Pages

01 September 2010




Хөвсгөл нутгийн хөвүүн Н.Бадамжавын “Амуль” уншигчдын хүртээл болсоны дараа утга зохиолын хүрээ хийгээд уншигчид тус бүрнээ л уг зохиол болон Бадамын тухай хэсэг ярих сэдэвтэй болж билээ. Хэргийн учир нь түүний зохиол эртний үлгэр домгоор уншигчаа алгуурханаар хөтлөн эртний монголын ойн иргэдийн ахуйгаас гэнэт 19-р зууны аж үйлдвэржилтийн үеийн Орос болон Америкийн нийгмийн тэлэлт, хотжилтын орчинд үе үе аваачиж тэгснээ буцаад одоо цагын амьдралын хүрдэнд хөл тавиулсанаа буцаагаад үлгэр домгийн ахуйд аваачих нь түүнийг шидтэн гэлтэй. Уран бүтээлийг нүдэнд харагдаж гарт тэмтрэгтэл урлан гэдэг тухайн уран бүтээлчийн чадал чансааг харуулж буйн шинж. Үргэлжилсэн үгийн зохиол гэдэг хүнээс маш их хөдөлмөр бас мэдлэг эмх цэгц ур чадвар шаарддаг эд. Тэгээд Улаанбаатар радиогийн ерөнхий редактор гэдэг цаг наргүй ажлын хажуугаар уран бүтээлээ амжуулна гэдэг бэрх даваа. Ямартаа л манай хэдэн зохиолчдын дунд онигоо маягын яриа гарах шив дээ Бадамын тухай.
- “Энэ Бадам хэзээ завандаа ийм зохиол бичиж амждаг байнаа. Ээж нь бичиж өгдөг байх аль эсвэл манай хүн Орос хэлтэйгээрээ далимдуулаад нэрд гараагүй Оросын нэг зохиолчийн бүтээлийг орчуулаад байдаг байх гэж”
сайхан явуулна шүү манайхан нэгийгээ.

Ямартаа ч түүний анхны ном болох алдарт “ДАЙСИКУ” роман нь НАРАН улсад ниппон хэлээр хэвлэгдсэн гэж байгаа. Бас ч үгүй Японы их сургуульд очоод нэг удаа лекц уншчихсан эр. Нэг бус удаа түрэг хэлтний чуулга уулзалт энэ тэр гээд яваад байдаг учир битүүлэг нөхөр дөө. Би боддог юм түрэг хэлтэй эхнэр авах гээд хайгаад яваад байдаг юм болов уу гэж. Одоо хүртэл SINGLE яваа учрыг ану. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурын удахгүй бидний гар дээр тавих “Модон сахалт” зохиолыг нь хүлээн сууна. За ингээд эрхэм андын уран бүтээлтэй танилцана уу.

