Pages

24 December 2009


.
.
.
.
Зүрх минь зүгээр л нэг CD
Гол төлөв бүтэлгүй хайрын дурсамжуудыг хуулсан
Элдэв чамин өнгөлөг зураг үгүй
Эгэл даруухан
Зурагдсан CD
Эзэн нь эмх цэгц муутайдаа
Хүний юм шиг хэрэглэчихсэн
Ашиглагдахаасаа нэгэнт өнгөрсөн
хуучины эвдэрхий CD
Цээжинд минь зогсчилгүй эргэсээр буй
Банзан гитарын хэмнэл бүхий
Их эртний CD
Зүрх минь зүгээр л нэг CD


“Бэх нь хатаагүй байгаа шүү...”

13 December 2009


МИНИЙ НАЙЗ

Би НЭГ найзтай
Найз минь ХОЁР ааштай
Бид хоёр хамтдаа хатуу дарсаар хоолойгоо чийглээд
Охидын тухай хичээнгүйлэн хүүрнэх дуртай
Хэзээ нэгтээ охид бидний тухай ярих болов уу гэж горьдоцгоодог
Хаа нэгтээ биднийг хайсан охид бий гэдэгт итгэдэг.
Миний нэг найз хоёр ааштай
Өвгөд шиг хоёулаа хуучлах дуртай
Охидын тухай ярилцаад
Хундага дарс тулгаж суудаг
Хамтдаа хоёулаа суухад
ГУРАВ-уулаа мэд олон авиртай
Хэнд ч хэлдэггүй нууцаа аван гэрийнхээ зүг одоход нь
Хэзээ нэгтээ нууцаа надад хэлнэ гэж итгэсээр үлддэг.


