Pages

24 March 2011





Хар нүдний шил зүүсэн
Тэнгэр
Яралзтал инээмсэглэх
Үдшээр...
Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй
/ хуучны / аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулах
Шаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй
Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад
Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаад
Тэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараад
Хар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад
Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж
Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.
Будаг шунхны үнэр, тамхины бохь холилдсон
энэ л хүүхнүүд биш шүү
бурхан минь
За яах вэ дээ...
Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...
Гудамжны хаа нэгтээгээс
Хачин хуучны дуу чихнээ сонсдоно
Хайран гутал шавхай туулчихлаа...

2007.11.03

Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь

06 March 2011

Модод навчсаа гөвчихөж…

Дахиад л хуримын цуваа хажуугаар өнгөрөх чинь

Хачин ихээр надад дурласан бүсгүй хүнийх болчихлоо

Намайг хүлээдэг бүсгүй нэгээр дутлаа…



Манай цонхны тавцан цасанд дарагдчихаж…

Дахиад л чимээгүй хот зүглэх гашуудлын цуваа

Эрх чөлөөт шүлгийг минь сонсох л байсан

хүн нэгээр дутлаа…



Миний дурлалт нүүдлийн шувууд ирчихэж…

Дахиад л тэнд хүүхдийн чарлах дуу хадах чинь

Гарцаагүй тэр миний л хүүхэд байгаа…

Зун болчихож…



2002 он 09. сар

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номоос 2003 номоос

27 January 2011

Танилцаад удаагүй ч
Чиний инээмсэглэл
Танил дотно санагдах
Чиний халуухан амьсгал
Чихний омгийг шүргэсээр дотор минь нэвчин
Тархины эд эс, ширхэг бүрийг онгичиж самууруулаад
Буй биеэр минь тархнам.
Чиний гар хурууны үзүүрт
Зүрх минь захирагдан дуулгавартайгаар цохилж
Бүх л биеэр минь цахилгаан гүйдэл урсаад
Над руу давалгаалан ирэх их урсгал
Ямх ямхаар тэмтчиж хүлхэн дур зоргоороо авирлаж
Хэн ч биш задгай салхинд чавхдас нь хүүгэх
ятга мэт болгож орхих
Чиний уруул миний зүрхний өнгөтэй ижилхэн
болоод л нэгэн цогц болон уусан
Намайг дотроос минь мэдэрч
Хөг оруулан эгшиглүүлэх
бурхан минь
Нэрээ хэлээч
Надаа...

2009.05.10-нд

Марзан эд байгаа юм шүү энэ...

04 January 2011

Чиний ширэв татаж одсон харц
Хаврын эхэн сарын гунигийг орхиж
Чамайг үнсэж, үдсэн уруул цээжин дэх хангалттай
тунирхалын үгээ тэсэн ядан барихдаа өмөлзссөн
Хачин зэврүүн
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

Савчин дайвалзах салхи нь
Чиний үнэрийг энгэрээс минь олоогүйдээ агсарч
Санасан сэтгэлийн хөндүүрээр минь тохуурхах
уйт хаврын зэвэргэн өдрүүдтэй
Хачин нууцлагдмал
Хачин хөндүүр сэтгэлийн минь
Гуравдугаар сар...

Гунигийн гучин зургаан цагтай хоног өдрүүдийг
элээж барахгүйдээ миний унагасан
Хачин шорвог нулимсанд минь
Хөөрхөн цэцэгсийн түрүүч хөх яргуй согтоод
мрагийн дуу дуулдаг
Чиний эзгүй
Чамайг санасан
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

2008.03.17 Улаанбаатар хот


Шинэ ондоо шинэ номоо хэвлүүлэх санаатай. Тун удахгүй.
Тэгээд энд тэнд дарагдаж мартагдсан хэд хэдэн тэмдэглэлийнхээ дэвтэрийг харж сууна.
Энэ шүлэг нилээн эртний дурлалыг маань санагдуулаад...

