Pages
Гишгэсэн мөрөө харж урагшлаагүйн төлөөс нь өөрөөрөө үлдэх минь...
26 April 2014
халаад маскаа тайлах эмч лугаа
Хачин уйтгартай нэгэн хэмийн амьдралаа цөмийг нь
хуу татан хөсөр хаяаад
Харанхуй булан тойрч улаан дэнлүүний гудамыг зорино
Лусын охид мэт шилэн хоргон дох уянгалаг дуут эмсийг үзэхүйд
Лугшиж догдолсон хэнхдэг цээжинд хэн нэгэн нь цам харайж, бүрээ татаад
Ургамал бус уураг тархитай амьд бодгалийг минь сануулна
Уушийн газар танилцсан охидтой огт адилгүй эмсийг үзээд
Хүрэмний халаасан дах хэтэвч савчин дэвхцэнэ
Хачин юм шүү...
Энэ хүүхнүүд дэлхийтэй адилхан татах хүчтэй байдгыг олж мэдээд
Эмс хүүхнүүдийн улаан гудамжийг ЯГААХАН ДЭЛХИЙ гэж нэрлэв би
Эхнэр хүүхдээсээ хол хүний нутагт
Ингэтлээ амьдарлаас төсөөрөх гэж...
Янагийн гудамжинд гараа халаасандаа хийн алхах би
Яагаав нөгөө өрөөсөн чихт Ван Гогтой ижилхэн харагдаж байгаа
Яагаад ч юм ягаахан дэлхий биднийг хүлээдэгт бид итгэдэг.
2009.02.10
21 September 2012
Галгүй өрөөнд бээвийтэл суусан
Галгүй нүдээр өөдөөс минь ширтсэн
Өтөл эмгэнийг зурсан зураг
Өдөр бүхэн зах дээр
Тэгээд л би худалдаж авсан
Тэр зураг дулаахан өрөөнд өлгөөстэй
Өрөөнөөсөө би одоо гарахаа ч болисон
Өрөө дамжаад л
Өтөл эмгэний үлгэрүүд...
" " "
Хонхны хэл хаачив даа
Цэцэрхэж цэцэрхэж ам цангаад
Цэвэр ус залгилж зогсоход
Амьдралын туршид үзсэн дуулсан минь
Аяганы тал устай тэнцүү байгааг мэдүүтээ
Үргэлж дотор минь жингэнэж байдаг хонх
Таг болохыг мэдрэвээ
Үнэндээ би нам гүмд дасаагүй
Хонхны хэл хаачив даа
Холоо тэр
Юуны бараа
" " "
Над шиг шувууд Тэнгэрээр дүүрэн
хэлрүү татсан нарийхан утсан дээгүүр
Үй олон шувууд ирийтэл суусаныг үзээд
Зүг буруулж эргэхүй
Зөндөө олон утасны мод энд тэнд харагдах нь
Амрахаар суувал бас шонгийн мод налчих гээд
Ганц шувуу далавчаа дэвчих зайгүй
Газар тэнгэрийн завсар мод яасан олон
Нарийхан утсан дээр
Буух зайгаа олоогүй
Над шиг шувууд
Тэнгэрээр дүүрэн
Амьдралыг би..
" " "
Амьдралыг нэг нь баяр баясгалан гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй гэнэ
Амьдралыг нэг нь сайхан бүсгүй биш гэнэ
Атга будаа арвайн гурил модон савх гэнэ
Жаалхүүгээс асуувал нүдээ анивчаад
Жаахан тэвэгний тугалга гэнэ
Эмэгтэй дүү нь хажуугаас нь
Элсэн чихэр хоёр зуун грамм гэнэ
Гэгээрсэн ламаас асуувал инээд алдаад
Гэр ахуйн барааны дэлгүүр гэж хэлнэ
Олон хүн дур дураараа
Олон юм ярина
Чимээгүй бай намайг сонс
Чин үнэнийг хэлье
Амьдралыг би..
