Pages

23 May 2010

.
.
.
.

Рок хөгжимд би дуртай. Нүдээ тас аниад толгойгоо савчиж үсэрмээр санагддаг үе зөндөө. Юу ч бодохгүй, юунд баригдахгүй яг тэр л мөчийн мэдрэмжээрээ аягламаар санагддаггүй тийм хүн гэж нэгээхэн ч үгүй байхаа. Тийм нэгэн саваагүй залуу халуун насны минь хүсэл мөрөөдөлийг минь аялгуу энэ NIRVANA. Тэртээ 1990-ээд оны бацаан байхыг маань санагдуулаад байдаг юмаа. Тал тал тийшээ юм юм руу үсэчсэн бацаан. Гэрээс барагтай бол гардаггүйь ганцаардагч, бяцхан рок. Одоо ч сонсох дуртай дуу. За ингээд хамтдаа сонсъё... “Nirvana - Smells like Teen spirit”



Тийм ээ...

- Зүрх сэтгэлээ дагаад
Зүрх сэтгэлээ чагнаад
Зүрх сэтгэлээ чөлөөлөөд
Зүрх сэтгэлээ сулд нь тавиад
Зүрх сэтгэлээ дагаад
нисчихмээр...

20 May 2010

.
.
.
.
ЯРУУ НАЙРГИЙГ өмөөрөхүй

- “ Хааяа ч ганцаараа суугаад аяга шар айраг уух ч сайхан шүү.
- Заавал яагаад ганцаараа гэж?
- Ухаантай хүнтэй үг солих сайхан байдаг юмаа”
гэж хэлсэн манай нэг яруу найрагчийн үг санаанд минь орохоор явдал саяхан надад боллоо.

Ням гаригийн амралтын өдөр гэдэг хүний нутагт цаг наргүй ажиллаж амьдарч буй бидний хувьд нутаг нэгтэнгүүдтэйгээ хууч хөөрөх бас мэдээлэл солилцох хийгээд сэтгэл санааны амралт болдог билээ. Нэг тийм л амралтын өдөр хамт ажилладаг ах хүүг даган монгол зоогийн газар хэсэг нөхдийнхөн хамт саатав. Юм юм л болов. Ажил төрөл, ар гэр, элгэн садан, эх нутаг, солонгос дахь өдөр тутмын амьдрал, охид хүүхнүүд болоод цаашлаад бүр улс төрийн хэвийн бус байдал дахь эмзэглэл гээд бүх л сэдвийн яриа манай ширээн дээр хөглөрөвөө. Яриа болгон маргаанаар төгсөх үед газарчилж очсон ах хүү маань уур амьсгалыг зөөлрүүлдэг хүн болоод намайг яруу найрагч хэмээн бусдад зарлачихдаг юм байна. За тэгсэн

- “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм шиг байна лээ” гэдэг шиг юм болов оо хө.

Яруу найргийг мэдэхгүй ойлгохгүй хэн ч бидний дунд алга. Сайхан сэдэв юм. Хааш нь ч эргүүлж болохоор тогтсон нэгэн тийм гэсэн тодорхойлолт үгүй төгсгөлгүй сэдэв. Энэ яруу найраг...

За явж өгч байнаа манай ширээний нөхдийн яриа. Ямартаа ч нөгөө нэг алдарт нутгийнхаа аваргуудыг эхний ээлжинд тоочоод авцгаалаа. Дараагаар нь Монголын утга зохиолыг жалга довоороо хуваагаад явчихлаа. Тэгсэнийхээ дараагаар нас шүдээр нь болон он тооллоор нь /90-ээд оныхон болон ахмад үеээр нь/ хооронд нь дайсагнуулчихав. Тэднийг арай зэвсэглэсэнгүй. Тэр дайнд ороогүй үлдсэн хүмүүсийг нэр алдар шагналаар нь ангилчихлаа хө. За энэ бүгдийг хаана нь ч нэр нь үгүй над мэтийн хүмүүсийг яруу найрагч мөн бишээр нь шийдэх дээрээ тулав. Лут мэдлэгтэй, мэдэлтэй ард түмэн юмаа манайхан.

