Pages
Гишгэсэн мөрөө харж урагшлаагүйн төлөөс нь өөрөөрөө үлдэх минь...
25 January 2012
13 December 2011
Сөүлд төв азийн цээжин зүгээс ирээд
буй багш шавь хоёр. Анх багштай
танилцаж байсан тэртээ 1994 он
саяхан мэт санагдах юм. Энэ цаг
хугацаа гэдэг ч нэг л мэдэхэд
талийж оддог эд аж.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн маань нэг ийм шүлэг бий.
“Хүүхэд зан, гэнэн араншингаа би
Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ
Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр
Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”
28 November 2011
17 November 2011
* * *
Чулуун шал товор товор алхах
Өндөр өсгийтийн ардаас
Харц минь нислээ
Чи чин итгэлийг минь зөөн
Өчнээн жил ч нисэв дээ
Харц минь...
салхинд замхрах адил бүгд хоосон
Эргэж нурах элсний ширхэг он цагийн урсгал мэт
бүгдийг мартагнуулдагыг
чи юу эс андах билээ...
Харц минь
Санасан уу? Хонгорхон минь...
агаарт нилэнхүйдээ тархах үнсэлтийн амт
Эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хүзүүнд нь асаж асан
Савсаг харц минь горьдлого тасран буцлаа
Эргэж ирэхгүй он цагийн урсгал мэт
нурах элсний ширхэгүүдийн дор
Эрт цагийн гэрэлт цох гүйсэн мөр
одоо ч буйг ...
Чи минь ойлгомоор доо...
Харц минь
Тунирхаж намайг ширтэхээ больж үз
Хичнээн ч сайхан хөл дагаж чамтай хамт би нисэв
Тэд юунд дуртай, юу хүсдэгийг нь ч чи бидэн хоёр мэднэ
Энэ амьдрал өөрөө
Өндөр өсгийтийн бэлхүүсээр тэврэх
Эрээн зангиатын ихэмсэг бардам зан шиг
Хоосон
Энэ хорвоод шунаж тачаадаад байгаа зүйлс бүхэн
Хуурамч гэдгийг ухаармаар даа
Өрөвдөж, голонгуйгаар намайг ширтэхээ больж үз
Одоо харц минь...
Мөрч нохой шиг
Чи бидэн хоёрыг шиншлэх
үйлийнхээ үрээсээ залхахгүй байна гэж үү
Харц минь...
БНСУ. Сөүл хот
2011.11-р сарын 17-нд
02:13 минут
11 November 2011
Тун удахгүй хэвлэлтээс гарах "ГҮН САНААНЫ ДҮРС" номын шүлгүүдээс хамгийн түрүүлж амталж үзэх завшаан надад /шавийн хувьд/ олдсон нь ч нягууртай.
Би гүн санааны тэнгисийн эрэг дээрээс өглөөны наран мандахыг үзлээ. Нарны туяа харуй бүрийг сөөм сөөмөөр эвхэн гэгээ орох хоромхон эгшинд орчлон ертөнцийн түмэн зүйлийг өөр өнгө амттай, өөр учир жанцантайг, бидний мэддэг хэрнээ огт анзаардаггүй эргэн тойрондох зүй тогтол шаал өөр учир шалтгаантай байсныг анзаарлаа. Магад утга зохиолд шимтэн дурлагч та бүхэн ганц оройг ч гэсэн зурагтын удирдлагатайгаа ноцолдолгүйгээр багш шавь хоёрын хоёр өөр ертөнцөөр аялах боломж нэгэн зэрэг тохиох боломж элбэг тохиохгүй гэдгийг мэдэх буй за.