Авгай л мэдэх байх даа
22 August 2012
16 July 2012
Хуан Дун Гю / 황동규 / нь Сөүлийн их сургуулийг Англи хэл, уран зохиолын мэргэжилээр төгсөж дүүргэж улмаар Их Британы Эдинбургийн их сургуульд Докторын зэрэг хамгаалсан Сөүлийн их сургуулийн хүндэт профессор. Миний бие Солонгосын нэр нөлөө бүхий энэ эрхэм найрагчийн шүлгийг монгол хэл рүү хөрвүүлсэнийг нь чадан ядан шүүн тунгааж монгол шүлэгтээ наалдуулахыг хичээсэн минь энэ.
Шөнийн далай
Шөнийн далайд би ирлээ
Хорвоогийн бүхий л явдал үзэн ядаж үгүй хиймээр аль эсвэл
ор тас мартмаар зүйл болсон хэдий ч
Ертөнцийн эмх цэгцгүй үймээнийг тунгаан бодох адил
Усны чимээг хайн ирлээ.
Энэ орчлон нилэнхүйдээ амьсгалахад хэтэрхий давчуухан газар
Бүрэнхий шөнө болоход жижигхэн энэ арал ч, засагчны бяцхан түүдэг гал ч усны чимээнд залгигдан одно.
Үйлчлэгч авгайн өгсөн хэрчиж жижиглэсэн наймаалжнаас хэсэгхэнийг авч зажилангаа
Шөнийн завь ганц ч болов үзэгдэхийг хүлээнэ.
Модон саравчинд дүүжлээстэй савчих чийдэнгээс
Цацрах дугараг тойрог
Түүнийг нилэнхүйдээ үмхэлэн залгих асар том хязгааргүй уудам түнэр харанхуй дор
Чичигнэн дайвалзах бяцхан гэрэл.
Гадагш нэг алхан гишгилээ
Агаар өтгөрнө
Үл мэдэх шинэ ертөнцийн зах хязгаар
Амьдралын минь урьдах, хойдохоор солигдоно
Дахин урагш нэг алхам алхлаа
Шөнийн далайд хоёр завь шивэр авир хийн өнгөрнө...
밤 바다
내 찾아왔다, 밤 바다
세상일이 온통 지우고 싶은 파일(file) 일 때
세상 끄트머릴 지지는
물소리를 찾아왔다.
이 세상은 그저 숨쉬기엔 너무 갑갑한 곳
흐린 밤이면 섬도 어화(漁火)도 물소리 밖으로 나간다.
아줌마가 서비스로 썰어 논 소라 조각을 씹으며
밤 배 하나라도 지나가기를 기다린다.
비치 파라솔에 수직으로 매달린 전등이 안고 있는
동그란 원
그 바깥은 온통
쉬임없이 흔들리고, 한없이 크고 괴기하고 캄캄하다.
바깥으로 한 발 내딛는다.
공기가 진해진다.
모르는 세 세상 안팎이 삶 앞뒤로 바뀐다.
또 한 발 내딛는다.
밤 배 두 척 두런두런 나누며 지나간다.
13 May 2012
Бурханы надад бэлдсэн хувь тавилангийн зураасаар би алхаж
Эгэл даруухан төлөв төвшинхөн амьдарнам.
Үл ялиг уйтгартай ч, нэгэн хэвийн үйл явдал давтагдах миний амьдрал
Улиг болж үзэн яддаг ч хаяж үл чадах уйт сэрүүлэгний дуунаар сэрэн
Өчигдөр орой толинд туссан төрх үл ялиг нойрмогоор өөдөөс гөлрөхүйд
Нүдний ойролцоо зөвшөөрөлгүй үүссэн үрчлээс
Насны залууд зөн совин зүрх сэтгэлээ дагахыг зөвлөх
Хүлцэнгүй сэтгэлд нууцлагдсан хүсэл
Бурханы надад бэлдсэн хувь тавилан маань арай өөр гэдэгт итгэдэг.
Хааяахан би сэтгэлдээ огт өөр зам мөр зураад
Төсөөлөлийнхөө дагуу эмх цэгцгүй, эрээ цээргүй авирлан нисэх дуртай
эрээ цээргүй авирлан нисэх дуртай
Хааяахан би сахилга бат алдаж
Хэн нэгний надад бэлдсэн хувь тавилангаас зугтаах зуршилтай
Төлөвлөгөөний дагуу эрх дураараа, эрээ цээргүй авирлан нисэх дуртай
эрээ цээргүй авирлан нисэх дуртай
Харин маргааш нь
Хачин их харуусал уй гунигтайгаар
Бурханы өмнө хүлцэнгүй, гэмшингүйгээр залбирч суудаг.