За хамгийн гомдмоор эмгэнэлтэй яриа эцэст нь чих дэлсдэг байгаа. Тэдний ярианд голлох үүрэг гүйцэтгэсэн нөхөр яруу найрагч болох боломж байгаагаа гэнэт зарладаг байгаа. Монголд очоод од болох юм гэнээ. Үүнд нөгөө нутаг усныхан ах дүү нар дэмжих юм л гэнэ халаасандаа мөнгөтэй эр хүнд болохгүй бүтэхгүй ажил үгүй юм гэнэ. Ам руу нь алгадаад авмаар санагддаг юм билээ.

Агуу хүмүүс шүү манайхан. Болчихсон байхыг нь би үгүйсгэхгүй л дээ. Эрүүл мэндийн сайдыг нь сэтгүүлч хийчихдэг, Сангийн сайдыг нь нийгмийн ажилтан ч хийчихдэг болдог хууль тогтоох засаглал нь спортынхоор дүүрчихээд байхад чинь дээ.
Тэртээ хэдэн жилийн өмнө Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлд алба хашиж байсан маань санаанд орж ирлээ.

- Хөгшчүүл их ирнээ. Дэвтэр дүүрэн шүлэг бариад. Яруу найрагч болж байгаа нь тэр ажээ. Тэтгэвэрт гарчихаад хийх юм олдохгүй болохоор нь гэж хэнэггүйхэн хэлж суух тэр хөгшчүүлд юу ч хэлэх вэ дээ. Таны наадах чинь мөр холбосон өдрийн тэмдэглэл л байнаа гэж хэлээд л баахан хатуу зэмлэлтэй үлддэг байсансан. Өөрийн эрхгүй тэр санаанд минь буудаг юм билээ.

Тэгтэл Монгол улсын ирээдүйг авч явах залуучууд маань ийм юм яриад халамцуу сууж байх гэж. Соёл урлагийн бодлого маань анхнаасаа буруу зөрүү явсан маань эндээс л харагдаж байгаа юмаа. Их урлагийг төр гудамжинд гаргасаны шинж биш гэж үү. Жинхэнэ уран бүтээлчид нь талхны мөнгөө яая гэж байхад юун соёл урлагийн бодлого энэ тэр вэ? Тэртээ тэргүй амьдралд нь зөндөө асуудал байхад чинь.

Гэхдээ л “ЯРУУ НАЙРГИЙГ ӨМӨӨРӨХ” сэтгэл надад өөрийн эрхгүй төрж билээ. Мөр холбосон болгон нь яруу найраг биш гэдгийг ойлгохгүй яваа уншигчидыг яалтай ч билээ. Шүлэг, яруу найраг хоёрынхоо ялгааг хэдэн уншигч маань ялгах бол? Би яруу найрагч гэж өөрсдийгөө нэрлэхээсээ өмнө жинхэнэ яруу найргийн өмгөөлөн хамгаалагч нь мөн “жинхэнэ” уншигч байж бусдын явах замд зөв зүгт нь “чийдэн” болж байх хэрэгтэй юм болов уу гэж надад бодогдлоо.

- Хачин их бухимдалтайгаар “амандаа үглэсээр” ганцаараа уушийн газраас гарч зам даган алхсаар харьж билээ би.

Ухаантай хүнтэй ч үг солих сайхан юм даа...

2010 оны 05-р сарын 16-нд. Сөүл хот.

15 May 2010


.
.
.
.

БИЙР...

Би орчлонгийн хамгийн
Том бийр...
Нилэнхүйеэ цагаан дэвсгэр бүхий орчлонгийн
Гэрэл гэгээ, харанхуйг салган тусгаарлаж
Цэлэлзтэл мэлтэлзэх нулимс шигээ
Усан цэнхэрээр тэнгэрийг урласан
Би томоос том бийр...
Тархийг минь
Толгойг минь
Зовлонд дүрж
Цаг хугацаа
Цав цагаан хорвоог
Надаар л чимэглэдэг.
Угтаа оргүй хоосон
Жаргал зовлонг ялган урлаж
Унтарч буй тэнгэрийн ганц лааг
Нар сар хэмээн нэрлэж
Бурхадын мэлмийг одод мичид болгож
Надаар бичдэг...
Би орчлонгийн хамгийн том
Бийр...
Зүрхийг минь
Сэтгэлийг минь
Гунигаар шингэлж
Он жилүүд
Огтын байхгүй оршихуйг
Надаар л урладаг.
Миний тархиар л бүтээгдэх
Би энэ ертөнцийнхөө хамгийн том
Бийр...