“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос


Хүрэмний халааснаас гарч ирсэн монголчуудтай хамтарч ажилладаг хэмээн өөрийгөө танилцуулсан Солонгос авгайн нэрийн хуудас сэтгэл сэмхэн маажина. Сөүл хотын төв хавьд орших албан конторт нь танилаа дагаж орсон санамсаргүй уулзалт. Ханандаа ур муутайхан урласан хоёр монгол зураг, ширээ дүүрэн хураалгатай анкетууд. Хамгийн дээр байрлах анкетыг зурвас ажихнээ 9х12 см зураг бүхий Ганбаатарын Золзаяа 1987.хх.хх – нд Улаанбаатар хотод төрсөн гээд цааш нь үргэлжлэх аж. Манай төрийн албан хаагчийн анкетыг санагдуулахуйц зузаан эд байх. Учирыг нь лавлавал Солонгос иргэдтэй манай охидыг зуучилж гэр бүл болгодог байгууллагын эзэн гэнэ дээ. Мөн мундагаа.
- ИНГЭХЭД
Бид ирээдүй хойч үеэ хэрхэн хүмүүжүүлсэнээ эндээс л харахад ойлгомжтой. Ноён эрхэм эрхтэн дархтангууд минь та бүгдэд баяр хүргэе. Та бүгдийн онилсон сум байндаа тусжээ. Миний мэдэхийн сүүлийн 10 гаран жил Монголын бүх л телевиз театруудын тайз дэлгэцнээс хальж сагах Солонгос Хятадын “САВАНГИЙН ХӨӨСНҮҮД” ард түмний маань тархийг сайн “УГААЖ” чаджээ. Аливаа ард түмний тусгаар тогтнол, туурга тусгаар улс орон гэдгийг тухайн үндэстэний хэл, бичгийн соёл уг ард түмнийх нь зан заншил ёс суртахуун соёл урлаг илэрхийлдэг гэж ярьдаггүй биш билүү. Бид өөрсдийн гэсэн соёл урлаггүйдээ бус бэлэнчлэх сэтгэлгээндээ болоод бусдын соёлын довтолгоог гар даллан дуудаж байгаа бус уу?
2 сая хүн амтай манай улсад ахадсан олон арилжааны телевизүүд нь программынхаа цагаа нөхөхөд энэ хэдэн бэлэн савангийн хөөснүүд хэрэг болдог байх л даа. Тийм үү?
Тиймдээ ч солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсэгч охид нь “хар багаасаа солонгос хүнтэй гэрлэхийг хүсдэг” байснаа хүүрнэж суух тэгсэн хэрнээ монгол залуусаа үгүйсгэх нь телевизтэй хамааралтай юу үгүй юу? /интернетийн захын блог-уудаар нэг тавигдсан байгаа Солонгостой гэрлэхийг хүсэгч нөхдийн элдэв бичлэг бий/ Ямартаа ч Монголчуудын тархийг гайхамшигтай сайн Format-лажээ.
- ИНГЭХЭД
Эрхэм Золоо тэргүүтэй охид минь ээ.
Үлгэр анхнаасаа л худлаа эхлэдэг шүү дээ. Сэтгэл гонсойж архи баахан ууж унахад чинь нуруундаа үүрч хүргэж өгөөд л, УББА гээд дуудахад чинь задгай дээвэртэй цагаан Бенз хөлөглөсөн ханхүү чамруу тоос татуулан давхиж очоод бэлзэг бэлэглээд л гэрлэх саналаа өгөн сөгдөн гуйгаад л, өвдлөө гэхэд чинь нулимс дуслуулан гараас чинь атгаад л, тэгээд таньтай нүүр тулсан үхэлтэй хамтдаа тэмцэж эцэст нь үхэлтэй наймаалцаад л, амиа хүртэл таны төлөө золиод л... Ийм хайр үлгэрт л гардаг тийм үү? Таны хүсээд хайгаад байгаа хайр Мөн үү? Тэгээд... Амьдралын элдэв “АСУУЛТЫН ТЭМДЭГ” –ийг амиа хорлож шийддэгээрээ Япон Солонгос манлайлдаг юм билээ. Нөгөө гоё Солонгос охид нь хаачсан бол гэж бодож үзсэн үү? Залуучууд нь бол манай Монголчуудыг тоохгүй ээ. Үнэн шүү. Ядаж эд чинь нүүрээ будахдаа гаргууд улс. Манайхан шиг хүзүү нүүр 2 өөр арьсны өнгөтэй юм шиг буддаггүй юм билээ. Гадаадынханд хандах хандлага нь манайхан шиг биш шүү. Чи Америкийн иргэн л биш бол хүн биш энд. Таныг 45-с дээш насны нутгийн хүүхнүүд нь суух нь байтугай нүүр ч өгөхөөргүй өвөө нар хүлээж суугаа. Зүгээр ч үгүй та нарын чармай нүцгэн баруун зүүнээс чинь дээрээс доороос чинь авсан видео бичлэгийг хооронд нь харьцуулаад сууж байгаа.
- ИНГЭХЭД
Монгол Улсын эдийн засаг хөгжил дэвшил муу байгаа гэнэ. Бүгд л мэддэг сэдэв. Хангалттай ч сонслоо. Залхаж байна үнэндээ. Монгол улсын хүн ам 2,6 сая. Манайх шиг цөөн хүн амтай ядуу буурай хөгжиж буй буурай орон /газрын арвин баялагтай дэд бүтэц муу хөгжсөн асар уудам газар нутаг бүхий/ ид ажиллах хүний нөөцөө ингэж их тоогоор гадагшаа гаргадаг улс олон улсын практик дээр байна уу.
Хэвлэл мэдээллийн бүх л хэрэгсэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу санхүүгийн хувьд хүнд байдалд байгаагаа РЕКЛАМДАН зарлаж ард түмнийхээ тархийг угааж байгаа бус уу. Дэлхийд гайхагдах байгалийн баялагыг цөөн хэдэн увайгүй луйварчид хувааж идэх гэхдээ
- Тэмцэн эсэргүүцэх, танин мэдэж, ухааран ойлгох, хориглон босох, хийж бүтээх эрч хүч бүхий идэр залуучуудаа гадагш нь явуулж
- Бензин, цахилгаан, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний багцийн үнийг огцом өсгөж, инфляцийг хөөргөж
- Хэтэрхий олон шат дамжлага бүхий төрийн элдэв зөвшөөрөл эрхийн бичгээр сэхээ авах сөхөлгүй дарамтлан нүдсээр дампуурах жижиг дунд үйлдвэрүүд
- Хачин нууцлагдмал сонирхолтой өмч хувьчлалаар харь эздийн гарт очсон үндэсний үйлдвэрүүд, банкууд
- Монгол улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч Эрдэнэтээс хувь илүү нөөцтэй гэгдэх ордуудаас хувь хүртэх гэж санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн шунал
Туйлдаж буй хөгшид хүүхдийн тархийг телевизийн суваг бүрээрээ цацах хар мэдээлэл, нэгэн хэвийн хэлбэрдсэн олон ангит киногоороо угааж байна.
Энэ талаар санаа зовнидог мянга мянган залуучууд байгаа гэдгийг мартаж болохгүй шүү.
Эцэг өвгөдөөс минь өвлүүлж үлдээсэн Монгол улс монгол төр “ИДСЭН ХООЛНЫХОО МӨНГИЙГ ТӨЛДӨГГҮЙ РЕСТОРАН БИШ” гэдгийг тэр хэсэг бүлэг нөхөд мэдэж аваасай билээ.
Энэ бол Монголын төлөө цохилдог мянга мянган зүрхний нэгний нь гуниглал.