Хааяахан бурханы бэлдсэн зурааснаас гадуур...
2012.04.26 Сөүл хот
17 April 2012

Түүнийг явж одоход
Би – сэтгэлийн цагаан цааснаа
төгсдөг юм байна гэж ухаарсан...
Чулуун шал товшсоор алсран одох
Түний гутлын чимээ мэт он жил улиран одож
Нэг анзаарахнээ
2010.12.25
"Шувууны нүд шиг Нар..." номын шүлгээс
22 March 2012

Тийм гэдгээ батлах мэт тун удахгүй яруу найраг, сонгомол шүлгийн түүвэрээ 5-н орны хэл дээр орчуулагдаж дуусантай нь зэрэгцэн хэвлэлтэнд шилжүүлэх гэж байгаа сайхан мэдээг олж авлаа. Номынхон нэр
АСОАДАРЭ
Зиак ингээд миний сонгосон гурван шүлэгтэй нь танилцана уу...
МУУТУУ ЦААСАН ДЭЭРХИ УЛААН ЦЭЦЭГС
нарны жаргах туяа тэнгэрийн хормойг түймэр мэт улайсган
хий үзэгдэл мэт дур тачаалын гэлбэрт дөлөөр ганцаардлыг минь
илчлэн үл үзэгдэх хуруугаараа зүрх рүү чичихэд бүх бие
чичирнэ..ал улаан тэнгэрийн хаяа руу хүсэл минь зэрлэг араатан
мэт оволзоно..ган сэлэм мэт сар чи тэнгэрт хурдан өлгөгд
яралзсан одод самурайн өргөст зэвсэг шиг хурцлагд
тас хар хурмаст минь час улаан цусан тэнгэрийн хормойг
эзэмдүүлсэн эмэгтэйн цэнхэр хөх торгон дан дээл шиг нуу
эсвэл уур хилэн юм бол тайвшралын лимбэ гарт минь өгөөч
хэний гал дөлөөр зай завсаргүй бүтээсэн цусан улаан цэцэгс вэ..
хэн энэ зургийг хөх торгон дээр зураа вэ.. тэгвэл хуйл
миний доторхи дур хүслэнгийн задрах дэлбээг дүрслээд байна
муутуу цаас шиг хуйл энэ шунхан улаан тэнгэрийн хаяаг...
үзэхийг хүсчээ...
Жэрард Мэнли Хопкинс
БУРХАНЫ ТААЛАЛ
хар даа.. тэнгэр шиг тунгалаг сүнсийг гавлын ясанд минь аягалсан уу
хуруугаа дүрээд амс даа.. тэнгисийн ус шиг сэтгэл минь шорвог байна уу
зовлон бэрхшээлийг зориуд бэлдсэн үү..аз жаргалыг ч тэр зохиож өгсөн үү
зураг төөргийн замыг маань зурахдаа зориуд хазгай муруй зурсан уу..
ангал-оргил, гэрэл-сүүдэр, гай түйтгэр-зол завшаан ...
ай тэгээд агшин хором бүр амьдрал-үхлийн алаг...
тэнгисийн уснаас давсыг нь ялгаад цэнгэг ус олох мэт тэр л жаргал зовлонгоос
тэнгэрээс ч тунгалаг сүнсийг зүрх дүүргээд тэгээд таны өлмийд өргөх үү...
НУЛИМС
Нулимсны нэг дусал гоо сайхан, яруу найраг, хайр...
(тэмдэглэлийн дэвтрээс)
Цонхигор царайтай эмэгтэй тэр гэрлийн дотор байлаа..
Өршөөлт тэр эмэгтэй одоо алга ...
Өө,эрвээхэйн хөл мөртэй, мөр нь хээтэй юмаа...
Өнчин хүү цас будрахыг үзээд жаргалтай болохыг харлаа...