2007.04.03 - 2009.11.21


Ойрдоо үзэг цаас /компьюторын ард суулгүй/ нийлүүлэлгүй удлаа. Хаврын уринд хүрзтэй нөхөрлөөд өөрөө өөртөө цаг илүүчилж завдалгүй нойронд автсаар хоног өдрүүдийг барж байна даа. Нөгөө Монгол кинонд гардагчлан уушийн газар халмагдуухан “ЦАГТАА БИ ТА НАРЫН ДЭЭГҮҮР ДАЛАЙН ТӨВШИНӨӨС 1500 МЕТРТ НИСЧ ЯВЛАА. БИ АРДЫН АРМИЙН НИСЭХ ХҮЧНИЙ АНГИЙН СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧ БАЙЛАА...” гэдэг шиг л юм болж байна даа.
Заримдаа бодогддог юмаа. “Ингэж хоёрын хооронд бичигч байснаас бүүр больёо...” гэж тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй л юм чинь дээ. Монголын их утга зохиол над мэтийн шалдан бацаанаар дутна гэх биш, аль эсвэл ямар Янжаа эгчид тунирхаж байгаа биш, хэн ч хүчлээгүй хэн ч гуйгаагүй байхад дур зоргоороо бичиж эхлэсэн 16 насаа буруутгалтай биш. Яалтай ч эд билээ дээ.
Гэхдээ л би өөрийгөө хөгтэй хүн гэж боддог. Тэгж ч амьдардаг нэгэн. Тиймдээ ч сэтгэл зүрхнийхээ үг, уураг тархиныхаа төсөөлөл, хаанаас надад ирдэг нь мэдэгдэхгүй хачин мэдрэмжүүдээ цаасан дээр буулгахгүй байснаараа би өөрөө өөрийгөө л булшилж байна гэдгээ мэдэрсэн.
Ямартаа ч Сүхзориг миний бие бичсээр байгаа...

05 May 2010

.
.
.
.

Цаг хугацааны төсөөллөө алдах үед
Бие минь одож, сүүдэр минь үлдээд
Бурхад болоод албин чөтгөрийн амсаагүй эрх чөлөөг эдэлж
Би бодол болон хувирна...

Хэн нэгэн намайг эргэн дурсаж
Хэлбэр дүрс, ухамсарыг минь
Харандаа шугам бариад зурж эхэлбэл
Өндөр, өргөн, урт гурвын дунд би ирнэ

Бүхэл ухамсар маань бутархайд шилжиж
Бяцхан хүүхдийн маань аньсганд нулимс хурах үед
Бодол санаа минь орчлонгийн эхлэлээс төгсгөл хүртэл
Хөнгөн хөгжмийн аяс аятай тархан нэвчинэ...

2000 он
“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос


Энэхүү шүлгийг одоогоос 10 жилийн өмнө бичжээ. Би утга зохиол судлаач шүүмжлэгч биш хэдий ч өөрөө энэ мэт хэдэн шүлгээ кубизмын чиг хандлагыг илэрхийлэх болов уу гэж боддог юм. Залуугийн юм даа.

30 April 2010

.
.
.
.




ОЛЗЛОГДОГСОДЫН ЦУВАА


Олзлогдсон шонгийн цуваа
Тэргүүн гудайлгасаар хотоос гадагш одно
Тэдний цуваа гунигийн исгэрэх дуутай
Хэн нэгний биеэн дээр нь наасан элдэв зар
салхины аясад сэрчигнэх дуутай
Өлөн зэлмэн
Тураалтай шонгуудтай / шонгийн мододтой /
Тэнэмэл хөгшин хэрээ л хэл амаа ололцон ханьсан
Жигүүрээ тасдуулж газрынханд олзлогдсон ододын зовлонг тэд л мэднэ
Хүзүү хоолойгоороо гинжлэгдсэн
Гэрэлт сахиусан тэнгэрүүдийн цуваа
хотоос гадагш одно
Тэнгэрийн амьдралаа сангалзах
Олзлогдсодын цуваа
Шөнийн харанхуйг зүсэн алсын зүг хөвөрнө...



