Pages

21 August 2010





Сарнай – III

Оройн болзоондоо би юу авч очихоо мэдэхгүй байна. Чихэр, жимс аль эсвэл чихмэл тоглоом. Арай л биш ээ. Миний дурласан бүсгүйд минь таалагдахгүй бол яах вэ? гэдэг л...

Би цэцэгнээс өөр зүйл авч очих ёстой. Тэрнээс өөр зүйл толгойд минь юу ч алга. Зүрх сэтгэл гэдэг юутай харалган, уяхан.

Миний зүрхийг уртааш нь хоёр хэсэг болгон тасар татасан дурлал одоогоос 5 жилийн өмнө тохиолдсон. Жинхэнэ хайр дурлал гэж тэр л байсан.

Бага байхдаа үзэж байсан нэгэн жүжигт гал улаан сарнайг хайртдаа өгөхийн төлөө хичнээн ихээр зовж шаналж байгаа залуугийн тухай гарсныг санаж байна.

Тэр шаналантай залуу шиг би дурласан. Тэрхүү ганцхан ширхэг гал улаан сарнай түүний ямар ихээр дурлаж хайрласны бэлэгдэл болох байсныг мөн хайр дурлал тийм их агуу зүйл байдгийг би ойлгосон. Хайр дурлалыг тэр жүжгээр төсөөлөн боддог болсон.

Тиймээс би ганцхан ширхэг цусан улаан сарнай авч очоод “ХАЙРТАЙ” гэдгээ хэлж үзсэн. Тэр цэцгийг минь авчихаад намайг авахыг хүсээгүй. Миний бодлоор цэцэгтэй минь хамт намайг тэвэрч авах юм гэж төсөөлсөн. Багадаа үзсэн жүжиг дээрх дурлалт залуу гүнжид дурлаад яаж шаналж байсныг тэгэхэд л сая ойлгох шиг болсон. Хэрэв миний дурлал жүжиг шиг биелэх байсан бол тэр намайг тэвэрч аваад үнсэх байсан.

Тэгэхэд тэр жүжиг анхнаасаа худал байсан. Амьдрал дээр ихэмсэг бардам гүнж эгэл залууд дурладаггүй юм гэдгийг би аль эрт ойлгох ёстой байж. Бас тэр улаан сарнай ч гэсэн хайр дурлалыг илэрхийлж чаддаггүй гэдгийг ойлгох ёстойгоо мэдсэн.

...Орой болзоондоо би цэцэгнээс өөр зүйл л авч очих ёстой.

Харин юу гэдэг л сонин байна.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он


14 August 2010




Сарнай – II

Миний цонхон дээрх хатсан сарнай аль эрт ихэмсэг бардам төрхөө гээсэн. Дэлбээ нь омголтсон уруул адил. Надад энэ нь илүү таалагддаг юм. Энэ хатсан дэлбээг сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг ажиглаж суух таатай. Би яг энэ сарнайн өнгөтэй адил улаан хөшигтэй тайзан дээр хайрын шүлэг уншиж байснаа санаж байна.
Танхим нам гүм байсан. Зүрх минь дурлалдаа халуурчихаад ёолон тарчилж гүйцсэн болоод ч тэр үү би өөрийгөө энэ тайзны нэгээхэн хэсгээр төсөөлсөн.
Тэгтэл хатсан сарнай мэт дүнсгэр хүйтэн өнгөтэй танхим хайр адил хов хоосноор өөдөөс гөлөрч байсан.
Дэндүү хүйтэн, хэрцгий.
Миний сэтгэл тайз шиг уужим, хүсэн тачаадсан, бас бурханлиг.
Гэсэн хэдий ч хайрын шүлэг хоосон танхимаар нэг тарж, зэвхий хүйтэн чулуун хананд ойгоод чихэнд минь цуурай адил сонсогдлоо.
Гүйцээ... ингээд боллоо... бүх зүйлийг шинээр эхлэе.
Хайр улаан өнгөтэй биш юм байна.
Залхаж байна. Хатсан сарнайг хогийн саванд хийчихээд цэцгийн дэлгүүрээс зуун наст аваад харц суух минь.