17 December 2010



Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхэлчихээд баллачихсан найрагчийн онгод
Ингээд л дуусчихна гэж үү?

Намайг ингээд явчихвал
Зүрхийг минь зорж, сэтгэлийг минь хөвөрдөх
Зүйр үг олдомгүй тэр охидын тухай
Хэн бурхадын мэлмийд мялаалгаж сонорт нь хүргэх вэ?
Сүүдэр нь хүртэл нөмөртэй санагдах энэ орчлонгоос
Бурхадын зөвшөөрөлгүй би буцаж болохгүй.

Хатуу орчлонг тайтгаруулах л гэж
Хэвлийдээ торних үрээ чагнах бүсгүйн
Хүйсэн дээр нь хэн үнсэхэв
Хаврын нялх ногоод
Намрын өвгөн навчсын
Баяр гунигийг хэн дуулах юм.

Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхлээд баллачихсан
Тэнгэрлэг найрагчийн онгод
Ингээд л төгсчихнө гэж үү?

Намайг ингэж зүүдлэж, цочиж сэрээд харахад…
Намрын сүүл сарын навчис гудамжинд
Сүүлчийн вальс эргэх мэт эргэлдэн бүжицгээнэ
Бурхадын зөвшөөрөлгүй зүйл гэж үгүй.

Бүгд над шиг хийсвэр – 2007 номоос

05 December 2010


Ханан дахь чиний зураг
Хамгийн уйтгартай
Намар цаг...

Нэг ийм хэдэн шүлэг миний танил бүсгүй надад цахим шуудангаар явуулсан юм. Танхилхан танил маань зөвхөн өөрөө өөртөө зориулж шүлэг бичдэг өөр нэг найз бүсгүйнхээ шүлгээс надад явуулж буй нь энэ. Хэрхэн ямар замаар манай танхилхан бүсгүй маань найзынхаа шүлгийг олж авсан тэгээд хэдий хэрийн цаг хугацаанд хичнээн хүнд энэ эрхэм “нууц” шүлгүүдийн нууцийн мөн чанар алдагдаж надад ирсэн юм бүү мэд. Ямартаа ч эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг нь тэрлэж нөгөө нь “нууц”-ийн утгыг нь алдагдуулсан шүлгүүдийг ичгүүр сонжуургүйгээр би цөөн хэдэн блог сонирхогчиддоо дэлгэн үзүүлж байнам.

Гуниг минь
Гундсан уруулын будаг минь
Гандсан сэтгэлийн гоёл минь

Хөөрхөн байгаа биз...

Уг шүлгүүдийг тэрлэсэн бүсгүйн зүрх сэтгэлийн дуудлагыг эс тооцвол тэрээр сэтгүүл зүй, утга зохиолтой ямар ч холбоогүй гэдгийг нь би мэдэх юм. Шүлгийн эзэн эгэл дарууханаар яруу найрагт дурлагч хэмээн өөрийгөө тодорхойлох нэгэн бий. Би мэдэх юм.

Дурлахсан,уйлахсан
Дурлаад жаахан охин шиг л
Тэнэглэхсэн...

Утга зохиол сонирхогч, уншигчид маань ийм гайхалтай мэдрэмжтэй өндөр түвшиний уншигчид байж гэмээн монголын утга зохиол хөгжихийн нэг үндэс бөгөөд үзэг цаас холбогч биднээс өөрсдийн уран бүтээлдээ илүү их анхаарал хандуулах цаг болсныг өгүүлнэ.
Би хувьдаа боддог юм. Тэгээд энэхүү бодлоо нэг бус удаа үеийнхээ яруу найрагчдад “Нисванис”-ийн Энх-Амгалан, “Night Train”-ны Цэцэнбилэг, “Татар”-ын Заяа гурваас манай зарим нэг яруу найрагчид маань суралцах хэрэгтэй гээд хэлж байсан санагдана . За ингээд эрхэм уншигч та бүгд өөрсдийнхөөрөө таалан соёрхоно уу...