2009.09 сар. Ижинбү Пучеон хот

05 April 2010

.
.
.
.

...Сүүдэр маань нуруугаа үүрчихээд
Газар шагайн өмнө минь алхаж явна
Ардаас “би” дагаад л...
Сүүдэр маань
Миний доторх хүнтэй минь төстэй
Бүрх малгайтай, толгой гудайлгасан
Энэ сүүдэр
Миний хожмын дүр төрх яг мөн...
Ямар нэгэн зүйл тэр гээчихээд
Шаналж яваа
Цаг хугацаа тархиных нь нуглаасыг мөлийлгөж
Нүднийх нь харцыг бөхөөсөн ч
Тэр цайлган гэнэн сэтгэлээр
Ямар нэгэн зүйл хайсаар...
Сартай ханьсаж хүүрнэн суудаг байсан
Залуу насаа
Тэрээр хаа нэгтээ гээсэнээ эрж яваа
Сүүдэрээ дагсаар гэлдэрч яваа миний бие
Бөөн бөөн сүүдэр мэт хүмүүсийн дундуур
Ямар нэгэн зүйл хайн
Алхсаар...


2006 он

01 April 2010

.
.
.
.
Энд баяр баясгалан гэж алга
Эндхийн юм болгон
Инээмсэглэл шиг минь
Хуурамч...
Урсах нулимс минь
Үнэгүй
Уртаар санаа алдах маань ч
Тэнгэрийнх
Өөрийгөө хайгаад олсон нь ч
Хуурмаг
Өрөөлийн ихэмсэг зан ч
Гэнэхэн
Аз жаргалын тухай
Үлгэр хангалтгүй...
Алив бүгд над шиг
Хийсвэр...
Хуурамч, гэнэхэн
Хоосон хорвоод
Зовлон гунигийг эзэнтэй байлгах гэж
Амьд явах минь сайхаан...

“Бүгд над шиг хийсвэр” номоос

28 March 2010

.
.
.
.

Бүрэнхий гудамжинд
Ижийгээсээ төөрсөн хүүхэд уйлах мэт
Сэтгэл зовиурлангуй,
Усан бороо шаагина.
Бишүүрхэх мэт газрын хөрс
Усаа дааж, шингээж ядаад
Эргэн тойрон шавар шавхайд дарагдана.
Баахан хуцалдан, улилдах ноход нь ч
Уйтгарлангуй, санаашрах мэт нам гүм болоод
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагийн амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш
Наохын завь мэт дүнзэн байшингийн
Зууханд ноцох галын чимээ
Зэвэргэн санаа алдахыг минь далдалж үл чадах
Хайртай гэдэг үг зөвхөн
Халуун пийшин ноцсон шавар байшин дотор хамаатай мэт
Хий үзэгдэл болоод чөтгөр шулмын тухай яриа
Хажуу байшингийн дээвэр доор суух
бяцхан жаалуудын дунд өрнөнөө.
Хаана ч байхгүй эгэл даруухан амьдрал
Энд л өрнөж
Халуун цай, дулаан хөгжил бодогдоно.
Гадаа дүнсгэр уйтай
Гэгэлзсэн үдэш ганцаар алхахад
Хошуу цорвойлгон аргаддаг сар ч харагдахгүй
Усан манан.
Харанхуй усан бороонд хоригдсон тэнүүлч сэтгэл
Хаашаа ч юм нисэн одмоор...
Хий үзэгдэл мэт хаа нэгтээ одмоор...
Уйтгартай...
Хотын тухай хөдөөрхүү яриа
Хаа нэг цухалзах нь
Миний амрагын амьдардаг
Гэр хороололын зэвэргэн үдэш...

“Бүгд над шиг хийсвэр“ номоос

24 March 2010

.
.
.