Андын хувийн блог хаяг ану: www.amuli.bblog.mn


Диваажингийн зун

Н.Бадамжав


-Ганцхан зоосоор шүү. Юуг ч ганцхан зоосоор худалдаж авч болно гэнэ
-Цаадах чинь галзуурчихаж
-Галзуурах ч энүүхэнд ээ. Үхэх нь дөхөөд урьдийн нүглээ цайруулж байгаа нь тэр. Тэглээ гээд ямар нимгэрэх биш дээ
-Манууст л зол завшаантай хэрэг боллоо. Сав суулгаа бүгдийг нь аваарай. Сезам сезам баялаг нээгд. Бас дахиад сезам сезам…
Ийм яриа багахан суурингийн өнцөг булан бүрт хоромхон зуурт хүрчээ. Гайхаж алмайрсан, эргэлзэж тээнэглзэсэн, итгэж ядсан хүнэн урсгал зээлийн талбай тийш чиглэжэв. Зээл төдхөн хүнээр дүүрлээ. Нэрэлхүү захирагч, мөнгөний авдар болсон дэлгүүрийн эзэдээс өгсүүлээд өлсгөлөнгийн энэ жилүүдэд хамгаа алдсан ядуус гээд хүн толгойтой болгон ирцгээжээ.
Гурван сар болж баймааж нь сая л нэг ирж хүнс голдуу бараагаа тэнгэрт тулсан үнээр арилжаалж орхиод дараагийн суурин руу талийж өгдөг наймаа эмгэнийг эндхийнхэн Айшхи гэж хочлоно. Хэнбугайд чиг өр зээлээр бараагаа өгнө гэсэн ойлголт түүнд байхгүй. Үмх мах, талхны үртэс ч гэсэн түүнд аминаас нь илүү үнэтэй. Үнэндээ замбуулинд түүнээс өөр хахир харамч, хүйтэн цэвдэг сэтгэлтэн гэж даанч үгүй. Гэзар даахааргүй ашиг орлого олж байвч хөгцөрч хатсан талхны зах, аяга төдийхөн усаар шидмэсэн голоо зогооно.
Тэр байтугай зуд турхнаар өлдөж, хөлдөж үхсэн амьтны сэг зэмээр хүртэл хооллож байсан гэдэг. -Тэртэй тэргүй энүүнд зовлого нь хэрэггүй болсон. Харин маньд бол хэрэгтэй гэж нэг ч шүдгүй улаан буйлаараа зулгалан идэж инээж суусан, харсаар байтал өлсч харангадаж унасан эхэд зүсэм талх, балга усаа харамлан, -Үхэх заяа нь ирсэн хүнд өглөг хэрэггүй гээд жишим ч үгүй явчихсан гэх жихүүдэс яриа өч төчнөөн. Улирал бүрийн шинэдээр болзсон мэт ирэх айшхийн гурил будаа, бал дарс, чихэр давсгүй бол энэ бөглүү хязгаарынхан амьдрах арга даанч хомсхон.
-Ердөө нэг зоос. Ганцхан зоос.. гэж хамаг сүнс сүлдээ гээж орхисон зэвхий эмгэн уйлагнах шахам шивнэнэ. Олноос төвөгшөөсөндөө байсхийгээд л уухчин орилох луусынхаа гэдсэн дор бэмбэгнэтлээ чичрэн суух түүний өвөр дээр хүмүүс ганц зоос шидчихээд л сав суулганыхаа багтах чинээгээр гурил будаа, бал дарс, амтат боов жигнэмэг савлан авцгааж байлаа. Уртаас урт дараалал багасч шингэрэхгүйтэй адил жижигхэн хавчиг тэргэн дээрх хүнс тэжээл хорж дундарна гэж үгүй. Саяхан л байдгаа дүүргээд буцсан нэгэн олны дундаас, -Хурдлаач ээ. Баялаг гэж хэзээ ч хорогдоно. Бүгдээрээ л тэгшхэн хүртэцгээе л дээ гэж хашгична.
-Ердөө ганц зоос. Хэчнээнийг л авсан нэг л зоос гэж эмгэн үнсэн хөх гэзгээ базлан улам бүр цааш орж буй хоолойгоо хяхтнуулан арай ядан шивнэнэ. Суурингийхан хамаг л сав суулгаа хоол хүнсээр дүүргэсэндээ сэтгэл ханасангүй. Усны ган, үр тариа нөөцлөх торхоо ч дүүргэж авцгаалаа. Эцэстээ гахай тахианы хонуурь, малын хашаа саравч үр тариа, гурил будааны агуулах болж хувирав. Тэр байтугай нохойны идүүр хүртэл зөгийн бал, улаан буудай, жимсгэнээр бялхжээ. Одоо дүүргэе гэсэн ч багтааж шингээх онгорхой цоорхой зай завсар үлдсэнгүй.
Үдэш гэхэд авгай хүүхнүүд гэр гэрээсээ тогоо шанагаа барьсаар зээл дээр эргэн ирж тэр даруйхнаа хоол унд хийж, ширээ засч, эрчүүд торх торхоор дүүргэсэн архи дарсаа сөгнөж найр наадам үүсгэлээ. Дарсны торх дундраад ирэхээр л эмгэний өвөр дээр ганц зоос шидчихээд л ахиад дүүргэчихнэ. Архи дарс гудамжаар гол горхи шиг урсч, нарийн боов жигнэмэгээр байшин барих нь холгүй аягалцгаана.
Үдшийн гэгээ тасарч зуны богинохон шөнө ирэхэд айшхи эмгэн орилоо луусаа чарлуулсаар хэдийн явчихсан байлаа. Дуу хууртаа хөөрч, дарсанд халамцсан суурингийнхны хэн нь ч түүнийг явсныг мэдсэнгүй. Хожим сонсох нь ээ энэ найр наадам зээлийн талбайд хэдэн хоногийн турш үргэлжилсэн гэдэг юм. Гэхдээ хэний ч хөрөнгө зоорь барагдсангүй
Бүх зүйл нь элбэг хангалуун, өдөр хоногууд нь дуу хуур инээд наргиан, наадам цэнгүүнээр үл тасрах диваажингийн зун цаг байлаа. Хэн ч тариа ногоо тарьж, мал сүргээ адгуулах гэж зовсонгүй. Хураасан баялаг нь энэ жилдээ байтугай ойрын хэдэн жилдээ хүрэлцэхүйц байсан болохоор хэн ч санаа зовсонгүй. Ингэж санаагаа зовоосон нэгнийгээ хамгийн тэнэг хүнээр шалгаруулж түүнд нь зориулсан найр наадам зохиох далим шалтаг хүртэл гаргаж байлаа. Ердөө ганцхан зоосны үнэтэй диваажин хүмүүст хумсын толион чинээ сүүдэргүй аз жаргал авчирчээ.
...Дөнгөж цас унах үесд өргөн тайга, өндөр уулсын цаадах нийслэлээс тэргүүн татвар хураагч бараа бологчдынхоо хамт гэнэтхэн ирцгээв. Улсад тушаах 300 зоосны татвараа л нэхэх гэж тэр шүү дээ. Хүмүүсийн хөх инээд хүрэв. Зарим нь 10 нугалаад өгье гэж байхад нөгөө нэг нь 100 ч байсан яахав гэж таахалзав. Харин тэргүүн татвар хураагч тавласан янзтай муухан инээмсэглэн, -Айшхийн гурил будаа, бал дарсаар уу гэх нь тэр. Бага зэрэг гайхсан хүмүүс ч тийм ээ л гэцгээв. Тэгсэн татвар хураагч, -Айшхи аль түрүү хавар л үхчихсэн. Нөгөө гайтай сүнс нь танайхыг хүртэл чаджээ дээ янз нь. Гэр гэртээ очоод хурааж цуглуулсан болгоноо үз. Үнс болсон байх вий хэмээн нуг нуг хөхрөв.
Үнэхээр айшхийн худалдаалсан бүхэн элс болон хувирчихсан байлаа. Зуны турш гэрэлтсэн мөнөөх гал цог бүхний нүднээс ул мөргүй замхран арилжээ. Авгай хүүхнүүд орь дуу болон уйлалдаж, эрчүүд үг хэлэх ч тэнхэлгүй болж хөмсөг зангидан хөмхий зуусан амьд сүгнүүд болжээ. Уртаас урт хахир хүйтэн өвөл уул овоо шиг элсэнд дарагдсан энэ сууринг хүссэн хүсээгүй ч өршөөлгүй арчиж хаяхаар анаж байлаа. Одоо тэдний сэтгэлийг цайруулж, тайвшруулж байгаа ганц зүйл нь айшхи эмгэний үхлийг мэдсэн хязгаарын суурин болгон ийм гамшгийн өмнө тулж ирчихсэн, бид ганцаархнаа биш гэх бодол л байв.

