Pages

05 June 2011

Яагаад ч юм нэг их нэвширсэн уйтгар гуниг, хагацал энэ дуунаас цухалздаг юм. Бүүр яая даа гэмээр шүү. Тэгэх мөртөө энэ дуу найзын маань ээжийн дүр төрхийг өөрийн эрхгүй надад санагалзуулдаг юм. Тэднийх ханандаа хэд хэдэн эртний хээ хуар болсон орос цахиур бууны гоёмсог цуглуулгатай, хөдөлгөөн бүр нь эмх цэгцтэй эелдэг дөлгөөн гэр бүл байх. Хаа нэгтээ андын хамт гэрт нь зочлоход өтгөн хар кофе оочилж элгээ тэврэн цонхоор гөлөрч ижий нь зогсдогсон. Задгай зоосон мөнгө шиг бүтэх бүтэхгүйн хүсэл мөрөөдлөөр шинэ хуучин түмэн эгшигт хуурцагны аялгуунд сонороо мялааж аваад сая нэг их ажил амжуулсан мэт тэднийхээс гарч шат уруудан алхахад хаалгын цаанаас The BEATLES – Long and winding road” эгшиглэх шиг болдог байж билээ. Бүхнийг эрхшээгч ноён “Б” гоо үзэсгэлэн, элбэг хангалуун амьдрал харамгүй хайрласан шигээ уйтгар гунигийг жор хэтрүүлэн түүнд /найзын маань ижийд/ өгсөнөөс зайлшгүй. Магадгүй хүн болгон өөрийн гэсэн өнгө, аялгуутай байдаг байх гэж одоо би боддог юм.


Гэтэл орчлон дээр ижилхэн хувь тавилан гэхээсээ илүүтэйгээр, гунигт шилний цаанаас орчлонгийн үнэн мөнийг 3D хэмжээсээр харах дуртай ижилхэн зан араншин, хүсэл эрмэлзэлтэй хүн бас байх юмаа. Тэр миний их дотно найзуудын минь нэг. Хаа нэгтээ уулзаж шар айраг шимэнгээ / бичиж эхлээгүй / номынхоо санааг ярилцаж нэг нэгнийхээ дотоод ертөнцөд “томоотой” айлчилдаг тийм дотнохон анд минь. Сайн яруу найрагч, сэтгүүлч бүсгүй. Тэр “Бурхантай газар”, “Хариг дотно” хэмээх хоёр номоо одоогоос 5 жилийн өмнө хэвлүүлсэн нэгэн. Хачин эмзэг мэдрэмж, бүсгүй хүний хөндүүр сэтгэлийн чавхдас, өнөөх бүтэлгүй хайр, уйтгар гунигаар намайг хэсэгтээ эзэмдэж чадсан бүсгүй. Тэр өнөөх Б.Одгэрэл, Б.Галсансүх, Б.Энхжаргал, Г.Сонинбаяр гээд өөр өөрсдийн сонин содон ертөнцийг уран тодоор тунхаглаж яваа “Хан-Хэнтийн школа”-ийнхон юм чинь арга ч үгүй биз. Би түүнтэй уулзаагүй уджээ. Толинд тусах түүний сэтгэхүй төсөөллийн тусгал болох цахим блогоос эгшиглэх “The BEATLES – Long and winding road”-ийг үе үе сонсох л юм даа.


Хэвлэлийн наалт нь бүрэн хатаагүй шинэхэн ном тэрээр уншигчдын гар дээр тавьж гэнэ. Тун удахгүй хариг дотно түүний ертөнцөд би аялаж түүнээс эгшиглэх “Уйтгарт салхи хүүгэх аяны урт зам” –ийг төсөөлөн харж шар айраг шимэн сууна гэж найднам.

Түүний сэтгэхүйн толины тусгал: http://anduusanaa.blogspot.com/

Орчлон дээр...