Яагаад зөвхөн ганцаараа
Ярилцах ч үгүй ганцаараа
Зовохыг гунихыг хүсээд байна вэ?
Яагаад зөвхөн ганцаараа
Уйлахыг уйтгарлахыг хүсээд байна вэ?
Үргэлж зүрхийг минь
Үймүүлж орхидог бороо
Өнөөдөр яагаад орохгүй байна вэ?
Яагаад зөвхөн Өглөө манддаг нарыг
Үдэш харах дуртай байна вэ?

БОРОО ОРОХОД

Бороо ороход би намуухан гуниглаж
Болзоонд хэн нэгнийг урьмаар болдог.
Нэвт норсон гэрэлт мододын дундуур алхалж
Нэг л сайхан үнсэлцмээр санагддаг.
Бороо ороход би аниргүйхэн хөглөгдөж
Болор дуслуудаар нь сэтгэлээ аргаддаг.
Зүрхний гүнд эгшиглэсэн уянгатайгаа
Зүгээр л энэ орчлонд үүрд үлдмээр санагддаг.
Бороо ороход би эмзэгхэн уйтгарлаж
Бусдын өмнөөс уйлмаар л болдог
Бодлогширсон бүрхэг тэнгэрийн дор
Болзоондоо чимээгүйхэн зогсмоор л санагддаг
Бороо ороход...
2010.6.07 Даваа гариг

Намар -1
Намрын тухай, чиний тухай бодмооргүй
Навчсан дээгүүр бүр ч алхмааргүй байна
Дуулаад л энэ намрыг туулчихмаар
Дурлалтай даруйхан учирмаар байна.
Хатаж гандсан навчсанд харуусмааргүй
Хайрын дүүжин гүүрэн дээр амьдармаар байна.
Уйтгартай хүйтэн бороонд зүрхээ жиндүүлмээргүй
Уруулын халуун энхрийлэлд дулаацмаар байна.
Шувуудын дуун,навчсын совинг мэдэрмээргүй
Шуурга шиг л энэ намрыг дайраад өнгөрмөөр байна
Ийм их уйтгар тээсэн намартай
Эгч дүүс шиг дотносмооргүй байна.
2010 09.01 Лхагва гариг

Би ямар ч засвар оруулалгүйгээр уг эхээр нь бүх шүлгүүдийг нь оруулав.

16 November 2010

Намайг – Хуанлийн хуудас бүртэй инээмсэглэн мэндчилсээр сэрэхэд
Урд шөнийн оддыг өглөөгүүр цэвэрлэгч эмгэн шүүрдээд хаячихсныг
Модод юу ч хараагүй дүр эсгэж
Салхи юу ч сонсоогүй мэт исгэрч
Шөнийн явдалыг надаас бүгд нууна...

Шүдний оо сойз, савангийн оролцоотойгоор урд шөнийн зүүднээсээ
сая нэг бүр мөсөн салж аваад
Өвгөн улиас шиг хөгшид хаа нэгтээ нарлаж
Исгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах
Нууцаар дүүрсэн их хотын урсгалд хөл нийлүүлэн алхалдаг
Өдрийн явдал надад бүгд сонирхолтой...

Намайг – Цахилгааныхаа тоолуурыг түр амсхийлгэн зогсооход
Өвгөн сахиул ороодог тамхиныхаа цогоор тэнгэрийг хэдэнтээ цоолж ододыг урлана.
Шувууд нисэлдэж, энд тэнд жиргэхээ больж
Хаалга үүд болгон бат бөх цоожлогдоод
Хаа нэгтээ надаас далдуур ямар нэгэн хуйвалдаанд бэлдээд
Шөнийн явдалыг надаас БҮГД нууна...
Намайг - эзгүйдэг

2010.09.02-нд 01.00 минут Сөүл хот.