/шинэ шүлгүүд/-ээс
ТАСРАЛТГҮЙ
Тэнгисийн гүн мэт нууцлаг ахуй сэтгэлд минь буй болсон болохоор
Түүний давалгаа мэт сэтгэгдэл тархийг минь эзэмдсэн болохоор
Туулсан замаас минь хавьгүй урт дурсамж зүрхийг минь эзэлсэн болохоор
Уйлсан гунигаас минь гашуун үгс санаанд минь хадагдсан болохоор
Энэ амьдралд би чоно мэт ганцаардаж дассан
Энэ амьдралд би морь мэт тэвчиж сурсан
Тэнгэр, газрын нийлбэр адил үнэнг таньсан учраас
Тэртээх алсын зэрэглээ адил утгыг мэдсэн учраас
Нарны жигүүр дээр шувуу суух шиг итгэлийг анзаарсан учраас
Намайг таниагүй энэ л үедээн гомдохын шалтгаанаа гээсэн учраас
Хүний хорвоод би нохой адил үнэнч үлдсэн
Хүний хорвоод би хонь адил номхорч тогтсон.
Өвсний үндэс шигээр маргаашийн хувь заяаг бүтээхийн тулд
Өнгөний чанар шигээр тодоос тодоор элэгдэн дуусахын тулд
Оргүйгээс үүсэх бодол шигээр батжин биелэхийн тулд
Олны дунд хэрнээ ганцаар буй ахуйгаа хайрлахын тулд
Цаглашгүй орчлонд би чулуу шиг хатуужин ирлэгдсэн
Цаг хугацаан дундуур би салхи шиг тасралтгүй болсон.
01 November 2011
Хаадынхаа 800 жил хадгалагдсан
захидлуудтай ерөнхийлөгч танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэрээ Ватиканы номын сан, архивтай танилцлаа. Манай гаригийн хамгийн том архивуудын нэг болох Ватиканы архивт Монголын Эзэнт гүрний үед хамаарагдах чухал баримт бичиг, захидлууд хадгалаастай байдаг юм.
Эдгээр нь Монголын Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал билээ.
Захидлууд бүгд эх хувиараа хадгалаатай байдаг бөгөөд үл ялиг шарлаж, зарим мөрийн үгний дээд хэсэгт баларсныг эс тооцвол бараг хэвээрээ байна.
Манай улсын түүх болон дипломат алба, гадаад харилцааны түүхийг харуулсан эдгээр чухал баримт бичгүүдийг эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд бүтэн нэг сарын турш судалжээ.
Монгол төрийн эртний баримт бичгүүд албан бичиг үйлдэх тусгай дэг жаягийн дагуу, тод хар өнгийн бэхээр хичээнгүйлэн бичсэн, тод улаан өнгийн тамгыг бичвэрийн эхэн , дунд адагт нь дарсан байна.
Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан 800 жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан өөрсдөө 1920 онд л олж мэджээ.
Аргун хааны захиа:
Зөвхөн номын тавиуруудын нийт урт нь л гэхэд 85 км болдог, 600 архивын сантай, 40 орчим мянган номтой, дахиад 20 жилийн нөөц байртай Ватиканы нууц архивт тэр бүр хүмүүс ордоггүй юм байна.
“Ватиканы номын сан, нууц архивт зөвхөн Ромын Папын зөвшөөрөлтэй судлаачид нэвтэрч, үзэж танилцаж болдог. Бид өнөөдөр Ерөнхийлөгч танд анх удаагаа эдгээр чухал баримт бичгүүдтэй танилцах, үзэх боломжийг олгож байна” хэмээн архив хариуцсан тэргүүн дэд хамба Монгол Улсын Ерөнхийлөгчид хэллээ.
Ном цаас хадгалах орчин үеийн өндөр технологийн ачаар мянган жилийн өмнөх ном ч саяхных мэт хадгалагджээ. Жишээ болгож 1070 оны нэгэн номыг үзүүллээ. Тугалын \эсвэл хурганы\ арьсыг сайтар боловсруулж цаас хийгээд гараар бичсэн нь өнөөгийн машин мэт жигдхэн байх ажээ.
Ватиканы нууц архивтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ватиканы архивын зүгээс Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн хуулбарыг хадгалууллаа.
Даяар Монголын тодруулга:
Гүюг хааны захианаас бусад нь бүгд монгол бичгээр, монгол хэлээр байдаг юм. Доор Гүюг хааны захиаг хавсаргав. Чухам энэ захиан дээрээс өнөөх алдарт Их хааны тамганы хэвийг олсон билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг ил булха /харийн орны/ иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай...
