지금이야 허라를 펴듯
한숨을 돌리는
호프짐의 불빛이 나한데 어울린다
내 실제 모습을 닮아서
나는 흐린 불빛 속으로 스며든다...
거친 내 목소리처럼
철지난 유행가가 귓속으로 흘러들면
언젠가 시달린 악몽의
끈을 풀 수도 있을 것 같다...
유연한 몸짓의 웨이트리스와 사랑에 빠진다
그녀는 언제나 나에게 아무것도 묻지 않는다
나처럼 우울하고, 자신의 모습을 감춘 채
외로움에 떨고 있는...
고통스러운 사내들이
한쪽 구석에서 주먹으로
탁자를 내리친다, 갑자기!
... 이제 집으로 돌아가서
내 꿈을 안아야지...

2003.01.25


ШАР АЙРАГНЫ ГАЗАР


Энд л би...
Цаг хугацааг зогсоочихоод
Жаргалтай хүний багаан тайлж
Тэнүүлчин эзнээ дагаж өдөржин холхисон
Сүүдэр
Шөнө дунд сая нэг нуруугаан амраах адил
Амсхийдэг
Эндхийн гэрэл надад зохидог
Миний бодит төрхтэй ижилхэн
Болохоор
Бүүдэгхэн сүүмгэр гэрэлд би уусдаг...
Хайр үгүй хахирган хоолойтой минь адил
Хуучирсан аяз чихэнд хоногших нь
Хаа нэгтээ харж дарж зүүдэлдэг зүүдний
Учрыг тайлах оньс мэт санагддаг...
Энэ уяхан хөдөлгөөнтэй зөөгч охинд би дурлачихаж
Хэзээ ч юу ч надаас үл асууна
Над шиг дүнсгэр, баг зүүсэн
Ганцаардмал...
Зовлонт эрсийн
Зангидсан гар тэнд
Ширээ шаах чинь!
...За гэртээ харьж
Зүүдээн тэврэе...

2003.01.25


Энэхүү шүлэг "Дэлхийн утга зохиол" БНСУ-ын сэтгүүлийн 2004 оны өвлийн дугаар дээр хэвлэгдсэн шүлэг. Монголоос БНСУ-д анхны докторын зэрэг хамгаалсан Цэрэнхорлоо эгчийн орчуулга билээ. Уг сэтгүүлд Д.Нацагдорж, Б.Лхагвасүрэн, С.Эрдэнэ нарын уран бүтээлээс бас орчуулсан юм.

13 June 2010

.
.
.
.

Translated by Dashdavaa.G


I follow you


I fly in rain among rain drops
Following you
At my wit’s end
Waiting to flop
Your wet unlined dress
I’m like curious flashy wind

Rustling leaves fly among leaves
Following you
Waiting to get blown away
Your towel like flags
I sighed
I’m like a leave
Sighing and flying

I wait for you
Soaring among falling snow flakes
Waiting you to take off your wool cap
At my wit’s end
I’m a greedy and passionate mind

I look at you
Between young vegetation
Growing under feet
I contemplate how to look
At your bare shank
I’m grief sadness
At wits end waiting

I’m a wind
Leaf
Love
Sadness
Following you

2006.


나는 너를 따라간다


나는 빗속에서 빗방울과 함께 난다
너를 따라가며
내 재치의 끝에
너의 젖고 주름이 없는 옷을 펄럭이기 위해
나는 호기심에 가득 찬바람과도 같다

바삭거리는 잎새들 사이를 난다
너를 따라가며
깃발 같은 너의 수건을 날려 보내기 위해

나는 한숨을 쉬었다 나는 한숨을 쉬고 나는 잎사귀 한 장과 같다

나는 너를 기다린다
떨어지는 눈송이 위로 솟아오르며

네가 너의 털모자를 벗길 기다리며

내 재치의 끝에 나는 욕심 많고 열정적인 정신

나는 너를 바라본다
발밑에서 자라는 식물들 사이로

나는 너의 맨 정강이를 찬찬히 본다

나는 깊은 슬픔이다
재치의 끝에 기다리고 있는

나는 바람이며
풀이며, 사랑이며,
슬픔이다
너를 따라가는


2006년



ЧАМАЙГ БИ ДАГАДАГ

Бороо борооны дуслуудын завсараар би нисч
Чамайг дагадаг
Норсон даашинзыг чинь дэрвэхийг хүлээж
Аргаан барсан
Би саваагүй савсаг салхи