Орчлон дээр тайван буй юм нэг ч алга
Одогсдын дуу алдалт, ирэгсдийн уйлаан
зүрхний хана тэмтэрч
Олдсон жаахан газарт минь анхны цас
сүүлчийн бороо намирч
Орон гэр минь мөнхийн салхинд дэрвэж,
нисэх мэт гэгэлзэж
Орчлон дээр тайван буй юм нэг ч алга...

Б.Занданхүү


Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод

Шаналсан дуугаа надад үлдээгээд
Цаг хугацаа нисэн одлоо
Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод
Өчигдрийн дурсамжаар зүрхээ ирлэлээ
Дурлал хайрын үгс одоо
Хуучин номын завсарт үлдэнэ
Гал дөлтэй агшинг үлээж
Ганц амьдрах хүслээ орхино
Одоо над руу зориглон ирэх
Он цаг янаг минь болоход
Шаналсан дуугаа надад үлдээсэн
Цаг хугацааг дуулах болно


Б.Занданхүү


Өнгөрсөн цагийн хавар минь

Өндөрхааны намар
Харанхуй моддын сүүдэр
Өнгөрсөн цагийн хавар минь
Тийм баяртай бүрхэг чи
Хэрлэн голыг хөлдөхөөс өмнө
Хэлсэн үгээ санаж байна
Эрт урьдын тэр улирлын
Элэгдсэн хуудас өнөөдөр минь
Тоймгүй олон таньдаг хүнийг
Тогтоож харах нь тэнэг хэрэг
Тэр үймсэн үзэгдэл дундаас
Тэвчишгүй,
Өндөрхааны амраг, ай...


Б.Занданхүү

14 May 2011

Жихүүн салхиар дайгдаж ирээд дур мэдэн илбэн таалах их чийг,
уйлагнах тэнгэрийн саарал хаяа, шиврээ бороо шаазан дээвэр товших
үл ялиг чимээнд
Зоогийн ширээнээ
Хамар цоргих цай ч борооны үнэртэй...


Давилуун чийгт салхи цаасан хаалга угзчин буцахад
Нутгаа санасан хөндүүрхэн дурсамжууд бодлын үзүүрт хөвөрнө
Саяхан үүдэнд босгож тавьсан норсон шүхрээс минь
хөндүүрхэн дурсамжуудыг маань тоолж
бороо дуслах аж.


Хийцтэй цайг маань үл орлох улаан чинжүү, цууны үнэр
Хүйтэн чийгт тэнгэрийн тухай үл хүүрнэх агаад
Нөмгөн хүрэмтэй яваад минь зовнингуйгаар
хуучивтар шүхэр маань шүүрс алдан
Намайг ширтсээр хүлээнэм.


Жихүүн салхиар дайгдаж ирээд дур мэдэн илбэн таалах их чийг,
уйлагнах тэнгэрийн саарал хаяа,
шиврээ бороо орчлонг нилэнхүйд нь
хүлхэх чимээ сонсогдсоор л...



2009.10.25

29 April 2011

Модон буунаасаа салаагүй шахам бацаан байхад найзын маань аав үе үе 5-н давхарын тагтан дээрээ цээж нүцгэн баян хуур хөгжим дарж суудагсан. Нохойтой 4 танкчин, Баригдашгүй өшөө авагчаар өвчлөөд байсан мань мэтийн дэргэд амьд Арес /эртний Грекийн дайны бурхан/ болсон доль цохисон офицер шүү дээ. Найзын маань аав. Угаасаа манай байр АА-ийн засвар ангийн ахлагч офицеруудын байр. Тэр үеийн социалист ах дүү армиудын сүр хүчийг илэрхийлсэн алдарт эх орны дайны үеийн дуу хөгжим, кино бидний хүмүүжилтэй салшгүй холбоотой байсан болохоор хар багаас минь баянхуур /accordion/ хөгжмийн аялгуу зүрх сэтгэлийг минь татах болсон юм.