“Охиндоо” энэ миний “Бүгд над шиг хийсвэр” номонд минь орсон шүлэг.
Өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон DELPHIC - 2009 гурав дахь наадмын яруу найргийн төрлөөр “LURA AWARDS” шагнал авсан шүлэг маань. Монгол хүн монгол яруу найрагч гэдэг утгаараа бахархаж явдагын учир би энэхүү шүлгээ төрөлх монгол бичгээрээ урламаар санагдсан юм. Ингээд МУСТА зураач Э.Цолмонбатын урласнаар оруулав.






To my daughter
“This is my native land
Beautiful country Mongolia”
By Natsagdorj.D


My daughter

“This is my native land
Beautiful country Mongolia”
My rural area
Has blue sky
Like your unlined dress
Under it Mountains covered by eternal snow
Look like ice cream
Those mountains
Like ice creams
Are majestic among mist
Like among smoke
From mountains stream swift rivers
Along banks of swift rivers
Fly dragonflies, crane flies
Lead by butterflies
There graze sheep and goats
Much bigger than bear club
My daughter plays with
There graze horses, camels and cattle
Like in illustrated books of my daughter
There grasses and flowers
Cover steppe like carpets
My happy daughter
“This is my native land
Beautiful country Mongolia”
2006.

Translated by Dashdavaa.G


나의 딸에게
“이곶이 나의 고향
아름다운 나라 몽골이란다
나의 전원에는”
나차그도르즈 다시도르징...


니의 딸아

“이곶이 나의 고향
아름다운 나라 몽골이란다
나의 전원에는”
너의 주름이 잡히지 않은 옷처럼
푸른 하늘이 있단다
그 하늘의 밑에는
아이스크림 같은 만년설이 있지
그 산들은
아이스크림 처럼 보이는 산들은
연기 같은 안개 속에서
장엄하게 서 있다
산에서는 강물이 빠르게 흐른다
빠른 강물의 둑에는
나비가 이끄는
잠자리와 학들이 날고
양과 염소가 풀을 뜯지
곰들의 무리보다 훨씬 큰
나의 딸을 그녀의 그림책에서 처럼
그곳에서 풀을 뜯는
말과, 낙타와, 가축들과 뛰놀고
그곳엔 꽃과 풀들이
대초원을 융단처럼 뒤덮는단다
나의 행복한 딸아
“이곳이 나의 고향
아름다운 나라 몽골이란다 ”

2006 년

“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Д.Нацагдорж



ОХИНДОО
Охин минь
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Миний хөдөө нутаг
Чиний даашинз мэт
Хөв хөх тэнгэртэй
Түүний дор
Мөхөөлдөс лугаа
Мөнх цаст уулс байдаг
Тэр мөхөөлдөстэй төстэй
Уулс нь утаа шиг
мананд умбаад сүрлэг
Уулнаас ширүүн урсгалт гол урсаад
Ширүүн урсгалт голын эргээр
Ханын цаасан дээрх хээ мэт
Эрвээхэй тэргүүтэй соно, тэмээлзгэнэс нисэлддэг юм.
Миний охины тоглодог
Бамбаруушнаас хамаагүй том
Хонь ямаа бэлчиж
Миний охины зурагтай номон дээрх
Адуу тэмээ үхэр бэлчдэг
Тэнд өвс ногоо, цэцэгс
Хивс шиг талыг бүрхээд
Хүмүүс дээр нь гэрээ бариад
Аз жаргалтай амьдардаг юм
Охин минь
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
2006 он


.
.



Зураач Энхбатын Цолмонбат. Миний блогоор цаг зав гарган зочилж яруу найрагчийн бичил ертөнцөөр минь аялагч уншигч нартаа би уран зургийн гоо сайхны мэдрэмжээсээ хуваалцах гэж гэрэлт андаа ятгаж дөнгөсөн билээ.
Бид хар багын хоёрдугаар 40.000-тын гудманд дунд тоглож өссөн нэг ангийн хүүхдүүд. Хар багын урлаг татагдсан унаган улаанбаатарын бацаанууд. Орцонд гитар тоглох ах нарын нөлөөгөөр соёл урлагт татагтсан байж ч мэдэх. Гэхдээ үүнийг цэвэр орчны гэхээсээ илүүтэйгээр суурь хүмүүжилийг маань төлөвшүүлсэн ангийн багш Жаргалсайханаас минь үүдэлтэй болов уу гэж мунхаг миний бие боддог юмаа.




