Pages

22 March 2012

... “Зохиол бичнэ гэдэг чинь бодит ертөнцөөс тасарчихдаг тэнгэрлэг ажил тиймээс чи их азтай хүүхэд юм” гэж нэгэнтээ надад хуучилж байсан хүн бол зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа эгч. “90-ээд оныхон” гэгч нүсэр урт галт тэргийг чирж яваа цөөхөн хэдэн зүтгүүрүүдийн нэг нь энэ хүн.

Тийм гэдгээ батлах мэт тун удахгүй яруу найраг, сонгомол шүлгийн түүвэрээ 5-н орны хэл дээр орчуулагдаж дуусантай нь зэрэгцэн хэвлэлтэнд шилжүүлэх гэж байгаа сайхан мэдээг олж авлаа. Номынхон нэр

Би дэлхийд шинээр нэр өглөө.
АСОАДАРЭ

200 гаруй шүлгээс бүрдэх уг ном бүхэлдээ нэгэн цул санаа бөгөөд эмэгтэй хүний ер бусын сэрэл мэдрэмж хийгээд гоо & сэтгэл зүй, эх хүний & бурханлиг хайр халамж, төсөөлөл хийгээд хүмүүний амьдралд огт анзаараагүй бидний орхисон жижиг сажиг зүйлүүдийг ч нарийнаар олж харж чадсаныг / дүрсэлсэнийг / уншигч та бүхэнд урьдчилан хэл дуулгаж байгаадаа би сэтгэл хангалуун байнам.

Зиак ингээд миний сонгосон гурван шүлэгтэй нь танилцана уу...




МУУТУУ ЦААСАН ДЭЭРХИ УЛААН ЦЭЦЭГС

нарны жаргах туяа тэнгэрийн хормойг түймэр мэт улайсган
хий үзэгдэл мэт дур тачаалын гэлбэрт дөлөөр ганцаардлыг минь
илчлэн үл үзэгдэх хуруугаараа зүрх рүү чичихэд бүх бие
чичирнэ..ал улаан тэнгэрийн хаяа руу хүсэл минь зэрлэг араатан
мэт оволзоно..ган сэлэм мэт сар чи тэнгэрт хурдан өлгөгд
яралзсан одод самурайн өргөст зэвсэг шиг хурцлагд
тас хар хурмаст минь час улаан цусан тэнгэрийн хормойг
эзэмдүүлсэн эмэгтэйн цэнхэр хөх торгон дан дээл шиг нуу
эсвэл уур хилэн юм бол тайвшралын лимбэ гарт минь өгөөч
хэний гал дөлөөр зай завсаргүй бүтээсэн цусан улаан цэцэгс вэ..
хэн энэ зургийг хөх торгон дээр зураа вэ.. тэгвэл хуйл
миний доторхи дур хүслэнгийн задрах дэлбээг дүрслээд байна
муутуу цаас шиг хуйл энэ шунхан улаан тэнгэрийн хаяаг...


* * *



бурханы таалал, сэтгэлээс минь өмлөж эмтлээд, амталж
үзэхийг хүсчээ...
Жэрард Мэнли Хопкинс

БУРХАНЫ ТААЛАЛ

хар даа.. тэнгэр шиг тунгалаг сүнсийг гавлын ясанд минь аягалсан уу
хуруугаа дүрээд амс даа.. тэнгисийн ус шиг сэтгэл минь шорвог байна уу
зовлон бэрхшээлийг зориуд бэлдсэн үү..аз жаргалыг ч тэр зохиож өгсөн үү
зураг төөргийн замыг маань зурахдаа зориуд хазгай муруй зурсан уу..
ангал-оргил, гэрэл-сүүдэр, гай түйтгэр-зол завшаан ...
ай тэгээд агшин хором бүр амьдрал-үхлийн алаг...
тэнгисийн уснаас давсыг нь ялгаад цэнгэг ус олох мэт тэр л жаргал зовлонгоос
тэнгэрээс ч тунгалаг сүнсийг зүрх дүүргээд тэгээд таны өлмийд өргөх үү...