“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос 2003 он

07 August 2010








Сарнай – I

Миний хүү сарнайг үнэрлэж болдоггүй юм.
Үнэрлэвэл хурдан үхчихдэг юм. Усанд хийж тавь...
Зохиогч...

Яг миний бүтэлгүй дурлалыг санагдуулах чинь. Анхны болзоонд очихдоо авч очиж байсан час улаан сарнай дахиад л гарт минь байна.
Дэндүү ихэмсэг гоо үзэсгэлэнг би үзэн яддаг. Яагаад ч юм би хэзээ ч хүрч, тэмтэрч боломгүй бас зурж, зүйрлэж чадашгүй ихэмсэг бардам, гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч чаддаггүй, сураа ч үгүй. Миний бодит орчинг төсөөлөх төсөөлөлөөс давсан зүйлийг би үгүйсгэдэг.
Нэгэнтээ намайг гундааж орхисон энэ цэцгэнд дургүй. Магадгүй миний чин сэтгэлээсээ хайрлаж дурлаж явсан охины хуриман дээр ахан дүүс, найз нөхөд ойр тойрныхон нь цуглахдаа бүгд ийм цэцэг барьж очицгооно гэж бодохлоор үзэн ядмаар. Зөвхөн тархинд минь бугшсаар байдаг хэрцгий зан авир маань энэ цэцгийг харахлаар сэдрэх шиг болдог.
Цусанд согтсон ирвэс адил баглаатай цэцгийг үнэрлэж суух сайхан. Үзэн ядалт, хэрцгий авир минь биелэх мэт би сарнай үнэрлэж сууна.
Хэзээ нэгтээ хэн нэгэнд гомдсон гомдол минь тайлагд...

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номноос 2003 он

28 July 2010

.
.
.
.
???

Архины асуудал уу?
Хүнсний бүтээгдэхүүний тооноос хасагдчихсан юм уу?
Тамхи уу...
Хүмүүс тохиолдолын сексээс татгалзаж чадахгүй л байгаа шүү дээ...
Өвс үү
Хэтэрхий хүчтэй дурлалаас би айдаг хэвээрээ...

2006.07...

25 July 2010

.
.
.
.

Ардаас минь БУУД...

Юу ч битгий бод
Бүү эргэлз
Одоо гүнзгий амьсгаа ав
Овоо хараандаа
Намайг онил
Амьсгалаа түгж
Гохоо тултал нь атга
Гүйцээ...
Битгий ай
Сандрах хэрэггүй
Урдаас минь чи буудаж чадахгүй
Үхэлтэй тулсан хүний харцийг
чи тэсвэрлэж чадахгүй
Чи айсанаасаа болоод
Солиор ч мэднэ
Үхэхгүй бол би дайснаа танина
Чи айгаад байгаа юм уу даа
Зүгээр л
Ардаас минь БУУД...
Аль эсвэл БИ
Чамайг...

2009.06.23

10 July 2010

.
.
.
.

ТЭР ЗҮГ

Моддын шарласан навчис, цаг хугацааны төгсгөл рүү
Би алхана...
Хагацал гунигийг мартуулах диваажингийн зүг бус
Үүлс нүүж, сар жаргадаг тэр зүг би зүглэнэ
Тэнд үхэл амьдрал хоёр янагийн холбоотой
Би шарласан дурлалын дурсамж дундуур алхаж явна
Сэрчигнэн үлээх салхи хацрыг минь үнсэж одоод
Уруулын хээтэй навчис нь нүдийг минь халхална
Агуу их найрагчдын дурлалын дурсамж энд тэндгүй хөглөрч
Сэтгэл шархлуулсан хагацалын нулимс энд гол болон урсаад
Ёроолгүй гүн хар далай руу цутгана
Тэгээд
Ёолсон зүрхний шаналгаагаар эрчлэн давалгайлна
Цаг хугацааны төгсгөл зүүдээр хэмжигддэг
Цацрагч одод нь тунгалаг тод, өдөр ч гэрэлтдэг
Тэнгэр нь цалин цагаан, нилэнгүйеэ үүлс мэт
Салхи зүсэн нисэх шувуул энд алга
Сайхан зүстэй хурмастын дагинас тойрон нисэцгээнэ
Хачин гоё дуу хоолойтой
Хайраар зүрх нь хөглөгдчихсөн хурмастын эздэд
Хайрлуулах гэж дурладаггүй
Хагацалын дуу шүлгээр тэд өөрсдийгөө чимдэг
Гайхамшигтай.
Жаргалын зүүд зүүдэлдэггүй, хүсдэг ч үгүй
Зовлон уйтгар тэдэнд
Жаргал авчирдаг болохоор
Тэд өнгөрсөн үеийг ирээдүй гэж боддог
Би моддын шарласан навчис, дурлалын дуртадгал руу
Алхаж явна...

