Pages

06 December 2009


.
.
.
.
Өвлийн жавар
Эсгэлэн уруулыг минь хайрахад
Чамайг дурсдаг...
Амталж өнгөрөөсөн
Жаргал зовлон болж
Цээж хөндүүрлүүлдэг...
Хүйтэн жавар шиг
Чамд дурлаж явснаа
Одоо гайхдаг...
Саарал малгайг минь
Цас дархад инээд хүрч
Сэтгэлдээ чамайг үзэн ядахдаа
Хүйтэнд би дурладаг.

29 November 2009


.
.
.
.
САРХАД СӨГНӨСӨН ҮДЭШ

Сарны ёолох чимээ
Дэрэн дээр унана
Яасан өрөвдөлтэй...
Шаналан ёолох хурмастын
Хөндүүрийг
Шүлэг болгох хувь дутлаа...
Сархадын хангинах
Инээдэнд хууртаад
Сэтгэл гэдэг
Цаасан шувуу шиг нисчихлээ.
Сархад сөгнөсөн үдэш...


“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

19 November 2009


Энэ зураг миний РС дээр минь хадгалагдсан зурагнууд дунд дурсгалтай хүндэтгэлтэй байр суурь эзэлдэг юм. Эрх чөлөө – Миний сүүдэр шүлгийн түүвэрт минь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд маань “Хурд” хамтлагын Отгонбаяр ах ая хийж “Яг чам шиг” дуу хийснээс гадна залуу зураач бүсгүй Д.Үүрийнтуяа ийм нэгэн зураг зурсан билээ. 2004 он санагдаж байна.


НАМРЫН ШУВУУД

Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...


"ХУРД" хамтлагын Отгонбаяр ахын ая хийж дуу болсон нь:

01 November 2009


Нар өдөржин уугаад үдэш тасарч унахад
Сар шөнөжин гомдолж бөөн оддоор уйлдаг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

.
.
.
.
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараа алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг...
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгачдаг...
Намайг нэрээр минь дуудаж айлгүйтдэг...
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Модод над шиг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

Тэртээ олон жилийн өмнө мэт санагдах миний анхны ном “Эрх чөлөө – Миний сүүдэр” шүлгийн түүвэр минь дахин хэвлэгдлээ. Одоогоос 6 жилийн өмнө хэвлэгдэж 2003 оны оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан Өд-2004” ёслолын ажиллагааны яруу найргийн шилдэг бүтээлд нэр дэвшиж явсан, БНСУ-ын “World literature” сэтгүүлийн 2004 оны өвлийн дугаарт “Шар айрагны газар” шүлэг нь орчуулагдан хэвлэгдсэн, ОХУ-ын Санкт-петербургын Их сургуулийн Монгол судлалын сургуулийн оюутан төрөлх орос хэлнээ орчуулан судалгааны ажил хийсэн мөн эзэндээ Монголын зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг авч ирсэн уг ном маань надад ирлээ. Тун удахгүй төрөлх эх нутагтаа удаах “Бүгд над шиг хийсвэр”яруу найргийн түүвэр маань дахин хэвлэгдэж худалдаанд гаргах болно.

24 October 2009


.
.
.
.
Хуйлсан он цагийг
Хөндлөн гулд алхаж
Дэлгэнэм
Би

Тэртээ алсад
Ганц морьтой хүн давхих шиг
Тийм алсхан хайр
Зүрхнээ хоногшино

Дэлгэсэн он цагийн минь
Хойх нь
Тэнгэрийн хаяанаа
Ганц шувуу дүүлэн нисэх мэт
Яруухан залуу нас минь үлдэнэм

Хуйларсан он цагийн
Эрчлээсийг тайлах гэж л
Хөндлөн гулд амьдарнам
Би

10 October 2009


.
.
.

Өвсний судасны цохилтыг мэдэрнэм...

Чимээгүй амь тавих хатсан өвсний
Туниа муутай бэлхүүсээр тэвэрч
Уй гунигаас нь хуваалцахад
Чихэнд бурхадын шивнээ сонсдоод
Цээжинд бүүвэйн дуу эгшиглэдэг
Өвснүүдийн гунигийг хуваалцахад
Омголтсон уруул минь ягааран чийг дааж
Орчлонгоор нэг ер бусын анхилуун ялдам үнэр түгээд
Бие минь хатсан навч адил салхинд хийснэм
Хуруу үзүүрт айсан өвсний судасны цохилт мэдрэгднэм...