* * *

НУЛИМС

Хүн төрөлхтний эцсийн нээлт хоёр нүднийх нь нулимс
Нулимсны нэг дусал гоо сайхан, яруу найраг, хайр...
(тэмдэглэлийн дэвтрээс)

Цоо шинэ ертөнцийг анх харахад минь гэрэл гэгээ
Цонхигор царайтай эмэгтэй тэр гэрлийн дотор байлаа..
Өршөөлт тэр эмэгтэй одоо алга ...
Өө,эрвээхэйн хөл мөртэй, мөр нь хээтэй юмаа...
Өнчин хүү цас будрахыг үзээд жаргалтай болохыг харлаа...
Үхсэн шувууны өд бутраад үлээх салхинд хөнгөрөхийг үзлээ
Өөр ертөнцийн чулуу нисэн ирээд гэрэлтэн дууслаа.
Зүрх минь хайраар дүүрэхэд нулимсны минь жин нэмэгдэнэ...
Хөгшин эцгийнхээ харанхуй шөнөөр унагасан нулимсыг
арчиж чадсангүй дээ...
Хөөрхий муу ээжийгээ хөдөөлүүлснээс хойш
зүүдэндээ гэнэт олж уулзлаа...
Би уйлахгүй байж чадахгүй нь...хонгорхон чи энэ ертөнцөд
Намайг хайрлаж чадна гэв үү?
Нөгөө л нулимс...нүд дүүрэн нулимс...
Хар даа...хэн нэгэн бичжээ...
Уйлах хэрэггүй, дэлхий өөрөө эртний том нулимс
Нүдэнд минь нулимс зохидогыг анх удаа олж мэдлээ...
Уйлах хэрэгтэй, дэлхий өөрөө эртний том хайр
Нэмж бичлээ..

01 March 2012

Та бүгдийн сонорыг мялааж Монгол гэх сэтгэлийг омогшуулах энэ бичлэг бол Хасбат овогтой Бархүү гэгч монгол залуу зэвсэгийн эрдэмд гойд нэвтэрч авъяас билгээрээ Гуулин улсын мэргэжил нэгтнүүдээ бишрүүлэн буй бичлэг.

БНСУ-ын Үндэсний Соёл Урлагын Сургуулийн магистрантур энэ залуу хөгжмийн хэмнэл хурдыг хэмжигч метерномын хамгийн дээд хурдан хэмнэлд үндэсний хөгжмийнхөө гайхшиг, өөрийнхөө ур чадварыг ёстой нэг харуулах шиг болж байна даа.


Хамт суралцдаг солонгос оюутнууд нь энэхүү бичлэгийг Youtube-д байрлуулжээ.

06 February 2012

Би яруу найргийг хүний оюун санаа, сэтгэлгээн дэх ер бусын ертөнцөө сэрэл мэдрэмж авъяас ур чадварынхаа тусламжтайгаар бичгийн өв соёлд нийцэхүйцээр тунхаглахыг хэлдэг гэж ойлгодог, итгэдэг. Мэдээж утга зохиолын ертөнц өөрөө тэр чигээрээ гоо зүйтэй байхаас гадна итгэл үнэмшилээр тоглодог эмзэг салбар. Би яруу найргийн сэрж мэдэрч бүтээхүйн гайхамшигт шунан дурласанаар өөртэйгөө ижил олон итгэл үнэмшилээрээ бамбар болгон яваа эрэлч хайгуулчидтай нүүр тулж байнам.

Тэдгээрийн нэг Гуулин улсын найрагч Чүэ Дун Ху эрхэмтэй танилцсан маань саяхан. Дорно дахины болоод бурханы гүн ухааныг орчин үеийн яруу найрагт гайхамшигтайгаар сүлэн авч явдагаараа Гуулин улсын найрагчид дундаа нэр нөлөө бүхий хүн байх. Тэгээд энэ хүний хэд хэдэн шүлгийн орчуулгыг хянан тохиох боломж надад олдсоныг би яруу найрагт цаг заваа зарцуулдаг та бүхэнтэй хуваалцаж байна.



최동호

Чүэ Дун Ху / Ph.D /

1948 онд БНСУ-ын Кёнги аймгийн Сүвонь хотод төрсөн.
Корёо Их сургуулийн профессор, ахисан түвшний
сургалт хариуцсан захирал.

Яруу найрагт ээлтэй Утга зохиолын холбооны тэргүүн.
Утга зохиол шүүмжлэгчдийн холбооны дэд тэргүүн.
Яруу найрагчдын холбооны дэд дарга.

- 1976 онд “Шар шороон шуурга”
- 1988 онд “Өглөөний бичгийн ширээ”
- 2002 онд “Бөмбөгөөр тоглогч лам” шүлгийн түүвэр,

- 1985 онд “Шинэ үеийн шүлэг яруу найргийн хандлагын түүх”
- 2000 онд “Дижитал соёл ба эх байгаль шинжлэлийн яруу найраг”
- 2006 онд “Шаварт диваажин дахь яруу найргийн шившлэг” зэрэг нэг сэдэвт судалгааны бүтээлүүд хэвлүүлсэн ба Солонгосын 100 жилийн шилдэг яруу найраг түүвэрт бүтээл нь оржээ.