Миний дуртай аялгуу Манжуурын толгод. Энэ сонсголонт аялгууг дайны хөлд ядарч зүдэрсэн, туйлдаж ядарч эх орноо санагалзсан Оросын цагаан хааны офицер зохисон дуу юм гэнэ билээ.
Хожим 1991 онд Оросын нэрт кино найруулагч Никита Михайлковын “Уурга” киногоо бүтээхдээ энэхүү дууг санамсаргүйгээр оруулаагүй л болов уу. 1900 оны эхээр Манжуурын төлөөх Япон Оросын тулалдаанд бут ниргүүлсэн цагаан Оросын эзэн хааны Усан цэргийн флот, 1917-оны хувьсгалын дараа Манжуур луу дүрвэсэн цагаан хаандаа үнэнч Оросын сэхээтэнүүдийн цөхрөл гуниг, 1945 оны чөлөөлөх дайнд учир битүүлгээр амиа алдсан мянга мянган хал цэргүүдийн амь нас, тэдний уй гуниг нэвт шингэсэн энэхүү дуу өөрөө өөртөө агуу түүх агуулдаг болоод тэр биз. Нэг сонсоод үзээрэй...



17 April 2011



Маргааш гэж
Тасралтгүй үргэлжлэх тоон цуваан
шөнө л жинхэнэ “амьдрал” эхэлдэг.
Аниргүй нам гүн “бурхан”-тай ярилцах боломж
Амьдрал “байсан” гэдэг
ганцхан үгэнд л бүгд хамаарагдах
Маргааш гэж үгүй нэгэн урт тоон цуваа...

2010.09.15



Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь

24 March 2011





Хар нүдний шил зүүсэн
Тэнгэр
Яралзтал инээмсэглэх
Үдшээр...
Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй
/ хуучны / аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулах
Шаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй
Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад
Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаад
Тэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараад
Хар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад
Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж
Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.
Будаг шунхны үнэр, тамхины бохь холилдсон
энэ л хүүхнүүд биш шүү
бурхан минь
За яах вэ дээ...
Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...
Гудамжны хаа нэгтээгээс
Хачин хуучны дуу чихнээ сонсдоно
Хайран гутал шавхай туулчихлаа...

2007.11.03

Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь

06 March 2011

Модод навчсаа гөвчихөж…

Дахиад л хуримын цуваа хажуугаар өнгөрөх чинь

Хачин ихээр надад дурласан бүсгүй хүнийх болчихлоо

Намайг хүлээдэг бүсгүй нэгээр дутлаа…



Манай цонхны тавцан цасанд дарагдчихаж…

Дахиад л чимээгүй хот зүглэх гашуудлын цуваа

Эрх чөлөөт шүлгийг минь сонсох л байсан

хүн нэгээр дутлаа…



Миний дурлалт нүүдлийн шувууд ирчихэж…

Дахиад л тэнд хүүхдийн чарлах дуу хадах чинь

Гарцаагүй тэр миний л хүүхэд байгаа…

Зун болчихож…



2002 он 09. сар

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номоос 2003 номоос

27 January 2011

Танилцаад удаагүй ч
Чиний инээмсэглэл
Танил дотно санагдах
Чиний халуухан амьсгал
Чихний омгийг шүргэсээр дотор минь нэвчин
Тархины эд эс, ширхэг бүрийг онгичиж самууруулаад
Буй биеэр минь тархнам.
Чиний гар хурууны үзүүрт
Зүрх минь захирагдан дуулгавартайгаар цохилж
Бүх л биеэр минь цахилгаан гүйдэл урсаад
Над руу давалгаалан ирэх их урсгал
Ямх ямхаар тэмтчиж хүлхэн дур зоргоороо авирлаж
Хэн ч биш задгай салхинд чавхдас нь хүүгэх
ятга мэт болгож орхих
Чиний уруул миний зүрхний өнгөтэй ижилхэн
болоод л нэгэн цогц болон уусан
Намайг дотроос минь мэдэрч
Хөг оруулан эгшиглүүлэх
бурхан минь
Нэрээ хэлээч
Надаа...