Үхсэн шувууны өд бутраад үлээх салхинд хөнгөрөхийг үзлээ
Өөр ертөнцийн чулуу нисэн ирээд гэрэлтэн дууслаа.
Зүрх минь хайраар дүүрэхэд нулимсны минь жин нэмэгдэнэ...
Хөгшин эцгийнхээ харанхуй шөнөөр унагасан нулимсыг
арчиж чадсангүй дээ...
Хөөрхий муу ээжийгээ хөдөөлүүлснээс хойш
зүүдэндээ гэнэт олж уулзлаа...
Би уйлахгүй байж чадахгүй нь...хонгорхон чи энэ ертөнцөд
Намайг хайрлаж чадна гэв үү?
Нөгөө л нулимс...нүд дүүрэн нулимс...
Хар даа...хэн нэгэн бичжээ...
Уйлах хэрэггүй, дэлхий өөрөө эртний том нулимс
Нүдэнд минь нулимс зохидогыг анх удаа олж мэдлээ...
Уйлах хэрэгтэй, дэлхий өөрөө эртний том хайр
Нэмж бичлээ..
01 March 2012
БНСУ-ын Үндэсний Соёл Урлагын Сургуулийн магистрантур энэ залуу хөгжмийн хэмнэл хурдыг хэмжигч метерномын хамгийн дээд хурдан хэмнэлд үндэсний хөгжмийнхөө гайхшиг, өөрийнхөө ур чадварыг ёстой нэг харуулах шиг болж байна даа.
Хамт суралцдаг солонгос оюутнууд нь энэхүү бичлэгийг Youtube-д байрлуулжээ.
06 February 2012

최동호
Чүэ Дун Ху / Ph.D /
1948 онд БНСУ-ын Кёнги аймгийн Сүвонь хотод төрсөн.
Корёо Их сургуулийн профессор, ахисан түвшний
сургалт хариуцсан захирал.
Яруу найрагт ээлтэй Утга зохиолын холбооны тэргүүн.
Утга зохиол шүүмжлэгчдийн холбооны дэд тэргүүн.
Яруу найрагчдын холбооны дэд дарга.
- 1976 онд “Шар шороон шуурга”
- 1988 онд “Өглөөний бичгийн ширээ”
- 2002 онд “Бөмбөгөөр тоглогч лам” шүлгийн түүвэр,
- 1985 онд “Шинэ үеийн шүлэг яруу найргийн хандлагын түүх”
- 2000 онд “Дижитал соёл ба эх байгаль шинжлэлийн яруу найраг”
- 2006 онд “Шаварт диваажин дахь яруу найргийн шившлэг” зэрэг нэг сэдэвт судалгааны бүтээлүүд хэвлүүлсэн ба Солонгосын 100 жилийн шилдэг яруу найраг түүвэрт бүтээл нь оржээ.
Ногоон навч
Намар орой
Цонхны цаана бороо шаагина

Норсон хар гэзэгээ
Салхинд хийсгэсэн
Нэвт ширтсэн гүн харцтай
Харанхуй тасалгаанд би тулгарлаа
Гандаж амжаагүй
Ганц ногоон навч
Цонхонд наалдан
Цоргисон харцаар
Намайг ширтнэм
Алс сурч буй охины минь
Алга шиг бяцхан навч
Бороонд ч тэр
Салхинд ч тэр
унахгүй намайг ширтсээр...
/ дашрамд дурдахад “ГОО ДАЛЬ” сэтгүүлийн 2012 оны 02-р сард хэвлэгдэн гарч буй шинэ дугаар дээр энэ эрхэмийн шүлэг хэвлэгдсэн болно. /
26 January 2012
Солонго нумран татах, морьд үүрсэх,
Сүүдрээсээ цочих шувуудын анир, зэрэглээнд живэх
Сартарын оршихуй, Гегелийн туйлын санаа,
Өглөө тааралдсан бүсгүйн сэтгэл татам инээмсэглэл,
Хэн нэгний зохиосон хууль хэрэгждэггүй тухай,
Ээжийн минь даралт нь байнга хөдөлдөг болсон гэнэ,
улам л нэмэгдсэн гэнэ
ахиад л гарах гэнэ
Урт шар намрын төгсгөлд
Умраас нүүдэллэх цасны үнэр,
шуурганы чимээг би тодорхой мэдэрдэг
Амь тэмцэн үймж буй шувуудын
зүрхний түгшүүрт чимээ,
Амьсгалд хиртэн салхинд тунгалагшин байгаа
үндэсний шивнээг ч анзаардаг.
