Pages

26 January 2012

FORMULA-1 уралдааны нисгэгчидээс бусад бүх автомашины уралдаанд жолоочийн дэргэд чиглүүлэгч гэж гол хүн сууж уралддаг. Хэрэвзээ чиглүүлэгч үгүй уралдааны замд гарах аваас замаасаа хазайж төөрөх аль эсвэл газрын зургаа өөрөө хайж явах гэсээр цаг хугацаа алддаг гэмтэй. ЯРУУ НАЙРАГ хэмээгч барин тавин нотолгоо үгүй энэ уралдааны замд миний чиглүүлэгч болж зам заагч минь шинэ номоо хэвлүүлжээ. “ГҮН САНААНЫ ДҮРС” хэмээгч 10 дахь ном нь уншигчдын гар дээр очиж. Жолооны ард суугаад удаагүй ойворгон залуу би ЯРУУ НАЙРАГ-ийг олон нуршуу үгээр тайлбарлаж суух нь уншигч та бүхэнд нэн төвөгтэй байж мэдэх учир зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн шүлэгтэй танилцана уу.

ХАНЫН ЦАГНЫ ХӨХӨӨ

Солонго нумран татах, морьд үүрсэх,
янцага цахилах хээр тал
Сонины хуудас, зурагтын мэдээнд үл саатах яруу агшин
Сүүдрээсээ цочих шувуудын анир, зэрэглээнд живэх
өвгөн толгод
Сүүмэг төдий дурсагдах идэр насны минь
цагаахан өдрүүд
Ханын цагны хөхөө дуугарахад л
санаанаас минь үргэн холдлоо.

Сартарын оршихуй, Гегелийн туйлын санаа,
Нецщегийн төгс хүн
Сансарын гүндэх олон олон эрхис, маяагийн цаг тоолол,
бумбын эрин
Согтуу хутагтын тарнийн шид, Дандар агримбын
хоосон чанарын үзүүлэн
Сонгинын амралтанд таарсан төлөгч хүүхэн,
манай нутгийн тарвагчин лам
Ханын цагны хөхөө дуугарахад л
бодлоос минь алсран холдлоо.

Өглөө тааралдсан бүсгүйн сэтгэл татам инээмсэглэл,
даашинзных нь чичирхийлэл
Өнө эртний сударт барлагдсан мяраалаг хүүхний
өөртэй итгэсэн зоримог харц
Үүрэн утасны цаанаас урхи тавин найлинхайтах
нөхөртэй эмэгтэйн задгайрал
Үймээнт бүжгийн хувцастай дууч-эмийн нүүр таглам,
сэмхэн харуулдам эрээгүй хөдөлгөөн
Ханын цагны хөхөө дуугарахад л
тархинаас минь дайжин холдлоо.

Хэн нэгний зохиосон хууль хэрэгждэггүй тухай,
хэн нэгний итгэсэн төр найдваргүй тухай
Хэн нэгэн тэгээд хууль ярин дүрэмддэг тухай,
хэн нэгэн төр хэмээн гайхуулдаг тухай
Хэзээ ч тэгээд үнэн нэг л байдаггүй тухай,
хэзээ ч тэгээд үнэнд итгэж болдоггүй тухай
Хэрэгтэй, хэрэггүй урт урт өгүүлбэрүүд, хэлбэртэй,
хэлбэргүй сонин хачин үгсүүд
Ханын цагны хөхөө дуугарахад л
сэрхүйгээс минь зугтан холдлоо.

Ээжийн минь даралт нь байнга хөдөлдөг болсон гэнэ,
эхнэрийн минь ажлын ачаалал
улам л нэмэгдсэн гэнэ
Томоогүй хүүд минь даалгавараа хийхгүй тоглоом тоглох нь
зугаатай байдаг болсон гэнэ
Том охинд минь шинэ загварын цүнх дахиад л хэрэгтэй байна гэнэ,
бага охиныг минь асрах хүний эрэлд
ахиад л гарах гэнэ
Энэ бүхнийг өгүүлсэн эрээн, мяраан эерэг, эсрэг инээдтэй,
хөгжилтэй эргэцүүлэл, зовиурууд
Ханын цагны хөхөө дуугарахад л
сэтгэлээс минь хулжин одлоо.



НАМРЫН ТӨГСГӨЛД

Урт шар намрын төгсгөлд
Умраас нүүдэллэх цасны үнэр,
шуурганы чимээг би тодорхой мэдэрдэг
Амь тэмцэн үймж буй шувуудын
зүрхний түгшүүрт чимээ,
Амьсгалд хиртэн салхинд тунгалагшин байгаа
үндэсний шивнээг ч анзаардаг.
Буй биеэр минь тархан байгаа
мөрөн голуудын сэвэгнээ
Буйдран хагдрах өвс ногооны шаналал
Нэгэн биед минь цутган нийлж
Нэг их хүйтэн агаар мэт часхийхийг ч
үүрэн зогсдог билээ би.