Солгой хөгтэй чавхдаст хөгжим мэт
Санаа алдах нь цаана зовиурлангуй
Миний дурласан бүсгүй
Миний мэдэхгүй гунигт автангуй
Урсах он жил уух дарс шиг минь
гашуун болоод уучилж боломгүй
Үнсэх гэж цорвойсон уруул
энгэсэгний мөргүй гандаад л...
Чамруу тэмүүлсэн сэтгэл
өвгөн шувуу шиг тамирдангуй
Уучил гэсэн үг жигүүргүй болоод л
явгарах
Миний хайрласан бүсгүйн нулимс
Он цагийн гэрчээр зүрхэн дээр минь дуслаж
Миний үлдээсэн үг хадны бичээс мэт
тэр бүсгүйн сэтгэлд мөнхрөн үлджээ
Явъя, би явъя
Яагаад гэж асуух асуултыг
цээжинд минь тавгүй хадаасаар хадах
Он цагийнхаа араас явъя
Нэгээхэн он цагийн уйг зүрхэндээ
бэтгэртлээ тунгаах зүрхний төлөө
Нэг хундага тогтооё.
Хатуу байна.
Нулимсны амттай юм.
Миний сэтгэлт бүсгүйн гуниг
Миний алдуурсан сэтгэлийг аргамжиж
Огтоос мэдэхгүй гуниг
Ойр ойрхон цээжинд минь нисэн ирж буугаад л...
Угтах тоост зовлонг нулимсаараа
чийглэсэн тавилан
Уруудах замгүй...
Солгой хөгтэй чавхдаст хөгжим мэт
Санаа алдах минь цаанаа л нэг
гуниглангуй ээ...
Явъя, би явъя...
Намайг тойрч өнгөрдөггүй хэзээд л тохиолдож байдаг мөнөөх бүтэлгүй дурлалын минь нэгэн гэрч энэ шүлэг. Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө дурлалын шархандаа халуурч байхдаа бичсэн шүлэг санагдаж байна.
1 comments:
Их сургуулийн гудамж. Боловсрол номын дэлгүүр. Эрх чөлөөтэй байхын урлагыг уншаад эрх чөлөөтэй байх гэж хичээлээ таслана. Шүлэг бичнэ. Их эрт юм шиг байна. Хахаха. Амжилт хүсье Ах минь. Номыг чинь тэсэн ядан хүлээнэм.
Post a Comment