06 December 2009


.
.
.
.
Өвлийн жавар
Эсгэлэн уруулыг минь хайрахад
Чамайг дурсдаг...
Амталж өнгөрөөсөн
Жаргал зовлон болж
Цээж хөндүүрлүүлдэг...
Хүйтэн жавар шиг
Чамд дурлаж явснаа
Одоо гайхдаг...
Саарал малгайг минь
Цас дархад инээд хүрч
Сэтгэлдээ чамайг үзэн ядахдаа
Хүйтэнд би дурладаг.

29 November 2009


.
.
.
.
САРХАД СӨГНӨСӨН ҮДЭШ

Сарны ёолох чимээ
Дэрэн дээр унана
Яасан өрөвдөлтэй...
Шаналан ёолох хурмастын
Хөндүүрийг
Шүлэг болгох хувь дутлаа...
Сархадын хангинах
Инээдэнд хууртаад
Сэтгэл гэдэг
Цаасан шувуу шиг нисчихлээ.
Сархад сөгнөсөн үдэш...


“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос

19 November 2009


Энэ зураг миний РС дээр минь хадгалагдсан зурагнууд дунд дурсгалтай хүндэтгэлтэй байр суурь эзэлдэг юм. Эрх чөлөө – Миний сүүдэр шүлгийн түүвэрт минь багтсан “Намрын шувууд” хэмээх уг шүлгэнд маань “Хурд” хамтлагын Отгонбаяр ах ая хийж “Яг чам шиг” дуу хийснээс гадна залуу зураач бүсгүй Д.Үүрийнтуяа ийм нэгэн зураг зурсан билээ. 2004 он санагдаж байна.


НАМРЫН ШУВУУД

Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...


"ХУРД" хамтлагын Отгонбаяр ахын ая хийж дуу болсон нь:

01 November 2009


Нар өдөржин уугаад үдэш тасарч унахад
Сар шөнөжин гомдолж бөөн оддоор уйлдаг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

.
.
.
.
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараа алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг...
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгачдаг...
Намайг нэрээр минь дуудаж айлгүйтдэг...
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Модод над шиг...


"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос

Тэртээ олон жилийн өмнө мэт санагдах миний анхны ном “Эрх чөлөө – Миний сүүдэр” шүлгийн түүвэр минь дахин хэвлэгдлээ. Одоогоос 6 жилийн өмнө хэвлэгдэж 2003 оны оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан Өд-2004” ёслолын ажиллагааны яруу найргийн шилдэг бүтээлд нэр дэвшиж явсан, БНСУ-ын “World literature” сэтгүүлийн 2004 оны өвлийн дугаарт “Шар айрагны газар” шүлэг нь орчуулагдан хэвлэгдсэн, ОХУ-ын Санкт-петербургын Их сургуулийн Монгол судлалын сургуулийн оюутан төрөлх орос хэлнээ орчуулан судалгааны ажил хийсэн мөн эзэндээ Монголын зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг авч ирсэн уг ном маань надад ирлээ. Тун удахгүй төрөлх эх нутагтаа удаах “Бүгд над шиг хийсвэр”яруу найргийн түүвэр маань дахин хэвлэгдэж худалдаанд гаргах болно.