Ирэх онд нэг бус ном хэвлүүлэх санаатай. Час хийсэн халуухан ном яруу найрагт хайртай, дуртай хүмүүсийн гар дээр тавих гэсэн хүсэл мөрөөдөл дүүрэн л байна. Тэгээд тэсгэлгүй шүлгүүдээс нь блогтоо тавиад байдаг. Зарим нэг зохиолчид “номын амт” байхгүй болчихно гэж зэмлэх юмаа. Мунхаг миний бодлоор бол бүр эсрэгээр улам чангарна гэж бодоод байгаа юм. Үүндээ ч итгэлтэй байна. Нэг ёсондоо чанартай юмны “амталгаа” гэх үү дээ. За нэг иймэрхүү шүлгүүд...

30 October 2010


www.altanurag.mn энэ хаягаар сүүлийн үед ороод үзсэн хүн байна уу? Солонгос дахь Монголын уран бүтээлч залуусын дундын блог http://2x1club.blogspot.com/ дээрээ бид аль эрт холбоод авсан билээ. Гэсэн хэдий ч тэр болгон өөрсдөө ороод байдаггүй аж. Харин өнөөдөр Алтан ураг хамтлаг маань шинэ соргог уран бүтээл юу хийж байгаа талаар сонирхон тэдний сайт-руу орж үзэв. Гайхамшигтай. Ямар гоё сайт болоо вэ. Алтан урагынхан хөдөлмөрч залуус.

Угаасаа соёл урлагын ертөнцөд тэд анх хөл тавихдаа л бусдын олж хараагүйг харж хийгээгүйг хийж ирсэн билээ.
Монгол улсын Хүүхэлдэйн театрт ажиллаж байхдаа миний бие Алтан Ураг хамтлагын хамт олонтой ойртож дотносож билээ. Тэдний хөдөлмөрч хичээнгүй занг нэг театрын дээвэр доор байсны хувьд би сайн мэдэх юм.Саяхан даа 2009 оны 09-р сард БНСУ-ын Чэжү аралд болсон Делфик дэлхийн соёл урлагын 3 дахь олимпод Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг урлагын 7-н төрлөөр оролцсон билээ. Энэ тэмцээнд нэг болон хоёр чавхдаст хөгжмийн төрөл, багт бүжгийн төрөл, дан хоолойн найрал дууны төрөл, уран бичлэг буюу калиграфф, бишгүүрт хөгжмийн төрөлд манай Монголчууд 5-н алтан медаль мөн яруу найраг, уран бичлэгийн төрөлд Lura awards шагналыг тус тус хүртэж дэлхийн 54 орон оролцсон уг наадамд Монголын баг багаараа хоёрдугаар байрт орсон билээ.
Энэхүү наадамд миний бие яруу найргийн төрөлд оролцсон бөгөөд Алтан Урагийн маань М.Чимэдтогтох бишгүүрт хөгжмийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртсэн ба бөмбөрийн төрөлд оролцсон Б.Эрдэнэбатын үзүүлбэр үзэгч, шүүгчдийн анхаарлыг татсан үзүүлбэр болсон билээ. Чухам юу гэвэл нутгийн хулс модоор хөгжим урлаж түүгээрээ ХҮН-БАЙГАЛЬ сэдэвт зохиомж тоглосон нь олны анхааралыг татах зүй хэрэг байлаа.


Уг наадамд бүтэн бүрэлдэхүүнээрээ ирж чадаагүй ч хоёулаа ирсэн Чимэдээ, Эрка хоёр маань ганзага хоосонгүй буцсан нь энэ байлаа. Би АРААТАН дуунд нь дуртай. Мундаг дуу.
Индианчуудын бөөгийн дуулалд ийм шүлэг байдаг гэж хаа нэгтээгээс уншиж байсан юм санагдах юм. Ортой л дуу...



Тэд одоо discovermongolia-д бэлтгэлээ хийж байгаа гэнэ билээ.
Энэ жил "Алтан Ураг" хэд хэдэн цомог зэрэг гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн. Мундаг хөдөлмөрч залуус шүү...

