
ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ
Цонхны тавцан дээрх
ваартай цэцэг
Өвлийн нарыг цантай цонхны
цаанаас ширтэнэ
Бөгчим халуун тасалгаанд навчсын ангасан
чимээ бөглүү ёолонгуй
Хүйтэн тунгалаг агаарт тасалгааны цэцэг
хөрснөөсөө сугаран нисэх гэж тэмүүлнэ
Ус хүлээн цөхөрсөн үндэс
Тамирдангуй гандуухан.
Салхивчаар унах цасан ширхэгүүдийн
тээж ирэх чийглэг агаар
Янагийн үнсэлт шиг ч
Будрах цасан ширхэгүүд уйтгар гунигийн аястай.
Жавартай тэсгим хүйтэн агаар
Бөгчим хуурай тарчлаант зовлонг төгсгөх
ЦЭГ мэт төсөөлөгдөнө...
Аль эрт цагийн усан бороог санагалзан хүлээх хүлээлт нь
Агаарт дүүлэх шувуу мэт нисээд одно
Цонхны тавцан дээрх цэцэг
Цантсан шилний цаанаас
наран зүг саравчлан ширтэнэ.
Бөгчим халуун тасалгаанд навчсын ангасан
чимээ бөглүү ёолонгуй
Жавартай тэсгим хүйтэн агаар л
тарчлаант зовлонг төгсгөх
ЦЭГ мэт...
“Бүгд над шиг хийсвэр” номоос 2007 он
0 comments:
Post a Comment