хэмээн эрхшээн захирсан үг бүхий тамгатай байжээ. Манай хаад.
Энэхүү нийтлэлийг Даяармонгол.ком-оос хуулан авч тавьсан болно. Монгол улсынхаа түүх соёлыг сурталчилах зорилгоор авч ашиглаж болно байхаа хэмээн бүдүүн зориг гаргав. Мөн энэхүү талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг уншъя гэвэл http://chinggisiinudam.blog.gogo.mn/read/entry267622 ороод үзээрэй маш сонирхолтой мэдээлэл байна лээ.
23 October 2011
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд ЮНЕСКО-ын итгэмжит байгууллагуудын олон улсын форум болж өндөрлөлөө. Энэтхэг, Хятад, Вьетнам, Солонгос, Монголын 9 байгууллага, ЮНЕСКО-ын Банког дахь төвийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцсон уг хуралд манай улсаас ЮНЕСКО-ийн итгэмжит Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн захирал Л.Моломжамц оролцож “Монголын соёлын биет бус өвийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эх орныхоо урлаг соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчилах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж алс хэтийн зүг хараа чиглүүлэн алхаж яваа анд найздаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэхийн ялдамд өөрийн блогоор дамжуулан Монгол улсынхаа түүх, урлаг соёлыг сурталчилах үйл ажиллагаа явуулж буй залуусаа дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна.
16 October 2011
Өнгөрсөн 10-р сарын 15-16 өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Их Театрт монголын хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбат / хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүн /-ын цөөхүүл хөгжимд зориулсан зохиол амжилттай тоглогдлоо. Азийн хөгжмийн ансамбел / Asian Music Ensemble / нэртэй Вьет-нам, Монгол, Солонгосын үндэсний хөгмийн хамтлаг БНСУ-д 2010 онд байгуулагдсан ба “21-р зуун Солонгосын Хөгжим” төслийн хүрээнд энэхүү тоглолт явагдлаа. Солонгосын залуу зургаан хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дундаас П.Ганбатын маань “ТАЛЫН ДУУ” зохиол нь Монгол хэмээх нэрийг тодотгох гайхамшигт бүтээл болж чадсанаараа үзэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээлээ.
БНСУ-ын Засгийн газрын хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй Дэлхийн Үндэсний Театруудын Фестивал – 2011 ажиллагааны нэг хэсэг болох “ТАЛ НУТГИЙН ЗЭРЭГЛЭЭ” шинэ үеийн хөгмийн зохиолуудын танилцуулганд
“ТАЛЫН ДУУ” Пүрэвдоржийн ГАНБАТ. / Монгол Улс /
Сэвшин үлээх салхи нь хүртэл домог хууч хүүрнэх тал нутгийн хүвүүн билээ би. Хараа цуцам гайхамшигт эх орон минь миний зүрх сэтгэлд хадаатай. Би энэ л газар нутгийн нэгээхэн хэсэг хэлтэрхий. Гэхдээ одоо миний зүрх сэтгэл минь цөлжилтөнд автан харангатан хатингиршиж хагарч үйрч байна. Шувууны сүүдэр ч тусахаа больсон миний нутаг эрдэнэс хайсан хайгуулчдын өлмийд талхилагдаж байна. Энэ миний тал нутгийн дуу эрх чөлөө, амьд байгалийн дуу хоолой...
хэмээн зохиолчийн сэтгэлийн үгийг нь ч хэвлэжээ.
05 October 2011
Дээшээ доошоо хаашаа ч үл хөдлөх цонхны цаана нэлийсэн цэлгэр тал үргэлжилнэ. Нүднээ зам дагуу цуврах шонгийн модноос өөр танил дотно санагдах юу ч эс таарах агаад арын суудалд ая тухгүй яваа нусгай бацаан өөрөө өөрийгөө сатааруулан цонхоор гөлрөхөөс өөр юмгүй. Зам ханьсаж нэг ойртож нэг холдоод л тэгсэнээ гүвээ даваад тэртээ алс өөр зүг нүүр бууруулан зам салж одох өндөр хүчдэлийн шугам мод л аян замын турш миний сэтгэлийг зугаацуулсансан.