04 October 2009




Манай монголын хэвлэл мэдээлэлээр хэдийн цацагдсан байж болох нэгэн зүйлийн тухай энд дурдъя.
Дэлхийн 150 орон мэдүүлгээ өгсөнөөс 54 орны уран бүтээлчид оролцох болсон дэлхийн соёл урлагийн олимп хэмээн нэрлэгдэн 3-дахь удаагаа зохион байгуулагдаж буй DELPHIC наадамд яруу найргийн төрлөөр Монголын зуу зуун зохиолч, яруу найрагчидаа төлөөлж миний бие оролцох эрхтэй болсон юм.
Гахайн томуу, шувууны ханиад зэрэг өвчнүүдээс шалтгаалж олон орон оролцож амжилгүй өнжсөн гэх энэ наадмын яруу найргийн төрөлд арван гаруй орны уран бүтээлчид англи хэлнээ орчуулагдсан өөрсдийн 2 шүлгээ зохион байгуулах комисст нь наадам эхлэхээс 1 сарын өмнө өгсөнөөр яруу найргийн наадам эхэлсэн гэж хэлж болно.
2009.09.11-нд Чэжүгийн үндэсний түүхийн музейн хурлын зааланд болсон яруу найргийн наадам нь 13 орны 29 яруу найрагч тус бүрт оногдсон 10 минутын хугацаанд өөрсдийнхөө шүлгийг уншиж, дуулж, жүжиглэсэнээр эхлэв.
Анхнаасаа 10 минутандаа багтааж 2 шүлгээ дараалан уншихдаа ардаа ямар хөгжимийн зэвсэгээр хэн гэгч хөгжимчин хэнбугайн ямархан юу гэдэг аялгууг тоглох вэ гэдгээ нарийн мэдэгдсэн байх ёстой заалт нь нэг бодлын хүнд даалгавар байлаа.
Яруу найргийн уралдаан наадамыг нөгөөх л алдарт “Болор цом”-оороо төсөөлж байсан миний хувьд цочирдохоосоо илүүтэйгээр бас яруу найргийг илэрхийлж болох, эс болох мэдрэмжүүдийн дунд бодол хэсэг төөрөлдөв.
Нөгөө л нэг манай монголын утга зохиолын хүрээнд явагддаг реалист, модернистуудаараа талцах нь өөрөө дэлхий нийтийн утга зохиолын өвчин бололтой.
Гуулин улсын 6 яруу найрагчийн 4 нь модерн талруугаа хэтэрхий хэлбийж тайзан дээр богино хэмжээний драм тавих, Африкийн орнуудын бөмбөрийн аялгуу дээрх хүн төрөлхтөнд хандан халаглах дуу мэт шүлгүүд, танка, хайкугаа үл гээх наран улсын 5 найрагч тэргүүтэй найрагчдын бүтээлүүдээс нэгэн зүйл ажиглагдсан нь урлаг өөрөө “нийлмэл” шинж чанартай болох хэрээрээ өөрөө төөрөлдчихөөд байгаа юм биш үү гэдэг ойлголт байлаа.
Тиймээ өндөр юмруу авирч гарчихаад буцаад буух учраа олохгүй байгаа хүүхэд шиг л...
50 сая орчим хүн амтай Солонгосын яруу найрагчдын ном манай монголын дундаж яруу найрагчдын нэгэн адил 500-хан хувь хэвлэгддэг гэх нь утга зохиол яруу найраг нь уналтанд орж байгааг хэлээд өгнө.
Хөгжил дэвшилийнхээ хурдтай хөл нийлүүлэн урагш алхаж одсон уншигчидаа урин дуудах гэсэн арга нь энэ наадам ч байж болох. Ямартаа ч анх удаагаа олон улсын яруу найргийн уралдаанд орсон миний бие нэгэн цагт манай их хаадын төмөр морин сүргийн туурайн тахлаж байсан Чэжү аралд догдолсон сэтгэлийг тайтгаруулах монгол аялгуу тоглох ҮАДБЧ-н хөөмийн “Хөсөгтөн” хамтлагынхаа аялгуун дор Монголын яруу найргийн нэгээхэн өнгө аясыг амжилттай сонордуулан ирэв.

Уралдааны дүн
Алтан медаль – Ким Ил Юнг - БНСУ
Мөнгөн медаль - МБали Вилакази - Өмнөд Африкийн БНУ
Хүрэл медаль – Жин Кинг Лонг - Хятад
Лаврель Авардс – Таде Ипадеола - Нигера
Лура Авардс – Гончигийн Сүхзориг - Монгол