2009.05.10-нд

Марзан эд байгаа юм шүү энэ...

04 January 2011

Чиний ширэв татаж одсон харц
Хаврын эхэн сарын гунигийг орхиж
Чамайг үнсэж, үдсэн уруул цээжин дэх хангалттай
тунирхалын үгээ тэсэн ядан барихдаа өмөлзссөн
Хачин зэврүүн
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

Савчин дайвалзах салхи нь
Чиний үнэрийг энгэрээс минь олоогүйдээ агсарч
Санасан сэтгэлийн хөндүүрээр минь тохуурхах
уйт хаврын зэвэргэн өдрүүдтэй
Хачин нууцлагдмал
Хачин хөндүүр сэтгэлийн минь
Гуравдугаар сар...

Гунигийн гучин зургаан цагтай хоног өдрүүдийг
элээж барахгүйдээ миний унагасан
Хачин шорвог нулимсанд минь
Хөөрхөн цэцэгсийн түрүүч хөх яргуй согтоод
мрагийн дуу дуулдаг
Чиний эзгүй
Чамайг санасан
Хачин уйтгарт ертөнцийн
Гуравдугаар сар...

2008.03.17 Улаанбаатар хот


Шинэ ондоо шинэ номоо хэвлүүлэх санаатай. Тун удахгүй.
Тэгээд энд тэнд дарагдаж мартагдсан хэд хэдэн тэмдэглэлийнхээ дэвтэрийг харж сууна.
Энэ шүлэг нилээн эртний дурлалыг маань санагдуулаад...

17 December 2010



Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхэлчихээд баллачихсан найрагчийн онгод
Ингээд л дуусчихна гэж үү?

Намайг ингээд явчихвал
Зүрхийг минь зорж, сэтгэлийг минь хөвөрдөх
Зүйр үг олдомгүй тэр охидын тухай
Хэн бурхадын мэлмийд мялаалгаж сонорт нь хүргэх вэ?
Сүүдэр нь хүртэл нөмөртэй санагдах энэ орчлонгоос
Бурхадын зөвшөөрөлгүй би буцаж болохгүй.

Хатуу орчлонг тайтгаруулах л гэж
Хэвлийдээ торних үрээ чагнах бүсгүйн
Хүйсэн дээр нь хэн үнсэхэв
Хаврын нялх ногоод
Намрын өвгөн навчсын
Баяр гунигийг хэн дуулах юм.

Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхлээд баллачихсан
Тэнгэрлэг найрагчийн онгод
Ингээд л төгсчихнө гэж үү?

Намайг ингэж зүүдлэж, цочиж сэрээд харахад…
Намрын сүүл сарын навчис гудамжинд
Сүүлчийн вальс эргэх мэт эргэлдэн бүжицгээнэ
Бурхадын зөвшөөрөлгүй зүйл гэж үгүй.

Бүгд над шиг хийсвэр – 2007 номоос

05 December 2010


Ханан дахь чиний зураг
Хамгийн уйтгартай
Намар цаг...

Нэг ийм хэдэн шүлэг миний танил бүсгүй надад цахим шуудангаар явуулсан юм. Танхилхан танил маань зөвхөн өөрөө өөртөө зориулж шүлэг бичдэг өөр нэг найз бүсгүйнхээ шүлгээс надад явуулж буй нь энэ. Хэрхэн ямар замаар манай танхилхан бүсгүй маань найзынхаа шүлгийг олж авсан тэгээд хэдий хэрийн цаг хугацаанд хичнээн хүнд энэ эрхэм “нууц” шүлгүүдийн нууцийн мөн чанар алдагдаж надад ирсэн юм бүү мэд. Ямартаа ч эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг нь тэрлэж нөгөө нь “нууц”-ийн утгыг нь алдагдуулсан шүлгүүдийг ичгүүр сонжуургүйгээр би цөөн хэдэн блог сонирхогчиддоо дэлгэн үзүүлж байнам.