2002.10.07

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номын шүлгээс. Тэр нэгэн жилийн Болор цомын тайзан дээр уншиж байсан билээ. Саяхан л санагдаж байна.

04 July 2010

.
.
.
.

Бундан зүрхний толион дээр минь
Өрнө зүгийн хээрийн түймэр шиг бүсгүй
Flamingo товшиход сэтгэлийн чавхдас минь
чадлаараа Испани аялгуу эгшиглэсэн
Түймэр сэтгэлийг минь нилд нь
галдчихаад явчихсанаас хойш
Амархан хөг орчихдог чавхдаст зүрх минь
хөглөгдөхөөн больсон
Гуйлгаж ирээгүй шигээ
Тэр баяртай ч гэлгүй одсон
Гадар нь холцорсон эвдэрхий
гитар шиг болж хоцорсон зүрх минь
Үе үе салхи сийгхэд санаа алдах л дуутай үлдсэн.

2009.08.05 Ижинбү Пучеон хот

26 June 2010

.
.
.
.

Амиа хорлогсдын кафе

Нэг аяга өтгөн кофе
Сүүгүй байвал / чихэргүй /
Зүгээр.
Хоёр ширхэг тамхи
Нэг сум, макаров
Metallica – Nothing else matters
Чангахан шиг тавиарай.
Гэрээслэл бичих
Цаас, үзэг хэрэггүй.
- Сүүлчийн үг үү?
Бурхантай очиж
заргалдах минь…
Аан тийм
Чүдэнз байвал өгдөө...


"ЯАГААД ЗААВАЛ ЗААВРЫН ДАГУУ
АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ..?"


бүл шүлгүүдээс


.
.
.
.

Сэдэв: "Халаасны өрөө" шог өгүүллэг А.Амарсайхан



ХАЛААСНЫ ӨРӨӨ


/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

Мэдээллийн эх сурвалж: http://amarsaikhan.blogspot.com/2008/04/blog-post_21.html

24 June 2010

.
.
.
.

Зиак хө. Утга уран зохиолын хэнээтэнгүүдэд зориулан миний бие болон яруу найрагч Я.Баяраа бидэн хоёр "Халаасны өрөө" сэдвээр шүлэг бичих чөлөөт бичлэгийн уралдаан зарласан билээ. Одоогоор надад хүмүүсийн уран бүтээл ирээгүй байна. Эрхэм дүүд явуулсан байж болох талтай. Товлосон хугацаа маань өнөөдөр тул ямартаа ч өөрийнхөө шүлгийг эхний ээлжинд сонирхуулъя...

Халаасны өрөө

Асуух хэрэггүй ээ
Оршин суугаа хаяг тодорхой үгүй
Айлын хажуу бөөрөнд амьдрал минь буцалж байна...
“Манайд тавтай тухла” гэсэн үг хориотой
Энэ миний буй байдал
Зузаан номны завсар хавчуулж хатаасан цэцэг шиг
Завсар зайгүй чихэлдсэн амьдралын нугачаанд толгойгоо хавчуулчихаад
бие хөсөр санжигнах амьдрал минь
Хаалганы чихран хяхтнах чимээ нь ч “зожиг” намайг адлах мэт
Хачин урт санаа алдалт дагуулах миний эрх чөлөөт амьдрал
Халаасны өрөө...
Асуух хэрэггүй ээ...

2010.06.24. 21,53 минут Сөүл хот

Гончигийн Сүхзориг.