Ногоон навч

Намар орой
Цонхны цаана бороо шаагина
Норсон хар гэзэгээ
Салхинд хийсгэсэн
Нэвт ширтсэн гүн харцтай
Харанхуй тасалгаанд би тулгарлаа

Гандаж амжаагүй
Ганц ногоон навч
Цонхонд наалдан
Цоргисон харцаар
Намайг ширтнэм
Алс сурч буй охины минь
Алга шиг бяцхан навч
Бороонд ч тэр
Салхинд ч тэр
унахгүй намайг ширтсээр...



/ дашрамд дурдахад “ГОО ДАЛЬ” сэтгүүлийн 2012 оны 02-р сард хэвлэгдэн гарч буй шинэ дугаар дээр энэ эрхэмийн шүлэг хэвлэгдсэн болно. /


26 January 2012

FORMULA-1 уралдааны нисгэгчидээс бусад бүх автомашины уралдаанд жолоочийн дэргэд чиглүүлэгч гэж гол хүн сууж уралддаг. Хэрэвзээ чиглүүлэгч үгүй уралдааны замд гарах аваас замаасаа хазайж төөрөх аль эсвэл газрын зургаа өөрөө хайж явах гэсээр цаг хугацаа алддаг гэмтэй. ЯРУУ НАЙРАГ хэмээгч барин тавин нотолгоо үгүй энэ уралдааны замд миний чиглүүлэгч болж зам заагч минь шинэ номоо хэвлүүлжээ. “ГҮН САНААНЫ ДҮРС” хэмээгч 10 дахь ном нь уншигчдын гар дээр очиж. Жолооны ард суугаад удаагүй ойворгон залуу би ЯРУУ НАЙРАГ-ийг олон нуршуу үгээр тайлбарлаж суух нь уншигч та бүхэнд нэн төвөгтэй байж мэдэх учир зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн шүлэгтэй танилцана уу.

ХАНЫН ЦАГНЫ ХӨХӨӨ

Солонго нумран татах, морьд үүрсэх,
янцага цахилах хээр тал
Сонины хуудас, зурагтын мэдээнд үл саатах яруу агшин
Сүүдрээсээ цочих шувуудын анир, зэрэглээнд живэх
өвгөн толгод
Сүүмэг төдий дурсагдах идэр насны минь
цагаахан өдрүүд
Ханын цагны хөхөө дуугарахад л
санаанаас минь үргэн холдлоо.

Сартарын оршихуй, Гегелийн туйлын санаа,
Нецщегийн төгс хүн
Сансарын гүндэх олон олон эрхис, маяагийн цаг тоолол,
бумбын эрин
Согтуу хутагтын тарнийн шид, Дандар агримбын
хоосон чанарын үзүүлэн
Сонгинын амралтанд таарсан төлөгч хүүхэн,
манай нутгийн тарвагчин лам
Ханын цагны хөхөө дуугарахад л
бодлоос минь алсран холдлоо.

Өглөө тааралдсан бүсгүйн сэтгэл татам инээмсэглэл,
даашинзных нь чичирхийлэл
Өнө эртний сударт барлагдсан мяраалаг хүүхний
өөртэй итгэсэн зоримог харц
Үүрэн утасны цаанаас урхи тавин найлинхайтах
нөхөртэй эмэгтэйн задгайрал
Үймээнт бүжгийн хувцастай дууч-эмийн нүүр таглам,
сэмхэн харуулдам эрээгүй хөдөлгөөн
Ханын цагны хөхөө дуугарахад л
тархинаас минь дайжин холдлоо.

Хэн нэгний зохиосон хууль хэрэгждэггүй тухай,
хэн нэгний итгэсэн төр найдваргүй тухай
Хэн нэгэн тэгээд хууль ярин дүрэмддэг тухай,
хэн нэгэн төр хэмээн гайхуулдаг тухай
Хэзээ ч тэгээд үнэн нэг л байдаггүй тухай,
хэзээ ч тэгээд үнэнд итгэж болдоггүй тухай
Хэрэгтэй, хэрэггүй урт урт өгүүлбэрүүд, хэлбэртэй,
хэлбэргүй сонин хачин үгсүүд
Ханын цагны хөхөө дуугарахад л
сэрхүйгээс минь зугтан холдлоо.