25-хан хүүхэдтэй нэг ангиас “Night train” хамтлагын М.Цэцэнбилэг, Э.Цолмонбат нарын тэргүүтэй соёл урлагын 5-6 хүүхэд төрсөн нь энэхүү бодлыг маань батлах мэт. Мань мэт нийлээд юу эсийг хийв дээ.
Цолмон маань Монгол Улсын цирк гэдэг цэнхэр дээвэртэй лут том айлын ганц зураач нь гэж байгаа. Манай хүний ажил мундахгүй ээ тайз, жүжиг ангийн хувцас загвар, ардын хувьсгалын ойн наадмуудын загвар эскиз, “Болор цомын” тайз чимэглэл, өөрийн уран бүтээл, өрөөл бусдын гуйлт, манай зохиолчдын номын чимэг зураг, дизайн халтуурын ажил гээд ажил мундахгүй. Хажуугаар нь яаж мань мэттэй шар айраг уух зав гаргаад байдгыг нь ойлгодоггүй юм.




"Амин хэлхээ" 130х140

Э.Цолмонбат ану 2001 оны СУИС-ийн Дүрслэхийн дээдийн бүтээгдэхүүн.
2002 оны 06-р сард МУЭ-ийн хорооноос зохиогддог “Монголын сайхан орноор” үзэсгэлэнд “Юан хатан” зургаар оролцсон.
2003 оны МУЭ-ийн зохион байгуулдаг “Хавар” үзэсгэлэнд “Эмэгтэйн хөрөг” бүтээлээр оролцсон.
2004 онд “Монгол эмэгтэйн дүр төрх” сэдэвт үзэсгэлэнд “Халх эмэгтэйн хөрөг” уран зураг нь түрүүлсэн.
2004 онд МУЭ-ийн хорооноос зохиогддог “Хавар”-ын үзэсгэлэнд “Салхин санаа” нэртэй том хэмжээний бүтээлээрээ амжилттай оролцсон.
2005 онд Европын улс орнуудад Монголын Урлагийг сурталчилах үзэсгэлэнд “Үлгэр хүүрнэх цаг”, “Сүүлчийн тэнгис” сэдэвт монгол зургаараа амжилттай оролцсон.
2006 онд “ЦЭГ ЦЭГ ТАСЛАЛ” нэртэй өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг “Чингис арт галерей”-д гаргасан.




"Би салхин чимээ" 50х70

2006 оны 8-р сард Францын Сант-Авенью хотод зохиогдсон монголын зураачдын хамтарсан “Монголын салхи” нэртэй үзэсгэлэнд уран бүтээлээрээ тухайн орны үзэгчдийн анхаарлыг татаж Монголын соёл урлагийн тухай өндөр сэтгэгдэл үлдээсэн юм.
2007 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Юан эмэгтэй” сэдэвт модерн уран зургаар оролцсон.
2008 оны “Хавар”-ын үзэсгэлэнд “Хаврын дурсамж” сэдэвт модерн уран зургаар оролцсон. Уг зураг нь Японы “NHK” телевизийн Ерөнхий захиралын цуглуулганд орсон.
200 оны “Хавар”, “Намар”-т “Амин хэлхээ””Би салхины чимээ” сэдэвт модерн уран зургаар оролцоод амжжээ.
Иймэрхүү жагсаалт хөврөх байнаа. Энэ бол миний чадан ядан цуглуулсан жагсаалт болно.
2009 оны 12-р сард Э.Цолмонбат маань Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан аж. Баяр хүргэе анд найздаа.
“Залуу хүмүүст хийх /надад ч хамаатай/ ажил их байнаа. Цагын эртэд хамтдаа зам дөхье...
Анд минь.” Найз маань блогтой болжээ. Та бүгд заваараа орж саатаарай. http://www.tsolmonbat.blogspot.com/



"Би санааны чимэг" 50х70