Буй биеэр минь тархан байгаа
мөрөн голуудын сэвэгнээ
Буйдран хагдрах өвс ногооны шаналал
Нэгэн биед минь цутган нийлж
Нэг их хүйтэн агаар мэт часхийхийг ч
үүрэн зогсдог билээ би.
25 January 2012
13 December 2011
Сөүлд төв азийн цээжин зүгээс ирээд
буй багш шавь хоёр. Анх багштай
танилцаж байсан тэртээ 1994 он
саяхан мэт санагдах юм. Энэ цаг
хугацаа гэдэг ч нэг л мэдэхэд
талийж оддог эд аж.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт
зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа багшийн маань нэг ийм шүлэг бий.
“Хүүхэд зан, гэнэн араншингаа би
Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ
Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр
Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”
28 November 2011
17 November 2011
* * *
Чулуун шал товор товор алхах
Өндөр өсгийтийн ардаас
Харц минь нислээ
Чи чин итгэлийг минь зөөн
Өчнээн жил ч нисэв дээ
Харц минь...
салхинд замхрах адил бүгд хоосон
Эргэж нурах элсний ширхэг он цагийн урсгал мэт
бүгдийг мартагнуулдагыг
чи юу эс андах билээ...
Харц минь
Санасан уу? Хонгорхон минь...
агаарт нилэнхүйдээ тархах үнсэлтийн амт
Эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хүзүүнд нь асаж асан
Савсаг харц минь горьдлого тасран буцлаа
Эргэж ирэхгүй он цагийн урсгал мэт
нурах элсний ширхэгүүдийн дор
Эрт цагийн гэрэлт цох гүйсэн мөр
одоо ч буйг ...
Чи минь ойлгомоор доо...
Харц минь
Тунирхаж намайг ширтэхээ больж үз
Хичнээн ч сайхан хөл дагаж чамтай хамт би нисэв
Тэд юунд дуртай, юу хүсдэгийг нь ч чи бидэн хоёр мэднэ
Энэ амьдрал өөрөө
Өндөр өсгийтийн бэлхүүсээр тэврэх
Эрээн зангиатын ихэмсэг бардам зан шиг
Хоосон
Энэ хорвоод шунаж тачаадаад байгаа зүйлс бүхэн
Хуурамч гэдгийг ухаармаар даа
Өрөвдөж, голонгуйгаар намайг ширтэхээ больж үз
Одоо харц минь...
Мөрч нохой шиг
Чи бидэн хоёрыг шиншлэх
үйлийнхээ үрээсээ залхахгүй байна гэж үү
Харц минь...
БНСУ. Сөүл хот
2011.11-р сарын 17-нд
02:13 минут
11 November 2011
Тун удахгүй хэвлэлтээс гарах "ГҮН САНААНЫ ДҮРС" номын шүлгүүдээс хамгийн түрүүлж амталж үзэх завшаан надад /шавийн хувьд/ олдсон нь ч нягууртай.
Би гүн санааны тэнгисийн эрэг дээрээс өглөөны наран мандахыг үзлээ. Нарны туяа харуй бүрийг сөөм сөөмөөр эвхэн гэгээ орох хоромхон эгшинд орчлон ертөнцийн түмэн зүйлийг өөр өнгө амттай, өөр учир жанцантайг, бидний мэддэг хэрнээ огт анзаардаггүй эргэн тойрондох зүй тогтол шаал өөр учир шалтгаантай байсныг анзаарлаа. Магад утга зохиолд шимтэн дурлагч та бүхэн ганц оройг ч гэсэн зурагтын удирдлагатайгаа ноцолдолгүйгээр багш шавь хоёрын хоёр өөр ертөнцөөр аялах боломж нэгэн зэрэг тохиох боломж элбэг тохиохгүй гэдгийг мэдэх буй за.