Ээжийн минь даралт нь байнга хөдөлдөг болсон гэнэ,
эхнэрийн минь ажлын ачаалал
улам л нэмэгдсэн гэнэ
Томоогүй хүүд минь даалгавараа хийхгүй тоглоом тоглох нь
зугаатай байдаг болсон гэнэ
Том охинд минь шинэ загварын цүнх дахиад л хэрэгтэй байна гэнэ,
бага охиныг минь асрах хүний эрэлд
ахиад л гарах гэнэ
Энэ бүхнийг өгүүлсэн эрээн, мяраан эерэг, эсрэг инээдтэй,
хөгжилтэй эргэцүүлэл, зовиурууд
Ханын цагны хөхөө дуугарахад л
сэтгэлээс минь хулжин одлоо.



НАМРЫН ТӨГСГӨЛД

Урт шар намрын төгсгөлд
Умраас нүүдэллэх цасны үнэр,
шуурганы чимээг би тодорхой мэдэрдэг
Амь тэмцэн үймж буй шувуудын
зүрхний түгшүүрт чимээ,
Амьсгалд хиртэн салхинд тунгалагшин байгаа
үндэсний шивнээг ч анзаардаг.
Буй биеэр минь тархан байгаа
мөрөн голуудын сэвэгнээ
Буйдран хагдрах өвс ногооны шаналал
Нэгэн биед минь цутган нийлж
Нэг их хүйтэн агаар мэт часхийхийг ч
үүрэн зогсдог билээ би.

25 January 2012

Зиак жаахан амжаалаа тайлаад авбал яасийм...

13 December 2011


Хойгийн Гуулин улсын нийслэл
Сөүлд төв азийн цээжин зүгээс ирээд
буй багш шавь хоёр. Анх багштай
танилцаж байсан тэртээ 1994 он
саяхан мэт санагдах юм. Энэ цаг
хугацаа гэдэг ч нэг л мэдэхэд
талийж оддог эд аж.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн маань нэг ийм шүлэг бий.


“Хүүхэд зан, гэнэн араншингаа би

Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ

Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр

Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”

28 November 2011


Ц.Буянзаяа багшийн “Чөлөөт Монгол” хэвлэлийн газар хэвлүүлсэн “Шувууны нүд шиг Нар...” шүлгийн түүвэр маань хэвлэлтээс гарчээ.

17 November 2011

Энэ миний шинэ шүлэг. Бүүр жинхэнээсээ шинэ байхыг би хүснэ. Ядаж л өөрөө өөрөөсөө шүү. Шувууны нүд шиг Нар... энэ ном маань өмнөх хоёр номынхоо сайн гэж бодсон шүлгүүдийг нэгтгэж өгсөнөөрөө би гурван номоо нэг хавтасанд багтаах зорилго өвөртөлсөн болно. Гурван өөр цаг хугацаа, гурван өөр мэдрэмж, гурван өөр Сүхзориг байх гэж бодсон бодлын минь хэлтэрхий. Одоо тэр хэвлэлтээс ирчихвэл, нэг үзчихвэл... Тэрний дараанаас жинхэнээсээ ШИНЭ БАЙХЫГ би ХҮСНЭ.

* * *

Чулуун шал товор товор алхах
Өндөр өсгийтийн ардаас
Харц минь нислээ
Чи чин итгэлийг минь зөөн
Өчнээн жил ч нисэв дээ
Харц минь...

Элсэн дээр гүйсэн гэрэлт цохын мөр
салхинд замхрах адил бүгд хоосон
Эргэж нурах элсний ширхэг он цагийн урсгал мэт
бүгдийг мартагнуулдагыг
чи юу эс андах билээ...
Харц минь

Салаа замын уулзварт хөлийн чимээ тасалдаад
Санасан уу? Хонгорхон минь...
агаарт нилэнхүйдээ тархах үнсэлтийн амт
Эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хүзүүнд нь асаж асан
Савсаг харц минь горьдлого тасран буцлаа

Эргэж ирэхгүй он цагийн урсгал мэт
нурах элсний ширхэгүүдийн дор
Эрт цагийн гэрэлт цох гүйсэн мөр
одоо ч буйг ...
Чи минь ойлгомоор доо...
Харц минь

Тунирхаж намайг ширтэхээ больж үз
Хичнээн ч сайхан хөл дагаж чамтай хамт би нисэв
Тэд юунд дуртай, юу хүсдэгийг нь ч чи бидэн хоёр мэднэ
Энэ амьдрал өөрөө
Өндөр өсгийтийн бэлхүүсээр тэврэх
Эрээн зангиатын ихэмсэг бардам зан шиг
Хоосон
Энэ хорвоод шунаж тачаадаад байгаа зүйлс бүхэн
Хуурамч гэдгийг ухаармаар даа
Өрөвдөж, голонгуйгаар намайг ширтэхээ больж үз

Одоо харц минь...
Мөрч нохой шиг
Чи бидэн хоёрыг шиншлэх
үйлийнхээ үрээсээ залхахгүй байна гэж үү
Харц минь...