27 August 2010

Намайг яруу найрагт дурлаж зүрх сэтгэлээ өгөн цаас цоохорлодог болоход минь цөөн бус яруу найрагчдийн олон сайхан найраг, шүлэг нөлөөлсөн. Сэтгэл зүй болоод хүсэл мөрөөдөлд маань нөлөөлсөн эдгээр олон хүчин зүйлсийг нэг бүрчлэн тоочих арга үгүй билээ. Ямартаа ч ертөнцийн хоног өдөр элээх тусам эдгээр хүчин зүйлсийн тоо болоод надад нөлөөлөх хүчин чадлын үелзэл өсөн нэмэгдэх нигуртай аж. Энэ нэмэгдэх чанар бүхий томоохон шалтгаануудын нэг Б.Эрдэнэ-Солонго билээ. Түүний шүлэг ер бусын гайхамшигтай мэдрэмжээр цэнэглэгдсэн байдаг бөгөөд тэрхүү эгэл бус сэрэхүй нь эрээ цээргүйгээр сэтгэл зүрх, сэрэл мэдрэмжээр минь оролдон нааддаг бөлгөө.

За ингээд та цөөн хэдэн хоромыг зөнд нь орхиж, сэтгэлд тань дараах шүлгүүд юу гэж шивэгнэхийг нь сонсьё.


МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго нь Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. УБИС-ийг сэтгүүлч-утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн тэрээр 1995 оноос эхлэн хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 15 жил ажиллажээ. Яруу найргийн “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг” шүлгийн түүврээ тус тус хэвлүүлсэн. Одоо “Долоон буудлын Мона Лиза” шүлгийн түүврээ хэвлэлд бэлдээд байна. Б.Эрдэнэсолонго нь “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгчээр ажилладаг.