Гуниг минь
Гундсан уруулын будаг минь
Гандсан сэтгэлийн гоёл минь

Хөөрхөн байгаа биз...

Уг шүлгүүдийг тэрлэсэн бүсгүйн зүрх сэтгэлийн дуудлагыг эс тооцвол тэрээр сэтгүүл зүй, утга зохиолтой ямар ч холбоогүй гэдгийг нь би мэдэх юм. Шүлгийн эзэн эгэл дарууханаар яруу найрагт дурлагч хэмээн өөрийгөө тодорхойлох нэгэн бий. Би мэдэх юм.

Дурлахсан,уйлахсан
Дурлаад жаахан охин шиг л
Тэнэглэхсэн...

Утга зохиол сонирхогч, уншигчид маань ийм гайхалтай мэдрэмжтэй өндөр түвшиний уншигчид байж гэмээн монголын утга зохиол хөгжихийн нэг үндэс бөгөөд үзэг цаас холбогч биднээс өөрсдийн уран бүтээлдээ илүү их анхаарал хандуулах цаг болсныг өгүүлнэ.
Би хувьдаа боддог юм. Тэгээд энэхүү бодлоо нэг бус удаа үеийнхээ яруу найрагчдад “Нисванис”-ийн Энх-Амгалан, “Night Train”-ны Цэцэнбилэг, “Татар”-ын Заяа гурваас манай зарим нэг яруу найрагчид маань суралцах хэрэгтэй гээд хэлж байсан санагдана . За ингээд эрхэм уншигч та бүгд өөрсдийнхөөрөө таалан соёрхоно уу...

Яагаад зөвхөн ганцаараа
Ярилцах ч үгүй ганцаараа
Зовохыг гунихыг хүсээд байна вэ?
Яагаад зөвхөн ганцаараа
Уйлахыг уйтгарлахыг хүсээд байна вэ?
Үргэлж зүрхийг минь
Үймүүлж орхидог бороо
Өнөөдөр яагаад орохгүй байна вэ?
Яагаад зөвхөн Өглөө манддаг нарыг
Үдэш харах дуртай байна вэ?

БОРОО ОРОХОД

Бороо ороход би намуухан гуниглаж
Болзоонд хэн нэгнийг урьмаар болдог.
Нэвт норсон гэрэлт мододын дундуур алхалж
Нэг л сайхан үнсэлцмээр санагддаг.
Бороо ороход би аниргүйхэн хөглөгдөж
Болор дуслуудаар нь сэтгэлээ аргаддаг.
Зүрхний гүнд эгшиглэсэн уянгатайгаа
Зүгээр л энэ орчлонд үүрд үлдмээр санагддаг.
Бороо ороход би эмзэгхэн уйтгарлаж
Бусдын өмнөөс уйлмаар л болдог
Бодлогширсон бүрхэг тэнгэрийн дор
Болзоондоо чимээгүйхэн зогсмоор л санагддаг
Бороо ороход...
2010.6.07 Даваа гариг

Намар -1
Намрын тухай, чиний тухай бодмооргүй
Навчсан дээгүүр бүр ч алхмааргүй байна
Дуулаад л энэ намрыг туулчихмаар
Дурлалтай даруйхан учирмаар байна.
Хатаж гандсан навчсанд харуусмааргүй
Хайрын дүүжин гүүрэн дээр амьдармаар байна.
Уйтгартай хүйтэн бороонд зүрхээ жиндүүлмээргүй
Уруулын халуун энхрийлэлд дулаацмаар байна.
Шувуудын дуун,навчсын совинг мэдэрмээргүй
Шуурга шиг л энэ намрыг дайраад өнгөрмөөр байна
Ийм их уйтгар тээсэн намартай
Эгч дүүс шиг дотносмооргүй байна.
2010 09.01 Лхагва гариг

Би ямар ч засвар оруулалгүйгээр уг эхээр нь бүх шүлгүүдийг нь оруулав.