Сэрчигнэх навчис навчисын дундуур хийсэж
Чамайг дагадаг
Дарцаг адил дэрвэх алчуурыг чинь хийсэхийг хүлээж
Шүүрс алдсан
Би санаа алдан хийсэх навчис

Будрах цасан ширхэгүүдийн завсраар дүүлж
Чамайг хүлээдэг
Ноосон малгайгаа тайлахыг чинь хүлээж шанханд чинь шунаж
Цөхрөнгөө барсан
Би шунаг тачаангуй халуун сэтгэл

Хөлийн доороос гижигдэн ургах нялх ногоодын дундаас
Чамайг хардаг
Нүцгэн шилбийг чинь харах гэж л
Бодол болдог
Би хүлээн цөхөрсөн бодлын цагаан гуниг

Би чамайг дагадаг
Салхи
Навчис
Сэтгэл
Гуниг

2006 он

"DELPHIC-III, JEJU-2009" Дэлхийн соёл урлагийн их наадамд уншсан шүлэг маань. "Охиндоо, Чамайг би дагадаг" хэмээх хоёр шүлгийг маань Англи хэлрүү ахмад орчуулагч Гомбо овогтой Дашдаваа ах маань гайхамшигтай сайхан орчуулж өгсөн билээ. "Бүгд над шиг хийсвэр" номоос

11 June 2010

.
.
.
.
Энэ бол миний авсан санаанд оромгүй том бэлэг байлаа. Яруу найрагч Б.Баясгалан дүү маань радиод уншсан шүлгүүдийг маань эмхэтгээд ийм сайхан зүйл болгожээ.

08 June 2010

.
.
.
.
Дээр амласан ёсоор "урт хөлт"-үүдийн тухай бусад яруу найрагчдын бичсэн ганц хоёр шүлэг оруулъя.

За ингээд зангианаас огт салдаггүй даргын суудлын даллагатай хоёр яруу найрагч болон шинэ залуу яруу найрагчийн шүлгийг та бүхэнд танилцуулж байна.

НЭГ. Эрдэнэтээс хотод Нисванисын Энх-Амгалан Эрдэнэ-Солонго хоёр 1990-ээд онд хөтлөлцөөд ирсэн юм гэнэ билээ. Тэр үед зангиатай байсан үгүйг нь би мэдэхгүй юм. Гэхдээ одоо бол байнга зангиатай явна шүү дээ. “Зууны мэдээ” сонингийн орлогч эрхлэгч МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго

Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг

***

Эмэгтэй хүн бол...

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш
Эмзэг нарийн хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог
Анивчсан хөөрхөн, зөөлхөн цагаан хүүхнүүд
Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд
Амьсгал давчдаад зовлонтой байдаг.
Уйдах завгүй хачин ганцаардалдаа эзэмдүүлж
Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг
Шагшин гайхаад барахгүй
Шал дэмий толгой сэгсэрдэг.
Олон хаалгатай, олон цоож түлхүүртэй
Оньсон тоглоом юм тэд
Тоглож тоглож уйдсан
Тоглоомоо тэгээд эвдсэн
Томоогүй жаалын зүрх яагаад
Том том цоорхойтой байгааг
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүдээс асуух хэрэгтэй
Эмэгтэй хүн бол хүн биш
Тэднийг бүтээсэн чөтгөр өөрөө
Эмэгтэй байсан байх аа ...