Хайр хүртэл...

Жижиг жижиг сэтгэлүүдийг

Зүйж наахаар

Жинхэнэ юм шиг болно.

Хайр хүртэл

Ийм байж болно гэдгийг

Олж мэдээд

Хэн нэгэнд,

Учиргүй их уурсав.


Цаг хугацааны эрвээхэй-1

Цаг хугацааны эрвээхэй

Цамцан дээр суухад

Зун болов.

Өнөөх эрвээхэй

Өдөр өдрөөр өгссөөр

Толгой дээр суухад

Өвөл болов.

Өвөл татсан солонго шиг

Яасан хүйтэн,

Яасан хоосон,

Яасан сайхан харагдана

Цаг хугацаа.


Цаг хугацааны эрвээхэй-2

Би хүүхэд

Намайг хуурах гэсний хэрэггүй

Би хүүхэн

Надтай унтах гэсний хэрэггүй

Би эр хүн

Сайн ярилцаж болох л юм.

Нэг ирэхэд чинь би байхгүй байна.

Нэрийг минь тэнгэрээс уншаарай,

Цаг хугацаа.

* * *

Зараанууд,

Өчигдрийг сануулан

Ширээн дээгүүр гүйлдэхэд

Тэднийг дэрлэж унтсан

Тэвчээрээ гайхна...

Өчигдөртэй,

Нэг эцгийн хүүхдүүд шиг

Тэврэлдэн үнсэлцсэнээ бодохоос

Ой гутна, огиудас хүрнэ.

Зэвүүн,

Заваан зараанууд...



22 August 2010




АЛИСА-тай хамт ГАЙХАМШИГТАЙ


Түүнийг Алиса гэж дууддаг
Тэр урт хөлтэй богино банзалтай
Богино нэртэй урт намтартай
Алиса “гайхамшигтай”

Алиса...
Амандаа хийгээд хүлхмээр
Алиса...
Алган дээрээ бөмбөрүүлмээр
Алиса...
Миний шүдний өвчин
Алиса...
Зүрхэнд шаасан чинжаал

Сэрүүн зүүд
Сэхүүн мөрөөдөл
Мартагдашгүй амт
Миний Алиса “гайхалтай”

Тэр минийх...
Гэнэн охин шиг төрхтэй ч
Тэр бүгдийг хийж чаддаг
Түүнтэй цуг
Гайхшигтай...
Ертөнц
Алиса бүгдийг хийнэ...

Тэвчээр алдагдам
Тачаангуй Алисаг
Үнсэхэд өвдөх шиг
Өвдөлт маань нисмээр болгодог

Хүйснийхээ хажууханд
хатгуулж шархлуулсан
зүрхийг минь шивүүлчихсэн
Харцны нь цаана
аниргүй нам тайван ертөнц нуугдах
Алиса “гайхамшигтай”

Тэр баяртай ч гэж хэлээгүй
Тэгээд нэг л өглөө явчихсан байсан
Түүнд "БИ ХАЙРТАЙ" юм байна
Түүнийг Алиса гэдэг

Тэр урт хөлтэй богино банзалтай
Богино нэртэй урт намтартай
Алиса “гайхамшигтай”
Алиса “гайхалтай”

2010.08.22-нд Сөүл хот

Тийм ээ... Алисатай хамт гайхамшигийг мэдэрмээр... “ЯАГААД ЗААВАЛ ЗААВРЫН ДАГУУ АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ..? бүл шүлгүүдээс

21 August 2010





Сарнай – III

Оройн болзоондоо би юу авч очихоо мэдэхгүй байна. Чихэр, жимс аль эсвэл чихмэл тоглоом. Арай л биш ээ. Миний дурласан бүсгүйд минь таалагдахгүй бол яах вэ? гэдэг л...

Би цэцэгнээс өөр зүйл авч очих ёстой. Тэрнээс өөр зүйл толгойд минь юу ч алга. Зүрх сэтгэл гэдэг юутай харалган, уяхан.

Миний зүрхийг уртааш нь хоёр хэсэг болгон тасар татасан дурлал одоогоос 5 жилийн өмнө тохиолдсон. Жинхэнэ хайр дурлал гэж тэр л байсан.

Бага байхдаа үзэж байсан нэгэн жүжигт гал улаан сарнайг хайртдаа өгөхийн төлөө хичнээн ихээр зовж шаналж байгаа залуугийн тухай гарсныг санаж байна.