/шинэ шүлгүүд/-ээс
ТАСРАЛТГҮЙ
Тэнгисийн гүн мэт нууцлаг ахуй сэтгэлд минь буй болсон болохоор
Түүний давалгаа мэт сэтгэгдэл тархийг минь эзэмдсэн болохоор
Туулсан замаас минь хавьгүй урт дурсамж зүрхийг минь эзэлсэн болохоор
Уйлсан гунигаас минь гашуун үгс санаанд минь хадагдсан болохоор
Энэ амьдралд би чоно мэт ганцаардаж дассан
Энэ амьдралд би морь мэт тэвчиж сурсан
Тэнгэр, газрын нийлбэр адил үнэнг таньсан учраас
Тэртээх алсын зэрэглээ адил утгыг мэдсэн учраас
Нарны жигүүр дээр шувуу суух шиг итгэлийг анзаарсан учраас
Намайг таниагүй энэ л үедээн гомдохын шалтгаанаа гээсэн учраас
Хүний хорвоод би нохой адил үнэнч үлдсэн
Хүний хорвоод би хонь адил номхорч тогтсон.
Өвсний үндэс шигээр маргаашийн хувь заяаг бүтээхийн тулд
Өнгөний чанар шигээр тодоос тодоор элэгдэн дуусахын тулд
Оргүйгээс үүсэх бодол шигээр батжин биелэхийн тулд
Олны дунд хэрнээ ганцаар буй ахуйгаа хайрлахын тулд
Цаглашгүй орчлонд би чулуу шиг хатуужин ирлэгдсэн
Цаг хугацаан дундуур би салхи шиг тасралтгүй болсон.
01 November 2011
Хаадынхаа 800 жил хадгалагдсан
захидлуудтай ерөнхийлөгч танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэрээ Ватиканы номын сан, архивтай танилцлаа. Манай гаригийн хамгийн том архивуудын нэг болох Ватиканы архивт Монголын Эзэнт гүрний үед хамаарагдах чухал баримт бичиг, захидлууд хадгалаастай байдаг юм.
Эдгээр нь Монголын Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал билээ.
Захидлууд бүгд эх хувиараа хадгалаатай байдаг бөгөөд үл ялиг шарлаж, зарим мөрийн үгний дээд хэсэгт баларсныг эс тооцвол бараг хэвээрээ байна.
Манай улсын түүх болон дипломат алба, гадаад харилцааны түүхийг харуулсан эдгээр чухал баримт бичгүүдийг эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд бүтэн нэг сарын турш судалжээ.
Монгол төрийн эртний баримт бичгүүд албан бичиг үйлдэх тусгай дэг жаягийн дагуу, тод хар өнгийн бэхээр хичээнгүйлэн бичсэн, тод улаан өнгийн тамгыг бичвэрийн эхэн , дунд адагт нь дарсан байна.
Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан 800 жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан өөрсдөө 1920 онд л олж мэджээ.
Аргун хааны захиа:
Зөвхөн номын тавиуруудын нийт урт нь л гэхэд 85 км болдог, 600 архивын сантай, 40 орчим мянган номтой, дахиад 20 жилийн нөөц байртай Ватиканы нууц архивт тэр бүр хүмүүс ордоггүй юм байна.
“Ватиканы номын сан, нууц архивт зөвхөн Ромын Папын зөвшөөрөлтэй судлаачид нэвтэрч, үзэж танилцаж болдог. Бид өнөөдөр Ерөнхийлөгч танд анх удаагаа эдгээр чухал баримт бичгүүдтэй танилцах, үзэх боломжийг олгож байна” хэмээн архив хариуцсан тэргүүн дэд хамба Монгол Улсын Ерөнхийлөгчид хэллээ.
Ном цаас хадгалах орчин үеийн өндөр технологийн ачаар мянган жилийн өмнөх ном ч саяхных мэт хадгалагджээ. Жишээ болгож 1070 оны нэгэн номыг үзүүллээ. Тугалын \эсвэл хурганы\ арьсыг сайтар боловсруулж цаас хийгээд гараар бичсэн нь өнөөгийн машин мэт жигдхэн байх ажээ.
Ватиканы нууц архивтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ватиканы архивын зүгээс Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн хуулбарыг хадгалууллаа.