Одоо бодход. Нийслэл хотын зүг давхих УАЗ-469 намар цагийн натюрмортыг уртааш нь цуу татаад однуу даа гэлтэй тоос татуулан одоо биз.
Анд минь ээ... Амьдрал гэдэг ердөөсөө мөнөөх л аян зам маань юм байна. Гэртээ хурдан харихыг мөрөөсөж суугаа бяцхан жаал би дүрээрээ одоо хүртэл арын суудалд өөрөө өөрийгөө сатааруулан суусаар, явсаар аялж л байгаа аж.
Гагцхүү чи бидэн зам нийлэн холдож бас ханьсан хөтлөлцөх хүчдэлийн шугам, хээрийн зам аж. Амьдралын нугачаа он жилүүдийн гүвээ биднийг ойртуулж холдууллаа чиг алсдаа хот хүрээ хоёул орохтой ижил бидний хүсэл зорилго адил билээ анд минь.
Алдаа нь хүртэл чимэг болж явсан гал халуун залуу насны анд минь. Лхамсүрэнжавын Ганзул анд минь. Надаа зориулж бичсэн шүлгийг чинь авлаа. Удахгүй нэг гүвээ даваад чи бидэн дахин зам ханьсан нийлэх болноо анд минь.
Энэ аяншиж туйлдмаар амьдралд гишгэсэн мөрөө харж урагшлаагүйгээрээ өөрөө өөрийнхөөрөө үлдэж чадсан анд минь чиний шүлгийг би дур мэдэн дэлгэвэй...
***
Навчны судлаар цаг хугацаа лугшиж
Намрыг зарлачихаад тэнгэр рүү одоод
Маргааш нь цасан дээр миний мөрөөр үргэлжлэнэ
Цасан дээр миний бичсэн цаг хугацааг
Хаврын шувууд зууж ниссээр
Ахиад л навчинд хүргэж өгнө...
2011 он
***
Хөндүүрлэл
Энэ сайр нэгэн цагт
Тэнгэрийг багтааж давалгаалсан
Хөв хөх нуур байсныг
Хэлэх хүн үгүй ч
Шувуудын нүднээс бөмбөрсөн
Үгүйлэхийн гунигаас амтагдана
Энэ сайр нэгэн цагт
Энхрийг тольдуулж гэгэлзүүлсэн
Эгэлгүй тунгалаг нуур байсныг
Мэдэх хүн үгүй ч
Чулууг нь үнэрлээд буцах
Согооны харцнаас тунарна
Энэ сайр нэгэн цагт
Эр сэтгэл гандаж холоос ирэхийн цагт
Эргээ халин угтдаг ээж нуур байсныг
Санах хүн үгүй ч
Нутагаа тэмцэх хүлгийн
Сувдан хөлснөөс мэдрэгдэнэ
Энэ сайр хэзээ ч
Эргэж мэлтрэн долгиотох
Нуур болохгүй гэдгийг
Магадлах нэгэн үгүй ч
Газрын элэг эмтэлсэн
Хүний л зүрхнээс сонсогдоно
2011 он
***
Ганцаардал
Миний хайртай ганцаардал
Надтай хөтлөлцөөд алхна
Уушийн ширээнд ганцаардалтайгаа
Урьдын гунигаа хуваалцахаар
Бодол сэтгэл хоёроо дэлгээд
Уйтгар шаналал хоёроо нөмрөөд
Тулаанд ялагдсан цэрэг шиг
Тун ч өрөвдмөөр суудаг би
Ууж халамцаад ирэхийн цагт
Уйтгарт ганцаардлаасаа оргоод би
Хэн нэгэн андаа зорихдоо
Хэлгүй сартай амьдралаа хуваалцдаг...
2011 он
***
Яруу найрагч анд Г.Сүхзоригт
Эх оронч анд минь чи
Эх орондоо ирэх хэзээ вэ?