Тэр шаналантай залуу шиг би дурласан. Тэрхүү ганцхан ширхэг гал улаан сарнай түүний ямар ихээр дурлаж хайрласны бэлэгдэл болох байсныг мөн хайр дурлал тийм их агуу зүйл байдгийг би ойлгосон. Хайр дурлалыг тэр жүжгээр төсөөлөн боддог болсон.

Тиймээс би ганцхан ширхэг цусан улаан сарнай авч очоод “ХАЙРТАЙ” гэдгээ хэлж үзсэн. Тэр цэцгийг минь авчихаад намайг авахыг хүсээгүй. Миний бодлоор цэцэгтэй минь хамт намайг тэвэрч авах юм гэж төсөөлсөн. Багадаа үзсэн жүжиг дээрх дурлалт залуу гүнжид дурлаад яаж шаналж байсныг тэгэхэд л сая ойлгох шиг болсон. Хэрэв миний дурлал жүжиг шиг биелэх байсан бол тэр намайг тэвэрч аваад үнсэх байсан.

Тэгэхэд тэр жүжиг анхнаасаа худал байсан. Амьдрал дээр ихэмсэг бардам гүнж эгэл залууд дурладаггүй юм гэдгийг би аль эрт ойлгох ёстой байж. Бас тэр улаан сарнай ч гэсэн хайр дурлалыг илэрхийлж чаддаггүй гэдгийг ойлгох ёстойгоо мэдсэн.

...Орой болзоондоо би цэцэгнээс өөр зүйл л авч очих ёстой.

Харин юу гэдэг л сонин байна.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он


14 August 2010




Сарнай – II

Миний цонхон дээрх хатсан сарнай аль эрт ихэмсэг бардам төрхөө гээсэн. Дэлбээ нь омголтсон уруул адил. Надад энэ нь илүү таалагддаг юм. Энэ хатсан дэлбээг сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг ажиглаж суух таатай. Би яг энэ сарнайн өнгөтэй адил улаан хөшигтэй тайзан дээр хайрын шүлэг уншиж байснаа санаж байна.
Танхим нам гүм байсан. Зүрх минь дурлалдаа халуурчихаад ёолон тарчилж гүйцсэн болоод ч тэр үү би өөрийгөө энэ тайзны нэгээхэн хэсгээр төсөөлсөн.
Тэгтэл хатсан сарнай мэт дүнсгэр хүйтэн өнгөтэй танхим хайр адил хов хоосноор өөдөөс гөлөрч байсан.
Дэндүү хүйтэн, хэрцгий.
Миний сэтгэл тайз шиг уужим, хүсэн тачаадсан, бас бурханлиг.
Гэсэн хэдий ч хайрын шүлэг хоосон танхимаар нэг тарж, зэвхий хүйтэн чулуун хананд ойгоод чихэнд минь цуурай адил сонсогдлоо.
Гүйцээ... ингээд боллоо... бүх зүйлийг шинээр эхлэе.
Хайр улаан өнгөтэй биш юм байна.
Залхаж байна. Хатсан сарнайг хогийн саванд хийчихээд цэцгийн дэлгүүрээс зуун наст аваад харц суух минь.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он

07 August 2010








Сарнай – I

Миний хүү сарнайг үнэрлэж болдоггүй юм.
Үнэрлэвэл хурдан үхчихдэг юм. Усанд хийж тавь...
Зохиогч...

Яг миний бүтэлгүй дурлалыг санагдуулах чинь. Анхны болзоонд очихдоо авч очиж байсан час улаан сарнай дахиад л гарт минь байна.
Дэндүү ихэмсэг гоо үзэсгэлэнг би үзэн яддаг. Яагаад ч юм би хэзээ ч хүрч, тэмтэрч боломгүй бас зурж, зүйрлэж чадашгүй ихэмсэг бардам, гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч чаддаггүй, сураа ч үгүй. Миний бодит орчинг төсөөлөх төсөөлөлөөс давсан зүйлийг би үгүйсгэдэг.
Нэгэнтээ намайг гундааж орхисон энэ цэцгэнд дургүй. Магадгүй миний чин сэтгэлээсээ хайрлаж дурлаж явсан охины хуриман дээр ахан дүүс, найз нөхөд ойр тойрныхон нь цуглахдаа бүгд ийм цэцэг барьж очицгооно гэж бодохлоор үзэн ядмаар. Зөвхөн тархинд минь бугшсаар байдаг хэрцгий зан авир маань энэ цэцгийг харахлаар сэдрэх шиг болдог.
Цусанд согтсон ирвэс адил баглаатай цэцгийг үнэрлэж суух сайхан. Үзэн ядалт, хэрцгий авир минь биелэх мэт би сарнай үнэрлэж сууна.
Хэзээ нэгтээ хэн нэгэнд гомдсон гомдол минь тайлагд...