Даяар Монголын тодруулга:
Гүюг хааны захианаас бусад нь бүгд монгол бичгээр, монгол хэлээр байдаг юм. Доор Гүюг хааны захиаг хавсаргав. Чухам энэ захиан дээрээс өнөөх алдарт Их хааны тамганы хэвийг олсон билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг ил булха /харийн орны/ иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай...
хэмээн эрхшээн захирсан үг бүхий тамгатай байжээ. Манай хаад.
Энэхүү нийтлэлийг Даяармонгол.ком-оос хуулан авч тавьсан болно. Монгол улсынхаа түүх соёлыг сурталчилах зорилгоор авч ашиглаж болно байхаа хэмээн бүдүүн зориг гаргав. Мөн энэхүү талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг уншъя гэвэл http://chinggisiinudam.blog.gogo.mn/read/entry267622 ороод үзээрэй маш сонирхолтой мэдээлэл байна лээ.
Нэрийн хуудас
- SUKHZORIG Gonchig.
- Сөүл, БНСУ, Mongolia
- Poet. The Union of Mongolian Writers member and received degree in SANKO management College in Ulaanbaatar in 2000. Then, received Master’s degree in Trade and Industry University in 2004. I had worked for The Union of Mongolian Writers in 2002 still 2006 and worked for The Mongolian National Puppet Teatre till 2008. I published the collection of poems “Freedom – My Shadow” in 2003 and published the collection of poems “All are abstract like me” in 2007, "the Sun is like bird eyes" in 2011. Awarded winning G.Ser-Od premium award by the Union of Mongolian Writers in 2003 and 2008. And last time I published “III Delphic games in 2009” Jeju Poetry Recital “Lura Awards” in 2009...... * * * ......... 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүвэр 2011 онд "Шувууны нүд шиг Нар..." яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 2008, Дэлхийн соёл урлагийн "Делфик III наадам"-ын Яруу найргийн "LURA AWARDS" шагнал 2009, БНСУ-ын нэрт найрагч Ким Дал Жины нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын зохион байгуулагчдын тусгай шагнал 2011 онд тус тус хүртсэн.
Миний ном
"Эрх чөлөө - Миний сүүдэр" 2003 он
Миний ном
"Бүгд над шиг хийсвэр" 2007 он
Миний ном
Шувууны нүд шиг Нар... 2011 он
Labels
- ENGLISH - KOREAN (4)
- Бодохнээ (5)
- Миний Зочин (14)
- Миний үзэл бодол (1)
- Радио нэвтрүүлэг (1)
- Хайку (2)
- ЯВСАН ГАЗРЫН СОНИН (16)
- ЯРУУ НАЙРАГ (60)
- ӨГҮҮЛСЭН ШҮЛЭГ (5)
Blog Archive
Чихэнд чимэгтэй аялгуу
Хэсэх дуртай айлууд
-
-
-
-
-
Монгол дахь gaṇeśa-ын transmission9 years ago
-
-
Хандаа эмээ9 years ago
-
-
Нью-Мексикод зорчсон тэмдэглэл10 years ago
-
ДЖИТАЛ АРТ10 years ago
-
-
Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!10 years ago
-
НАНГИАД ХАТАН11 years ago
-
-
-
Эхлэл-212 years ago
-
ouoool13 years ago
-
Ээж минь найз минь болж...13 years ago
-
-
-
Шар шал14 years ago
-
Тэрслээд ялж буй Би.14 years ago
-
-
3мөрт16 years ago
-
“Зүүд” зохиомж16 years ago
-
Үнэн нь аль юм бэ?16 years ago
-
Диваажингын хот16 years ago
-
-
2010 оны 3- сарын шүлгүүд16 years ago
-
ҮРГЭЛЖ АМГАЛАН ХӨХ МӨНХӨД...16 years ago
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Followers
Тоолоод байна аа
Цаг агаарын мэдээ
Copyright 2010 СҮХЗОРИГИЙН БЛОГ . Powered by Blogger
Blogger Templates DeluxeTemplates.net Wordpress by thebookish
Download Royalty free stock photos without registering at Pixmac.com