Эзгүйд чинь сэтгэл хааяа
Эх орончгүй эх орон шиг л болном
Чиний өссөн “Дөчин мянгатын гудамж”-ны
Охидтой болздог улиасыг өнөө өглөө
Чиний өссөн дөчин мянгатын
Хот тохижуулагчид ачаад явчихсан
Чиний амьдардаг “Төмөр замчдын гудамж”-ны
Найзууддаа зорьдог зам дээр
Чиний таньдаг “хөрөнгөтнүүд”
Маш өндөр байшин барьсан
Чиний миний мэддэг андууд
Чамайг дуурайн “зугаацахаар мордсон”
Чиний миний сайн найзууд
Эргэж ирээд танихаа больж байна
Эх оронч анд минь чи
Эх орондоо ирэх хэзээ вэ?
Эсвэл анд нь очих уу?
Эх орноо тэгээд яах вэ?!..
2011 он
Нэрийн хуудас
- SUKHZORIG Gonchig.
- Сөүл, БНСУ, Mongolia
- Poet. The Union of Mongolian Writers member and received degree in SANKO management College in Ulaanbaatar in 2000. Then, received Master’s degree in Trade and Industry University in 2004. I had worked for The Union of Mongolian Writers in 2002 still 2006 and worked for The Mongolian National Puppet Teatre till 2008. I published the collection of poems “Freedom – My Shadow” in 2003 and published the collection of poems “All are abstract like me” in 2007, "the Sun is like bird eyes" in 2011. Awarded winning G.Ser-Od premium award by the Union of Mongolian Writers in 2003 and 2008. And last time I published “III Delphic games in 2009” Jeju Poetry Recital “Lura Awards” in 2009...... * * * ......... 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүвэр 2011 онд "Шувууны нүд шиг Нар..." яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 2008, Дэлхийн соёл урлагийн "Делфик III наадам"-ын Яруу найргийн "LURA AWARDS" шагнал 2009, БНСУ-ын нэрт найрагч Ким Дал Жины нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын зохион байгуулагчдын тусгай шагнал 2011 онд тус тус хүртсэн.
Миний ном
"Эрх чөлөө - Миний сүүдэр" 2003 он
Миний ном
"Бүгд над шиг хийсвэр" 2007 он
Миний ном
Шувууны нүд шиг Нар... 2011 он
Labels
- ENGLISH - KOREAN (4)
- Бодохнээ (5)
- Миний Зочин (14)
- Миний үзэл бодол (1)
- Радио нэвтрүүлэг (1)
- Хайку (2)
- ЯВСАН ГАЗРЫН СОНИН (16)
- ЯРУУ НАЙРАГ (60)
- ӨГҮҮЛСЭН ШҮЛЭГ (5)
Blog Archive
Чихэнд чимэгтэй аялгуу
Хэсэх дуртай айлууд
-
-
-
-
-
Монгол дахь gaṇeśa-ын transmission9 years ago
-
-
Хандаа эмээ9 years ago
-
-
Нью-Мексикод зорчсон тэмдэглэл10 years ago
-
ДЖИТАЛ АРТ10 years ago
-
-
Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!10 years ago
-
НАНГИАД ХАТАН11 years ago
-
-
-
Эхлэл-212 years ago
-
ouoool13 years ago
-
Ээж минь найз минь болж...13 years ago
-
-
-
Шар шал14 years ago
-
Тэрслээд ялж буй Би.14 years ago
-
-
3мөрт16 years ago
-
“Зүүд” зохиомж16 years ago
-
Үнэн нь аль юм бэ?16 years ago
-
Диваажингын хот16 years ago
-
-
2010 оны 3- сарын шүлгүүд16 years ago
-
ҮРГЭЛЖ АМГАЛАН ХӨХ МӨНХӨД...16 years ago
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Followers
Тоолоод байна аа
Цаг агаарын мэдээ
Copyright 2010 СҮХЗОРИГИЙН БЛОГ . Powered by Blogger
Blogger Templates DeluxeTemplates.net Wordpress by thebookish
Download Royalty free stock photos without registering at Pixmac.com