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос 2003 он

28 July 2010

.
.
.
.
???

Архины асуудал уу?
Хүнсний бүтээгдэхүүний тооноос хасагдчихсан юм уу?
Тамхи уу...
Хүмүүс тохиолдолын сексээс татгалзаж чадахгүй л байгаа шүү дээ...
Өвс үү
Хэтэрхий хүчтэй дурлалаас би айдаг хэвээрээ...

2006.07...

25 July 2010

.
.
.
.

Ардаас минь БУУД...

Юу ч битгий бод
Бүү эргэлз
Одоо гүнзгий амьсгаа ав
Овоо хараандаа
Намайг онил
Амьсгалаа түгж
Гохоо тултал нь атга
Гүйцээ...
Битгий ай
Сандрах хэрэггүй
Урдаас минь чи буудаж чадахгүй
Үхэлтэй тулсан хүний харцийг
чи тэсвэрлэж чадахгүй
Чи айсанаасаа болоод
Солиор ч мэднэ
Үхэхгүй бол би дайснаа танина
Чи айгаад байгаа юм уу даа
Зүгээр л
Ардаас минь БУУД...
Аль эсвэл БИ
Чамайг...

2009.06.23

10 July 2010

.
.
.
.

ТЭР ЗҮГ

Моддын шарласан навчис, цаг хугацааны төгсгөл рүү
Би алхана...
Хагацал гунигийг мартуулах диваажингийн зүг бус
Үүлс нүүж, сар жаргадаг тэр зүг би зүглэнэ
Тэнд үхэл амьдрал хоёр янагийн холбоотой
Би шарласан дурлалын дурсамж дундуур алхаж явна
Сэрчигнэн үлээх салхи хацрыг минь үнсэж одоод
Уруулын хээтэй навчис нь нүдийг минь халхална
Агуу их найрагчдын дурлалын дурсамж энд тэндгүй хөглөрч
Сэтгэл шархлуулсан хагацалын нулимс энд гол болон урсаад
Ёроолгүй гүн хар далай руу цутгана
Тэгээд
Ёолсон зүрхний шаналгаагаар эрчлэн давалгайлна
Цаг хугацааны төгсгөл зүүдээр хэмжигддэг
Цацрагч одод нь тунгалаг тод, өдөр ч гэрэлтдэг
Тэнгэр нь цалин цагаан, нилэнгүйеэ үүлс мэт
Салхи зүсэн нисэх шувуул энд алга
Сайхан зүстэй хурмастын дагинас тойрон нисэцгээнэ
Хачин гоё дуу хоолойтой
Хайраар зүрх нь хөглөгдчихсөн хурмастын эздэд
Хайрлуулах гэж дурладаггүй
Хагацалын дуу шүлгээр тэд өөрсдийгөө чимдэг
Гайхамшигтай.
Жаргалын зүүд зүүдэлдэггүй, хүсдэг ч үгүй
Зовлон уйтгар тэдэнд
Жаргал авчирдаг болохоор
Тэд өнгөрсөн үеийг ирээдүй гэж боддог
Би моддын шарласан навчис, дурлалын дуртадгал руу
Алхаж явна...

2002.10.07

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номын шүлгээс. Тэр нэгэн жилийн Болор цомын тайзан дээр уншиж байсан билээ. Саяхан л санагдаж байна.

04 July 2010

.
.
.
.

Бундан зүрхний толион дээр минь
Өрнө зүгийн хээрийн түймэр шиг бүсгүй
Flamingo товшиход сэтгэлийн чавхдас минь
чадлаараа Испани аялгуу эгшиглэсэн
Түймэр сэтгэлийг минь нилд нь
галдчихаад явчихсанаас хойш
Амархан хөг орчихдог чавхдаст зүрх минь
хөглөгдөхөөн больсон
Гуйлгаж ирээгүй шигээ
Тэр баяртай ч гэлгүй одсон
Гадар нь холцорсон эвдэрхий
гитар шиг болж хоцорсон зүрх минь
Үе үе салхи сийгхэд санаа алдах л дуутай үлдсэн.

2009.08.05 Ижинбү Пучеон хот