Холбогдох @ хаяг: altanuragband@yahoo.com

27 October 2010


Эрхэмсэг яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана ах маань Монголоос ирлээ гэдэг сайхан мэдээг миний бие аваад гурван 7 хоног элбэг болсон. Удтал цаг төлөвлөсөний эцэст бидэн хоёр Гуулин улсын нийслэл Сөүл хотын төвд өчигдөр уулзав.


Уулзаагүй удсан бидэнд хоёрт ярих хөөрөх, үзэж харах юм бишгүй / өөрийн гэсэн өнгө аяс, өөрийгөө таниж ядах мөхөс би сүүлд бичсэн шүлгүүдээ шүүн тунгаалгах гэж ихэд хүсэмжилсэн хэдий ч / их байсан ч олдсон багахан хугацаагаа ажил хэрэгчээр төлөвлөн Солонгосын Үндэсний Музейг үзхээр гараад шидчихэв.

Сөүл хотын төв хэсэг Солонгос улс дахь Монголын элчин сайдын яам байрлах ХАННАМ
/ 한 남/ буудлаас 2-хон буудлын зайтай орших ИЧУН/ 이촌 / буудал дээр уг музей байх.












Манай эртний Киданчуудтай 1019 онд дипломат харилцаатай байсныг гэрчлэх гэрээ. Энэ үед оюутан солилцдог байсан баримт нь олдоод байгаа гэнэ.



Эртний хааны чимэглэл


Энэ музейн Төв Азийн тасаг нь засвартай байсан хэдий ч Япон болон Энэтхэгийн түүхийн үнэт дурсгал тавигдсан үе таарав. Мөн манай Монголын нутаг дээр оршин тогтнож байсан Киданы хаант улс болон бусад хаант улсуудтай холбоотой материалууд мэр сэр байв.










Хүннүгийн үеийн эд өлгийн зүйл мөн байгаа биз.



















Японы түүхийн үнэт дурсгалаас:
"The Tale of Genji" гээд дэлхийн хамгийн анхны РОМАН. Tosa Mitsuoki гэгч Япон эмэгтэйн зохиол аж.

























За энэ Япон эмэгтэйн гоо сайханы хэрэглэлийн хайрцаг сав. ГОО САЙХАН гэдэг бүхэл бүтэн УРЛАГ, СОЁЛ байдаг аж.



Энэтхэгийн түүхийн үнэт дурсгалаас: Утга зохиол, номын Манзушир бурхан.




За энэ мэтчилэн нилээн хэдэн зураг авсаан. Дараа дэлгэрэнгүй блог дээрээ баяжуулж тавих санаа байна. Ингээд манай Монголын айл бүрт мунхагын хар үйлийг тасдаж номын гэгээн үйлсийг бадамлянхуа мэт дэлгэрүүлэх болтугай Манзушир бурхан минь...


Хөлөө бэртээсэн хазгар би маш богино хугацаанд уг музейг тогтож харалгүй шудраад өнгөрсөн хэдийч дараа заавал дахин тухтай үзэх ёстой газар юм байна...

22 October 2010


Уйтгар гуниг хуучин дэвтрийн хуудаснаас
Уртаар санаа алдах мэт өндөлзөхөд
Цээжиндэх бачуурал зангиаг минь чангална.
Гурван давхарын цонхыг
Гуниглангуй хувь тавилан минь
Аажуухан тогшиж
Намайг дуудна.
Урилгагүй зочин
Өрөөнд минь орж ирээд
Уртаар санаа алдах мэт
Аз жаргалын
тухай үлгэрээн ярина.

…Тайван амгалан
тайван амгалан гээд л...
Байхуу цайгаар хоолойгоо
чийглээд.
Эхнээс нь дуустал мэдэх
Үлгэрийг дахин дахин яриад
Үзэгний бэх дуусаад цаас зурах
ер бусын хяхтнах дуунд
Цочин үргэнэ.
Бүрэг ичимхий
Хувь тавилан минь дээ.


1998.09.23

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номоос