БНСУ. Сөүл хот
2011.11-р сарын 17-нд
02:13 минут

11 November 2011

Нойрмоглох зүүдэн дундуур минь цаг хугацаа туучсаар өдөр хоног хурдан гэдэг цахилгааны тоолуур шиг минь талийж одох аж. Сүүлийн үед ажил амралтаа зохицуулж чадахаа байгаад удаж байгааг ч хэлэх үү. “Шувууны нүд шиг Нар...” яруу найргийн түүвэртэй минь хамт миний номын багш / МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа/ маань “ГҮН САНААНЫ ДҮРС” яруу найргийн түүвэрээ хэвлүүлэх гэж буйг сонслоо. Юутай сайхан мэдээ. Бодохнээ би их азтай хүн юм. Энэ хүнээр л хөтлүүлэн Монголын утга зохиол гэдэг айлын хаалгаар орж ирсэн, мөн гуравдах номоо багшийнхаа номтой хамт гарган гэдэг миний хувьд нэр төрийн асуудал билээ.
Тун удахгүй хэвлэлтээс гарах "ГҮН САНААНЫ ДҮРС" номын шүлгүүдээс хамгийн түрүүлж амталж үзэх завшаан надад /шавийн хувьд/ олдсон нь ч нягууртай.
Би гүн санааны тэнгисийн эрэг дээрээс өглөөны наран мандахыг үзлээ. Нарны туяа харуй бүрийг сөөм сөөмөөр эвхэн гэгээ орох хоромхон эгшинд орчлон ертөнцийн түмэн зүйлийг өөр өнгө амттай, өөр учир жанцантайг, бидний мэддэг хэрнээ огт анзаардаггүй эргэн тойрондох зүй тогтол шаал өөр учир шалтгаантай байсныг анзаарлаа. Магад утга зохиолд шимтэн дурлагч та бүхэн ганц оройг ч гэсэн зурагтын удирдлагатайгаа ноцолдолгүйгээр багш шавь хоёрын хоёр өөр ертөнцөөр аялах боломж нэгэн зэрэг тохиох боломж элбэг тохиохгүй гэдгийг мэдэх буй за.



ГҮН САНААНЫ ДҮРС

/шинэ шүлгүүд/-ээс

ТАСРАЛТГҮЙ

Тэнгисийн гүн мэт нууцлаг ахуй сэтгэлд минь буй болсон болохоор

Түүний давалгаа мэт сэтгэгдэл тархийг минь эзэмдсэн болохоор

Туулсан замаас минь хавьгүй урт дурсамж зүрхийг минь эзэлсэн болохоор

Уйлсан гунигаас минь гашуун үгс санаанд минь хадагдсан болохоор

Энэ амьдралд би чоно мэт ганцаардаж дассан

Энэ амьдралд би морь мэт тэвчиж сурсан


Тэнгэр, газрын нийлбэр адил үнэнг таньсан учраас

Тэртээх алсын зэрэглээ адил утгыг мэдсэн учраас

Нарны жигүүр дээр шувуу суух шиг итгэлийг анзаарсан учраас

Намайг таниагүй энэ л үедээн гомдохын шалтгаанаа гээсэн учраас

Хүний хорвоод би нохой адил үнэнч үлдсэн

Хүний хорвоод би хонь адил номхорч тогтсон.


Өвсний үндэс шигээр маргаашийн хувь заяаг бүтээхийн тулд

Өнгөний чанар шигээр тодоос тодоор элэгдэн дуусахын тулд

Оргүйгээс үүсэх бодол шигээр батжин биелэхийн тулд

Олны дунд хэрнээ ганцаар буй ахуйгаа хайрлахын тулд

Цаглашгүй орчлонд би чулуу шиг хатуужин ирлэгдсэн

Цаг хугацаан дундуур би салхи шиг тасралтгүй болсон.
Гайхамшигтай маш ялдам. Хүрээний сайхан хүүхнүүдийг шанз хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй тийм цаг үе байсан удаатай. Бүсгүй хүний ялдамхан ааль уян налархай байдлыг төгс илэрхийлж чадахуйц тансаг аялгууг шанз хөгжим гаргадагтай маргах хүнгүй бизээ. Энэ сайхан аяз болжээ. Та таалан болгооно уу.