* * *

ХОЁР. “Охидын шилэн оймсны цаанаас
Хавар ирэх”- тухай олоод харчихдаг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Моломжамц

...Өдрөөр бөөгнөрөх тэрэгний хашгираан
Үзтэл нүдгүй хүмүүсийн инээж сувдаглах
Урт гудамж шиг хөлтэй бүсгүйн
Уйтгартай хачин бардам яриа
Миний хотын хаана ч хөвөх
Мэндгүй архичдын тэнэмэл сүүдэр ч
Аргагүй эртний загалмайт бурхдын
Арвин суртлаас ч тохой өндөр өө
Өсгийдөө жадтай бүсгүйчүүдийн гоо сайхан
Үдшээр нүргэлэх цэнгэлийн амт
Хиймэл дүртэй нүцгэн ноёдын
Хэмжээлшгүй алдар нь ч бүхнээс өндөр өө... /шинэ шүлгийнх нь хэсгээс/


***

Охид, нойтон бургас, голын эрэг
Ороолгож хөөх эрийн харц мэт хурц нар төөнөж
Голын уснаас уяхан долгис цацарна
Дөрвөн нvдтэй хөөрхөн банхар эрэг дээр гvйж ирэн
Охидын дотуур хувцсыг хайж,
Ойрхноос ажаад буцах нь
Ондоо нэгэн тvvнд хувилж ойрхноос сонжих шиг болно
Ус цацалж, уяхан дуу цацраасан охид эрэг дээр сууж
Урьхан шувуудын зэл татан буцах шиг хөхөвчөө өлгөж
Нойтон бургасны зvvдийг сэрвэлзvvлнэ
Аальгvйхэн охидын анхил биеийг vзэхvл
Алтан зулын дэлбээ задрах шиг болоод
Сэрvv татаж салхи сэвэлзэх нь намар мөн оройхон
Охид, нойтон бургас, голын эрэг хаана..
Орь ганцаар тэнгэр ширтэн зогсоно, би


ГУРАВ. Утга зохиолын хүрээндээ шинэ мянганыхан хэмээгдэх болсон "Хөх мэдрэхүй" яруу найргийн бүлгэмийн гишүүн яруу найрагч Ө.О.Элбэгтөгс дүү маань

Буудал дээр автобус хүлээж нэгэн бүсгүй зогсоно
Үс нь урт, ууц нь тэгш, хөл нь ээ бүү үзэгд
Яг л гайхмаараа дэргэд эгшиглэх мэт
Япон уу? Солонгос уу? Хонгконг уу? Хаашаа явах вэ?
Яармагийн автобус мэт яг энд мөрөөдөл зогслоо.
Тэр бүсгүй.
Явж ороод өөдөөс ирэмлээ.
Будант Франц, буурал Британи
Эртний Константинополь Эйффилийн цамхаг,
Европын бороо
Эрээн шүхэр шаргал үс, энд тэндгүй хосууд
Автобус аль хэдийн алга болжээ.
Америк явах автобус ирж зогслоо
Арван есдүгээр зууны аварга Зубрын сүрэг
Индианчууд “үү” “гий гий” “нао нао нао”
Буун дуу, зогсоол дөрөв Австрали
Зорчих тасалбарын үнэ гурван зуун төгрөг
Хаана явна. Зурагтын эцэс...
Харин дараа нь Хавайн арал...

2006 он.

“Чимээгүй хот” номноос нь

05 June 2010



Урт гуалиг хөлөөрөө
Нүдэн дундуур туучиад
Гэгээн тунгалаг харцыг
Булингартуулах
Миний хотын охид
Миний цээжний
Нууцхан мөрөөдөл
Нүд сэтгэлийн соронзон
Урсгал уяхан алхаа чинь
Судсаар минь урсаад
Зүрх цочоох
Миний хотын охид
Миний цээжний
Нэгээхэн хөндүүр
Нүд сэтгэлийн тамлан
Сул асгарах гэзгээрээ
Сэтгэл гижигдээд
Бардамхан /бяцхан/ итгэл төрүүлэх
Хагас нүцгэн
Харц ялдам
Хотын охид
Миний мөрөөдөл
Нүд, сэтгэл минь...


2007.07.02
Улаанбаатар хот


Тэртээ гурван жилийн өмнө тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгасан шүлэг маань энэ. Янз нь тухайн үед урт хөлтөнгүүд хачин ихээр сэтгэлийг минь хөдөлгөсөн бололтойдог. Тун удахгүй би хэд хэдэн яруу найрагчийн нүдэн дундуур урт хөлтнүүд хэрхэн туучиж өнгөрсөн тухай шүлгүүдийг нийтлэх болно.